0

         “Амжилтад хүрэх хувцаслалт” гэх ойлголт өдгөө шинжлэх ухаан болтлоо хөгжөөд буй. Бидний гадаад төрх, хувцас хэрэглэлээр дамжин бусдад үзүүлж буй харааны гоо зүйн мэдрэмж та бидний амжилтад багагүй чухал нөлөө үзүүлдэг аж. 1955 онд хийсэн нэгэн судалгаагаар дэгжин хослол өмссөн нэгэн эрхмийг улаан гэрлээр зам хөндлөн гаргахад энгийн фудволк, өмд өмссөн хүнээс гурав дахин их хүн дагаж харсан байна. Өөрөөр хэлбэл хувцаслалт бидний бусдад үзүүлэх нөлөөг гурав дахин нэмэгдүүлдэг болохыг энэ судалгаагаар нотолжээ. 

Тэгэхээр бизнес эрхлэгч болон удирдах албан тушаалтнууд эрх мэдэл, нөлөөллийн шидэт саваа болох хувцаслалтандаа анхаарах зайлшгүй шаардлагатай юм. Ихэнх хүмүүс үүнийг хангалттай мэддэг боловч өөрт тохирсон стиль имиджийг тодорхойлж зөв хувцас сонгох асуудал дээр бүдэрдэг. Хайлтын систем рүү ороод “хэрхэн хүчирхэг хувцаслах вэ” гэх мянга мянган илэрцийг уншиж болох ч яг таныг бүрэн илэрхийлэх тэр стилийг тодорхойлоход тус болохоосоо ус болж төөрөлдүүлж орхидог. Иймд хувийн стилист гэх ойлголт олон улсад чухлаар тавигдах болж хүмүүс мэргэжлийн стилистэд хандахыг илүүд үздэг болсон.   

Тиймээс бид бизнес эрхлэгч таны стиль имидж бүрдүүлэлтэд хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр хувцас загварын худалдаа, хувь хүний имидж бүрдүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “InnovStyle” компанийг үүсгэн байгуулагч О.Энэрэлтэй товч ярилцсаныг хүргэж байна. 

О.Энэрэл “InnovStyle” компанийг үүсгэн байгуулагч

Та стилистээр ажиллаад хэр удаж байна вэ? Нууц биш бол хэчнээн хүний стиль имиджийг тодорхойлж өөрийгөө олоход тусалсан бэ? 

Англид сурч байхдаа өөрийн сонирхлын дагуу “London Fashion School”-д  хувийн стилистийн мэргэжлээр сургалтад сууж, энэ чиглэлээр багагүй туршлага хуримтлуулах боломж надад олдсон юм. Төгсөж ирээд “Innovstyle” компаниа хувцас загварын худалдаа, хувь хүний имидж бүрдүүлэлтийн зөвлөгөө өгөх чиглэлээр 2013 онд байгуулсан. Монгол улсад мэргэжлийн стилист цөөн байдаг учраас энэ чиглэлд мэргэжилтнүүд зайлшгүй байх хэрэгтэй юм байна гэж үзсэн.

Тиймээс ажлаа шуурхайлж 2014 онд “Миний хувийн стилист” нэртэй номоо гаргасан юм. Тэр цагаас хойш анхдагч болж одоо нийт 50-60 хүний стиль имидж бүрдүүлэлт дээр ажилласан байна. Үүнээс гадна “Innovstyle” загварын сэтгүүлийнхээ хүрээнд Fashion styling буюу загварын бүх шийдэл дээр чиглэл, зөвлөмж өгөөд явж байна. Стилистийн чиглэлээр ажилласан хамгийн том төсөл маань Mongol HD телевизтэй хамтарч хийсэн ажлууд болон  “Chimgee’s Talk Show”-ийн загвар, Mongolian’s Next top model -ийн стилийг бүрдүүлэх ажил байсан.  

Хувийн стилистийн студи дээрээ стилийн үйлчилгээ өгч буй нь.

Үйлчлүүлэгчийн стиль имиджийг тодорхойлж байхад ихэвчлэн ямар хүндрэл тулгардаг вэ? 

Миний ажигласнаар ихэнх эмэгтэйчүүд хараат бус, өөрөө өөртөө итгэлтэй, үнэнч байх хэрэгтэй гэж харсан. Бүсгүйчүүдийн хувьд шийдвэр гаргахдаа хоёрдмол бодолтой байх тохиолдол их. Жишээлбэл  манай нөхөрт, манай найзуудад таалагдахгүй байж магадгүй гэж санаа зовох зэргээр хөндлөнгийн нөлөөлөл ихтэй байдаг нь ажиглагдсан. Бодит байдал дээр тэр хүн өөртөө хайртай, тууштай, итгэлтэй байх нь л маш чухал.  Ер нь ямар ч хүний стиль бүрдүүлэлт дээр ажиллаж байхад яг л сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Тухайн харилцагчийнхаа ажил мэргэжил, хувь хүний сонирхол, дотоод ертөнц, амьдралын хэв маягтай холбоотой мэдээллүүдийг шинжлэн стилийг нь тодорхойлдог.

Ер нь өөрийн гэсэн стилийг бий болгох нь яагаад чухалд тооцогдох болов ?  

Маш энгийнээр тайлбарлавал “ердөө гурван секундийн дотор таныг илэрхийлдэг” зүйл бол таны стиль. Хэн нэгний оюун бодолд өөрийнхөө дүр төрх, дурсамжийг бүтээхэд таны өөрийн гэсэн стиль имидж туслахаас гадна өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ.  Хүн бүр өөрийн гэсэн дуудах нэртэй байдаг шиг өөрийг нь илэрхийлэх стильтэй байдаг. Тиймээс өөрийнхөө мөн чанарыг илэрхийлэх стилийг олж мэдэх нь чухал.

Бизнес эрхлэгчдэд хандаж зөвлөгөө өгөөч. Ямар салбарт ямар албан тушаал  эрхэлж байгаагаасаа шалтгаалж стиль имиджээ тодорхойлох шаардлагатай юу? 

Ямар салбарт ажиллаж байгаагаас мэдээж хамаарна. Энэ нь таныг өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрч, тухайн салбарт хэр их ач холбогдол өгч байгааг илэрхийлэхээс гадна бусдыг хэрхэн хүндэлж буйг харуулдаг гол түлхүүр юм. Нэг талаас аливаа бизнес эрхлэгч тухайн салбарын төлөөлөл, нүүр царай нь болж явах учиртай. Гэхдээ үнэтэй хувцас өмсөж аливаа трэндийг дагана гэсэн үг биш. Ер нь стиль имиджийг үнэтэй хувцас өмсөхтэй шууд холбож ойлгох гээд байдаг хэвшмэл ойлголтоос салах хэрэгтэй. Өөрийн хүсэл сонирхолд нийцэх тэр стилийн хувцаснуудыг тодорхойлж түүнийгээ нөхцөл байдалдаа уялдуулан зөв хувцаслах ухааныг л эзэмших нь чухал.

Стиль имидж бүрдүүлэлтэд мөнхийн үйлчилдэг дүрэм гэж байдаг болов уу?              

“Зоригтой сонголт” гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл зоригтойгоор шинэлэг шийдлүүдийг туршиж үзэх. Хуучин хэв маяг, хайрцаглагдсан сэтгэлгээ, бусдыг аялдан дагах нь стиль имидж бүрдүүлэлтэд саад болдог хамгийн том хүчин зүйл. Зоригтой туршилт дундаас та өөрийн стилийг олж чадна.  

Стиль имидж бүрдүүлэлтэнд үйлчилдэг мөнхийн дүрэм бол “Зоригтой сонголт” 

Дэлхийн бизнес эрхлэгчид хэрхэн стиль имиджээ тодорхойлдог юм бол?

Тэд ихэвчлэн хувийн стилисттэй байдаг. Стилистүүд нь тухайн цаг үеийн загварын чиг хандлага, хувцасны хэв маяг, трэнд өнгө, нүүр будалтын талаар зөвлөгөө өгч ажилладаг. Гэхдээ 70 орчим хувь нь тухайн хүний зан чанар, хувцаслах арга барилаас хамаарч тодорхойлогдоно. 

Нөгөө талаас бизнесийн амжилтад тань “стиль” шууд нөлөө үзүүлдэг. Таны амьдралын цаг хугацааг хэмнэж, мөнгөө зөв зарцуулж, эрүүл чийрэг байхад тань туслах нэн тэргүүний “ноу хау” гэж хэлж болно.  Цахиурын Хөндий (Silicion Valley) -д ажилладаг компаниудын удирдагч эмэгтэйчүүд бүгд өөрсдийн гэсэн хувийн стилисттэй байдаг.

