Өсөх стратегиТоп нийтлэл

“Асуудлыг тохирсон менежментээр л шийдвэрлэх ёстой”

0

14 дахь жилдээ Удирдлагын академид удирдлагын чиглэлээр багшилж, 10 дахь жилдээ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 20 жил судалгаа, шинжилгээ хийж байгаа Бизнесийн зөвлөх, эксперт Ц.Өнөржаргалтай бизнесийн удирдлага, менежментийн талаар ярилцлаа. Тэрбээр БНСУ, АНУ, БНХАУ, Макаод удирдлага, менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. “Хаан хүнс”, “Гэрэгэ”, “Бэрэн” групп, “Чоно” корпораци, “Үлэмж Кашмир”, Багануур ХК, ДЦС-4, Гаалийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, тухайн үеийн Дэд бүтцийн яам зэрэг томоохон газруудын төсөл, хөтөлбөрүүдийг гардан гүйцэтгэж, стратегийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай юм.

Та бизнесийн байгууллагад хэрэгжүүлэх олон төрлийн менежментийн талаар дагнан судалдаг. Ямар учраас энэ тухай судлах болсон юм бэ?

Би MIU олон улсын дээд сургуульд төлөвлөлтийн албаны даргаа долоон жил ажилласан. Тус сургуулийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэхэд найман улсын оролцоотой үйл ажиллагаа явагдсан. Олон соёлын дунд ороод ирэхээр олон янзын мэдлэг ур чадвар, хандлага бүхий хүмүүсийг ойлгож хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Эндээс нэг зүйлийг ойлгосон. Тэр нь өссөн орчин, хөгжлийн төвшин өөр, боловсролын системийн ялгаатай байдал нь аливааг ялгаатай байдлаар хардаг болгосон байдаг юм байна аа гэдгийг анзаарч харсан. Монгол, солонгос, америк, орос, хятад хүмүүсийн асуудалд хандах хандлага их өөр шүү дээ. Тэднээс суралцаж эхэлсэн.

Солонгос хүмүүсийн ажлын хандлага нь байгууллагын микро орчин буюу оролцогч талуудын санаа бодолд анхаарал тавьж тэдэнтэй сайн харилцаа бий болгосноор амжилтад хүрдэг нь харагдсан. Харин япончууд макро орчин буюу тухайн улсын хууль, улс төр, нийгмийн байдал, улирлын нөлөөлөл, технологийн хөгжилд онцгой анхаардаг юм билээ. Хятад хүмүүсийн тухайд нэлээд дотор санаатай. Дотор санаатай гэдэг нь өөрийн үзэл бодлыг тулгахаас илүүтэй бусдын санаа бодолд дүн шинжилгээ хийж байж асуудалд гарц гаргаж ирдэг. Харин орос, монгол хүмүүсийн хувьд байгаа нөөцдөө тулгуурлан гарцын шийдлийг тодорхойлох онцлогтой юм билээ. Олон бизнес эрхлэгчдэд энэ талаар сургалт зохион байгуулахад гадаад орчин буюу сая дурдсан макро, микро орчиндоо анхаарал тавьж чаддаггүй нь томоохон сул тал болдог нь ажиглагдсан.

Эндээс үзвэл асуудлыг их олон талаас нь шийдвэрлэх арга зүй байгаа нь харагдана.  Япончууд стратегийн удирдлагад төвлөрч байхад, солонгосчууд харилцаа хамтын ажиллагааны удирдлагад, хятадууд гүйцэтгэлийн удирдлагад, харин монголчууд үйл ажиллагааны удирдлагад түлхүү анхаарлаа хандуулдаг. Гэхдээ яагаад бүгдийг нь нэг дор төвлөрүүлэн удирдаж болохгүй байна вэ. Тийм боломж бий юу гэсэн асуултууд сонирхол татаж эхэлсэн.

Монголын бизнес эрхлэгчид удирдлагын түвшинд голчлон юун дээр алдаад байна вэ?

Байгууллагын удирдлагуудын гол алдаа бол асуудлыг шийдэх нь удирдлагын үүрэг гэж ойлгодог. Гэтэл хүний нөөцийн асуудал эрхэлсэн хүн, борлуулалт асуудал хариуцсан гэх мэт бүх хүн асуудал хариуцсан байдаг. Иймд удирдагч хүн хамт олондоо асуудлыг шийдэхийн тулд менежментэд хамтдаа суралцах хэрэгтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй байгаа юм.

Эрсдэлийн, чанарын, бүтээгдэхүүний, брэндийн, цагийн, үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, маркетингийн, хүний нөөцийн зэрэг дор хаяж 10 менежментийг уялдуулж байж ажлын үр дүн сайн гардаг.

Тэгвэл тэд дийлэнхдээ ямар шалтгааны улмаас танд хандаж байна?

Бизнесийн байгууллага бүр өөр өөрийн онцлогтой уялдсан асуудлуудтай. Иймд менежментийн сурах бичиг дээр байгаа онолын ойлголтуудыг шууд ашиглахад хэцүү. Яг ямар онолын мэдлэгийг яаж, хэрхэн ашиглах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Тухайн байгууллагын насжилт, бизнест эзэлж байгаа зах зээлийн байр суурь, хөгжлийн түвшин зэргээс хамаарч урт, дунд, богино хугацааны зөвлөгөөг өгдөг. Улмаар дээр хэлсэнчлэн байгууллага бүрийн асуудал харилцан адилгүй учраас шийдвэрлэх менежментийн төрөл хэлбэрүүд ч ялгаатай. Асуудлаас асуудал үүсч нөхцөл байдал хүндэрсэн нь ч байдаг. Түүнд нь л тохирсон менежментээр шийдвэрлэх ёстой.

Миний хувьд 2006 онд менежментийн арга зүйн шинж чанартай төрөл хэлбэрүүдийг бүртгэж үзэхэд  56 төрлийн менежмент байсан бол 2010 онд 70 орчим төрөл болж өссөн байсан. Эдгээрээс Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудад шаардлагатай 50 менежментийг тодруулан судалсан. Эндээс менежмент бүр хоорондоо маш их уялдаатай болох нь тодорхой болсон. Зөвхөн энэ талаарх судалгааны ажилд 14 жилийг зарцуулсан. Энэ хугацаанд бизнесийн болон төрийн байгууллагуудын асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрж хайж байсан нь онол ба практикийн хувьд уялдуулах сайхан боломж гарсан.   

Онцолж судалсан 50 менежментийн талаар тодруулахгүй юу?

Салбар, байгууллагад төсөл хэрэгжүүлэх үед нэг зүйл анзаарсан. Аливаа томоохон ажлыг өрнүүлэхэд багийн менежментээс гадна эрсдэлийн, чанарын, бүтээгдэхүүний, брэндийн, цагийн, үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, маркетингийн, хүний нөөцийн гээд дор хаяж 10 менежментийг уялдуулж байж ажлын үр дүн сайн гардаг юм байна. Тухайлбал, нэг төсөл хариуцаж авахад олон янзын хүмүүсээр баг бүрдүүлж байгаа учир хүний нөөцийн удирдлага тун чухал. Магадгүй хагас цагаар ажиллаж байх тохиолдолд долоо хоногт нэг удаа л уулзалдах учир гүйцэтгэлийн менежмент ашиглахаас өөр арга байхгүй. Гэхдээ энэ нь цагийн менежмент хийж байж л үр дүнтэй болно. Бүтээмжийн менежмент бол хамгийн чухал нь юм. Энэ мэтээр яривал хоорондоо бүгд холбоотой. Хүний биеийн эд эс бүр өөр өөрийн үүргийг гүйцэтгэдэгтэй адил байгууллагын эд эс бүр тухайн ажлыг гүйцэтгэхэд менежментийн нэгдмэл соёлтой байж тухайн байгууллага хөгждөг.

20 жил үйл ажиллагаа явуулсан нэг компанийн хамт олны менежментийн чадамж 50 орчим хувьтай гарч байна. Чадамжгүй хамт олонтой байгууллагад асар их хөрөнгө, байшин барилга, мөнгө төгрөг байгаад ч үр дүнд хүрэхгүй.

Энэ талаарх судалгааныхаа үр дүнгээс дурдаж болох уу?

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд маш олон байгууллагын асуудалтай нүүр тулж, гарц, шийдлийг нь тодорхойлох гэж оролдож явсны хувьд олон кэйс бий болсон байна. Энэ бол зөвлөгөө авч буй байгууллагуудын хувьд маш чухал сургамж, туршлагын хуримтлалыг ашиглах боломжийг олгож байгаа юм.

2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын болон Удирдлагын академийн захиалгаар “Бизнесийн байгууллагуудын чадамжийн индекс”-ийн судалгааг хийсэн. Судалгаагаар манай улсын бизнесийн байгууллагуудын чадамж 61,4 хувьтай байсан. Энэ судалгааны үр дүнд бизнесийн байгууллагуудын хувьд ашиглагдаагүй, хөгжүүлээгүй хөгжлийн нууц болох 38,6 хувийн нөөц байгааг 90 шалгуур үзүүлэлтээр тодорхой болгосон. Чухам энд л аливаа байгууллагын өөрчлөлтийн менежментийн зорилго орших ёстой.

Харин 2018 онд Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн хамт олон байгууллагын хөгжлийн 7S судалгааг томоохон бизнесийн аж ахуйн нэгжүүдээс сумын төвийн бизнес эрхлэгчдэд хүртэл 200 орчим байгууллага дээр олон талт иж бүрэн судалгаа хийсэн. Үүгээр өмнөх чадамжийн үнэлгээтэй харьцуулахад  5,7 хувийн өсөлттэй гарсан нь хамт олны удирдах чадвар зохих хэмжээнд сайжирсныг харуулж байна.

Гэхдээ хачирхалтай нь 20 жил үйл ажиллагаа явуулсан нэг компанийн хамт олны менежментийн чадамж 50 орчим хувьтай гарч байна. Энэ нь улсын дунджаас 17,1 хувийн доогуур үзүүлэлттэй байгаа гэсэн үг юм. Чадамжгүй хамт олонтой байгууллагад асар их хөрөнгө, байшин барилга, мөнгө төгрөг байгаад ч үр дүнд хүрэхгүй. Харин өндөр чадамжтай байгууллагын хамт олон оргүй хоосноос мөнгө босгож, үйлдвэр байгуулж, үр ашигтай ажиллаж чадна гэдгийг дэлхийн супер компаниуд гаргаж буй амжилтаараа бидэнд үлгэрлэн харуулж байна.

 

С. Баярмаа

Алдартнууд хамгийн сайн бизнес зөвлөгөөг хэнээс авсан бэ

Өмнөх нийтлэл

Инстаграм эхэлсэн түүх

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.