МэдлэгӨсөх стратеги

Алдартнууд хамгийн сайн бизнес зөвлөгөөг хэнээс авсан бэ

0

Мари Кондо, Жон Зиммер (Lyft), Алан Шааф (Imgur) зэрэг алдартнууд замналынхаа турш босс, ээж, гүйцэтгэх захирал, хамтран ажиллагсдаасаа авсан бизнесийн шилдэг зөвлөгөөнөөс хуваалцаж байна.

Анни Войчицки (23andMe компанийн захирал, хорт хавдрын эрсдлийн тестийг хүн дээр хийх зөвшөөрөл авсан ДНХ судлаач анхны эрдэмтэн)

Хийсэн зүйлдээ сэтгэл ханаж болохгүй, ямарваа зүйлийг сайжруулах боломж хэзээд байдаг гэж үздэг гэр бүлд би өссөн. Намайг гэрийн даалгавраа хийгээд үзүүлэхээр ээж улаан эрээн болтол нь засаад “Энийг багшдаа үзүүлээд С эсвэл D дүн авч болно, эсвэл ахин бичих үү” гэдэг байсан. Засаж бичээд үзүүлэхэд “Одоо харин илүү болжээ. Ямар ч байсан В авах юм байна. Гэхдээ чи бүр сайжруулж бичмээр байна уу” гэдэг байлаа.
Хүүхдүүдээ хүмүүжүүлэх ээжийн энэ аргыг би биширдэг. Ээж маань хэзээ ч шийтгэл хэрэглэж байгаагүй. “Чи ийм юм хийж, энэ чинь муу байна. Үүнээсээ суралц” гэдэг байсан. Яг энэ аргыг нь би ажилтнууддаа хэрэглэдэг. Ажлаа эсвэл төслөө тааруухан гүйцэтгэсэн хүнд зөвлөгөө өгөхөд тэд “ОК, тэгвэл би ахиад оролдоод үзье ээ” гэдэг юм. Мэдээж үүнийг нь бид тухайн төслийг маш сайн болтол нь давтан хийдэг.  

Мари Кондо (КонМари Медиа-ийн үүсгэн байгуулагч)

Амжилтынхаа төлөө бусдаас сайшаал, магтаал хүртэхэд аав минь надад энэ бол зөвхөн чиний хичээл зүтгэл бус өнөөг хүртэл чамайг дэмжиж ирсэн хүмүүсийнх ч мөн юм шүү гэж хэлсэн. Энэ үг нь орой руу орох шиг болсон доо. Ажилдаа хэт их анхаарал хандуулах болсноор эргэн тойрныхоо хүмүүсийг арай бага анхаарч, муу халамжилж эхэлснээ ухаарсан. Намайг ойлгож, дэмжиж ирсэн бүхэнд талархал илэрхийлэх ёстой гэж сургаж, үүгээр бизнес хийдэг хүн атал би өөрөө зарим хүнийг үл хайхарч байснаа ойлгосон.

Алан Шааф (Imgur-ийн гүйцэтгэх захирал)

Миний авч байсан хамгийн шилдэг зөвлөгөө тун энгийн: Эрч хүчээ гамна. Компани томрох хэрээр эрхэлж буй бизнест чинь дурлуулж байснаас тэс өөр үүрэг хариуцлага ихэсдэг. Харилцагчдадаа анхаарал тавих, бүтээгдэхүүн бий болгох зэрэг хийх дуртай ажлуудыг чинь нэг мэдэхэд хүний нөөцийн стратеги ярилцах, удирдах зөвлөлд зориулж санхүүгийн төлөвлөгөө гаргах, ажилтантай холбоотой асуудал шийдвэрлэх гэх мэт тухайн мөчдөө яаралтай мэт санагдах ажлууд эзэлчихнэ. Ийм орчинд хүн их амархан ядардаг, улмаар бууж өгдөг. Тиймээс хоёр долоо хоногийн турш эрч хүч өгдөг болон ядрааж байгаа зүйлээ ажигла, тэмдэглэж ав. Эцэст нь тухайн мэдээллийг задлан шинжилж, ямар үйл ажиллагаа, хэн гэгч хүн таныг “зовоож” байгааг олж тогтоож болно.
Миний бодлоор компаниа өдөр бүр эрч хүчээр цэнэглэх нь үүсгэн байгуулагчийн гол үүрэг хариуцлага. Бид л хийж буй зүйлдээ аз жаргалтай, баяртай байхгүй бол өөр хэн ч тэгэхгүй.

Скотт Белски (Behance платформыг үүсгэн байгуулагч)

Арав гаруй жилийн өмнө би Купер Хьюитт Смитсонианы дизайны музейн удирдах зөвлөлийн хуралд анх удаа оролцоод, 100 гаруй жилийн түүхтэй барилгаас нь тун урамгүй гарч явав. “Хайран цагийн гарз” гэж би бодож байлаа. Бид нар удахгүй болох үзэсгэлэн болон, хэдэн жилийн дараа хийх их засварын талаар ярилцсан юм. Стартапын ертөнцөд иймэрхүү уулзалт нь үнэ цэнтэй цагийн гарз болох төдийгүй дэндүү амбицтай, тэвчээргүй залуусын хувьд ядаргаатай, утгагүй зүйлд тооцогддог. Гурван цагийн турш санал бодлоо солилцож, бусдын ярьсныг сонссоноор дэлхийг өөрчлөхгүй шүү дээ.
Такси дуудахаар явж байхдаа би удирдах зөвлөлийн өөр нэг гишүүн, нэгэн үе Массачусеттсийн технологийн институтын алдартай Media Lab-ийг тэргүүлж байсан, эдүгээ Род Айландын дизайны сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй Жон Маэдатай таарав. “Жон, ёстой цагийн гарз байлаа. Их сургуулийн захирал болохоор та ийм удаан, утгагүй уулзалтад олон л суудаг байх. Та яаж тэсдэг байна аа?” гэж би асуулаа. Жон харин толгой сэгсэрснээ “таны өдөр бүр анхаарал тавьдаг сонирхолтой стартап, төслүүд чинь 100 жилийн дараа байхгүй ч байж мэднэ. Гэвч заримдаа үүрд мөнх орших зүйлд тоосго ч болтугай өрөх завшаан хүний амьдралд гарч ирдэг юм. Та энд тоосго өрөхөөр ирсэн шүү дээ” гэж хэлсэн.
Жоны зөвлөгөөний гүн гүнзгий утга учир нь надад юуг хийхээ сонгох, хэрхэн ажиллахад маань маш их нөлөөлсөн. “Түргэн ажиллаж, ихийг бүтээ” гэх мэт орчин үеийн уриа, хэллэгийн утга учрыг би ойлгодог ч үүрдийн настай зүйлийг хадгалан авч үлдэж, улам үнэ цэнтэй болгох нь хоромхон зуур гялалзаад өнгөрөх ямар нэг бүтээгдэхүүн, амжилтаас ч илүүтэйгээр хүн төрөлхтний төлөө үйлчилж байгаа үйл хэрэг юм гэдгийг би ойлгосон.

Фил Либин (Evernote, All Turtles-ийн хамтран үүсгэн байгуулагч, General Catalyst-ийн ахлах зөвлөх)

Бизнес удирдан явуулах талаарх хамгийн шилдэг зөвлөгөөг би Японы хамгийн том интернэт компани “Rakuten”-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хироши Микитанигаас авсан юм. Тэр гурав болон арвын дүрэмд анхаарлаа хандуулахыг зөвлөдөг. Энэ нь ямарваа компани гурав дахин томорход бүх зүйл сүйрдэг гэсэн утгатай. Эхлээд хоёулаа ажиллаж байхад бүх зүйл ОК байсан бол гурав дахь хүнийг ажилд авснар бүх зүйл сүйрнэ. Бүхнийг эхнээс нь эхлэх ёстой болно. Цаашид өргөжсөөр 10 хүнтэй болоход ахиад л бүтэлгүйтнэ. 10 хүнээ удирдаж сураад 30, 100, 300, 1000 хүнтэй болоход ч мөн энэ дүрэм үйлчилнэ. Энэ нь зөвхөн ажилтны тоо бус орлого, худалдан авагч, хүмүүстэй харилцах, уулзалт удирдах гэх мэт бүх асуудалд хамаатай.

Жон Зиммер (Lyft-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч)

Дөрвөн жилийн өмнө Логан (Lyft-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал) бид хоёр Lyft-ийн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэгтэй уулзсан юм. Сэтгэл санаа авах юмгүй байсан, яриаг маань багийн бусад гишүүд сонсоосой гэж хүсээгүй учир бид нар Сан франциско дахь хуучин оффисынхоо нэгдүгээр давхарт байх хурлын өрөөг сонголоо. Тухайн үед буюу 2015 оны эхээр байдал амаргүй байсан. Хүмүүс гадарлаагүй ч манай компани оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй, ердөө дөрвөн сар хүрэлцэх бэлэн мөнгө бидэнд байв. Гэтэл Uber хөрөнгийн зах зээлээс 2.5 тэрбум доллар босгоод байлаа. Хүмүүс манай компанийг тооцоонээс нэгэнт хасаж эхлээд байсан үе.
Уулзалт тун эвгүй нам гүм байдалд болсон. Хөрөнгө оруулагч маань хэд хэдэн бизнес эхлүүлсэн, олон компанид хөрөнгө оруулсан, биднээс хамаагүй туршлагатай нэгэн байлаа. Тэрбээр бидэнд “Та нар үлдсэн мөнгөө аваад хөрөнгө оруулагчдад буцаан өгч, компани хаа” гэж зөвлөв.
Энэ нь шаардлага, заналхийлэл биш, ердөө л тэр хүний бодол байсан юм. Бид хоёр 29, 30 настай, биднээс хамаагүй ухаантай хүний үгийг сонссон болохоор саналыг нь авч хэлэлцэх ёстой боллоо. Үнэндээ түүний зөвлөгөө нь Логан бид хоёрын авсан хамгийн шилдэг зөвлөгөө байсан юм. Яагаад гэвэл бид хоёр итгэл үнэмшил, хүчин чармайлт, багтаа итгэх итгэлээ хоёр дахин нэмсэн. Мэдээж бид түүний зөвлөгөөг дагаагүй. Үүний оронд бид хоёр багийнханд нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь хэлж, ажилтнуудаа улам сайн, улам эрч хүчтэй ажиллахыг хүссэн. Бид тэмцэх ёстой байлаа.
Одоо эргээд бодоход тэрхүү зөвлөгөө бидний ажлын төгсгөл болох байсан ч харин эсрэгээр илүү чухал зүйлийн эхлэл болж чадсан юм. Мундаг зөвлөгч нь 10 тохиолдлын ест нь сайн зөвлөгөө өгч болох ч нэг удаад нь та өөрийн үзэл бодолдоо үнэнч үлдэх хэрэгтэй.

Н. Энхбаяр

Б.Цэцэгжаргал: 20 минутын зайтай хоёр секунд нүдээ амрааж бай

Өмнөх нийтлэл

“Асуудлыг тохирсон менежментээр л шийдвэрлэх ёстой”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Мэдлэг