УИХ-ын гишүүн, ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч  Л.Эрдэв-Очиртой бизнес эвентийн үеэр ярилцлаа.

Бизнес эрхлэх арвин туршлагатай хүний хувьд та залуу бизнесмэнүүдэд зөвлөгөө өгөөч. Ажлаа юунаас эхлэх хэрэгтэй вэ, ямар асуудалд түрүүлж анхаарах шаардлагатай бол?

Өгөх гол зөвлөгөө маань бол сонголтоо зөв хийх. Өөрийн эрхээр ашиг олж, түүнийгээ өөрийн эрхээр захиран зарцуулах шиг том аз жаргал залуу хүнд байхгүй. Сүүлийн үед залуус улстөрд орно гэж хошуурдаг болчихож. Надад хандсан хүмүүст, өөрийн ойрын улсад зөвлөдөг нэг зүйл бол “Ээ дээ, улстөрд битгий ороорой, болж өгвөл бизнесээ хийгээд яваарай” гэж.

Хоёрдугаарт, бизнесийн орон зай гэдэг бол хязгааргүй. Аль ч салбарт бизнес хийхэд орон зай хангалттай их бий. Хамгийн гол нь орчин үеийн техник технологийн дэвшил, инновацид тохируулж одоо байгаа уламжлалт бизнес, шинэ бизнесээ хөгжүүлэхийн төлөө мятрашгүй зүтгэх хэрэгтэй. Тэгж л байж үр дүнд хүрнэ.

Өнөөгийн байр байдлыг харахад, стартап гэдэг ерөнхий ойлголт дор л манай олонх бизнес эрхлэгчид гацчихаад байна. Эндээс гарч хөгжил дэвшилд шилжихийн тулд яах хэрэгтэй гэж боддог вэ?

Намайг бизнес эрхэлж байх үед бол бид гараагаа ганзагын наймаагаар л эхэлж байлаа. Тэндээс олсон хуримтлал дээрээ тулгуурлаж, дээр нь тодорхой судалгааны үндсэн дээр ямар бизнес рүү орох, цаашаа яах вэ гэдгээ тодорхойлоод хөгжиж байсан. Одоогийн гарааны бизнесүүдийн хувьд бол гол асуудал нь санхүүжилт болоод байгаа. Тиймээс төр засаг үүнд анхаарч байна. Татварын багц хуулийн асуудлаар аж ахуйн нэгжүүдээ дэмжих нэлээд олон заалтыг оруулж өгсөн. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуульд мөн нааштай олон заалт тусгагдсан. Тухайлбал, жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ зориулж ажлаа явуулахад нь урт хугацаатай зээлийг олгох асуудлыг тусгасан.

Бизнесийн үйл ажиллагаагаа эхлэнгүүт төрөөс ирдэг нэг том асуудал бол татвар, санхүүгийн орчны дарамт байдаг. Ялангуяа татварын байдал дээр маш сайн хөнгөлөлтийг хуульд зааж өгсөн. Үүний үр дүнд 50 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж жилд нэг удаа татварын тайлангаа гаргах боломжийг нь бүрдүүлж байгаа. Үнэхээр итгэл хүлээсэн аж ахуйн нэгжүүд дээр татварын шалгалтыг тодорхой хугацаанд оруулахгүй байх, үйл ажиллагаанд нь саад болохгүй байх гэх мэт заалтууд орсон байгаа. Харин одоо төр засгийн үзүүлж байгаа энэ боломжуудыг ашиглаад гарааны бизнесүүд хуримтлалаа үүсгэж, эхэлсэн бизнесээ хөгжүүлээд явах боломжийг хайх хэрэгтэй.

Бизнес эрхлэгчдийн хүсдэг нэг зүйл бол төр засгийн зүгээс хийж буй худалдан авалтад өөрсдийн бүтээгдэхүүнээ хамруулах явдал. Энэ нөхцөлийг төр засаг хэр хангаж байна гэж та үзэж байна вэ?

Энэ ажил үнэхээр сайн хэрэгжиж байгаа. Төрийн болон орон нутгийн худалдан авалтын тухайд үе үеийн Засгийн газрууд журам гаргасан байдаг. Монголынхоо аж ахуй нэгжүүдийг дэмжих зорилгоор стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнүүдийн худалдан авалтыг зөвхөн Монголоосоо хийнэ гэж. Хэрэгжилт нь жаахан тааруу байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хуульд, мөн журамд маш сайн өөрчлөлт оруулснаар үр дүн сайн гарч байгаа. Бизнес эрхлэгчид үүнийг сайшаалтай хүлээж авсан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь ч өөдрөг байгаа. Зарим компани гэхэд үйлдвэрээ хоёр дахин томруулж өргөтгөөд тэр хэмжээгээрээ ажлын байр, ашиг орлого, цалин олголтынхоо хэмжээг нэмэгдүүлээд явж байх жишээтэй. Каластраар хөгжих тухай бодлогын асуудал сүүлийн үед их яригдаж байгаа. Энэ бол маш зөв бодлого юм. Яг энэ чиглэлээр монгол үйлдвэрүүд хөгжиж эхэлж байна.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Подкаст: Бизнес систем болохын давуу тал

Өмнөх нийтлэл

“Дизайндсан” хүүхэд төрүүлэх шинэ, ашигтай бизнес

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох