Бизнес гарагМэдлэгт нэмэрТоп нийтлэл

“Silk Road Magic” ХХК-ийн ерөнхий захирал Я.Энхээ: Чанар нэгдүгээрт, төлөвлөгөө хоёрдугаарт

0

Бидний энэ удаагийн зочин уулзах цагаасаа 20 минут хоцров. 5 үйлдвэртэй, 5 ресторантай, 5 хүүхдийн эцэг тэрбээр амжуулах ажил ихтэй байгаагаа урьдчилан дуулгасан болохоор бид бэлтгэл ажилдаа орлоо. Бид түүний Mexikhan&Guantanamera ресторанд уулзахаар тохиролцсон юм. Болзсон цагаасаа удалгүй манай энэ удаагийн зочин маань ирлээ. Хэдэн жилийн өмнө зурагтаар үздэг байсан тогооч Я.Энхээг би хараад шууд л танив. Өөрчлөгдсөн зүйл үгүй байна. Гар барин танилцаж дуусав уу, үгүй юу намайг 20 минут хоцорно гэж манайхан дамжуулсан уу? гэж асуулаа. Хэлсэн, санаа зоволтгүй. Бид зураг авах газраа сонгож байлаа гэхэд “За ашгүй дээ. Уйдаагүй бол боллоо” гэсэн юм. Тэр орж ирэхдээ хайрцагтай зүйл авчирсан байв. Задлаад хартал төрөл бүрээр савласан бяслаг. “Хоолондоо” шоуны тогооч Я.Энхээ нэгэнт бяслагчин Я.Энхээ болжээ. Уг бяслаг харагдах байдал, үнэр гэх мэт бүхий л зүйлээрээ анхаарлыг минь татаж байсан учраас бид ярилцлагаа Бяслагчин Энхээгийн түүхээс эхэллээ. 

“Silk Road Magic” ХХК-ийн ерөнхий захирал Я.Энхээ

“Silk Road Magic” ХХК-ийн захирал Я.Энхээ яг одоо өөрийнхөө хамаг хүч чадал, эрч хүчээ зарцуулж буй бяслагны үйлдвэрээ бизнес биш гэж нэрлэв. Тодруулбал, бизнес болох болоогүй аж. 

Я.Энхээ 10 жилийн өмнө Швейцарийн нэгэн эрдэмтнээс бяслаг хийх ухааныг сурчээ. Учир нь тэрбээр бяслаганд нугасгүй нэгэн аж. Сурсан даруйдаа амттай сайхан бяслаг хийдэггүй байв. 10 оролдоход нэг нь л бүтдэг байсан гэхэд болно. Мөн одоо байгаа шигээ 10 гаруй төрлийн бяслаг бус 2-3 төрлийн бяслаг л хийдэг байсан. Түүнийгээ худалдаанд гаргах бус өөрийнхөө хэрэгцээнд л зарцуулдаг байв. 

