Хүүхэд насаа хаана өнгөрөөсөн бэ?

Төмөр замын хүүхэд. Багаасаа Ханбүргэдэйн хашаан дотор өссөн. Анх оросууд байхад манайх нүүж ороод, их сургуулиа төгсч, ажилд орж, эхнэртэй болтолоо тэнд амьдарсан. Манай аав цэргийн хүн. Ээж нягтлан бодогч.   

Эцэг эхээс олж авсан гол хүмүүжил тань юу вэ?

Зорьсон зүйлээ хийж дуусгах, аливаа зүйлийг чанартай гүйцэтгэх тал дээр хангалттай сургамж авсан.  

Тэгвэл орос боловсролоос олж авсан гол үнэт зүйл?

Орос боловсролын нэг давуу тал нь асуудлыг томоор нь харж, уужуу хандах чадварыг илүү төлөвшүүлдэг. Жижигхэн асуудалд түүртээд байдаггүй. Асуудлын голыг сайн олж чаддаг. Шатар нүүж байгаатай адил. Нэг талаараа монгол хүмүүжилтэй ойр. Ажил дээр гараад зарим хүн том биш асуудалд ач холбогдол өгөөд, үүндээ стрессддэг. Ялангуяа жижиг сажиг ховын шинжтэй зүйл дээр бухимддаг. Миний хувьд энэ мэтэд ач холбогдол өгөөд байдаггүй. Энэ хандлага маань буруу биш гэдэг ч нь амьдралын минь туршид батлагдсан.

Та Хас банканд теллерээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Яагаад заавал теллер гэж? Арай дээгүүр албан тушаалаар эхлэх боломжтой байсан шүү дээ.

Би зээлийн мэргэжилтэн эсвэл теллер болох уу гэсэн сонголтоос анхны ажлаа сонгосон л доо. Би анх сургуулиа дөнгөж төгсчихөөд дээд албан тушаалд ажиллах бодолтой байсан. Улаан дипломтой төгссөн хүн чинь өөрийгөө том албан тушаалд очих байлгүй дээ гэж бодсон. Гэхдээ би ээжийн зөвлөгөөг дагасан. Ээж хэлэхдээ “Ажил голж болохгүй. Аливаа зүйлийг хамгийн багаас нь эхлээд сурвал илүү хол явна, илүү амжилттай байна” гэсэн юм. Тиймээс ээжийнхээ энэ зөвлөгөөг дагаад теллерээр ажилласан.

Компани яах гэж ажилчин авдаг вэ гэхээр өөрийгөө олон болгох гэж. Тиймээс чи ажилчдаа хайрлахгүй бол ажилтан чиний хэрэглэгчдийг хайрлахгүй, халамжлахгүй.

Теллерээс захирал болтлоо таван жил ажилласан. Энэ хугацаанд таны удирдлагад танигдсан давуу талыг та юу гэж хардаг вэ?

Санаачлагатай, идэвхи зүтгэлтэй байсан минь нөлөөлсөн байх. Зөвхөн ажил үүргийн хуваарийн дагуу ажиллах бус, санаачлага гаргадаг байсан юм болов уу гэж бодож байна.

Анх удаа захирал болохын айдас, алдаа оноо нь ямар байсан бэ?

Анх 2007 онд харилцагчийн үйлчилгээний төвийн захирал болж байсан. Тухайн үед хэлтсийн хэмжээний захирал болоход нэг давуу тал нь өмнө нь хамт ажиллаж байсан, аль хэдийнэ ойр дотно болсон найз, хамтран ажиллагчидаа удирдах болсон явдал юм. Нэг талаасаа тэдэнтэйгээ харилцах, ойлголцоход амар байсан ч нөгөө талаасаа энэ нь хүндрэл болж байсан. Нэг л өдрийн дотор өмнө нь мөр зэрэгцээд ажиллаж байсан хүмүүсийнхээ захирал нь болчихоор тэднийгээ яаж удирдах билээ гэсэн битүүхэн айдастай байсан. Удирдлагын арга ухааны хувьд эхний нэг жил асар их туршилт, асар их алдаатай

Ер нь бүтэхгүй юм байна гэж бодож байсан үе бий юу?

Өнгөрсөн хугацаанд бүтэхгүй юм байна гэсэн бодол огт төрж байгаагүй. Аливаа зүйлийн эхний төлөвлөгөө байхгүй бол өөр аргаар хэрэгжүүлж болох юм байна гэсэн Б төлөвлөгөө гаргаад явдаг.  

Та UBS телевизийн “CEO”-н шоунд орж байхдаа ажлын байранд орох гэтэл гологдож байсан.

Тухайн үед “Global CEO” нэвтрүүлгийн үр дүнд ялагчид АПУ, Шунхлай, Монгол стандарт гэх групп компаниудын гүйцэтгэх захирал болно гэж байсан юм. Миний хувьд нэгэн уул уурхайн компанид ажиллах санал ирээд уулзахад гологдож байсан. Тэдний голох болсон шалтгаан нь нэгдүгээрт, намайг зөвхөн банк санхүүгийн салбарт ажиллаж байсан, хоёрдугаарт, салбар дотроо зөвхөн Хасбанкинд ажилласан л туршлагатай гэж дүгнэсэнтэй холбоотой. Тэгээд би нэг компанид олон жил тууштай ажиллах нь давуу тал боловч нөгөө талаараа гүйцэтгэх захирлын хэмжээнд ирэхэд энэхүү түүх маань гологдох юм байна, тиймээс би олон салбарт ажиллаж үзэх шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон.

Та гадаад улсад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах гэсэн боловч Ч.Ганхуяг захирал таныг ятгасаар болиулж байсан гэсэн. Чамд би мэддэг зүйлээ зааж өгье гэж таньд хэлсэн. Тэгэхээр та Ганхуяг гэдэг хүнээс юу сурсан бэ?

Ч.Ганхуяг захирлаас одоо ч гэсэн сурсаар л байна. Би тэр хүнийг миний ментор гэж үздэг. Ментор хүн маань багш биш, дасгалжуулагч биш, миний юу хийхийг заадаггүй. Харин тодорхой шийдвэрүүдэд “Би үүнийг зөв гэж бодож байна. Чи өөрөө мэдээд шийдээрэй” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь амьдралд тохиолдож байсан ижил төстэй зүйлс дээр үндэслэж ямар боломж байгаагаа хуваалцдаг. Ч.Ганхуяг захирлаас шийдвэр гаргалт, ажилдаа хандах хандлага, ялангуяа удирдлагын арга барил тал дээр олон зүйл сурсан. Би өөрөө өмнө нь огт хүн удирдаж үзээгүй байж нэг жилийн хугацаанд Ч.Ганхуяг захирлын хажууд байснаараа олон зүйл сурсан.

Өнөөдөр таныг харахад эхлээд банк санхүүгийн салбарт, дараа нь худалдаа болон үйлдвэрийн салбарт, харин одоо эргээд банк санхүү, гэхдээ арай өөр төвшнийх буюу технологижсон чиглэлд ажиллаж байна. Эдгээр гурван салбарт гүйцэтгэх захирлаар ажиллахын ялгаа нь юу вэ? Хүндрэл бэрхшээл болон таашаал авдаг үе нь?

Би тухайн ажлыг урт хугацаанд буюу таван жилээр төлөвлөж байгаа ч гэсэн тухайн ажлыг авахаар богино хугацааны гүйцэтгэл хийгээд, тэндээсээ гүйцэтгэлийн таашаал авч чаддаг. Аливаа нэг ажлыг гүйцэтгэсний дараа хийгээд дуусгачихлаа гэдэг баяр хөөр, таашаал нь дараагийн ажил бүтээх, ийм хэмжээний ажил хийж чадаж байгаа юм чинь дараагийн түвшний ажлыг хийж чадах юм байна гэсэн урам зориг авдаг.

Өнгөрсөн хугацаанд ажилласан хамгийн хүнд салбар гэвэл үйлдвэрлэлийн салбар. Үйлдвэрлэлийг Монгол улсын хэмжээнд хийнэ гэдэг тухайн хүнээс асар их тэвчээр, хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Алдаатай шийвэр гаргаж болохгүй. Хэрвээ тэгвэл асар их хөрөнгө оруулалт, цаг хугацаа алдана. Энэ бүгдийг маш сайн тооцоолж, судалж байж ажил явуулах хэрэгтэй. Энэ тухай өнгөрсөн таван жилд “Сүү” ХК дээр ажилласанаараа туршлага хуримтлуулж чадсан.  

ГУРАВ ДАХИН ӨСГӨСӨН КОМПАНИАСАА ГУРАВ ДАХИН ӨНДӨР ЦАЛИН АВАХЫГ ХҮССЭН

“Сүү” ХК-ийг хөгжлийн үе шатанд хуваавал Гантулгын гэх тодотголтой өөрчлөлт явагдсан шүү дээ. Анх очиход компанийн байдал ямар байсан бэ? Ямар дүгнэлт хийв, гол өөрчлөлтийг юу гэж харсан бэ?

Намайг анх ажилд ороход компанийн үнэлгээ 28 тэрбум төгрөг байсан. Олон улсын санхүүгийн корпорациас их хэмжээний зээл авчихсан. Энэ зээлийн гурван сая ам.долларыг төлөх хугацаа нь болчихсон, зарим тохиолдолд хугацаа хэтрэлттэй байсан. Жилийн 30 тэрбум төгрөгийн борлуулалттай. Дотоодын арилжааны банкуудаас өндөр хэмжээний зээл авчихсан буюу нэмж зээл авах боломжгүй. Бүх хувьцаа болон үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьчихсан байдалтай компанийг анх хүлээж авч байсан. Мэдээж нэн тэргүүнд санхүүгийн өглөг, авлагыг цэгцлэх ажлыг төлөвлөсөн. Мөн бүтээгдэхүүний чанар тал дээр доголдолтой байсан борлуулалтын суваг дээр ажилласан. “Сүү” ХК-ийн борлуулалтын, түгээлтийн хэсгийг маш богино хугацаанд шийдэхийг зорьсон. Хүн хүч, хөдөлмөр, цаг хугацааг асар их зарцуулдаг мөртөө түгээлтийн машины хөргөлт нь сайн ажиллаагүй, эсвэл эвдрээд зогсчихсон гэх мэт алдаанаас болоод зарим нэг бүтээгдэхүүн борлуултад гардаггүй эсвэл чанараа алддаг гэх мэт тохиолдол гарч байсан. Тиймээс түгээлтийн машин бүгд баталгаатай, эвдрэлгүй байх ёстой гэж үзээд шинэ машин худалдаж авах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Шинэ машин авахдаа эрээвэр хураавар олон төрлийн брэндийн машин биш, нэг брендийг сонгоод тухайн газартайгаа хамтарч, төвлөрч ажиллах хэрэгтэйг анзаарсан. Тухайн үед сонгон шалгаруулалт зарлаад Mitsubishi-г сонгоод дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөр гаргаад борлуулалтын машины 75 хувийг шинээр сольж байсан. Энэ хөтөлбөр маань ч бидэнд үр өгөөжөө өгсөн. Борлуулалт нэмэгдсэн, мөн хэрэглэгчийн гомдол 10 дахин буурсан.

Сүү ХК бол ууган үйлдвэр, мөн төрийн өмчит компани байсан гэдэг утгаараа хоёр гурван үеэрээ ажиллаж буй хүмүүс тэнд байгаа. Орчин үеийн шинээр байгуулагдсан компанийг бодвол үйлдвэртээ, компанидаа хандах хандалага өөр байдаг байх. Ийм хүмүүстэй ажиллахын ялгаа байсан уу?

Сүү компанийн нийт ажилчдын 10 хувь нь нэг бол аав ээж нь ажиллаж байсан, нэг бол эмээ өвөө нь ажиллаж байсан гэх мэт удам дамжин ажиллаж буй ажилчид. Үүний давуу тал нь тэд ажилдаа эзэн болсон, ажлаа мэддэг, аливаа үүрэг даалгаварт маш хариуцлагатай ханддаг болдог юм байна лээ. Учир нь эцэг эх, эмээ өвөө нь бүхий л насаараа ажилласан учраас хүндэт ажилчин болчихсон байгаа шүү дээ. Тиймээс байгууллага доторх тэр нэр хүндийг унагаахгүйн тулд бусад ажилчдаас илүү хичээж ажилладаг. Ийм ажилчид надад маш их урам зориг, хүч өгдөг байсан.  

Таныг Сүү ХК-д ажиллах хугацаанд боловсон хүчний оролт, гаралтын урсгал яаж өөрчлөгдсөн бэ?

Зарим нэг СЕО-нуудын хувьд өөрийн багтайгаа тухайн компанид очоод ажилладаг арга барил бий. Харин миний хувьд өмнө ажиллаж байсан байгууллагаасаа ажилтнаа хамт аваад явдаг зүйл байхгүй. Намайг хамтарч ажилла гэсэн багтайгаа ажилллахыг илүүд үздэг. Үнэхээр тохирохгүй, болохгүй байгаа тохиолдолд солиод ажилладаг. Сүү ХК-ийн хувьд хүний нөөцийн эргэлтийн хувьд нэлээн өндөр байсан. Зарим /ачигч, түгээгч/ албан тушаалын хувьд эргэлтийг бууруулах тал дээр цалингийн системд өөрчлөлт оруулж борлуулалттай нь уях ажил хийсэн. Хөдөлгөөн ихтэй ажлын байран дээр ямар шалтгааны улмаас хөдөлгөөн орж байгаа гэдэг үндсийг нь олоод үүнийг байхгүй болгох тал дээр анхаарч ажилласан. Нийтдээ компанийн соёлыг сайжруулах шаардлагатай байсан. Тэр болгон захирал өөрөө заавал ажиллагсадыг цуглуулж хурал хийгээд ажиллагсаддаа хандаж юм ярих шаардлагагүй. Нийгэм рүү чиглэсэн мэдээлэлдээ /сонин сэтгүүл, телевизийн ярилцлага, нийтлэл гэх мэт/ өөрийнхөө зорилгыг хуваалцахад тухайн ажилчид үздэг. Тиймээс тэрхүү ярилцлагаараа зөвхөн олон нийтэд бус давхар ажиллагсаддаа компанийн соёлтой холбоотой мэссэжийг өгдөг.

Та 2016 онд Сүү ХК-ийн соёлыг төлөвшүүлэх зорилготой байна гэж ярьж байсан. Тухайн компанид ажилласан таван жилийн хугацаанд энэ компанийн соёлын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан бэ?

Тухайн үед Сүү ХК-д компанийн соёл гэж байгаагүй. Компанийн эрхэм зорилго, алсын хараа гэх үгнүүд нь модон буюу хамт олонтойгоо ерөөсөө наалдаж өгөөгүй, хамт олон нь тэрийгээ ерөөсөө мэдэхгүй, цээжлээгүй байсан. 2000-аад оны үед компаниуд алсын хараа, эрхэм зорилго, компанийн засаглалтай байх ёстой гэсэн хандлагатай ч голдуу маркетингийн багаас цаасан дээр бичиж өгснөөс цааш хэтэрдэггүй байсан. Ажиллагсдын зүгээс энэ нь чин эрмэлзэл, хүсэл нь мөн байна уу гэдгийг нэг ч удаа асуудаггүй байв. Тухайн үед одоогийн “сүүн соёл” гэх үг ч байгаагүй. Харин би ажлаа аваад ямар ч байсан нийт 400 ажилтантай, 2500 фермертэй хамтарч ажилладаг том компани өөрийн гэсэн соёлтой байх ёстой гэж үзсэн. Учир нь том компанийг соёл нь удирддаг, жижиг компанийг сайн гүйцэтгэх захирал удирддаг, дунд зэргийн компанийг сайн менежмент удирддаг. Бидэнд соёл хэрэгтэй байсан учраас соёлоо тодорхойлъё гэж шийдсэн. Энэ тал дээр Б.Гантулга ийм соёл бүтээнэ гэж бичиж болох байсан ч тэгээгүй. Бүх ажилчдаасаа цайны цагаар нь асуулга авсан. Бид өөрөө асуугаагүй. Учир удирдлага өөрсдөө асуусан бол ажилчид биеэ барих байсан. Тиймээс маркетингийн багаа явуулаад бүх ажилчдаасаа асуулгасан. Тэр асуулт нь:

