The Economist-ын”Дэлхий 2019″ сэтгүүлээс хүргэж байна. 

Хятадтай эрчим хүчээр холбогдох нь Баруунд геополитикийн шинэ сорилт үүсгэнэ

Хүйтэн дайнаас хойш Оросын байгалийн хий тус улсын эдийн засгийн ашиг сонирхлыг гэхээс илүүтэй Кремлийн стратегийн сонирхлыг дэмжиж ирсэн. Тус улсын төрийн мэдлийн аварга том Газпром компани Хятад, Турк, Герман улс руу тавьж буй хийн хоолой 2019 баригдаж дуусах нь дэлхий даяар геополитикийн шинэ долгион үүсгэнэ. Зүүн Сибирийн Чаяндинское, Ковыктинское байгалийн хийн талбайнуудаас Амар мөрний эргийг даган Хятад уруу 3000 км (1900 бээр) үргэлжлэх “Сибирийн эрчим хүч” хоолойгоор 2019 оны эхээр хий дамжуулж, жилдээ 38 тэрбум шоо метр хийг хүргэнэ.

Оросын нефть, байгалийн хийн салбарт хэсэгчлэн тавьсан Барууны хориг байгаа ч энэхүү хоолой нь Америкийн Нэгдсэн Улстай хийж буй худалдааны дайны улмаас тус улсаас импортлодог байгалийн шингэрүүлсэн хийнд (LNG) 10 хувийн татвар оногдуулсны улмаас Хятад улсад өссөн эрэлтийг хангахад тусална. Их гүрнүүдийн хоорондын улс төржилтийн бус бусад талбарын нэгэн адил эрчим хүчний салбарт Орос, Хятад улс улам дотносож эхлэв. 2014 онд ерөнхийлөгч Владимир Путин “Азийн тулах цэг” болгон Хятад руу хийн хоолой тавих 55 тэрбум долларын гэрээ байгуулсны хариуд Крымийг хүчээр нэгтгэхэд Кремль оролцсон гэсэн шалтгаар Европ дахь түншүүд нь байгалийн хий нийлүүлэх өөр нийлүүлэгч олно гэж Газпромыг айлгаж байв.

Гэвч тэр үеэс хойш Европ руу дамжуулдаг Оросын байгалийн хийн экспорт урьд хожид байгаагүй хэмжээнд хүрсэн юм. Энэ нь Герман улс руу тавих Nord Stream 2, Турк руу тавих TurkStream хоолойн хоёр төслөө санхүүжүүлэх боломжийг Газпром компанид олгосон. Өст Украин улсаар дамждаг хоолойноос хамаарах байдлыг багасгах учир энэ хоёр хоолой нь стратегийн чухал ач холбогдолтой юм. Украйны нөхцөл байдалд эмзэглэсэн Европын улсууд болон Брюсселийн байр суурийг үл харгалзан Nord Stream 2 хоолойг барих ажил эхэлсэн. Энэхүү хоолой Оросоос Герман руу байгалийн хий дамжуулах хүчин чадлыг 55 тэрбум шоо метр буюу хоёр дахин нэмэгдүүлэх бөгөөд Газпром болон Европын таван том компаниас бүрдсэн консорциум бүтээн байгуулж байна.

Америкийн төрийн албаныхан Кремлийн эсрэг хоригийг Германы Uniper болон Wintershall, Австрийн OMV, Францын Engie, Англи-Голландын хамтарсан Royal Dutch Shell зэрэг санхүүжүүлэгч компаниудад ч тавьж болно гэж үзэж байгаа. Хэрвээ тэгвэл Nord Stream 2-ын ажил гацаж магадгүй. Ерөнхийлөгч Дональд Трамп Герман улсыг бодлогоо өөрчлөхгүй бол Оросоос эрчим хүчний хувьд “бүрэн хамааралтай” болно гэж буруушаасан нь түүнийг Nord Stream 2-ыг зогсоож, Америкийн байгалийн шингэрүүлсэн хийг Европт зарах нь байна гэж хардахад хүргэсэн. Энэ хооронд 15.75 тэрбум шоо метр хий дамжуулах чадалтай TurkStream хоолой хоёр чиглэлээр баригдаж байна. Нэг нь Оросоос Хар тэнгисээр дамжин Туркт хүрэх бол нөгөө нь Туркээс Европ руу явж байна. Эхний хоолойн барилгын ажил бараг дуусаж байгаа бөгөөд хоёр дахь нь 2019 оны сүүлчээр ашиглалтад орох юм.

Ашгийн талаарх агаарын мөрөөдөл

Эдгээр ололт байгаа ч бүх зүйл оросуудын хүссэнээр болохгүй. Европын Холбооны монополийн эсрэг хууль батлагдсанаар Газпром TurkStream хоолойг дангаар ашиглан Европ уруу хий дамжуулах эрхгүй болж, Европын түнш олохоос өөр аргагүйд хүрнэ. Газпром энэхүү аварга гурван төсөлдөө ирэх хэдэн жилд их мөнгө зарцуулна. Хэрэглэгчид нь далайн тээврээр ирэх байгалийн шингэрүүлсэн хий, сэргээгдэх эрчим хүч зэрэг өөр улам олон хувилбартай болох учир Газпром амаргүй хэлцэл хийх болно. Ноён Путины хийн хоолойнууд нь алсдаа үр дүнд хүрэхгүй бооцоо байж болох юм.

#Дэлхий2020 тун удахгүй

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Боломж тээсэн даатгалын зах зээл

Өмнөх нийтлэл

БИ АЖЛАА ХЭРХЭН САЙЖРУУЛДАГ ВЭ: Хүчтэй итгэл үнэмшилгүй байсан бол би далайд хөвөх завь шиг л байх байлаа

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох