EntrepreneurUncategorized @mnТоп нийтлэл

Бизнесийн амт

1

Бизнес эрхлэгч Н.Болормаа бүсгүй хувийн бизнесээ эхлүүлээд гуравхан жил болж буй ч энэ хугацаанд амсхийх зав чөлөөгүй ажиллаж, хувийн амьдрал, найз нөхөд, хобби сонирхлоо “түр” умартан бүхий л цаг заваа зөвхөн гурван“хүүхэд”-дээ л зориулсаар явна. Дөнгөж 30 гарч яваа залуухан бүсгүй маань төрүүлж өсгөсөн нэг хүүхэд, түшиж босгосон хоёр бизнестэй. Бизнесээ өргөжүүлэн тэлж дахин хоёр ч рестораны төсөл хэрэгжүүлэхээр гэрээгээ үзэглээд сууж буй нь өнөөдрийн бодит үйл явдал.

“…Хоолны салбар яг хүүхэд шиг. Учир нь өдөр тутмын арчилгаа, анхаарал байнга шаардагддаг”

Тэрбээр Лондонгийн Эдийн Засаг, Улс Төрийн Шинжлэх Ухааны Их Сургуульд олон улсын харилцааны мэргэжлээр суралцсаны дараа эх орондоо эргэн ирээд банк санхүү болон уул уурхайн салбарт ажилласан. Үүгээрээ хувийн хэвшлийнхний жаргал, зовлонг ойлгож, мэдэрч амжсан нь түүнд эдүгээ туршлага болон үлджээ. Ялангуяа үндэсний томоохон компани “Энержи Ресурс”-т ажиллаж байхдаа аливаа бизнесийгхариуцлагатайгаар эрхэлж чадвал, зөвхөн компанид төдийгүй нийгэм, улс оронд ямар хүртээмжтэй, өгөөжтэй болохыг олж харснаа онцолж байлаа. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд хоолны салбарт хүч үзэхээр шийдэн жирэмсний амралтаа “ашиглан” өөрийн бизнесээ эхлүүлж, Шангрила төвд “Food park” тун удалгүй “Route 22” ресторанаа байгуулсан нь ердөө л гурван жилийн өмнө.

Ийм нэг орчин цагийн ажил хэрэгч, бизнес эрхлэгчийн энгийн түүх надад ч бас “амттай” санагдсан.

“Route 22” рестораны захирал Н.Болормаа

“…Надад 30 нас хүрэхээсээ өмнө бизнес хийж үзэх зорилго байсан”

Н.Болормаа анх бизнесээ эхлүүлэхдээ хэрвээ бүтэлгүйтвэл эргээд ажилдаа орох боломж байсан тул үзээд алдах ёстой гэж зориглосон.

“…Ер нь бага залуу байхдаа хүн ажлыг гололгүй хийх ёстой санагдсан”

Яагаад гэвэл тэр 16хан настайдаа Англи улсад суралцахын хажуугаар ресторан гэх мэт газарт цагийн ажил хийдэг байжээ. Хүн юу ч сурсан хэзээ нэгэн цагт хэрэг нь гардагийн жамаар түүнд энэ туршлага нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг сонгоход нөлөөлсөн төдийгүй рестораны талаар мэдлэгээ тэлэх “амьд сургалт” болсон гэнэ.

Энэ салбарыг сонгоход бас нэг нөлөөлсөн зүйл нь Н.Болормаа өөрөө амттай хоолонд маш дуртай. Хоолны хорхойтон. Тэр ч утгаараа амттай хоол, сайн рестораны “эрэл хайгуулчин” байсан болохоор хоолны салбарт орон зай байгааг олж харж чаджээ.

Орчин цагт хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, улам завгүй болохын хэрээр гадуур хооллох соёл өргөн дэлгэрч буй. Энэ бүхэн Болормааг бизнес, тэр дундаа рестораны салбарт ороход нөлөөлсөн юм. Анхандаа тэрээр бизнес хийснээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээс гадна зав чөлөө их гарна гэж төсөөлж байсан.

“…Харин яг асуудлын гүн рүү нь шидэгдээд ортол төсөөлснөөс шал өөр, үнэхээр амаргүй ажил байсан”

Хамгийн эхний бэрхшээл бол мэдээж бизнесээ эхлүүлэх санхүүгийн эх үүсвэр байв. Тиймээс өөрийн орон сууцаа худалдан анхны бизнес болох Шангри-ла төвд байрлах “Food park” төслөө эхлүүлэн, удалгүй 2017 онд дараагийн төсөл болох “Route 22” ресторанаа нээсэн.

“…Монголын бизнесийн орчин хүнд. Төрийн дарамт их. Харин төрийн дарамтаас гадна хувийн компаниудын хоорондын харилцаа, ёс зүй тааруу байна”

Зоримогоор бие дааж эхлүүлсэн бизнестээ анхандаа тэрээр дасч өгөхгүй, их хэцүү санагдаж байсан талаараа нууж хаалгүй хуваалцсан юм.