  1. Сүү ХК-д яагаад ажилладаг юм?
  2. Таны бодлоор Сүү ХК гэж юу юм?
  3.  Сүү ХК-ийн юу нь таалагддаг юм бэ?
  4.  Ирээдүйд Сүү ХК ямар компани болвол танд таалагдах вэ? Ямар компани болоосой гэж бодож байна вэ?
  5. Таны ажиллах мөрөөдлийн компани чинь ямар байвал зүгээр вэ гэж асуусан.

Ингээд ажиллагсадынхаа хариултыг уншихад хагийн их давтагдсан үг нь “Сүүн цагаан сэтгэл” гэх үг байсан. Мөн “буянтай үйл”, “цагаан мөртэй” гэх мэтээр хариулсан. Тиймээс бид “Сүү” гэдэг дээр соёлоо тогтооё гэж шийдсэн. Ажиллагсадынхаа хэлсэн “Есөн цацал шиг” гэх мэт үгсийг ашиглан ажиллагсдын эрхэмлэх есөн зүйлийг гаргасан. Үүнийгээ гаргаад нэгхэн өдрийн дотор хэрэгжүүлэхгүй шүү дээ. Бас л олон нийтэд өгч буй ярилцлагадаа энэ тухайгаа дурдахаар ажилчид өөрсдөө сонирхож эхэлж байгаа юм. Ажилчид “Захирал удахгүй соёлтой болно гэж ярьж байна, бидний соёл ийм байсан юм байна байна ш дээ” гэх мэтээр ярьж байсан. Өөрөөр хэлбэл, хэдийнэ бий болсон ч мэдэхгүй байсан зүйлийг нь ойлгуулж, баталгаажуулсан. Ингэснээр шинэ ажилчин орж ирэхэд байгууллагын соёлд хурдан уусах боломж бүрдсэн. Ажиллагсад өөрсдийнхөө ажиллах мөрөөдлийн орчингоо бүрдүүлээд, Сүү компанийг ямар түвшинд хүргэх вэ гэдэгт анхаарч ажилладаг болсон.

Сүү ХК-тай адилхан гараанаас эхэлсэн компаниуд Сүү ХК-тай ижилхэн менежмент хийвэл адилхан түвшинд очих юм шиг санагдаж байна. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Надад ийм бодол байдаг. Хуучны компаниудын дотор нь ажиллаж байгаа хүмүүс “Бид яагаад идэвхтэй байж болдоггүй юм бэ, яагаад арай өөр байж болдоггүй юм бэ” гэж  боддог байлгүй дээ. Даргын суудалд хэрэгтэй, хэрэггүй хүмүүс оччихоод албан тушаалдаа хоргодоод байдаг. Эдгээр хүмүүс нь тушаа болоод байдаг болов уу гэж би боддог. Би 2014 онд анх Сүү ХК-ийн захирал болж байхад 28 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, 30 тэрбум төгрөгийн борлуулалттай компани байсныг таван жилийн дараа зах зээлийн үнэлгээг нь 92 тэрбум төгрөгт, борлуулалтыг нь 70 тэрбум төгрөгт хүргэсэн. Миний хувьд би энэ компанийг энэ цэгээс энэ цэг хүртэл өсгөсөн гээд тэндээ том толгойлоод суугаад байж болно. Бас тэндээ бүх ажлаа гартаа оруулчихсан, тухтай, бүх ажилчидаа таньдаг, хэн юу чаддагийг мэддэг, зах зээлд хэрэглэгчид юу хүсдэгийг мэддэг, өрсөлдөгчидөө ямар ямар ажил хийдгийг мэддэг, улс төрийн орчин энэ тал дээр ямар хандлагатай байдгийг мэддэг гэх мэт бүх харилцаа холбоо үүсчихсэн тухтай нөхцөл дээр байгаад байвал байхаар. Гэхдээ дараагийн таван жилийн хугацаанд 70 тэрбум борлуулалтыг 140 тэрбум болгож чадах уу, үгүй юу гэдэг асуулт бий болсон. Хэрвээ болгож чадах юм бол үүндээ тохирсон цалин урамшуулал авах ёстой гэж би хувьдаа бодсон. Гэхдээ хангалттай хэмжээний цалин урамшуулал нь ирэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Мөн хэдий 70 тэрбумын борлуулалт хийж байгаа ч 64 тэрбумын зарлага гаргаж байгаа гэхээр зургаан тэрбум төгрөгийн ашиг олж байгаа компанийг удирдаж байсан гэсэн үг. Үүнээс 60 тэрбум төгрөгийн зарцуулалт нь миний удирдлага дор явагдаж байсан. Гэхдээ би тэр их мөнгийг цацаад байсан юм биш. Тухайлбал 64 тэрбум төгрөгөөс 20 гаруй тэрбум төгрөгийг малчдаас сүү худалдаж авахад зарцуулна. Эдгээр бүх шийдвэрийг гүйцэтгэх захирал гаргадаг. Тиймээс энэ мэт том шийдвэр гаргаж байгаа хүний цалин нь тэр хэмжээндээ байх ёстой. Би таван жилийн хугацаанд төлөвлөсөн зүйлсээ хийсэн. Ингэж таван жилийн хугацаанд ажиллахдаа би нэг удаа, нэг ч төгрөгөөр цалин, урамшууллаа нэмүүлээгүй явсан юм. Миний зүгээс ТУЗ-д хандаж хэлэхдээ “Би одоогийхоос гурав дахин бага компанид ирээд ажилласан. Харин одоо гурав дахин том компани болсон. Тиймээс би цалингаа гурав дахин өсгөнө” гэж хэлсэн. Хэрвээ тэгэх юм бол би дараагийн таван жилд компанийг хоёр дахин өсгөх боломжтой байсан. Гэхдээ миний шаардсан цалинг өгөх боломжгүй гэсэн. Энэ бол тухайн компанийн хүмүүсийн зөв. Тэд өөрсдийнхөө боломж бололцоог харах хэрэгтэй. Тэд түүхэндээ тийм хэмжээний цалин хүнд өгч үзээгүй. Тийм цалингийн талыг ч өгч байгаагүй хүмүүст хэцүү шүү дээ.

