Эксперт

Бизнес бол систем

0

Уулзалт, лекцийн үед уулзсан залуус шинэ бизнесээ хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгнө үү гэж хүсдэг юм. Харин ярианы явцад нэгэн нийтлэг байдал мэдрэгддэг.

Залуусын ихэнх нь ажил, бизнесийн ялгааг олж хараагүй явдаг юм.

Тэднийг яриаг сонсоход, сайн программ зохиогч өөрийн старт-ап компаниа, авьяаслаг маркетер залуус өөрийн агентлагаа гэх мэтээр байгуулан бизнесээ эхлүүлсэн байдаг. Тэд, ажил мэргэжилдээ л сайн бол хэн ч эхэлсэн бизнесээ, жишээ нь сайн жолооч хүн авто баазаа, сайн тогооч хүн ресторанаа асуудалгүй аваад явчихна гэдэгт итгэдэг.   

Мэдээж итгэл бол сайхан зүйл. Зөвхөн өөртөө итгэж, зориглосон хүн л бизнесээ авч явж чадах нь гарцаагүй. Гэхдээ бизнес гэж чухам юу вэ гэдгийг зөв ойлгож, бизнесийг хэрхэн бүтээж, хөгжүүлдэг талаар суралцаж мэдэлгүйгээр, бизнесээ зөвхөн өөрийн мэргэжлийн чадвар, итгэл зүтгэл, дан ганц уйгагүй хөдөлмөрөөрөө авч явна гэвэл цаашид хөгжин томорч явах сайн бизнестэй болж чадах магадлал бага.

Бизнесээ эхлүүлж буй хүний ажилд олон саад бэрхшээл учрах ч бизнесийн хөгжилд нь хамгийн их хор учруулдаг, нэн түгээмэл тааралддаг зүйл бол бизнесээ өөрийн өмнөх ажил, мэргэжлийн томруулсан үргэлжлэл гэж бодох эндүүрэл юм. Ийм эндүүрэл олон жил, тэр бүү хэл насаараа бизнес эрхэлж буй хүмүүст ч тун элбэг тааралдана.

Тэр хүмүүс ажлаа сайн хийсээр, манлайлан хийсээр, зогсолтгүй зүтгэсээр байвал бизнес нь гарцаагүй хөгжих болно гэдэгт итгэдэг. Гэтэл бизнес бол зөвхөн том ажлын байр биш билээ. Бизнес бол СИСТЕМ юм.

Том ажил бол ердөө л ажил. Харин систем бол биеэ даасан тогтолцоо. Сайн систем эзнээсээ хамааралгүй хөгжиж, томорч явдаг. Сайн ажилтай хүн ажлаа орхивол орлого багасдаг. Харин сайн системтэй хүн амарч байсан ч систем нь ажиллаж, орлого оруулж байдаг.

Тиймд системийг нарийн бодож, төлөвлөж, байгуулдаг. Хэрэв бизнес эрхлэгч хүн БИЗНЕСИЙН СИСТЕМЭЭ БАЙГУУЛАХ энэ шинэ үүргээ олж харахгүй бол бизнесээ амжилтай бүтээж, томруулан хөгжүүлэх арга замыг олж мэдэхгүй. Энгийнээр хэлбэл, зүгээр л өөрийн зохиосон том ажилтай хүн болно. Магадгүй сайн орлого олно. Гэхдээ ажлаа орхиж чадахгүй, амарч чадахгүй, эцэстээ ядарч бизнестээ барьцаалагдах нь элбэг.

Бизнес эрхлэгч хүний туйлын зорилго бол өөрийн компаний сольшгүй ажилтан нь болж явах гэх бус, харин түүний оролцоогүйгээр өөрөө ажиллаж, хөгжих, томрон хөгжиж явах чадвартай бизнесийн системээ байгуулах явдал юм.

Хэрэв бизнес эрхлэгч хүн энэ шинэ зорилгоо олж харахгүй, зүгээр л өмнө хийдэг байсан ажлаа компани болгож бүртгүүлээд манлайлан зүтгээд эхэлбэл, өөрөөр хэлбэл, авто баазын дарга өөрөө бүх ажлаа гардан удирдаад, рестораны эзэн гал тогооноосоо гарахгүй ажиллаад байвал хэдэн жил ингэж явсан ч бизнес нь түүний өөртөө зохиосон том ажлын байр хэвээр үлдэж, бие даасан систем болж хөгжихгүй. Бизнес нь эзнээсээ бүрэн хамааралтай явсаар, эзнийхээ тархи, чадварын хэмжээгээр хязгаарлагдаж, өсөж томролгүйгээр “өлгийдөө хөгширнө”.

Бизнес бол ажлын байр биш систем юм. Харин систем гэдэг бол бүтэц, процесс, төлөвлөлт, судалгаа … тэгээд мөн боловсон хүчний гэх мэт олон дэд системийн цогц  юм. Бүтэн систем өөрөө ажиллаж, томорч, хөгжиж явдаг.

Бизнес эрхлэгч хүний туйлын зорилго нь хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ өндөр үнэ цэнэ бүтээж өгдөг, хариуд нь шагнал орлогоо хүртэж тасралтгүй хөгжиж, томорч явдаг бие даасан системийг байгуулах явдал байх ёстой. “Сайн компани байгуулчихаад загасандаа л явж байдаг үндсэн ажилтай болно” гэж нэгэн бизнес эрхлэгч өөрийн зорилгоо тодорхойлсон байдаг. Агуулга, чиглэл бол ердөө энэ.

Бизнесийн систем бол нэг цул баг болж ажиллах хүмүүс, тэдний стратеги, ажлын процесс, технологи билээ. Бизнес эрхлэгч хүн энэ бүхнийгээ бүтээж, тасралтгүй суралцаж, суралцсанаа алхам алхмаар уйгагүй хэрэгжүүлж байж амжилтад хүрнэ.

Тэгвэл яаж суралцах вэ? Хаанаас эхлэх вэ?

Түүний тулд ном сэтгүүл уншиж, сургалтад сууж, ментор, дасгалжуулагчтай болж, уулзалт, зөвлөгөөнд оролцож, бусдын туршлагыг судалж, ажиглаж явах хэрэгтэй болно. Бизнес бол багийн тоглолт учир ажилтнууд буюу боловсон хүчнээ тасралтгүй сургаж, хөгжүүлж байж л хамтдаа урагшилж явна. Харин бизнесээ бүтээж буй хүн багаасаа түрүүлж урагш харж, бодож явах том ажилтай болно гэсэн үг.

Агуу Хэнри Фордоос “Таны хамгийн чухал ажил юу вэ?” гэж асуухад “Бодох” гэж товчхон хариулсан гэдэг.

Үнэхээр, бизнес эрхлэгч хүний хамгийн чухал ажил бол бодох юм. Бизнесийнхээ маркетингийн, борлуулалтын, инноваци буюу тасралтгүй шинэчлэлийн, хүний нөөцийн системээ, тэдний цогцыг бодож, судалж, суралцаж, төлөвлөж алхам алхмаар байгуулах нь амжилтын үндэс.

Тэр бүгдийн үр дүнд таны бизнесийн систем таниас улам бүр бага хамааралтай болж, бие даан ажиллаж эхлэх цагт та илүү цаг завтай, өндөр орлоготой болж, бизнесээ зориглон байгуулж зүтгэсэн туйлын зорилгодоо хүрч, өөрийн хүссэн амьдралаараа амьдрах хаалга тань нээгдэнэ.

Д. Энхбат

Онлайн орчинд маркетингаа амжилттай эхлүүлэх 6 алхам

Өмнөх нийтлэл

Ноосон бордооны ноу хау

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com