Гигономикийн тухай миний хичээлд (богино хугацаатай гэрээний эдийн засаг) суудаг МВА-гийн оюутнууд хамгийн их амжилт олохын тулд юу хийх хэрэгтэй вэ гэж асуухад би “Ажил хайхаа боль” гэж хэлдэг.

МВА-гийн оюутнуудад ийм хариулт хачин сонсогдож магадгүй. Учир нь тэдний олж авах диплом Америкийн хамгийн том компаниудад ажилд ороход туслах ёстой. Олонхи хүн ийм л зорилготой сурдаг. Гэвч ажил гэдэг зүйл урьдынх шиг байхаа больжээ. Ажлын байрны  тоо өсч өгөхгүй, байгаа ажлын байрууд амар тайван, аюулгүй байдлын аль алиных нь баталгаа болж чадахгүй байна. Компаниуд ажилчиддаа мэргэжлийн болон санхүүгийн тогтвортой байдал амлах чадваргүй болсон.

Тиймээс ажил олгогч, ажилчин хоёр хөдөлмөрийн харилцааны илүү уян хатан, нэг нэгнээсээ хамаарал багатай хэлбэрийг сонгох нь ихсэв. Ийм харилцаа гигономикад давамгайлдаг бөгөөд орчин үед ажлын цаг, ажлын байрыг өөрчилж буй нэгэн том хүчин зүйл юм. МсKinsey хүрээлэнгийн явуулсан судалгаагаар ажлын чадвартай хүн амын 20-30% ямар нэгэн орон тооны бус ажил хийдэг, ийм хүмүүсийн тоо эрчимтэй өссөөр байгаа нь тогтоогджээ.

Миний оюутнууддаа зөвлөдөг хамгийн чухал бэлтгэл бол хөдөлмөрийн чөлөөт харилцаанд амжилт олоход хэрэг болох мэдлэг, арга хэрэгсэл, сэтгэлгээний хэв маягийг хөгжүүлэх. Яагаад ажил хайхаа болих хэрэгтэй талаар би МВА-гийн оюутнууддаа гурван гол шалтгааныг нэрлэдэг.

Шалгаан 1

Бүтэн цагийн ажил улам багасна. Урьд цагт хувийн хэвшил зах зээлд жилд 2-3 хувийн хурдтайгаар шинэ ажлын байр бий болгодог байв. 2000 онд доткомын хөөс хагарахад энэ үзүүлэлт 2% болж буурсан. 2008 онд шинэ ажлын байрны тоо бүр багасч жилийн 1% болсноос хойш энэ түвшин 2015 оны сүүл хүртэл хэвээр байсан. Эдийн засагч Ларри Кац, Алан Крюгер нар АНУ-д сүүлийн арван жилд бий болсон ажил эрхлэлтийн цэвэр өсөлт бүтэн ажлын цагт хамаарахгүй, орон тооны бус ажилд хамаатайг тогтоожээ.

Үүнээс гадна шинэ ажлын байр бий болдог, өсдөг механизм гацаанд орсон. Дийлэнх ажлын байрыг жижиг компаниуд биш, залуу компаниуд бий болгож байна. Шинэ компаниудын тоо жил тутам буурч байгаагаас гадна бий болгож буй ажлын байр нь цөөн. Өмнө нь АНУ-ын шинэ компаниуд жилд 3 сая орчим ажлын байр байгуулдаг байсан бол энэ тоо одоо хоёр саяд л хүрч байна.

Шинэ ажлын байр байгуулахын оронд компаниуд ажлыг ажлын байрнаас холдуулах зүйлсэд голдуу анхаарч байна. Жишээ нь, бүтэн цагийн горимоор ажилладаг сэтгүүлчид багассаар байгаагийн зэрэгцээ чөлөөт сурвалжлагчдад хийх ажил их байна. Ийм байдлаар маркетинг хариуцсан захирлын хийдэг ажил олон нийтийн сүлжээ хариуцсан мэргэжлийн гүйцэтгэгчийн ажил, пиар агентлагийн ажил, маркетингийн стратегийн зөвлөхийн ажил гэсэн ажлуудад хуваагдав. Гигономикийн хувьд өмнө нь ажлын байр байсан орон зайд зүгээр л ажил үлдсэн байна.

Миний оюутнууддаа өгдөг гол зөвлөгөө бол “Багассаар байгаа ажлын байр биш, ихэссээр байгаа ажлыг хай”.

Шалтгаан 2

Ажил олгогчдын хувьд бүтэн цагийн ажилтан гэдэг хамгийн том зардал болж байна. Эдүгээ олон компани байнгын ажилтан хөлслөхөөс зайлсхийж, аль болох цөөн ажилтныг ажлын байран дээр байлгах бизнес загварыг хайдаг болов.

Бүтэн цагийн ажилтан гэдэг бол хамгийн зардалтай хэрнээ хамгийн уян хатан бус хөдөлмөрийн нөөц бөгөөд ийм  хүмүүсийг АНУ-ын том компаниуд болон Цахиурын хөндийн гарааны компаниуд сонирхох нь багасав. Гэхдээ АНУ-ын хууль тогтоогчид компаниуд бүтэн цагийн ажилтныхаа төлөө хамгийн өндөр татвар төлдөг, ажилчиддаа хөнгөлөлт, баталгаа өгдөг хөдөлмөрийн зах зээлийн уламжлалт бүтцийг дэмжсэн бодлого явуулсан хэвээр байна. Бүтэн цагаар ажиллуулах нь хараат бус гүйцэтгэгч хөлсөлснөөс 30-40% илүү зардалтай. Түүнээс гадна, олон нийтийн болон хувийн капитал бүхий зах зээлээс ажиглахад компаниуд ажилчдынхаа тоог хязгаарлах юмуу эсвэл багасгасан үед тэдний үнэлгээ илүү өндөр байдаг. Тиймээс хагас цагийн, хараат бус гүйцэтгэгчдийн тоо өсч байгаад гайхах зүйлгүй. Автоматжилт, аутсорсинг ч үүнд ташуур өгч байна.

Гэхдээ энэ бол бүтэн цагийн ажилчид байхгүй болно гэсэн үг биш. Компаниудын чанартай, тогтвортой, залгамж чанарыг хадгалахын тулд компанийн цөм болсон, удирдлагаар хангадаг, үнэ цэнэтэй мэргэжилтнүүд бүтэн цагаар ажиллахаас өөр аргагүй. Харин энэ цөмд хамаарахгүй ажилчдын хувьд компаниуд зах зээлийн шахалтаар аль болох цөөн хүнийг бүтэн цагаар ажиллуулах болно.

Тэгэхээр миний оюутнуудын гол стратеги бол байнгын бус, харин хараат бус гүйцэтгэгч болоход өөрийгөө бэлдэх.

Шалтгаан 3

Олонхи америкчуудад уламжлалт ажил таалагдахаа больсон. Ийм ажил баталгаа муутай. Өндөр цалин, том хөнгөлөлт, найдвартай тэтгэвэр зэрэг өмнө нь байнгын ажилтай холбогддог байсан зүйлс бараг алга болсон. Gallup судалгааны байгууллагын тогтоосноор америкчуудын 70% ажилдаа сэтгэл хангалуун бус байна. Харин McKinsey-гийн 8000 хүний дунд явуулсан судалгаа хараат бус ажилчид байнгын хөлсний ажилтантай харьцуулахад ажилдаа хамаагүй сэтгэл хангалуун байдгийг харуулав. Future Workplace/Field Nation  байгууллагын 959 фрилансер (чөлөөт) ажилчдын дунд явуулсан санал асуулгаар тэдний 74% хараат бус ажилладаг бөгөөд бүтэн цагаар ажиллах хүсэлгүй гэдэг нь харагджээ.

Гигономика бол сонгох боломж, бие даасан, уян хатан байдал, хяналт. Бүтэн цагаар ажилладаг ажилчдад дутагдаад байдаг эдгээр хүчин зүйлсийг хараат бус ажилчдаас олж харж болно.

Хэрэв миний оюутнууд сайн ажлын байр биш, сайхан ажил олоход илүү анхаарвал сонирхолтой, амжилттай карьерт хүрэх шанс өснө.

Диана Малкахи нь “The Gig Economy: The Complete Guide to Getting Better Work, Taking More Time Off, and Financing the Life you Want” номын зохиогч. Бабсоны коллежийн багш, МВА-гийн гигономикийн курсын үндэслэгч, багш.

Эх сурвалж: Business Harvard Review, Диана Малкахи

 

Г. Даваадорж

Өгөгдлийн соёлыг нэвтрүүлсэн “Мобиком”-ын туршлага

Өмнөх нийтлэл

Номын тэмдэглэл: WILLFUL BLINDNESS

Дараагийн нийтлэл

2 Сэтгэгдэл

  1. Eniig Mongol ruu tsunkh barihaa boli gej orchuulna

  2. Eniig Mongol ruu tsunkh barihaa boli gej orchuulna

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style