Өөрийн гэсэн стилийг тодорхойлсноор хувийн амжилтыг нь 200% нэмэгдүүлдэг

Стилээ зөв тодорхойлсноор өөртөө итгэлтэй болж удирдагчийн үүргээ маш сайн гүйцэтгэдэг.  Өглөө босоод юу өмсөх вэ гэж цаг алдахгүй. Стилистийнхээ зөвлөсний дагуу хийж буй ажилдаа зориулж хувцаслана. Бизнесийн амжилтын хамгийн том шалгуур болох хувцаслалтаа зөв сонгож чадвал таны хувцас таныг дуугараагүй байхад хэн бэ гэдгийг тань бусдад хэлж байр суурийг тань бататгаж байдаг.  

Бизнес эрхлэгч, эрчүүд, эмэгтэйчүүд гээд ялгаж авч үзээд зөвлөгөө өгөөч?         

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан “POWER SUITES” буюу “хүчирхэг хослол” нь өнөөгийн бизнесийн орчин, ажлын байранд стандарт тогтоож байна. Нэг үгээр “Power Suites” таны хүчтэй зэвсэг гэж хэлж болно. Бүх цаг үед тийм байсаар ирсэн. Сүүлийн үед загварын шийдэл нь улам нарийсаж гайхалтай хүчирхэг иж бүрдлүүдийг санал болгож байна.  

Аливаа амжилт өөртөө итгэх итгэлээс эхэлдэг бол тэр итгэлийн түлхүүр “стиль” юм.

“Innov Style” зөвлөж байна

“Innov Style” зөвлөж байна

Эмэгтэйчүүдэд илүү олон сонголт байгаа учраас боломжоо маш ухаалгаар ашиглаж өөрийн биеийн давуу талуудыг болон зан чанарыг тодотгосон хүчирхэг хослолыг сонгох нь оновчтой шийдэл болно. Харин эрчүүдийн хувьд цэвэрхэн мэргэжлийн дүр төрх, зөв гуталны сонголттой байхад л та өөрийгөө болон  бусдыг хүндэлсэн стилийг бүрдүүлж чадна. 

Хувцаснаас гадна бусад дагалдах хэрэгсэл, гоёл чимэглэл стиль тодорхойлолтод хэр зэрэг нөлөөтэй вэ? Мөн эдгээрийг сонгохдоо юун дээр анхаарах ёстой вэ?

Бидний амьдралд маш олон хэрэгцээ бий. Тэр бүхний араас хөөцөлдөж бүх нөхцөл байдалд зориулсан хувцас гоёл чимэглэлийг олох гэж оролдох нь тусгүй, бас бүтэшгүй.  Миний хувьд аль болох тухайн хүнд зохисон өнгө, биеийн галбирт тохирсон хувцсыг зөв сонгоход нь илүү ач холбогдол өгч зөвлөдөг. 

Монгол хүний онцлог гэж бий. Үүнийг бизнес эрхлэгчдийн стильд шингээх боломжтой юу?

Монгол хүний онцлогт тохирсон  үсний засалт, нүүр будалт, хувцасны сонголтыг хувийн стилистийн тусламжтайгаар бүрдүүлэх боломжтой. Хувцсаа зөв сонгосноор та үзэсгэлэнтэй харагдахаас гадна өөртөө сэтгэл хангалуун болж итгэл төгс болно.                        

Зөвхөн бизнес эрхлэгч гэлтгүй бусад монголчуудад стиль имидж бүрдүүлэлт дээр нь оноо өгөөч гэвэл 10-аас хэдэн оноо өгөх вэ?

Бид бүгд өөр өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягтай хувь хүмүүс. Багахан зориг, зориулалт гаргаад өөрийнхөө боломж бололцоогоор сайхан харагдахдаа анхаарчихвал хүн бүр 10 оноо авах боломжтой . 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б.Болорцэцэг

Аялж амрангаа ажилладаг цахим нүүдэлчдийн эрин үе

Өмнөх нийтлэл

Өсөх тусмаа хүртээмжтэй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох