Бизнесийн салбарт агуу нээлт хийсэн, гайхалтай амжилт гаргасан эрхмүүдийн албан өрөө, ажлын ширээ жигтэйхэн чамин, гайхам тансаг байдаг байх хэмээн олон хүн төсөөлдөг. Гэтэл ундуй сундуй, эмх замбараагүй ширээн дээрээс л тэд дэлхийг дайлаар мордох их ажлаа эхэлсэн байдаг. Үүнийг батлах үүднээс Билл Гэйтс, Стив Жобс, Жеф Безос нарын томчууд бизнесийнхээ эхэн үед, хөгжлийнхөө дунд мөчлөгт ямархуу өнгө төрх, дүрс хэлбэр бүхий ажлын ширээн дээрээс бизнесээ аварга том болтол нь хөгжүүлж байсан дараах мэдээллийг хүргэж байна.

Стив Баллмер, Microsoft 

Хэт энгийн оффис, жижигхээн монитор. Зургийг сайн ажваас Стив Баллмер Excel дээр ажиллаж байгаа бололтой. Жирийн нэгэн иргэнээс ялгараад байх зүйл тэнд огтоос ч алга. Ширээн дээр суурин утас, бичиг цаас, поднос. Тэрбээр компьютерын өмнө хэдэн цагийн турш суудаг тул өдөр, оройн хоолоо ийм маягаар л иддэг байж. Зургийн баруун буланд самбар байх. Түүн дээрээ ажлаа төлөвлөдөг үү гэтэл хүүхдүүдийнх нь зурсан уран бүтээлүүд өлгөөстэй. Одоогийн Баллмерын өрөөний өнгө төрх өөр болсон гэнэ. Өндөр технологт суурилсан гэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд интернет, телевиз хосолсон TouchScreen-тэй 80 инчийн зурагт худалдан авч, түүнтэйгээ өдрийн турш нөхөрлөдөг болжээ.

Билл Гэйтс, Microsoft 

Microsoft-ийн Ерөнхий захирал болсны дараах оффисийн өрөөнийх нь гэрэл зураг. Бас л онцлоод байх зүйл алга. Саруулхан цонхтой, цэвэрхэн өрөө. Дурдах ганц зүйл нь зэрэгцүүлэн байрлуулсан гурван монитор. Түүнийхээ ардаас бол Гэйтс PC тоглоочин шиг л харагдах аж. Карьерийнхээ эхэн үед бол ажлын байр нь машины гаражт байсан. Тэнд компьютерын сэлбэг хэрэгсэл л битүү чихээстэй байжээ.

Стив Жобс

Тоосгон хана, эмх цэгцгүй номын сан, шалаар нэг шидэгдсэн бичиг цаас, гар хийцийн гэмээр ажлын хуучин ширээ. Ийм л орчинд Стив Жобс агуу үйлийг бүтээжээ. Харин ажлынхаа хамгийн чухал хэрэглүүр болох компьютертоо онцгой анхаарал тавьдаг байжээ. Тиймээс тухайн үедээ хамгийн томд тооцогдох Apple Cinema Display- дэлгэцийг iSight камераар тоногложээ. Зургийн тэргүүн эгнээнд байгаа процессор бол алдарт PowerMac G5. Гэхдээ макет хэлбэр нь юм. Том түүхийг гэрчлэх бас нэг агшин.

Макс Левчин, PayPal

PayPal-ыг байгуулсан авч 2004 онд компаниасаа явсан тэрбээр карьерийнхаа эхний жилүүдэд өөрийн гэсэн өрөөтэй байгаагүй. Нийтийн оффист л хамаг ажлаа хийдэг байв. Принтер, цаас, утас бүх юм нь нийтийнх. Түүний зэргэлдээ байгаа ширээнүүд өнөө цагийн цуутай бизнесмэнүүд болох Питер Тиль, Элон Маскийнх гэж байгаа. Нийтийн өрөөнөөс, энгийн ширээнээс тэд ингэж л агуу санаагаа сэдэж, аварга төслөө гүйцэтгэжээ.

Жеф Безос, Amazon

Өнөөгийн хүмүүсийн харах боломжгүй хоёр шинжийг үзүүлж байгаагаараа энэхүү эртний зураг үнэ цэнтэй. Тэр нь Безосын үстэй толгой, CRT монитор. Номын худалдаагаар эхлүүлж байсан бизнесээ интернет худалдааны №1 компани болгоход Жеф ямар их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гаргасныг ширээний бат бөх байдал, ширээн дээрх бичиг цаасны цуглуулга бэлхнээ илтгэх ажээ.

Деннис Краули, Foursquare

Foursquare-ийг үүсгэн байгуулагч Краулийнх шиг ажлын ширээг Америкийн захын оффисоос л харж болно. Онцгойрч буй ганц зүйл нь хөөрхөн пингвинүүд. Уг пингвинүүд түүнд эрч хүч, итгэл үнэмшлийг өгдөг байсан гэдэг. Харин MacBook Air Деннисийн хамгийн чухал хэрэглээ байсан. Түүнгүйгээр Краули одоогийн Краули биш байх байсаан гэдэг.

Марк Цукерберг, Facebook

Харин Цукербергийн оффис бол сүрдмээр, бас аймаар. Захирангуй өнгө аястай энэ самбарыг харсан хэнбугай ч түүний ширээнд дөхөж зүрхлэхгүй биз ээ. Энэ бол Facebook-ийн өрөө бүрт хадаастай байдаг motivation үг. Ажилтан бүр нь үүнийг дагаж мөрдөх ёстой. Мөрдөж чадсан учраас тэд өнөөгийн амжилтдаа хүрсэн. Ийм хүчтэй үгний хажууд юу байх нь тодорхой. Эрч хүчийг өгөгч Gatorade ундаа.

Ж. Баяржаргал

Д аминдэмийн дутагдал Сэтгэл гутрал үүсгэдэг

Өмнөх нийтлэл

“Казахстан, Монголын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэхэд тээврийн асуудал байна”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style