Н.Болормаад бууж өгмөөр санагдсан бэрхшээлтэй, хүнд үе зөндөө байсан. Маш олон асуудалд нэгэн зэрэг анхаарал хандуулах шаардлагатай болохоор нарийн төлөвлөлт, бүтээмж өндөртэй ажиллаж сурах хэрэгцээ шаардлага байдаг. Рестораныхаа бүхий л үйл ажиллагаанд тэр өөрөө оролцдог байв. Хүний нөөц, маркетингийн менежер, зөөгч, угтагч, тэр байтугай гал тогоонд угаагч байхгүй бол угаагч хүртэл хийнэ. Одоо бол ажил хариуцдаг хүмүүс нь тус тусын салбар, чиглэлээ хариуцаад туршлагажиж, тогтвортой ажиллаж байгаа болохоор Болормаагийн ачаалал арай буурсан.

Тэд шинэ төслөө ярилцаж байна

Энэ бүхнээс тэрээр бизнесийн ухаанд бага багаар суралцсаар яваа бөгөөд хоол үйлдвэрлэлийн салбарын хамгийн бэрхшээлтэй асуудлын тэргүүнд хүний нөөц, ажиллах хүчний олдоц, тогтвор суурьшил болон бизнесийн харилцааны аливаа асуудлыг албан ёсоор гэрээжүүлэх, баталгаажуулах сэдвийг хөндөж байлаа.

“…Манай ресторан өнгөрсөн хугацаанд нэлээдгүй газрыг хүний нөөцөөр хангасан гэж хэлж болно”

Хоол үйлдвэрлэлийн салбарт яг одоо үүсээд буй нэгэн бэрхшээл бол амар хялбар аргаар болон хууль бусаар хөрөнгөжсөн, салбарыг хөгжүүлэх, аливаа үнэ цэн бий болгох гэх мэт тодорхой зорилгогүй хүмүүс маш ихээр энэ салбарт хүч түрэн орж ирж, ресторанууд олноор нээх болсноор угаас өрсөлдөөн ихтэй энэ бизнесийг эрхлэхэд улам л хэцүү болгож. Ялангуяа шударга өрсөлдөөний асуудал хурцаар тавигдах болоод байна. Тухайлбал зарим рестораны эзэд, менежерүүд бусдынхаа хоолны цэс, зургийг нь аваад ижил хоол гаргаж хуулбарлах, засал тохижилтыг нь дуурайх бүр тогооч, ажиллагсдыг нь илүү нөхцөл амлаж урвуулах зэргээр бизнесийн ёс зүйгүй, зохисгүй үйлдлүүд ихээр гаргах болжээ.

 

Гэсэн хэдий ч Н.Болормаа эрсдэл бүхнийг хатуу хянах, хурдан өөрчлөх боломжгүй нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, шантралгүй байнга шинэлэг зүйлийг сэтгэж, компанийнхаа соёлыг зөв төлөвшүүлэхийг хичээдэг. Түүнчлэн тэрбээр хүнийн нөөцийн бодлогоо зөв тодорхойлж, мундаг туршлага, цол гуншинтай гэхээс илүү зөв хандлагатай цаашид хамтдаа өсч хөгжих хүсэлтэй хүмүүсийг багтаа авахыг эрмэлздэг.

Учир нь бизнес эрхэлж буй бүх хүнд хүний нөөцийн асуудал тулгардаг. Ажиллах хүч тогтвортой байж тухайн бизнес амжилттай явна. Ихэнх хүмүүс рестораныг зөвхөн тогоочоор төсөөлдөг. Гэтэл тийм биш. “Route 22” ресторан нийт 26 ажилтантай. Машинаар зүйрлэвэл ажилтан бүр нэг эд анги нь болно. Нэг л зүйл доголдвол машин асахгүйтэй адил бараа хүргэлтийн хүн цагтаа хүнсээ авчирч өгөхгүй бол ажил явагдахад хэцүү болдог. Тиймээс тэрээр рестораныг зөвхөн тогооч бус, тогтолцоо гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бүрдүүлсэн систем тогтолцоо нь сайн байж уг бизнес амжилттай явна.

Алхам бүрээсээ суралцсаар яваа Н.Болормаа захирал ажилтнуудаа илүү тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд маш ихийг уншиж, судалж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авчээ. Тэднийг ажилдаа дуртай, сэтгэл ханамжтай, өөрсдийгөө байгууллагын салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгуулахын тулд тодорхой хөтөлбөрүүд болон дотоод сургалтуудыг ихээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, хүүгүй зээл олгох, нэг жилээс илүү ажилласан бол эрүүл мэндийн бүтэн үзлэгт хамруулахаас гадна магтаал урамшуулал болон талархлын аян, идэвхжүүлэх уралдаан тэмцээн өрнүүлдэг.

Н.Болормаа компанийнхаа эрхэм зорилго, алсын хараа, зөв хандлагыг ажилтан бүртээ сайн ойлгуулахыг хичээж байгаа. Өөрөөр хэлбэл багийн гишүүн бүр ресторанаа гэх өөриймсөг үзэл, сэтгэлтэй болох нь нэн чухал. Яагаад гэвэл тухайн багийг бүрдүүлж буй ажилчдын сэтгэл рестораны амин сүнс нь байдаг.

“…Бизнес бол ашгийн төлөө байгууллага хэдий ч энэ нь миний хувьд хангалттай сэдэл, мотиваци болохгүй байсан тул өөрөө өөртэйгээ маш их ажиллаж, өөрийн үнэт зүйл, компанийнхаа эрхэм зорилго, алсын харааг маш тодорхой болгох хэрэг гарсан”

Тэр өөрийн үнэт зүйлээ тодорхойлоход нэгдүгээрт гэр бүл, хоёрт хувь хүний хөгжил, дараа нь нийгэмд оруулах нөлөө гэж гарчээ. Тиймээс Болормаа болон түүний баг “Хамтдаа хөгжсөн, ажилласан салбар бүртээ жишиг стандарт тогтоосон байгууллага” болох алсын харааг тодорхойлон гар нийлэн ажиллаж байна. Хамтдаа хөгжинө гэдэг нь хамт олноороо Монгол улсыг төлөөлөх, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, өөрийн хувь хүний хөгжилдөө анхаарал тавьдаг, зорилготой, зөв хандлагатай, өөрийгөө олох чадамжтай залуу хойчоо бэлтгэн чиглүүлэх юм.

Түүнчлэн компаниа “employee owned company” буюу ажилчид нь компаниа эзэмшдэг байгууллага болгохыг зорьж байна. Болормаа ийнхүү үнэт зүйл, зорилго, зорилтоо тодорхой болгосноор түүнд хийж буй ажил нь илүү амттай, сонирхолтой, урамтай, түүртэхгүй болсон.

“…Бид хүмүүст зөвхөн сайхан хоол, үйлчилгээг бус сайхан дурсамж, сэтгэгдлийг бэлэглэдэг”

Тэд бусдад сайхан дурсамж үлдээхийн тулд үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчинд өндөр зэрэглэлийн чанартай хоолыг санал болгодог. Мөн цагаан бүтээлэгтэй хэт чамин орчинг бус, харин тав тухтай орчинг бүрдүүлж үйлчлүүлэгчдэд яг л гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг зорьжээ. “Route 22” ресторан удалгүй франц япон хоолны төрлийг хослуулсан ресторан болохоор зорьж байна.

Жирийн жинсэн өмд, сул фудволк, хөнгөн кетээр “гоёсон” Н.Болормаа захирал нийт 50 гаруй ажилчдынхаа өмнө зөвхөн цалин мөнгөний харилцаа бус хандлага, үнэ цэнэ, ёс зүй гэх мэт амьдралд нэн чухал олон мэдлэг, туршлага “өгөх”-ийг хичээж, өөртөө болон хамт олондоо өндөр хариуцлага хүлээлгэн зогсож байна.

Тэр яг л илдсэн сур шиг болжээ. Хүнд хууртагдаж, гомдож, итгэл алдаж, уйлж, шантарч, инээж үзсэн ч тэр гурван жилийн өмнө гаргасан шийдвэртээ хэзээ ч харамсдаггүй.

“…Би зөвхөн бизнес хийснээр л өөрийгөө олж нээж, хөгжүүлж чадсан. Хэрвээ би тогтмол ажил хийгээд цагаа бүртгүүлж, цалин авахын төлөө явсан бол хэзээ ч одооны хэмжээндээ хүртэл хөгжиж, энэ олон хүний өмнө хариуцлага хүлээхгүй байх байсан. Тиймээс бизнес хийх нь тэр тусмаа хариуцлагатай бизнес эрхлэх нь өөрийнхөө дуртай хоолыг идэж байгаа юм шиг дэндүү амттай…”

Түүн шиг “хариуцлага” гэдэг үгийг тархи ухаан, амьдралдаа шингээсэн хүн олон болоосой. Тэр цагт Монгол ялдаггүй юмаа гэхэд урагшилж л таараа …  

Х. Саранзаяа

Хэн нэгнийг ажлаас нь хэзээ чөлөөлөх вэ?

Өмнөх нийтлэл

Protected: Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлс – VMV

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Ystoi huurhun sonirholtoi niitlel boljee. Unshij suuhad amttai bailaa🙂

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur