Life style

Хийх ажлуудаа эрэмбэ дарааллаар нь ангилахын ач тус

0

Эзэнгүй арал дээр ганцаараа байгаа мэт анир чимээгүй, ямар ч сатаарах зүйлгүй орчинд ажлаа хийхийг бид бүгд л хүсдэг. Гэвч хүссэн шиг тань төгс орчин хаана ч байхгүй гэдгийг түм түжигнэсэн, бум бужигнасан их хотод хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Ид хаваа гайхуулж буй мэт өглөөний их түгжрээнд чих дөжрөм машины дуу чимээн дунд тэмтчин явсаар албан ажилдаа ирнэ. Ингээд цахим шуудангаа шалгаж, яаралтай захидлуудад тэр дор нь хариу өгөхийн хажуугаар сошиал хаягаа ч хурдхан гэгч нь шалгаад амжина. Үүний дараа ажилдаа яг төвлөрөх гэтэл хэн нэг нь шаардлагагүй зүйл асууж эсвэл өрөөнийхөн нэг л мэдэхэд ойр тойрны сонин хачин ярилцаж инээлдэнэ. Энэ болгонд зохих хариуг өгч, ярианд оролцсоор одоо л нэг ажилдаа төвлөрөх гэтэл утас дуугарах аж. Ирсэн дуудлагыг урамгүйхэн аваад ярьж дууссаны дараа сая нэг ажилдаа бүрэн төвлөрнө. Гэтэл яаралтай хийх ёстой ажил гэнэт бодогдож тэр гэхийн завдалгүй зүдэрч байж бий болгосон анхаарал юу ч үгүй сарнин одох энэ үйл явц цааш өрнөсөөр нэг мэдэхэд ажлын цаг дуусах нь түгээмэл үзэгдэл гэдгийг найз маань надад ярин зогсоно.

Энэ бүтээмжгүйн тойрог давтагдах тусам тэрбээр энэ тойргоос хэрхэн гарах талаар улам их эрэл хайгуул хийж эхэлсэн аж. Өдөр бүрийг хүссэн шигээ бүтээмжтэй өнгөрөөж чадаагүй тул орой болгон сэтгэл ханамжгүй мэдрэмжтэй унтана. Энэ байдлаас гарах хэрэгтэйгээ мэдрэх бүр, гарц шийдэл хайх тусам өмнө нь анзаарч боддоггүй байсан зүйлс тодорхой болж эхэлснээ надад ярив. Эцэст нь бүтээмжтэй ажиллахын тулд нэн түрүүнд хийх хамгийн чухал алхмыг мэдэж авснаа надад хэлэв. Энэ бол ЭРЭМБЭ ДАРААЛАЛ. 

Хүн бүхэнд л ар гэрийн, албаны зэрэг хийх ёстой олон ажил өдөр бүр гарч байдаг. Гэвч “Галав юүлж” байсан ч хамаагүй хамгийн чухал ажлаа хамгийн эхэнд хийх эсэхээс тэр өдрийн үр дүн хамаардаг аж. Энэ талаар Стефен Ковигийн “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал зуршил” номны гуравдугаар зуршил болох “Хамгийн чухлаа эхэнд тавь” бүлэгт маш тодорхой өгүүлсэн байдаг. Өглөө бүр бид тухайн өдрийнхөө хамгийн их анхаарал төвлөрүүлж чадах эрч хүчтэй байдаг тул энэ цагийг чухал биш ажил хийж өнгөрөөхөд хэтэрхий хайран аж. “Мастер протертис”-ын захирал Г.Ганзориг ажлаа хийхэд хамгийн хэрэг болдог зуршлынхаа талаар “Ихэнх чухал ажлаа үдээс өмнө амжуулж сурах их чухал” гэж ярьж байв. Гэвч толгойд эргэлдсэн олон ажлуудыг цэгцлэх амаргүй ч аргыг нь олж бүх ажлуудаа цэгцтэй, бүтээмжтэй ажиллаж чаддаг байсан түүхэн эрхмүүдээс суралцах зүйлс их бий. Түүний нэг бол Америкийн 34-р Ерөнхийлөгч Двайт Айзэнхауэр юм. 

Чухал хэдий ч яаралтай биш, яаралтай ч чухал биш ажлууд байдаг” Двайт Айзэнхауэр

Тэрбээр ерөнхийлөгч болохоосоо өмнө Дэлхийн 2-р дайнд нэгдсэн хүчний армийг удирдаж байхдаа Герман, Франц руу дайрах төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлж байв. Мөн Колумбын их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан тэрбээр энэ бүх ажлын хажуугаар гольф, тосон будгийн хоббидоо цаг түүртэлгүй гаргаж амждаг байв. Түүний гаргаж ирсэн Эйзэнхауэрын шийдвэр гаргалтын хүснэгт маш энгийн бөгөөд хүн бүр хэрэглэхэд маш тохиромжтой юм.

Уг хүснэгтэд харуулснаар чухал чухал биш, яаралтай яаралтай биш гэх дөрвөн ангилалд хийх ажлаа хуваан хамгийн чухлаас нь эхэлж хийх хэрэгтэй аж. Өдгөө уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэрэг хариуцсан захирлаар ажиллаж буй С.Оюуныг таван минутанд хийчих ажил байвал тэр дор нь хийдэг тухай сонсож байсан тул одоо ч би гэнэт хэн нэгэн рүү залгах, захиа бичих ажил гарвал тэр дор нь хийчихдэг маань үргэлж тус болдог.

Яаралтай ажлуудад хүмүүс рүү залгах, захиа бичих, уулзалт товлох зэрэг үүрэг даалгаврууд ихэвчлэн ордог. Харин чухал гэдэг ангилалд таны холын зорилготой холбоотой ажил ордог бөгөөд түүнийг л хийж байж зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртох юм. Өөрөөсөө “үүнийг одоо хийх хэрэгтэй бил үү?” хэмээн асууснаар яаралтай биш ажлаа хойш нь тавиж тэр дотор чухал биш ажил байвал хийх ч шаардлагагүй байдаг. Бид хийхэд хялбар ч чухал, яаралтай биш ажлыг хийх хандлагатай байдаг ба эцэстээ ямар ч үр дүнгүй хэрнээ цаг үрсэн ажилд дарагдаж завгүй болдог. Тим Феррисийн хэлсэнчлэн “Завгүй байна гэдэг бол таарсан ажил болгоноо хийж тэдгээрийг эрэмбэ дарааллаар нь хуваарилахаас залхуурсны хэлбэр” гэдэг үнэн аж. Шийдвэр гаргах уг хүснэгтийг ашиглаж хэрэггүй бүх ажлаа жагсаалтаасаа авч хаяснаар танд зөвхөн чухал зүйлдээ л зарцуулах цаг гарах юм. Эцэст нь овоолоостой их ажлаа ангилж, цэгцэлсний эцэст гарах цагаа юунд зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Юуны төлөө ажиллаж, ирээдүйд та юунд зорьж байгаа вэ? Уг асуултанд хариулахад туслах “Нэг зүйл” номын тэмдэглэл Business.mn дээр гарч байсан юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Түүний этгээд үйлдэл бүр Virgin Group-т ашиг авчирдаг

Өмнөх нийтлэл

“Сүү” ХК компанийнхаа соёлыг хэрхэн бүрдүүлсэн бэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.