Олны мэддэгээр тогооч Я.Энхээ яагаад бяслаг хийж чаддаггүй байсан юм бэ гэж та гайхаж магадгүй. Учир нь бяслаг хийх ажил хүнээс маш их мэдлэг, мэдрэмж шаардана. Ингэж хэлсэн даруйд уншигч та бүр их гайхаж магадгүй. Өвөө эмээгийн минь үеэс хийж ирсэн цагаан идээний нэг бяслагыг үндсэн нэг л түүхий эдээр хийдэг. Тэр бол сүү. Сүүнээс гадна бойжуулагч хөрөнгө, бэхжүүлэгч гэх мэт хэдхэн зүйл нэмэлтээр ордог. Эдгээр бүтээгдэхүүнийг ашиглан маш олон хувилбараар олон төрлийн бяслаг хийж болно. Ээдмийг шахна, бэхжүүлнэ. Шахаад бяслаг болгочихсон хойно бойжуулах арга, бойжуулах орчинг ямар байлгах, болсон хойно нь арчина, арчихгүй /угаах/ гэх мэт олон технологиор олон төрлийн бяслаг хийж болдог. Тодруулбал, монголчуудын бяслаг хийх уламжлалт арга бол сүүгээ шахлаа, хатаалаа, долоо хоногийн дараа бяслаг болдог бол соёл болтлоо хөгжин дэлгэрсэн бяслагийг долоон сар нухах хэрэгтэй аж. Энэ хугацаанд бяслагаа бойжуулахыг нь бойжуулж, дахин шахахыг нь шахаж, илүү сайн хатаахыг нь хатаах гэх мэтээр жинхэнэ бяслагчин хүн ноу-хаугаа гарган урладаг байна. Учир нь бяслагны түүхий эд болох сүүнээс бяслагны амт, чанар ихээхэн нөлөөлдөг аж. Монгол улс жилийн дөрвөн улиралтай. Малаас гарч буй сүүний амт сар бүр өөр байдаг. Цаг уурын байдал, байгалийн нөлөө, малын өсч байгаа орчин, хүний нөлөө гэх мэтээс шалтгаалж сүүний амт, чанар өөр өөр болдог. Үүнээс шалтгаалж бяслагны амт мөн өөр өөр. Түүхий эдийн өөрчлөлтөөс гадна бяслагны амтыг өөр болгодог бас нэг шалтгаан бол гар урлал юм. Бяслаг хийх бүхий л процессийг Я.Энхээ гар аргаар хийдэг бөгөөд түүгээрээ үнэлэмж нь тодорхойлогдоно. Гараар хийсэн юм бүгд өөр хоорондоо адилгүй байдаг шүү дээ. Тиймээс өөр өөр амттай сүүгээр гар аргаар урлан хийсэн бяслаг үргэлж нэг амтаараа байдаггүй, өдөр бүр өөр хоорондоо адилгүй байдаг. 

Зөвхөн сүүгээр хийсэн бяслаг эцсийн мөчид сүү биш өөр амтыг гаргана гэдэг гайхамшиг.

Тиймээс Я.Энхээгийн хийж буй зарим бяслаг бизнес бус урлагийн бүтээл. Дэлхийн жишиг угаасаа ийм. Тиймээс дэлхий нийтээрээ ч үүнийг хүлээн зөвшөөрч бяслагийг хүнс бус соёл гэж нэрийддэг. Бойжуулж, залбирч, ойлгож, ярилцаж байж эцэст нь бий болсон бяслаг сүүнээсээ, мөн орчин нөхцөлөөсөө шалтгаалж арьс ширний, сурны, мөөг, самар гэх мэт төсөөлшгүй олон төрлийн амттай байдаг. Зөвхөн сүүгээр хийсэн бяслаг эцсийн мөчид сүү биш өөр амтыг гаргана гэдэг гайхамшиг. Түүнчлэн нэг бяслаг хийхийн тулд олон сар хөдөлмөрлөдөг тул хүнс гээд шууд идэх хайран шүү дээ. Идэхдээ хүртэл таашааж идэх нь зүй ёсны хэрэг. Яг л дарстай ижил. Он удаан жил хадгалсан дарсыг бид нэг амьсгаагаар уудаггүйтэй адил олон жил бойжуулсан бяслагийг нэг амьсгалаар иднэ гэдэг утгагүй. Энэ бол бяслаг хүнс биш, соёл гэдгийн нэг баталгаа. Монголчууд энэхүү шинэ соёлд бага багаар суралцаж байгаа гэж “Silk Road Magic” ХХК-ийн захирал Я.Энхээ хэлж байна. 10 жилийн өмнөөс бяслаг хийж эхэлсэн тэрбээр саяхнаас л бяслагныхаа учрыг олж хоёр жилийн өмнөөс хөрөнгө оруулалт хийн үйлдвэрлэлийн жишгээр ажиллаж эхэлжээ. Амсах болгонд өөр амттай байх түүний бяслагийг худалдаж авсан хэрэглэгчдээс одоог хүртэл гомдол ирээгүй аж. Түүнчлэн нэг жилд тухайлбал, Алтай Тува Яки гэх хатуу бяслагнаас 6 тонн орчмыг хийхэд тухайн жилийнхээ нийлүүлэлтийг хангахгүй, өвөл гэхэд дуусчихдаг байна. Үүнээс харахад монголчууд бяслагийг ойлгож, түүний соёлд суралцсаар байна. 

