Төв аймгийн аялал жуулчлалын холбооны дарга Л.Оюунбилэгтэй уулзаж амралтын газрын бизнесийн талаар ярилцлаа.

Аялал жуулчлалд анхаарал хандуулж байгаа өнөөгийн Монголын амралтын газруудад стандарт тогтож амжсан болов уу. Салбарын хүний хувьд та ямар байр суурьтай байна?

Ийм стандарт байх ёстой гээд заавар, зааварчилгааг нь төрөөс гаргаад өгчихсөн байдаг. Гэвч энэ заавар, зааварчилгааг 100 хувь хэрэгжүүлж байгаа амралтын газрыг би хувьдаа мэдэхгүй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль гэдэг шиг тийм амралтын газруудыг гаргаж ирэх хэрэгтэй байгаа. Ингэж чадвал амралтын газрууд стандартаа бариад явах юм. Гэтэл өнөөдөр байдал ямар байна гэхээр хэн дуртай нь хэдэн гэр барьж аваад л амралтын газар ажиллуулж байна. Яваад очихоор хоёр ээлжийн цагаан хэрэглэл байхтай үгүйтэй, орчин тойрны талбайгаа битүү цементэлчихсэн гэх мэт эрээвэр хураавар газрууд л байж байдаг. Тиймээс үүнийг цэгцлэх нь манай Төв аймгийн аялал жуулчлалын холбооны барьж байгаа №1 ажил юм. Том ажлаа цэглэхийн тулд датанаасаа эхэлж журманд оруулах хэрэгтэй юм байна. Үүний дараа яамнаас гаргасан зааврыг мөрдлөгөө болгоод жуулчны баазуудаа стандарттай болохоор бид ажиллахыг зорьж байна. Ингэхдээ байнгын шалгалтыг явуулж байх хэрэгтэй. Шалгалт байхгүй байгаагаас болж энэхүү эрээвэр хураавар байдал газар авч байна гэдэг дүгнэлтэд бид хүрсэн.

Зочид буудлуудын чанар одоороо хэмжигддэгтэй адилтах үнэлгээний систем амралтын газруудад хэрэгждэг үү?

Яамнаас үнэлгээний стандартыг гаргаад өгчихсөн байдаг. Сайн, дунд, муу гэсэн гурван төрлийн үнэлгээ бий. Гэтэл гүйцэтгэлийг нь шалгаж, үнэлгээ өгдөг ажлыг хэрэгжүүлэх субьект нь байхгүй байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тусгай зөвлөл байгуулаад ажиллуулвал амралтын газруудын зах замбараагүй байдал цэгцрэх боломжтой.

Төрийн зүгээс хараа хяналтгүй болчихсон нь мэдээж том асуудал. Гэтэл бизнес талаас нь харвал чанартай баймааж л тухайн амралтын газар ашиг олно, байнгын үйлчлүүлэгчидтэй болж таараа. Ийм байтал амралтын газрын бизнес эрхлэгчид маань яг юу бодож явдаг улсууд вэ?

Зөв асуулт байна. Том амралтын газруудын тухайд ажилтан хөлсөлж ажиллуулдаг. Тэр ажилтнуудаа үйлчилгээний тодорхой ур чадварт сургадаг ч хөгжил дэвшил, сургалт арга барилд нь анхаардаггүй. Дээр нь хамгийн гол зүйл болох тухайн ажлыг зөв, буруу хийж байгааг эргээд хянаж, чиглүүлэх ажлыг хийдэггүй. Тэгвэл нутгийн иргэдэд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг амралтын газруудын тухайд нийгмийн хариуцлага гэдгийг ухамсарлахгүй байна. Ашиг олж болох ч буруу үйл ажиллагаа явуулснаас гардаг сөрөг үр дагаврыг ойлгодоггүй. Дээр нь амарч байгаа хүмүүс нь бас ухамсарлахгүй байх жишээтэй.

Нэг бодлын, амралтын газрын эзэд компанийн соёл гээч зүйлийг бий болгож чадахгүй байна гэсэн үг үү?

Яг тийм. Хяналтын тогтолцоо хаана, хаанаа алга. Дээр нь байгалиа гэсэн сэтгэл үйлчлүүлэгчдэд маань байхгүй байна. Аялал жуулчлал эцсийн дүнд байгаль дээр л тогтож байгааг ойлгох хэрэгтэй.

Аялал жуулчлалын салбар маань Монгол улсын эрс тэс уур амьсгалаас болж улирлын л чанартай өрнөж байна. Үүнээс үүдэн энэ салбарт бизнес хийж байгаа хүмүүсийн толгойд “түр зуурын” гэсэн сэтгэхгүй яваад байгаагаас дээрх асуудал үүдэлтэй байх гэж бодох юм?

Ерөнхий статусаар нь харвал аялал жуулчлалыг түр зуурынх гэж тодорхойлж болно. Гэтэл бизнес хийж байгаа тухайн хүн улирлынх биш байлгаж болно шүү дээ. Ийм болохгүй байгаа гол шалтгаан нь мэдээллийн хомсдол гэж би хувьдаа бодож байна. Манай салбарт  мэдээллийн нэгдсэн веб сайт байхгүй. Аялал жуулчлалын телевиз гэж алга, аялал жуулчлалын лавлах гэж байхгүй байна. Эдгээр асуудлыг боломжийнхоо хэмжээнд, аймгийнхаа түвшинд шийдэх үүднээс манай Төв аймгийн аялал жуулчлалын холбоо лавлахтай болох ажлаа эхлүүлээд явж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Х.Эрдэнэбаяр: Сохор зоос ч үгүй болсон маань хамгийн сайн “зөвлөгөө” байсан

Өмнөх нийтлэл

Энэтхэг хөрөнгө оруулагчидтай уулзаж, урт хугацааны хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох