Life styleТоп нийтлэл

Аниргүйн тансаглал

0

Агуу А.Эйнштэйн, АНУ-ын ерөнхийлөгч агсан Франклин Рузвельт, Жимми Картер, Английн хатан хааны нөхөр хунтайж Филипп, Битлзийн Пол Маккартни, жүжигчин Камэрон Диас гээд дэлхийн алдартай баячуудын хобби шувуу байдгийг та мэдэх үү. Энэ төрлийн хобби Монголд ч томоохон компанийн захирлууд, удирдах албан тушаалтнуудын дунд дэлгэрчээ. Шувуу ажиглана гэдэг шувууг зүйл төрлөөр нь ялган танин мэдэж, зургийн хальснаа буулгах, цаашлаад гоо үзэсгэлэн, амьдралын төлөөх тэмцэл, эрх чөлөөний мэдрэмжийг авахыг хэлдэг байна. Ийнхүү энгийн аяллаас илүүтэй сонирхолдоо тулгуурлаж шувуу ажиглах нь эрүүл мэндээс гадна өөр олон ач тустай. Энэ талаар шувууны гэрэл зурагчин Л.Жаргалсайхан хэлэхдээ, “Хэнээс зөвлөгөө авах, хэнтэй хамтрах, хэрхэн, хаагуур явбал хүссэн шувуугаа харж болох, зургийг нь яаж буулгах гээд төлөвлөлт хийж сурдаг. Багаар ажиллах чадварыг хөгжүүлж, цагийн менежмент болон ажлын гүйцэтгэлийг сайжруулдаг” гэж ярилаа. Учир нь амралтын өдрүүдэд шувуу ажиглалтаар явахад араасаа татлаа түтлээгүй, олдсон цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд ажлын таван өдрөө ажлаа бүрэн гүйцэт, чанартай хийж, амжуулж сурдаг байна.

Тэрбээр “Хамгийн чухал нь би өөрөө аз жаргалтай болсон. Ажлын ачааллаас үүдсэн стресс алга болж, нойргүйдэл арилсан. Улмаар хүний хандлага өөрчлөгддөг. Энэ нь эргэн тойрны хүмүүст ч амар болсон” гэж байлаа. Л.Жаргалсайханы тухайд 15 жил Гадаад Хэргийн Яаманд ажиллаж байсан, Бороогийн уурхайгаас тэтгэвэрт гарсан ахмад шувуу сонирхогчдын нэг. Уурхайд түүний хариуцдаг чиглэлд байгаль орчин, аюулгүй ажиллагаа, дотоодын хяналт шалгалт гэсэн хэлтсүүд багтдаг байсан тул байгаль орчны асуудлыг сонирхох, нөхөн сэргээлтийн үр дүнг үзэх замаар шувуу ажиглах болжээ. Энэ цагаас хойш тэр арав орчим жил энэ сонирхолдоо хөтлөгдөж яваа. Шувууд нь дур зоргоороо, хөдөлгөөнтэй амьтан учир эхэндээ тэдний зургийг дарах боломжгүй мэт санагдаж байжээ. Харин өнөөдөр тэр зөвхөн шувуугаар дагнасан томоохон үзэсгэлэн, хоёр ном гаргажээ. Хэдэн өдрийн өмнө сэтгүүлч миний бие Сонгинын булан, Хун нуур орчмын шувууг ажиглаж байгаа хүмүүстэй хамт явсан юм. Бид эртлэн босч, шувууны анхаарал татахгүй байх үүднээс орчинтойгоо ууссан өнгийн хувцас өмсч, очих газраа дөхмөгц унаа тэргээ хол орхиод чимээгүй алхацгаав. Учир нь нар мандахаас өмнө шувуу ажиглах байраа эзлэх ёстой.

Нар мандсаны дараа эсвэл жаргахын өмнө ганцхан цаг л шувууны зураг авахад нэн тохиромжтой ажээ. Энэ бол алтан цаг. Тэд бүхэл өдрийн турш ажиглалт хийн, дэвтэр, дурантайгаа ноцолдоно. Энд миний урд өмнө нь харж байгаагүй үзэсгэлэнтэй шувуудаас царай муутай нь хүртэл харагдана. Гэхдээ үүнээс илүүтэй тэдний үйл хөдлөл сонирхол татах аж. Шувуу сонирхогчид өөр хоорондоо “Хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулбал нэлээд хэдэн зүйл нэмэгдэж иржээ. Энэ удаа 33 зүйлийн шувуу харлаа” гээд л нарийн мэдээлэл солилцоно. Бүр Гангар хун дөрөв, Хондон ангир 18, Номин хөхбух хоёр гээд л сонсож байгаагүй шувуудын нэр усыг тоотой нь хамт хэлнэ. Шувуу ажиглалтыг ахлан явсан хүн бол МУБИСийн Биологийн тэнхимийн лаборант, шувуу сонирхогч, “Визгүй аялагчид” шувуу ажиглалтын клубын үүсгэн байгуулагчдын нэг Б.Соддэлгэрэх байв. Түүний хэлснээр илүү олон зүйлийн шувуу харахыг хүсвэл Хар ус нуур, Ганга нуур, Өгийн нууранд очих хэрэгтэй аж. Миний хувьд энэ өдөр шувуу ажигласнаар энэ нь хотын стресс, бухимдлаас холдож, амаргүй нөхцөлд ажилладаг хүнд чөлөөт цагаа өнгөрөөхөд нэн тохиромжтой санагдав. Эндээс л тайвширлыг олж болно. 

Монгол улс шувууны зүйлээр харьцангуй баялаг. Манай оронд шувууны нэн ховор зүйл нь Орцгор хотон, Цагаан тогоруу, Цэн тогоруу юм. 500 орчим зүйлийн шувуу бүртгэгдсэний 100-гаад нь тохиолдлын буюу манай оронд суурин байдаггүй ч салхи шуурганд туугдан орж ирснээр шувуу судлаач, сонирхогчдын бүртгэлд орсон байна. Шувуу судлал Европ, Герман, Нидерланд улсад өндөр хөгжсөн. Зөвхөн шувууны нэг зүйлийг харах гэж олон мянган ам.доллар зарцуулдаг жуулчид ч бий. Манай улсад шувууны чиглэлийн аялал 1960 оноос эхлэлтэй ч сүүлийн жилүүдэд дорвитой сурталчилсан ажил хийгдээгүй. Тухайн зүйлийн шувууг ч энд байгаа гэж хөтөчлөн харуулах хүн ховор. Шувуу судлаач, сонирхогчид зуны хугацаанд судалгаа хийдэг учраас жуулчид авч явах нь цөөн. Германы Жон Бүүдэмбэрг хэмээх эр ийм журмаар Монголд тогтмол ирдэг. Тэрбээр зөвхөн дууг нь сонсоод 300 гаруй шувууг ялгаж чаддаг. Шалтгаан нь Германд мод ихтэй учир харахад хэцүү байдгаас дууг нь сонсож ялгах чадвар нь хөгжсөн гэнэ.

Байгалийн хуулиар амьтны хамгийн хүчтэй тал нь үр удмаа үлдээх, ижлээ олох, үр төлөө хамгаалах инстинкт юм. Энэ бол үнэхээр гайхалтай. Аюул ойртоход зарим шувуу дэгдээхэйгээ дундаа хийгээд аав, ээж нь хоёр захад нь хамгаална, айлгаж үзнэ, өрөвдүүлэх гэж шархадсан дүр эсгэнэ. Дагуулж явах гэж өөр тийшээ зугтана гэх мэт 15 орчим үйлдэл хийнэ. Халтар шонгуур дэгдээхэйгээ усанд дааруулахгүй гэж нуруун дээрээ авч явдаг. Дэгдээхэй нь том болсон ч ээж, аавынхаа дээр дэндийчихээд эрхлээд суучихсан харагдана. Зуны улиралд зарим шувууд эрэгчин нь эмэгчнээ татах гэж өнгөлөг сайхан өнгөөр гоёх гэхчлэн анхаарал татах арга саам ихтэй. Гадныхан ирж шувууны маш сайн зураг аваад нутагтаа очоод шилдэг зургаар шалгардаг тохиолдол олонтаа. Монголын шувуу ажиглагчдын зургийг ч гадны улсууд авъя гэсэн санал их ирдэг тухай Жаргалсайхан хэлж байлаа. Тэрбээр өөрөө гурван жилийн өмнө Фламинго шувуу Монголд орж ирэх сургаар л зургийг нь буулгах гэж Дорноговьд явж байснаа шуудхан л Архангайн Өгийнуур сум руу замд гарч байсан удаатай.

Замын турш яваад өгөх вий гэж ихэд санаа зовсон тухайгаа хуучиллаа. Хобби гэдэг үнэхээр хүчтэй ажээ. Эцэст нь олж харж, зургийн хальснаа үлдээж чадсан. Жаргалсайхан “Тухайн үед ойгүй их баярласан. Одоо зургаа харах бүрдээ жаргалтай болдог” гэв. Фламинго Монголд сүүлийн 67 жилд гурав дахь удаагаа л харагдаж байгаа нь энэ учраас арга ч үгүй юм. Мөн Цагаан шар шувуу Хэнтийн нуруунд байгаа тухай сонсоод амралтын өдөр бүр таван удаа явсны эцэст олж харав. Зөвхөн шувууныхаа зургийг авахын тулд Алтай таван Богд дээр ч гарч байв. Хүн мэдэхгүй зүйлээ анзаардаггүй, хайхардаггүй, хайрладаггүй. Шувуудын тухай мэддэг хүн тэднийг илүү их хайрлах сэтгэл төрнө. Тиймдээ ч энэ төрлийн сонирхол эцэстээ хамгаалал болж хувирдаг гэдгийг ажиглалтынхаа явцад зах зухаас нь мэдэрч байлаа. Шувуу сонирхогчид ингэж ан амьтанг хайрлан хамгаалж, анир чимээгүйд байгаль дэлхийн шүтэлцээ холбоог биширч, жинхэнэ “кайф”ыг олж авдаг байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
С. Баярмаа

Бизнест түгээмэл хэрэглэгддэг нэр томьёонуудын жинхэнэ утга

Өмнөх нийтлэл

Удирдагчдын нойрны зуршил: Тэд хэдэн цаг унтдаг вэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.