Гэхдээ бизнесийн ертөнцөд зах зээлээ судлаагүй, хоббигоороо эхлүүлсэн аливаа бизнес дампуурдаг түүх олонтоо. Я.Энхээгийн хоббигоороо эхлүүлсэн уг бяслагны үйлдвэр нийлүүлэлтээ хангаж чадахгүй байгаа нь уг салбарт зах зээл бий гэдгийг харуулж байна. Тэрбээр хоббиноосоо хараахан ашиг хүртэж амжаагүй байгаа ч моцарелла, чедар болон хайлуулсан бяслагаараа үйлдвэрийнхээ үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж байгаагаа нуугаагүй юм.    

Урлагийн бүтээл болон хүнсний бүтээгдэхүүн бяслагийг Я.Энхээ ХААИС-ийн туршилтын лаборатори болон Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад байх дөрвөн үйлдвэртээ урладаг. Урлах явцад бусад бизнесийн адил саад тотгор тулгарах нь дамжиггүй. Түүний үйлдвэрлэлийн бизнесийн жаргалтай зовлон бол нийлүүлэлтээ хангаж чадахгүй байх. Харин зовлонтой зовлон бол түүхий эдээ татах байдаг аж. Хөдөө нутагт сүү саадаг айл өрх тун ховорджээ. Саадаг нэг нь сүүгээ өндөр үнээр худалддаг. Малчин айлын гэрийнх нь гаднаас саасан сүүг нь худалдаж авъя гэхэд ихэнх нь аймгийн төвд зарагддаг сүүний ханштай ижил үнээр худалдаалах гэдэг гэнэ. Түүнчлэн үнээндээ вакцин тарьчихсан хэрнээ сүүгээ хамаагүй өгдөг, өрөм цөцгийг нь авчихаад хэнэг ч үгүй өгчихдөг, заримдаа хөөрүүлсэн сүүгээ хөөрүүлээгүй сүүтэйгээ хольдог гэх мэт асуудал тулгардаг. Үүнээс гадна үйлдвэрлэл, ялангуяа бяслагны үйлдвэрлэл эрхлэхэд эргэлтийн хөрөнгө зайлшгүй байх хэрэгтэйг Я.Энхээ хэлж байна. Сүүгээ худалдаж авчихаад эргээд мөнгө болтлоо дор хаяж гурван сарын хугацаа шаардагддаг. Өөрөөр хэлбэл мөнгөний эргэлт нь удаан бизнес аж.

Зах зээл шинэ, өрсөлдөөн багатай салбар учраас амжилт олох нь гарцаагүй гэж уншигч та дүгнэж байгаа бол өрөөсгөл ойлголт юм. Учир нь бяслаг хийж, борлуулна гэдэг бол 100 хувь бизнесийн ухаан, нарийн төлөвлөлт бус, мэдрэмж, мэдлэг шаардсан ажил билээ. Цагаан идээний зах зээл, ялангуяа бяслагны зах зээл манай улсад хэрхэж буй талаар “Silk Road Magic” ХХК-ийн захирал Я.Энхээтэй ярилцлаа. 

 

“SILK ROAD MAGIC” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Я.ЭНХЭЭ: РЕСТОРАНЫ АМИН СҮНС БОЛ ЕРДӨӨ Л ХҮН

Бяслагны салбарт 10 жил болсон ч одоо л бусдад зааж, зөвлөх хэмжээнд хүрч байна гэж даруухан өгүүлэх Я.Энхээ рестораны салбарт 20 гаруй жил чанагдсан гэдгийг уншигч та мэдэх биз ээ. 

