Entrepreneur

Итгэл дээр тулгуурлаж бизнес явдаг

0

Хас банкийг, Ард санхүүгийн нэгдлийг нэг өглөө сэрэхэд нь л байгуулчихсан юм шиг харагддаг байж магад. Гэхдээ тийм биш юм аа. Маш их тэсвэр тэвчээр, ур ухаан, мэдлэг боловсрол, хичээл зүтгэл, хөдөлмөрийн хүчээр энэ банк, компаниуд боссон. 

Бизнес хийхэд хамгийн түрүүнд тухайн бүтээгдэхүүн үйлчилгээндээ зах зээл байгаа гэдэгт итгэлтэй байх ёстой. Бүх бизнест нэг талд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ, нөгөө талд мөнгөө төлөх хэрэглэгчид байх ёстой. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний өртөг нь худалдан авах хэрэглэгчийн бодсон өртгөөс бага байх ёстой. Тэгж байж бизнес тогтвортой явна. Ашигтай бизнес хийх боломжтой болно. Бизнес хийхэд энэ хоёр зүйлийг эхлээд сайтар бодох нь чухал.

Нөгөөтэйгүүр би хоёр сая төгрөгийн цалин аваад суух уу, эсвэл түүнээс илүү ашигтай бизнес хийх үү гэсэн эрсдэлтэй алхам хийх сэтгэл байх ёстой. Цалинтай ажил хийснээс илүү ашиг хийх боломж харагдах ёстой. Бүх зардлаа хассаны дараа ашигтай байх зарчим. Олонхи бизнес эрхлэгч эдгээрийг тооцохгүйгээр бизнес рүү орчихдог. Бизнес хийх чадвар, мэдлэг боловсрол, мөнгө төгрөг, нөөц боломж, зах зээл байна гэж бодъё. Тэгвэл бизнес эрхлэгчдийн нэг сул тал бий. Тэр нь энгийн сахилга бат. Өглөө ажилдаа ирэхээс авахуулаад, хурал цуглаанаа тогтмол хийх, хэлснээ өөрөө дагаж мөрдөх хэрэгтэй. Дараа нь санхүүгийн сахилга бат. Компанийн мөнгө, бизнес хийж буй хүний мөнгө хоёр нэг саванд байдаг. Компанийнхаа мөнгөөр эхнэртээ бэлэг авчихна. Компанийн мөнгө дутна. Тэгэхээр нь өндөр хүүтэй зээл авна. Зээлээ төлөх гэсээр дампуурахад хүрдэг.

Зөв хор шар байх ёстой. Яаж ч хана мөргөсөн, хил гааль, татвар, шалгалт шүүлэг, мэргэжлийн хяналт, эсвэл ажилд орсон хүмүүс нь ажлаа хийж чадахгүй байх гэх мэт хүнд бэрхшээл тулгарсан ч давж гарахын төлөө зүтгэх хэрэгтэй. Бизнес эрхлэгчид энэ бүхэнд бууж өгөх хүсэл төрдөг. Ийм үед бууж өгдөггүй, шантардаггүй, би энэ ажлаа дуустал, амжилтад хүртэл аваад явна гэсэн зөв хор шартай байх их чухал.

Бусдын хийж буй бизнесийг дууриагаад бизнес хийж болно. Гэхдээ гайхамшигтай их ашиг олохгүй. Харин зах зээлд огт байхгүй бизнесийг гаргаж ирээд 10 хүртэл биш юмаа гэхэд 1 хүртэл явуулахад л хангалттай ашиг хийнэ. 1-10 хүртэл сайжруулаад явдаг бизнесүүд байдаг. Ашиг нь бол бага.

Бусдын хийж буй бизнесийг дууриагаад бизнес хийж болно. Гэхдээ гайхамшигтай их ашиг олохгүй. Харин зах зээлд огт байхгүй бизнесийг гаргаж ирээд 10 хүртэл биш юмаа гэхэд 1 хүртэл явуулахад л хангалттай ашиг хийнэ. 1-10 хүртэл сайжруулаад явдаг бизнесүүд байдаг. Ашиг нь бол бага.
Би ийм юм хийгээд байна шүү гэж зах зээлд өөрийгөө таниулах аргаа зөв олох хэрэгтэй. Өрсөлдөөн аль ч салбарт бий. Би ганцаараа зээл олгоод байна гээд сууж болохгүй. Хэрэглэгчид манай руу л явах үндсийг тавих ёстой. Яагаад банк руу биш, манай руу явах ёстойгоо зөв тодорхойлох. Хүмүүсийн итгэлийг олох хамгаас үнэтэй. Итгэл дээр тулгуурлаж бизнес явдаг. Итгэл төрүүлэх хэмжээний маркетинг хий.Тэгээд ороод ирсэн хэрэглэгчдэд итгэлийг даахуйц чанартай үйлчилгээ үзүүл.
Гарааны жижиг бизнес дээр Петр Теллерийн “Нэгээс тэг рүү” номонд “Бусдын хийж буй бизнесийг дууриагаад бизнес хийж болно. Гэхдээ гайхамшигтай их ашиг олохгүй. Харин зах зээлд огт байхгүй бизнесийг гаргаж ирээд 10 хүртэл биш юмаа гэхэд 1 хүртэл явуулахад л хангалттай ашиг хийнэ. 1-10 хүртэл сайжруулаад явдаг бизнесүүд байдаг. Ашиг нь бол бага. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнгүй, огт бодоогүй бизнесийг гэнэт гаргаад ирвэл их хэмжээний ашиг хийнэ гэсэн санааг хэлсэн байдаг.

20 компани, 150 ажилтантай, дөрвөн нээлттэй компанийг нэгтгэсэн гэдэг утгаар “Ард санхүүгийн нэгдэл” нь хамгийн олон нээлттэй компанитай хамт олон

Миний хувьд өглөө 5,6 цагт босоод гэрээсээ гараад явчихдаг. Ажил дээрээ ирээд сууна. Хүмүүстэй болзсон бол цагаасаа хоцрох дургүй. Лекц уншихыг урих, цуглаан хийх, ярилцлага хийх саналд ямар ч завгүй байсан, ажлаа зохицуулаад очихыг хүсдэг. Хүмүүс хамтдаа шинээр ийм зүйл хийчих үү гэвэл санаа нь таалагдвал үгүй гэж хэлж чадахгүй шууд л ороод эхлүүлээд явчихдаг сул талтай.
Өнөөдрийн бизнесийн хувьд өмнөх Тэнгэр санхүүгийн нэгдэл, Хас банк дээр гаргасан амжилтуудаа бататгаад богино хугацаанд хэрэгжүүлээд алдаануудаа засаж залруулаад явж байна. Илүү том, илүү гоё, илүү өргөн хүрээтэй, илүү өөрийн, илүү Монголын, илүү ард иргэдийнхээ төлөө зорилготой бизнес хийж явна. Ард иргэддээ бэлэг барина. Монголчууд өөрсдөө хөрөнгөтнүүд болох ёстой. Үйлчлүүлж буй банк санхүүгийн байгууллагуудын эзэд нь өөрсдөө монголчууд байх ёстой. Энэ боломжийг өнөөдөр би олгож байна. Бусад аль ч банк санхүүгийн байгууллага дээр очсон хүний үнэртэй байгаа. Ялгаа нь “Ард санхүүгийн нэгдэл “ ашгаа ард иргэдтэйгээ хуваалцдаг. Ард түмэн бидний хаан. Компани нь хаан биш. Хаан гэдэг нь манай хувьцаа эзэмшигчид  юм.
Хүмүүс “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үйл ажиллагааг 2012, 2013 оноос эхэлсэн гэж хардаг. Үнэндээ бол манай компани 2005 онд бүртгүүлсэн байдаг.

Хас банкны 700 ажилтан маань банкныхаа эзэд байх ёстой гээд хувьцаа авч эхэлж байсан. 2000 онд анх тэтгэврийн сантай болъё гэдэг санааг ажилтнуудынхаа хамт гаргаад явж байлаа. Мөрөөдөл бол нэлээд урт хугацааны туршид явна. Миний мөрөөдөл Хас банк, Тэнгэр санхүүгийн нэгдэлд ажиллаж байхад бүтээгүй. Гэхдээ энэ компаниуд хийдэг ажлаа хийсэн. Ажил сайн явж байгаа. Хамгийн гол нь өмчлөлийн бүтэц дээр хангалттай сайн ажиллаж чадаагүй. Харин 2000 оноос хойш зүрх сэтгэл дотор байсан мөрөөдөл минь одоо биелээд явж байна.
Манай “Ард даатгал”, “Монгол шуудан” компани 6000 гаруй хувьцаа эзэмшигчтэй. “Ард кредит” ББСБ маань зах зээлд удахгүй IPO гаргана. “Ард санхүүгийн нэгдэл” 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Бид саяхан нээлттэй өдөрлөг хийсэн. Хувьцаа эзэмшигчдэдээ нээлттэй байж, үр дүнгээ, ажлаа танилцуулж байх ёстой.
Сүүлийн үед Монголын Хөрөнгийн бирж амь орж сэргэлээ. Ард иргэд маань сонирхдог болж байна. Хас банкны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал байсан хүний хувьд, “Ард Санхүүгийн нэгдэл”-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа хүний хувьд, Сангийн дэд сайд байхдаа Монголын Хөрөнгийн бирж Английн Хөрөнгийн биржтэй хамтран шинэ систем нэвтрүүлэхэд оролцож явсан хүний хувьд Хөрөнгийн биржийн сэргэлтэд хувь нэмрээ оруулаад явж байгаадаа баяртай байгаа.

Одоо бол Хөрөнгийн биржийн хөгжлийн төлөө, Ард санхүүгийн нэгдэл, 1072 хувьцаа зэрэг хөдөлгөөний эхэнд манлайлаад явж байна. Тугчин нь биш юмаа гэхэд манлайлж буй эхний хэдэн хүний тоонд орно. Миний ажил амьдрал их сонин. Би ихэнхдээ мөс хагалагчийн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Нийгмийн, эдийн засгийн, бизнесийн ямар ч ажилд шууд оролцоод л, эхлүүлээд л явсан байдаг.
Хүн гаднаасаа яаж харагдах нь тэр хүнийг дүгнэх эцсийн дүгнэлт биш юм. Би гадна талаасаа хүмүүст туйлбаргүй, савласан, хөнгөн хийсвэр хүн мэт харагддаг байх. Би буурьтай суурьтай, дүмбийсэн харагдахыг хичээдэггүй. Монгол уламжлал, монгол эр хүний сонгодог шинжүүдийг агуулсан мэт харагдахыг хүсдэггүй. Би морь уралдуулдаггүй. Би өөрөө уралддаг. Ярилцлага авъя гэвэл ярилцлага өгдөг. Гэхдээ хүнд таалагдах гэж биш өөрийн бодсоноо ярьдаг. Сонгогдох гэж, бас бусдад таалагдах гэж худлаа ярьж чаддаггүй. Энэ бүхэн энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү, саад болдог. Гэхдээ ажил үйлсээр нь, гарч буй үр дүнгээр нь хүмүүс үнэлдэг болсон байна. Би хийнэ гэвэл хийдэг. Хүмүүст итгэл төрүүлж байгаадаа баярладаг. Итгэл гэдгийг би фээсбүүк дээр энэ данс руу мөнгө хийчихээрэй, би сайн сайхан зүйлд оруулна гээд бичингүүт шөнөдөө, маргааш өглөө гэхэд хэдэн тэрбум төгрөг дансанд ороод ирсэн байдаг.

Ганхуяг гэдэг хүнд хүлээлгэх асар их итгэл үнэмшил хүмүүст байдаг юм байна. Олон түмний энэ их итгэл хайр, хүндлэл байна. Энэ бол бизнес хийхэд маш том дэмжлэг. Би худлаа ярихгүй, хулгай хийхгүй гэсэн зарчимтай. Энэ бол бизнес эрхлэгч хүний том ёс зүй. Хүн сэтгэл дотроо том чиглүүлэгчтэй байдаг. Энэ нь зөв, буруу, худал, үнэнийг ялгаж салгах, сонголт хийхэд тустай. Дотоод сэтгэлийн чиглүүлэгчээ дагаад явааад байхад алдахгүй. Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин гэдэг. Өдөр бүр ийм юм хиймээр байна гээд яваад байхгүй. Дотроо бодсон итгэл үнэмшилдээ баттай зогсож сонголтоо хийгээд явахаар анх хүсэж байсан газраа очсон байдаг.

2013 онд Ард компанийг байгуулаад “Ард даатгал” руу хөрөнгө оруулалт хийсэн, дараа нь “Ард кредит” рүү хөрөнгө хийгээд нэрээ сольж, “Ард санхүүгийн нэгдэл” болсон. Мөн Хөрөнгө оруулагч үндэстэн болъё гэж анх дуугарсан. Хүчтэй хамтдаа уриа. Санаа зөв бол заяа зөв. Бид эх орондоо хайртай. Тухайн үедээ орчноо мэдэрсэн, уур амьсгалыг өөрчилж, хүмүүсийг сайн сайханд уриалан дуудсан байдаг. Үүгээр би бизнес эрхлэгч мэдрэмжтэй байх ёстойг хэлэхийг хүслээ.
Захирлууд хүмүүсийг удирдах чадвартай байх ёстой. Хүмүүсийг дагуулж чадахгүй бол чи юу ч хийж чадахгүй. Над дээр ирээд надад загнуулаад, босож суугаад явах нь амаргүй ажил. Залуус надаас илүүг хүсэж байна. Тэр манлайллыг өгөх ёстой.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг

Өөрийн зүрх сэтгэлийг бэлтгэх хэрэгтэй. Маш удаан хугацаанд аялал явна. Яг хаа хүрэх гэж байгаа юм, одоо хаана яваа юм гэх мэдрэмж дүгнэлт дотоод сэтгэлд байх ёстой. Хөндлөнгөөс зөв буруу явж байгааг дүгнэх өрөөсгөл.
Миний хувьд санхүүгийн салбарын бизнест гайгүй юм шиг байгаа юм. Байгуулсан компаниуд нь дампуурахгүй, ажил нь улам өөдрөг явдаг, мөн үйл ажиллагаа нь унасан компаниудыг аваад босгож ирдэг. Харин би алтны компанийн бизнес эрхэлбэл дампуурах байх. Нүүрс ух гэвэл би дампуурч магад. Хүн хирэндээ байх ёстой. Өөрийнхөө юуг хамгийн сайн хийж чадахаа мэддэг байх ёстой. Хүн өөрийн дуртай, онгод нь ордог ажлаа олоод хийчихвэл зөв юм болов уу.

Би цаас, тоонд, мөнгийг мөнгө болгох дуртай. Би сайн бизнесийг олж харж чадна. Эх орондоо гайхалтайгаар нутагшуулчих санаа байвал зүтгэчихдэг. Өмнө нь хүмүүс хийгээд хичнээн дампуурсан байсан ч хамаагүй. Очоод амжилттай байлгахын төлөө явна. Би одоо онлайн худалдаа руу орж байгаа. Өмнө нь явахгүй, дампуурсан бизнес л дээ. Би ашигтай ажиллуулах болно. Бидэнд санхүүгийн төлбөрийн хэрэгсэл нь, олон нийт дунд бизнес хийж чадна гэсэн итгэл үнэмшил нь, баг хамт олон нь, мөнгө хөрөнгө нь, “Монгол шуудан”-гийн дэд бүтэц нь байна. Мөн амжилтад хүрэх хүсэл зориг, эрмэлзэл төдийгүй, ам нь цангасан, хийж бүтээхийг хүссэн менежерүүд байна. Бид сая болсон өдөрлөг дээрээ Ард шоп /Ard shop/ шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан. Өмнө нь хэний ч хийгээгүй, шинэ бүтээгдэхүүн, бизнес юм. Амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Алибаба, Ви Чат Хятадад байна. Амазон байна. Монголд Ард шоп байх болно.

Би Хас банкнаас гадаадын хүмүүсийн төлөө, том байгууллагуудын төлөө ажиллахгүй, үлдсэн амьдралаа олон түмнийхээ төлөө зориулна гээд гарсан. Дараа нь улс орноо хөгжүүлж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна гээд улс төр рүү яваад орсон. Харин энэ салбарт ороод өөрийн хир хэмжээг мэдэрсэн. Улс төрөөс ямар сургамж авав гэхээр хувийн хэвшлээс өөр тоглоом байдаг юм байна. Монголд улс төр бохирдчихсон, хувийн эрх ашиг сонирхлоо хамгаалах гэсэн хүмүүс давамгай болсон, жинхэнээсээ ажил хийх хүмүүс цөөн байдаг юм билээ. Нөгөө талдаа улс төрд орохгүй бол бас балрах юм байна гэж бодсон. Хувийн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй хүмүүс орж эх орныг сүйрүүлж байгааг бид харж байна. Амьдралаас илүү том том сургамжууд авсан.

Тэгээд би өнөөдөр өөрийн хамгийн сайн хийдэг юмаа хийе, гэхдээ жирийн ард иргэдийнхээ төлөө хийе гэж шийдсэн. Манай нийгэм нь өөрөө бужигнаантай, хөл толгой нь байраа сольсон байдалтай. Би өөрийгөө ард түмний хүү, тэдний нэг хэсэг гэж үздэг учраас хувиараа гадаадад сургуульд сурч ирсэн. Ээжийгээ зовоож, мөнгө нэхээд гадаадад наранд биеэ шараад хэвтэе гэж бодоогүй. Их сургуулиа дүүргээд 1997 онд эх орондоо ирээд Монголбанкинд ажилд орсон. Хэзээ ч зүгээр суугаагүй. Монголын анхны хадгаламж зээлийн хоршоо, ББСБ-ыг байгуулсан. Нэр төртэй болгосон. Хамгийн анхны том хөрөнгө оруулалтыг эх орондоо авчирсан.

Эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ. Гоё дээл, булган малгай өмсөөд гараа алдаж зогсож зургаа авахуулсан хүн үү. Эсвэл том хөөрөг гаргаж, том ширээний ард намбайгаад суух эр хүнийг хэлэх үү. Тэгвэл хөдөлмөрлөж, ашиг хийж, олон хүнийг ажиллуулж, амьдралыг нь залгуулж, олон хүнд урам зориг өгч, сургаад, олон тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, тэр нь олон ахмадын тэтгэвэр болдог, татвар төлнө, тэр нь төсөв болж зам дэд бүтэц барьдаг ийм нөхцлийг бүрдүүлдэг бизнесмэнүүд нь эх оронч бус болдог нийгэмд амьдарч байна. Юу ч хийж чадахгүй нөхдүүд надаас илүү эх оронч болно гэвэл горьдсоны чинь гарз гэж хэлье. Эх оронч хүн үйлдлээрээ өөрийгөө харуулдаг. Бизнесүүдийн эсрэг ташуур далайж, элдвээр хэлж, гадаад, дотоодын бизнесмэнүүдийг үргээж байгаа хүмүүс бол өөдгүй урвагчид, усан тэнэгүүд гэж хэлнэ, би. Тэднийг нийгмээрээ жигших хэрэгтэй. Би дуугүй сууж чадахгүй. Бид бүгд дуугаа нэгтгээд дуугараад эхэлбэл, эх орны өнгө зүсийг засна, хөгжил авчирна.

“Монгол шуудан”-гийн сүлжээг ашиглаж банкны үйлчилгээг явуулна гэж ХАС банкин дээр байхдаа стратегийн түншлэлийн гэрээ байгуулж байсан. Хувьчлалын асуудал яригдаад л яваад байсан. Эцэст нь 2015 оны сүүлээр хувьчлах тухай шийдвэр гараад 2016 онд хувьчлал болоход “Ард санхүүгийн нэгдэл” “Монгол шуудан”-гийн 17, дараа нь 31 хувийг авсан. Энэ бодол ажил маань 10 гаран жилийн дараа бүтсэн. Тэсвэр, тэвчээрийн тухай би ярьсан. Бодонгуут маргааш нь бүтдэг зүйл байхгүй. Асар их тэвчээр шаарддаг. “Монгол Шуудан”-гийн хувьчлалд оролцсон зорилго нь тус компанийн 400 салбараар дамжуулан өндөр хүүтэй, харь эзэнтэй, том эзэнтэй банкны ноёрхлыг халах. Хүүг бууруулж өрсөлдөөнтэй болгоё, ард иргэдэд үйлчилгээг ойртуулах санаа. Бид “Монгол шуудан”-гийн үйлчилгээг чин сэтгэлээсээ сайжруулж, шинэчлэл хийхийг хүссэн. Одоо төрийн цахим үйлчилгээг суманд хүргэхээр ажиллаж байна. Бүх сумын шуудангийн салбарыг шинэчилнэ.

Ард шопоороо дамжуулан хөдөөнөөс иргэд бараа захиалан авахад бид гэрт нь хүргэж өгнө. Ингэснээр хөдөө орон нутагт амьдралын өртөг буурна. Хөдөө, орон нутгаас сар, улиралдаа ирж, Нарантуул захаас бараа татдаг байдал зогсоно. Хөдөөд үйлчилгээ хүртээмжтэй болно. Монгол банк, СЗХ дэмжин ажиллаж байгаа. Хөдөөд хөгжлийг санхүүгийн үйлчилгээтэй нь хүргэнэ. Мэдээж төр засагтай хамтрахад бидний хүссэнээр хурдан биш байна. “Монгол шуудан”-гийн 66 хувийг төр эзэмшдэг. Гэхдээ хэл амаа ололцоод зөвшилцөөд явж байна. Зөв засаглалтай компани байлгахын төлөө бид хамтраад зүтгэж байгаа.

 

 

Би аз жаргалтай, эрч хүчтэй залуусаар өөрийгөө хүрээлүүлсэн азтай бизнесмэн. Залуусаасаа эерэг энерги авч, тэдэнтэйгээ уралдаад явахаар надад сул зогсох боломж үгүй юм.

Манай компани “Бүхнийг нэг дороос” уриатай. Шангриллад ороод л хүн даатгал авч болно, лизинг авч болно, тэтгэврийн дансаа нээлгэчихнэ, шуудангийн карт, биткойн авч болно. Одоо Ард шоп нээгдчихлээ. Монголд зарагдаж буй бүх барааг Ард шопоос авч болно. Олон удаа нэр, регистрээ хийх, картын дугаараа оруулах шаардлагагүй. Нэг л хийгээд болно. Танай гэрийн хонхыг бид удахгүй дарах болно. Үйчилгээг гэрт хүргэнэ.
Манай “Ард кредит” ББСБ МХБ дээр энэ ондоо багтаж IPO хийж, олон нийтээс 5-6 тэрбум төгрөг босгоно. Ингэснээр жинхэнэ утгаар хүүгүй зээлийг хувьцаа эзэмшигчдэдээ олгоно. Бид “Ард дижитал банк”-ийг байгуулна. “Монгол шуудан”-гийн хамтын ажиллагааны хүрээнд салбартаа байхгүй дижитал банкийг байгуулна.

Би өөртөө залхуураад, бодлогошроод, гуниад явах цаг зав өгдөггүй. Болбол болно, болохгүй бол болохгүй байна гээд хаяад өөр зүйл рүү ордог. Хүмүүсийг уриалан дуудчихаад өөрөө шантраад байж болохгүй шүү дээ. Амжилт, уналт хосолж явдаг хорвоо. Илүү чухал, эерэг, амжилттай зүйлд анхаардаг. Аз жаргалтай амьдрахыг хичээдэг. Аз жаргалтай амьдарна гэдэг нь өөрөө амьдралын зарчим шиг болоод ирэхээр ажил байнга ундарна, шинэ санаа байнга гардаг.

Мөн ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхээс амжилт шалтгаална. Би аз жаргалтай, эрч хүчтэй залуусаар өөрийгөө хүрээлүүлсэн азтай бизнесмэн. Залуусаасаа эерэг энерги авч, тэдэнтэйгээ уралдаад явахаар надад сул зогсох боломж үгүй юм. Назгайрах дургүй. Орой бүр орондоо орчихоод би өнөөдөр чадах бүхнээ хийсэн гэж өөртөө хэлээд сэтгэл хангалуун унтах дуртай. Өдрийн хийсэн ажилдаа харамсах, тийм мэдрэмжтэйгээр унтах дургүй.

Би маш завгүй хүн. Бизнесийн ажил өдөр бүр, цаг минутаар ундарч байдаг. Өөрийн эрүүл мэнддээ анхаарах ёстой. Би эрүүл, хүчтэй байж бизнес явна. Өвдөөд хэвтээд байвал бизнес яах вэ.Тиймээс захирлууд эрүүл мэнддээ сайтар анхаарч явах ёстой. Миний хувьд фитнест өглөө бүр явдаг. Зун мотоциклио унана. Дугуй унана. Өвөл цанаар гулгадаг. Жилдээ 1-2 удаа марафонд гүйнэ. Нэг хэсэг гольф тоглодог байсан. Энэ зун анх удаа триатлонд гүйж үзлээ. Швейцарьт болдог цанын марафонд найман жил дараалан оролцож байна. Өөрийгөө сорих дуртай.

Сэтгэлийг хэмжихэд хэцүү. Хийж бүтээх сэтгэлийг хардаг. Тэмцээд орж ирсэн залуус илүү үнэ цэнтэй. Би энд л ажиллах ёстой гээд тэмцээд хүсээд орж ирж байгаа залуусыг дэмжих дуртай.

Орчин үеийн монголчууд, бизнес эрхлэгч, захирлуудад хандаж хэлэхэд цаг үетэйгээ хөл нийлж алхаа. Өв уламжлал, эсгийн туургатан гээд дэлхийн зоо паркийн үзмэр болж амьдрах боломжгүй. Шинэ цагийн монголчууд нээлттэй, зочломтгой, эерэг, дулаан, уян хатан, дэлхийгээр явж аялж үзсэн, дэлхийгээр дүүрэн найз нөхөдтэй, дэлхийн хамгийн сайн сургуулиудад сурсан, туранхай, булчинлаг, шөрмөслөг, өөрийн биеэр бүх зүйлийг туршаад үзсэн хүмүүс байна шүү гэж хэлье.
Би багаа бүрдүүлэхдээ хамгийн эхэлж, сэтгэл харна. Сэтгэлийг хэмжихэд хэцүү. Хийж бүтээх сэтгэлийг хардаг. Тэмцээд орж ирсэн залуус илүү үнэ цэнтэй. Би энд л ажиллах ёстой гээд тэмцээд хүсээд орж ирж байгаа залуусыг дэмжих дуртай.
Би олон алдаа гаргасан. Заримыг нь зассан. Засахаар явж байгаа алдаа ч байна.

Ааваараа бахархдаг. Хүндэлдэг. Аав маань социализмын үеийн хүн, механикч, жолооч хүн байсан. Чигч шулуун байх, шударга байх, юунаас ч айдаггүй байх зарчмыг ааваасаа авсан. Тиймээс урваж шарвах дургүй. Улстөрд ч, бизнес ч тэр. Ярьсан, хэлснээрээ анхнаасаа байх дуртай. Ярьсан, хэлснээрээ байж чадахгүй хүмүүсийг алдаа гэж харна. Баллуурдана. Тэгээд би ялна. Хүүхдүүдээ зөв хүмүүс болоосой гэж боддог. Ямар мэргэжил, хэнтэй суух нь хамаагүй. Зөв л хүмүүс байх ёстой. Эх орны төлөө зүрх нь цохилдог, эх орондоо хэрэгтэй хүмүүс болоосой. Би хүүхдүүдийнхээ гол ноён нурууг гаргаад өгвөл өөрсдөө цааш ямар сонголт хийгээд явах нь тэдний хэрэг. Аз жаргалтай, мэдлэг, боловсролтой, шинэ мэдрэмжийн төлөө өлсгөлөн хүмүүс болоосой. Хэний ч өөдөөс тэгш хараад ааваараа бахархаасай. Бахархдаггүй юм аа гэхэд бүү ичээсэй. Хүүхдүүд нь ааваасаа ичнэ гэдэг бол аав хүний хувьд хамгийн том ял болно. Хүүхдүүдтэйгээ хааяа хамт хоол хийнэ. Аавынхаа хоолыг хүүхдүүд идэх дуртай.

Монголчууд бүгд л бизнесмэн болох гээд зүтгэчих юм даа гэж боддог. Хүчээр бизнес хийх гээд хэрэггүй. Сэтгэлийн дуудлагаар бизнес хийдэг. Бизнес хийх амар биш. Бүх зүйл чиний толгой дээр бууна. Зүгээр л, өөр газар ажиллаад цалингаа аваад явах шиг сайхан зүйл байхгүй гэж боддог хүмүүс бий. Үхэн хатан, өдөр шөнөгүй сууж ажиллах, толгойгоо гашилгаад л, түрээс нэхэгдээд л, мэргэжлийн хяналтынханд дарамтлуулаад л байх ямар уу. Гэр бүлээ ард байгаагаа бодох ёстой. Сэтгэлийн тэнхээ, сачийтай байх ёстой. Жижиг, дунд бизнесийн 80-90 хувь нь дампуурдаг. Өдөр шөнөгүй юм бодсоор байгаад над шиг залуугаасаа бууралтах вий. Өөрийн чаддаг ажлаа л сайхан хийх хэрэгтэй.
Бид хөрөнгө оруулагч үндэстэн зорилгодоо хүрээд ажиллаж байна. Ирэх жилүүдэд илүү ихийг хийнэ. Бүтээнэ. Энэ бол бидний, манай хамт олны сүүлийн таван жилд уйгагүй ажилласны, мөн хувьцаа эзэмшигчдийн хэлбрэлтгүй дэмжиж ирсний, тэдний итгэлийн үр дүн юм. Итгэл дааж бизнес хийнэ.

Д. Бэхбаяр

Зөв байршлын Checklist ✔

Өмнөх нийтлэл

Б.Гэйтсийн уншихыг зөвлөж буй 10 ном

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.