Бид ярилцлагаа түр завсарлан рестораны бизнесийн талаар тань ярилцъя гэхэд “Би рестораны өдөр тутмын үйл ажиллагаанд оролгүй таван жил болж байна” гэв. Гэхдээ та энэ салбарт арвин туршлагатай шүү дээ гэхэд “аймаар, аймаар” хэмээгээд тэрбээр хуучны дурсамжаа эргэн саналаа. 

Я.Энхээ хүслээрээ бус албан шахалтаар тогооч болсон гэвэл хилсдэхгүй биз ээ. Тэрбээр Германд олон жил ажиллаж байгаад Монголдоо ирээд танил дүүтэйгээ хамтран анхны пиццаны газраа нээв. 1997 оны нэгдүгээр сарын нэгний өдөр. Тэрбээр энэ болтол огт хоол хийж, бусдад зарж үзээгүй байв. Хоолны салбарт ажиллана ч гэж бодож байгаагүй. Харин танил дүү нь ийнхүү санал тавьснаар инженер мэргэжилтэй түүний тогоочийн карьер эхэлсэн түүхтэй. Я.Энхээ өөрөө шууд пицца хийж эхэлсэн гэвэл үгүй. Хамтран ажилладаг дүү нь Итали ресторанд олон жил ажилласан учраас Итали пиццагаа ахлан хийдэг байв. Харин Я.Энхээ бага багаар сурсаар, хүмүүс ч ам уралдан магтсаар, идсээр. Удалгүй өнөөх пиццаны ахлах, танил дүү нь АНУ явчихжээ. Энэ үед хэдийнэ гурван ресторан нээчихсэн байсан Я.Энхээ бүгдийг өөрөө хариуцахаар болов. Тэр үүндээ дургүй биш дуртай байсан учраас рестораны бизнесээ орхилгүй улам хөгжүүлсээр иржээ. Тухайн үед тогоочийн ямар ч сургууль, дамжаанд суралцаагүй тэрбээр гаднаас тогооч ажиллуулах боломжгүй байсан учраас ажлаа үргэлжлүүлэн явуулахын тулд өөрөө боловсрохоос өөр аргагүй болж. Тэрбээр “7-8 жил нухасны эцэст тогооч болсон доо. Харин “Хоолондоо” шоуг сонирхлоороо хийж эхлэхэд олон нийт намайг номер нэг тогооч гэж нэрлэсэн. Ёстой ичмээр” хэмээн дурсан ярилаа. Ийнхүү тэрээр ард түмнийхээ ачаар “Тогооч Энхээ” болсон юм.

Энэ цагаас хойш хоол, үйлчилгээний салбарт эргэлт буцалтгүй орсон тэрбээр 20 гаруй ресторан ажиллуулсан бөгөөд одоогоор Silk road, Gandan View, Mexikhan&Guantanamera Restaurant, Genuine Broaster Chicken Mongolia болон Хоолондоо гэх таван рестораныг амжилттай ажиллуулж байна. Эрдэм номын мөрөөр бус хувь тавилангаар тогооч болж хоол үйлчилгээний салбарт 22 дахь жилдээ зүтгэж буй түүний рестораны бизнесийн “аймаар” туршлагаас нь уншигч танд хуваалцъя.   

Ресторан ер нь ямар байх ёстой вэ? Та анх ресторануудаа нээхдээ юунд нь анхаарч байсан бэ? Орчин үед хөрөнгөтэй хүн бүр ресторан нээгээд байх шиг. Хүн болгон нээгээд, ажиллуулах амархан бизнес юм уу?

Нэг хэсэг өрсөлдөөн багатай амархан байсан. Харин одоо бол маш хэцүү. Рестораны амин сүнс нь ердөө л хүн. Хоолыг чинь хүн л хийдэг шүү дээ. Гэтэл ресторан шинээр нээж буй хүмүүс орчиндоо их анхаарч байна. Нийт хөрөнгө оруулалтынхаа 90 хувийг орчиндоо зарцуулж байна. Харин гал тогооны тоног төхөөрөмж, ажилчдынхаа боловсролд анхаарахгүй байгаа нь харамсалтай. Чи баар ажиллуулах гэж байгаа юм уу, эсвэл ресторан ажиллуулах гэж байгаа юм уу гэдгээ эхлээд шийдэх хэрэгтэй. Хэрвээ ресторан ажиллуулах гэж байгаа бол хөрөнгө оруулалтын чинь 70-80 хувь нь гал тогоондоо зарцуулагдах ёстой. Тодруулбал, гал тогооны тоног төхөөрөмж, гал тогооны орчин, хоолны цэс, гал тогоонд ажиллах хүмүүсийн боловсрол зэрэгт зарцуулна гэсэн үг. Үүнийг хийгээгүй тохиолдолд хэзээ ч ресторан амжилт олохгүй. Хүмүүс ер нь өөрийн гэсэн нэг юмтай болъё гээд ресторан нээдэг нь харамсалтай. Уурхай ажиллуулаад эсвэл наймаа хийгээд хөрөнгө мөнгөтэй болчихоороо ресторанд бэлэн мөнгө эргэлдээд байгаа юм шиг санагдаж энэ салбар руу орж ирдэг. Хүмүүс гадаадад ажиллаж амьдардаг болсноос хойш орчин үеийн хоолны мэдлэгтэй тогооч их болсон. Тэд эх орондоо хүрч ирээд сайн ресторан, сайн хоол хийж байгаа. Тиймээс одоо цагт өрсөлдөөн улам ширүүсч, толгойгоо улам илүү ажиллуулах хэрэгтэй болж байна. Зах зээл ч боловсорч эхэлж байна. Энэ үед хөрөнгө мөнгөтэй гээд дуртай хоолоороо ресторан нээж бизнес эрхэлье гэвэл бүтэхгүй. Тиймээс хаана, юу хийхээ маш сайн судлах хэрэгтэй. Гол нь мэргэжлийн болох, эсвэл мэргэжлийн хүнээс заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Одоо хамгийн их үгүйлэгдэж байгаа мэргэжил тогооч болчихоод байна шүү дээ. 

Тэгвэл сайн тогоочийг яаж хэмжих юм бэ? Ялангуяа энгийн үйлчлүүлэгчид. 

Тогооч нэгдүгээрт маш өндөр боловсролтой байх хэрэгтэй. Зөвхөн сайхан, амттай хоол хийхээс гадна өндөр боловсролтой, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Боловсрол гэдэг нь мэргэжлийн боловсролыг хэлж байгаа шүү. Боловсролд хоолны эрүүл ахуй, таваглалт зэрэг рестораны хоолонд байх бүхий л зүйл багтана. Чи гоё амттай хоол хийдэг бол тэр гоё хоолоо өдөр бүр яг адилхан хийдэг байх хэрэгтэй. Ингэхийн тулд тухайн хүнээс зайлшгүй мэргэжлийн боловсрол, соёл шаардагдана. Харамсалтай нь нийтийн үйлчилгээнд ажиллаж байгаа хүмүүсийн 90 орчим хувь нь түр зуурын ажилчид байдаг. Ахлах тогооч, ерөнхий тогооч нар нь боловсрол эзэмшсэн байлаа гэхэд багийн бусад гишүүд ихэвчлэн түр зуурын хүмүүс байдаг. 

Та энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

20 гаруй жилийн хугацаанд хүмүүс намайг тийм их орхиж явж байгаагүй. Наалдаад л байгаад байдаг. Миний хувийн зан аашаас болдог юм уу эсвэл компанийн уур амьсгалаас шалтгаалдаг байх. Манай тогооч нарт ажилд авъя гэсэн хүмүүсийн нэрийн хуудас зөндөө байгаа. Иймэрхүү толгойны алуурчид олон. Ажиллах хүн байхгүй нь үнэн юм чинь. Үүнийг яаж Монголд шийдэх юм бэ гэхээр кулинарын супер сургууль нээх хэрэгтэй. Мэргэжлийн сургуульд мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүмүүс мэргэжилдээ дуртай байж сэтгэлээсээ ажиллана шүү дээ.

Одоогийн нөхцөлд хоол үйлчилгээний мэргэжлийн хүн байхгүй цагт та ажилд шинээр хүн авахдаа юуг нь хардаг вэ?

Би анхнаасаа хүнийг нь л хардаг. Хариуцлагатай, цэвэрч, ажил тасалдаггүй, ер нь ажил хийе гэж байгаа хүмүүсийг хардаг. Авьяас бол дараагийн асуудал. Би тийм хоолны тогооч гэхээс илүү тогооч хийж байгаагүй хүнийг багтаа авах нь сайн. Эдгээр хүмүүсийн амтны мэдрэмж нээлттэй байдаг. Өмнө нь тогоочоор ажиллаж байсан хүнд шинэ хоолны жор заахад өмнө хийдэг байсан хоолны амт руугаа нэг мэдэхэд л орчихсон байдаг. Тиймээс амттаны хөшүүн мэдрэмжтэй биш, аль болох залуу хүүхдүүдийг багтаа авахыг эрмэлздэг. Би ийм шүүлтээр л явж байна даа. Нэг тогооч ажлаас гарлаа гэхэд цаана нь ажиллах хүн ховор байдаг. Учир нь манай салбарын мэргэжлийг олон нийт түр зуурын ажил мэтээр ойлгодог. Харин оффист суудаг ажлыг насан туршийн ажил мэтээр хардаг нь харамсалтай. Гэтэл үүнээс илүү их боломжтой, илүү орлого олж болох, гэхдээ бага зэрэг биеэ дайчлах, өдөр бүр сурч боловсрох ажлыг олон нийт мэргэжил гэж ойлгохгүй байна. 

Асуудал дундуур туучин явсаар хэдийнэ 200 гаруй хүнтэй баг бүрдүүлж чадсан та олон төрлийн хүмүүстэй уулзаж, хамтран ажилласан. Тэгвэл яг одоо хамт ажиллаж байгаа хүмүүсийн онцлог ямар байна вэ? 

Хүн нас ахих тусам доод үеийнхнээ муулдаг уламжлалыг би ч бас дагах гээд байна. Одоогийн хүүхдүүд бол утасны, техник технологийн уугуул иргэд. Тэдний хурууны булчин маш сайн хөгжсөн. Нүдээ аньж байгаад ч хийж чадна. Энэ бол маш өөр нийгэм. Ийм хүмүүстэй ажил хийнэ гэдэг хүндрэлтэй. Учир нь тэдний толгойд үргэлж утас нь байгаад байдаг. Хоол хийж байгаа үед утас хэрэглэхийг зөвшөөрөхгүй. Гар утас чинь маш бохир шүү дээ. Үүнээс гадна хүний эрүүл мэндтэй холбоотой зүйл хийж байж утсаа оролдож анхаарлаа сарниулж болохгүй. Утасны үеийн уугуул иргэд ажилд бэлтгэгдээгүйгээс гадна эрүүл мэндээрээ муу. Ачаалал муу даадаг, үг муу даана, хариуцлага сул, энгийн аргаар боломжийн амьдрахыг илүүд үздэг.

Та тэдэнтэй ямар арга барилаар ажиллаж байна вэ? Ажиллахаас өөр аргагүй шүү дээ.

Үнэнээ хэлэхэд халж солиод л байж байна даа. Тэд ажилд тогтохгүй байна. Би арга ядаад гадаад хүмүүс ажиллуулж байна. Энэ ч бас зөв шийдэл биш. Тэднийг улс эх орондоо ажиллуулна гэдэг маш их зардалтай. Тухайлбал манай Mexikhan ресторанд надтай нас чацуу үйлчилгээний буюу зөөгч хүн ажилладаг. Тэр бүх насаараа зөөгч хийж байна. Учир нь тэр зөөгч мэргэжилдээ үнэхээр дуртай. Үүгээрээ энэ хүн орлого сайн олдог. Манай Монголын нэг сайдын цалинтай ойролцоо мөнгө олдог шүү. Гэтэл монголчууд ингэж ойлгохгүй байна. Гарсан хоолыг нь зөөгөөд л болоо юм шигээр төсөөлдөг. Чи хэрвээ жаахан л толгойгоо ажиллуулаад, зочинд сайн үйлчлэх юм бол цайны мөнгө илүү авна, цаашлаад хүнтэй зөв харилцаж сурна, асуудлыг шийдэх аргад суралцана, ухаантай, сэргэлэн болно, эцэст нь мэргэжилдээ эзэн нь болно. Гэтэл үүнийг хүмүүс ойлгодоггүй. Сайн зөөгч хийж сурах нь орчин үеийн залуу хүн болгоны хийх зүйл. Зөөгч хийж үзээгүй том бизнесмэн бараг байхгүй. Зөөгчийн ажил хүнд маш их юм заадаг. Өдөр бүр олон танихгүй хүнтэй харьцана. Сайн байна уу гэж угтаад, баяртай гэж үднэ. Үүнийг тэр бүр хүн хийж чаддаггүй шүү дээ. Түүнчлэн тухайн хүний гомдол, асуудлыг шийднэ. Хүний төлөө явж сурна гэдэг чухал. Үүнийг хүмүүс хэр барагтай хийж чаддаггүй. Ганцхан зөөгч л хийж чаддаг юм. 

Рестораны салбар дахь бас нэгэн толгойны өвчин бол үйлчлүүлэгчдийг өөртөө татах явдал билээ. Я.Энхээ энэ тал дээр хэрхэн ажилладаг талаарх ярилцлагыг хүргэе.  

 

Нялх хүүхэд шиг өдөр бүр анхаарал шаардах рестораны бизнесийг 22 настай идэр залуу болтол нь өсгөн хүмүүжүүлсэн Я.Энхээ хэзээ ч бизнесийн нарийн төлөвлөгөө гаргаж байгаагүй. Түүний хөгжилтэй, нээлттэй, шударга зан л уг эмзэгхэн салбарт амжилт олоход нь тусалжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн хүнээр л хийгддэг рестораны бизнесийг тэрбээр амжилттай явуулахын тулд “хүн хэлээрээ, мал хөлөөрөө” зарчмыг баримталж хүн бүртэй нээлттэй харилцаж, гол нь шулуун шударга ханддаг аж. Уг хандлага нь түүний бизнесийн хийгээд амьдралынх нь зарчим юм. Мөн тэрбээр олон улсаар их аялдаг бөгөөд энэ хугацаандаа бусдаас ялгарах хоолны амтыг хэрхэн бүтээхэд суралцжээ. Үүгээрээ Я.Энхээ энгийн хоолыг амжилттай бизнес болгож чадсан юм.

“Silk Road Magic” ХХК-ийн захирал Я.Энхээ “Надад хоол хүнснээс өөр хийж чадах бизнесийн салбар байхгүй” гэв. Хийж чадахгүйгээс гадна түүний тууштай зүтгэсэн хөдөлмөр өнөөдрийн үр шимийг бий болгожээ. Үүгээрээ тэрээр дараагийн хүнсний бизнес болох Cheese Republic Mongolia-гаа үүсгэн байгуулан, ийнхүү ажиллаж эхэлсэн юм. 

 

Гэрэл зургийг: Э.Энх-Амгалан

 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

Подкаст: Үр дүнтэй ажил Бүтээмжээс эхэлнэ

Өмнөх нийтлэл

Өдөр бүр амттан идэх хүслийн шалтгаан

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.