ХӨГЖИНГҮЙ ОРОНД СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ ШИЛДЭГ ЗАХИРАЛ

 Хамт олноо сэдэлжүүлэх тал дээр ямар арга хэрэглэдэг вэ?

Би ажиллагсадтайгаа 100 хувь нээлттэй байхыг илүүд үздэг. Би зөвхөн ажил дээрх асуудлыг мэдэхээс гадна тухайн хүний нийгмийн идэвхи, спортын болон урлагийн сонирхол, ар гэрийн байдал тал дээр ч тодорхой хэмжээнд мэдээлэлтэй байхыг хүсдэг. Тухайн ажилтанг зөвхөн ажилдаа төвлөрөх боломжийг нь олгохын тулд дээрхи мэдээллийг аваад, аль болох ойрхон байхыг хичээдэг.

Миний анзаарснаар компаниудын толгойны өвчин нь Y, Z үеийнхэн болчихсон юм шиг. Эдгээр хүмүүстэй ажиллахдаа та ямар зарчим баримталдаг вэ?                                       

Одоогийн шинээр орж ирж буй залуучуудын ихэнх нь 1990-ээд оноос хойшоо төрсөн залуучууд байгаа. 1990-ээд онд аав ээж нар ороо бусгаа хөдөлгөөнтэй, бүгдээрээ амьдралаа аятайхан болгох гээд бизнес, наймаа хийгээд явж байсан нийгэмд амьдарсан. Яг энэ үеийн хүүхдүүдэд хүмүүжлийн хувьд анхаарал нэлээн дутагтсан. Биднийг хүүхэд байхад аав ээж нь загнаад л, хэрэг хийвэл багш нартаа зодуулаад л өссөн. Энэ нь эргээд хүнд зодуулахад асуудал биш юм шигээр хандаад явж байгаа юм. Харин одоогийн залуучууд тийм биш. Биднээс ялгаатай нь байнга магтаалын үг сонссон болохоор тэднийг магтаад байхаар улам сайн ажилладаг болчихсон. Жишээлбэл, би хүүхдээ аль болох загнаж зодохгүй, магтаад л байдаг. Гэхдээ ингэж өссөн хүүхдүүд нийгэм рүү гарахаар шоконд ордог. Учир нь ажил дээр гарахаар удирдлагын түвшний хүмүүс хуучин ажилчдаа удирддаг аргаар шинэ ажилтанг удирдах гэхээр ерөөсөө болдоггүй.

Мөн шинэ үеийн залуучууд удирдагчаа их хардаг. Залуучууд зүгээр нэг ажилд ороод, цалин авахаас илүү захирал хүнээс юм сурах сонирхолтой. Харин тухайн удирдаж байгаа хүн нь нэг юм аа олон дахин яриад л сурах зүйлгүй байвал залуучууд тэнд ажиллах сонирхолгүй болдог. Тиймээс энэ тал дээр ийм залуучуудтай ойр ажилладаг, тэднийг ойлгодог, мөн тэднийг манлайлдаг гүйцэтгэх захирлууд эрэлттэй байна.   

Таны аливаа шийдвэрийг хамгийн түрүүнд гүйцэтгэх хүмүүс бол менежерүүд. Та менежерүүдтэйгээ ямар арга барилаар ажилладаг вэ?

Менежерүүдийг байнга сургах хэрэгтэй. Тодорхой ажлыг сайн хийсэн бол цаг тухайд нь урамшуулж байх хэрэгтэй. Энэ бол заавал том байх албагүй ч маш чухал зүйл. Тухайн цаг үед нь тохирсон урамшууллыг заавал өгч байх ёстой. “За захирлаа би ийм юм хийчихлээ” гэхэд тэрийг нь магтаж байх хэрэгтэй. Энэ нь өөрөө эргээд асар том урам зориг, дараагийн ажлыг амжилттай явуулах эрч хүч өгдөг. Харин эсрэгээрээ чимээгүй явж явж байснаа жилийн эцэст энэ сайн ажилтан гээд шилдэг менежерээр цоллоод 100 сяа төгрөг өгсөн нь тухайн үедээ өгч байсан жижиг урамшуулыг бодох юм бол сэтгэл зүйн хувьд хамаагүй бага нөлөөлөлтэй. Гэтэл нөгөө сайн ажилтан маань жилийн турш байнгын баярлах ёстой байтал жилийн эцэст ганцхан баярлаад байна шүү дээ. Мөн ажил гүйцэтгэх юм бол урамшуулал авна, сайшаагдана гэсэн мэдрэмжийг өгч байх ёстой.

CEO хүн ямар ажил хийх ёстой юм? Ялангуяа  Монголын нөхцөлд хэрхэн ажиллах вэ?

CEO -гийн номер нэг шаардлага бол алсын хараа. Шийдвэр гаргалтын хувьд сайн бөгөөд туршлагатай байх хэрэгтэй. Миний хувьд маш залуугаасаа захирал хийсэн учраас тодорхой хэмжээнд хүн удирдах, тодорхой хэмжээнд алсын харааг тодорхойлох тал дээр хүчтэй. Энэ нь магадгүй орос боловсролын давуу тал байж болно. Тэр тусмаа аливаа ажлыг урт хугацаанд харах тал дээр сайн юм болов уу гэж боддог. Магадгүй энэ нь өөрөө өнгөрсөн хугацаанд амжилт гаргахад нөлөөлсөн  байж магадгүй.

Дараагийн гол чанар бол гүйцэтгэх чадвар. Ажлыг хийж гүйцэтгэх ёстой. Албан тушаалын нэр нь хүртэл гүйцэтгэх захирал шүү дээ. Гүйцэтгэлийн чанар тал дээр маш сайн байх ёстой.

Гуравдах чадвар бол харилцаа. Нэгдүгээрт ажилтантай харилцах харилцаа, хоёрдугаарт хөрөнгө оруулагчтай харилцах харилцаа, гуравдугаар хэрэглэгч, харилцагчтай харилцах харилцаа. Миний хувьд ямагт ажилчдыг номер нэгт тавьдаг. Компани яах гэж ажилчин авдаг вэ гэхээр өөрийгөө олон болгох гэж, олон хүнд хүрэх гэж. Тиймээс чи ажиллагсадаа хайрлаж, халамжлахгүй бол чиний ажилтан чиний харилцагч, хэрэглэгчдийг хайрлахгүй, халамжлахгүй. Тиймээс нэн тэргүүнд ажиллагсадаа хайрлавал эргээд харилцагч хэрэглэгчдэд илүү чанартай хайр халамж очно.  

Ихэнх залуу CEO нар баруунд боловсрол эзэмшсэн байдаг. Харин таны хувьд баруун боловсрол эзэмшээгүй. Амжилттай CEO болоход заавал баруунд боловсрол эзэмших шаардлагагүй юм байна. Өөрийгөө дайчилж өндөрлөгт гарсан /өөрийгөө түлхдэг/ чанарыг та яаж олж авсан бэ? Монголд нэр хүндтэй их, дээд сургуулийг улаан дипломтой төгссөн ч ажилгүй байгаа хүмүүс цөөнгүй бий.

Ч.Ганхуяг захирлаас сурсан зүйлсийн маань нэг. Өөрөө өөрийгөө асаадаг. Хэн ч хий гэж хэлээгүй байхад өөрийнхөө санаачлагаар тухайн ажлыг эхлүүлчих чадалтай хүсэл эрмэлзлэлийг өөртөө асаагаад улайраад явчихдаг зан араншинтай. Энэ нь залуучуудад байх боломжтой зан араншин. Хэн юу хий гэснийг нь хийгээд суудаг хүн байж л байдаг.

 28 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, 30 тэрбум төгрөгийн борлуулалттай компани байсныг 5 жилийн дараа зах зээлийн үнэлгээг нь 92 тэрбум төгрөгт, борлуулалтыг нь 70 тэрбум төгрөгт хүргэсэн.

Та 2016 онд хэлж байхдаа Сүү ХК-аас гараад гадаадад сурна гэж ярьж байсан. Гэхдээ сураагүй, гадагшаа яваагүй байна. Та яагаад Lend.mn-ийн хамт олныг сонгосон юм бэ?

Өнгөрсөн оны сүүлээр сурна гээд гэрээ дуусаад гарсан. Бас дахиад л менторуудтайгаа уулзсан, мөн компаниудаас их санал ирсэн. Өнгөрсөн хугацаанд 11 компанитай уулзсан. Зарим нэгэнтэй нь өөрөө очиж уулзсан. Тэгээд үлдэе, ажиллая гэж шийдсэн. Өөртөө хуримтлуулсан туршлага, мэдлэг, чадвараа нэгэнт Монгол Улсдаа, хэрэгтэй байгаа газарт нь зориулахыг хүссэн. Гүйцэтгэх захирал эсвэл менежер болох гэж байгаа хүмүүс мастерт сурдаг. Чи угаасаа амьдралаараа бизнесийн удирдлагын мастерт сурсан учраас үлдээд ажилла гэж зөвлөсний дагуу би сурахаа болиод үлдсэн.

Lend.mn -ийн хувьд өнгөрсөн жилээс эхлэн би ТУЗ-ын хараат бус зөвлөлийн гишүүн байж байгаад IPO гаргахад нь сонгогдоод ажилласан. Энэ талаасаа Lend.mn -тэй илүү ойр байсан юм. Анх би Сүү ХК-ийг сонгож байхад манай найзууд болон өмнө нь ажиллаж байсан захирлууд “Чи яах гэж Сүү-г сонгосон юм бэ, хөдөөний компани юм биш үү, сүү мал аж ахуй гээд л… Харин чи хослолтой ганган залуу шүү дээ” гэж хэлж байсан. Тухайн үед миний өнцгөөр Сүү ХК байгаа байрнаасаа хэд дахин өндөр байх боломжтой гэдэг нь харагдаж байсан учраас уг компанийг сонгоод орсон.

Lend.mn IPO хийгээд нэг л жил болж байгаа, үүсгэн байгуулагдаад хоёрхон жил болж байгаа. Гэхдээ одоо зах зээлийн үнэлгээ нь 50 тэрбум төгрөгт хүрсэн. Эхний жилдээ бид 2,5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Бидний цаашдын потенциал асар өндөр. Бид 2019 онд ашгаа дахин 2-3 дахин өсгөнө. Тиймээс би ойрын таван жил яг Сүү ХК-д гаргасан шиг өсөлт, амжилтуудыг гаргаад явна. Хүмүүс одоохондоо Lend.mn гэхээр зээл өгдөг, гүйлгээ хийдэг, 500 мянган хэрэглэгчтэй аппликэйшн гэж одоогийн байгаа нөхцөлөөр нь харж байгаа. Харин ойрын таван жилд Lend.mn одоо байгаа 50 тэрбумаасаа дахиад 2-3 дахин өсөх потенциал энэ компанид байгаа. Бас нэгэн давуу тал нь үйлдвэрлэлийн салбартай харьцуулахад финтек гэдэг утгаараа аливаа шинэ санал, санаачлага хэрэгжүүлж ажиллахад аливааг хурдан хийж болно. Үйлдвэрт шинэ бүтээгдэхүүн гаргах гэж, шинэ машин худалдаж авах гэж багадаа хоёр жилийн хугацаа зарцуулдаг. Бас үүнийгээ батлуулах гэж их хугацаа шаарддаг учраас миний хувьд Сүү ХК-д эхлүүлж амжаагүй, дуусгаж амжаагүй ажил байгаа. Ойрын хугацаанд бид Монголын олон салбарт технологид суурилсан дэвшлийг авчирна. Гэхдээ бүгдийг нь өөрсдөө хийхгүй. Энэ тал дээр дэвшлийг авчирж байгаа залуучуудтай хамтраад, туслаад ямар ч байсан энэ ажлыг хийнэ. Тиймээс хэдхэн жилийн дараа бүхий л салбар дээр Lend.mn -ээр төлбөр тооцоо хийх гэх мэт ажлыг удирдаад явна.

Lend.mn бусад компанийг бодвол компанийн соёл өөр, ажиллаж буй хүмүүс нь хүртэл өөр.  Хурдтай, мэдлэгээр зэвсэглэсэн залуучууд шүү дээ. Тиймээс Б.Гантулга гэх CEO -н хувьд энэхүү компанид ямар хувь нэмэр оруулна гэж бодож байна вэ? Таны цээжинд ямар бодол байна вэ?

Миний хувьд өнгөрсөн хугацаанд банк санхүүгийн чиглэлээр ажиллаж багагүй туршлагатай болсон. Хэрвээ банкны салбарын гүйцэтгэх захирал болвол харилцагч талаас нь харж чаддаг мэдлэгтэй гүйцэтгэх захирал болоод эргэж салбартаа /би өөрөө банкны мэргэжилтэй/ ажиллана гэсэн зорилготойгоор Хас банкнаас гарсан. Дараа нь “Monnis” группт ажилд ороход азаар уг групп нь уул уурхайн чиглэлээр, иргэний агаарын чиглэлээр өргөн үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Мөн Сүү ХК үйлдвэрлэлээс гадна ХАА чиглэлээр ажилладаг хувьцаат гэдэг утгаараа хөрөнгийн биржийн талд анхаарч ажилладаг. Тэгэхээр эдгээр компанид ажилаж байхдаа өөртөө салбарын мэдээллийг цуглуулаад авчихаж байгаа юм. Тйимээс финтекийн компанид ороод ажиллахад ч өмнө хуримтлуулсан энэ талын мэдлэг, харилцаа холбоо, туршлага зэрэг нь Lend.mn компанид оруулах миний хувь нэмэр юм . Миний хувьд финтек бол шинэ салбар биш. Хас банкинд ажиллаж байхдаа хамгийн анхны интернет банк, анхны мобайл банкны үйлчилгээг харилцааны төв дээрээс эхлүүлж байсан.

Та хэд хэдэн газар гүйцэтгэх захирлаар ажиллаад туршлага хуримтлууллаа. CEO-гоор ажиллаж байсан хамгийн хүндрэлтэй ямар үе байсан бэ?         

Хүнд үеүд зөндөө байна. Баяр хөөртэй үе ч их. Миний амьдралын философи гэж байдаг. Хүн үргэлж жаргахгүй, хүний амьдралд дандаа амархан бүтдэг ажил гэж байхгүй. Зовлон гэдэг нь амьдралын нэг өнгө. Миний зовлон гэж бодож байгаа зүйл өөр хэн нэгний хувьд хамгийн том жаргал нь байж магадгүй. Нөгөө талаар миний жаргаж байгаа зүйл хэн нэгний хувьд тэсч тэвчишгүй зовлон байж болно. Тиймээс амьдрал гэдэг зүйл нэг өнцгөөс нэг нүдээр хардаг зүйл биш. Тухайн зовлонг дуусахыг нь хүлээж их цаг хугацаа авна, эсвэл хурдан дуусгахын төлөө тэмцэнэ.

ӨӨРИЙГӨӨ ТЭР ИНГЭЖ ЯЛСАН

Та энэ их ажлын хажуугаар өөртөө яаж цаг зарцуулж байна вэ?

Хоногийн 24 цагаас хүн дор хаяж найман цаг унтах ёстой. Би нойроо хангалттай авч, найман цаг унтахыг хичээдэг. Учир нь нойр хэзээ ч нөхөгддөггүй. Зарим хүмүүс амралтын хоёр өдөр унтаад нойроо нөхнө гэж боддог. Харин энэ нь хүн сэтгэлээ л хуурч байгаа хэрэг. Тиймээс тухайн өдөр болгондоо амралтаа авахыг хичээдэг. Амралтын өдөр илүү унтахыг боддоггүй. Өглөө босох цагтаа босоод хувьдаа болон гэр бүлдээ зарцуулах цагтаа анхаарал хандуулдаг. Тиймээс амралтын өдөр надад их урт удаан өнгөрдөг.

Та туялзуур сэлмээр хичээллэдэг. Энэ спортын онцлог нь юу юм? Эндээс өөртөө юу олж авдаг вэ?

Энэ спортын хувьд шийдвэр маш хурдан гаргадаг. Нэг талаасаа хурдан шатартай төстэй ч,  дээр биеийн хөдөлгөөнийг оруулж өгдөг. Тиймээс асар их дарамтад тулалдаад оноо авдаг, нэг оноо авснаар бүх юм шийдэгддэггүй, 15 оноо авч байж зорилго биелдэг. Энэ талаараа бизнестэй адилхан. Зөвхөн бизнес гэлтгүй улс төр, нийгмийн идэвхи зэрэгт сэлмийн спортоос гарсан амжилттай яваа хүмүүс олон бий. Маш хурдан шийдвэр гаргадаг, илүү тэмцэгч болдог зан чанарыг хүнд суулгаж өгдөг. Хүн ялагдсан ч гэсэн нурмайдаггүй, дараагийн тоглолтдоо бэлдээд бодоод сууж байдаг. Давуу тал нь байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас бүх биеийн оролцоог хангадаг, эрүүл хөдөлгөөнийг агуулсан цогц спорт гэж боддог.

Мөн маш цэвэрхэн спорт. Бүх зүйл нь цагаан, гэмтэл бэртэл байхгүй, дандаа зайнаас сэлмээрээ хүрнэ, зүгээр зогсоно гэсэн үг биш, зүгээр зогсоод байвал хүн ирээд хатгачихна шүү дээ. Байнга хөдөлж байхдаа тархи давхар ажиллаж байдаг. Өрсөлдөгч талд бас тийм процесс явагддаг. Яг хичээллээд үзвэл маш гоё спорт. Манай найз санал болгосон. Энэ спорт нь Олимпийн анхны дөрвөн төрлийн нэг юм байна. Эртний Грекийн Олимпоос эхлээд орчин үеийн Олимп хүртэл явсан. Нэг ч удаа Олимпын төрлөөс хасагдаагүй. гүйлт, Анхны дөрвөн төрөл нь усан сэлэлт, уран гимнастик, туялзуур сэлэм.  Мөн хүний суурь булчинг сайн хөгжүүлж чаддаг. 

Оюутан байхдаа DJ, загвар өмсөгч байсан. Эндээс амьдралдаа авч үлдсэн зүйл нь юу вэ?

Сүүлд Юнителийн рекламд тоглоход тэднй хамт олон таны тухай бичмээр байна гэсэн хүсэлт тавьсан. Загвар өмсөнө гэхээр загварын дугуйланд хувцсыг зүгээр нэг өмсчихгүй, хэтэрхий алиалагч шиг эрээн мяраан хувцаслахгүй, донжийг нь олоод хувцасладаг аргыг зааж өгдөг. Мөн олны газар биеэ авч явахад сургадаг. Хөтлөгч, DJ гэхээр үг яриагаа тодорхой хэмжээнд бэлтгэдэг гэх мэт хийсэн ажил болгоноосоо суралцдаг. Тухайлбал зөөгч хийхэд харилцааны чадварыг сайжруулдаг. Зөөгч хийхэд хүнтэй харилцах, өөрийгөө ойлгуулах, тухайн хүнийг ойлгоход харилцааны өндөр чадвар шаарддаг ажил шүү дээ. Би 16 настайдаа ЕБС-иа төгсөөд бааранд бармен хийж байсан. Насанд хүрээгүй хүн архи хундагалаад зогсох нь хууль бус ч гэсэн тухайн үедээ ийм ажил хийдэг л байсан. Ар гэрээс ажил хий гэж шаардаад, мөнгөгүй болсондоо бус санхүүгийн хувьд аав ээжээсээ хараат бус байх нь таалагддаг байсан. Өөрөө сурагч байхдаа үс засаад мөнгө олдог байсан болохоор тэр мөнгөө хүссэн зүйлдээ үрэх нь сайхан байсан. Нэг үгээр бие даах хүсэл маань хүчтэй байсан болохоор дунд сургуулиа төгссөн зундаа бааранд зөөгч хийхэд нөлөөлсөн.

СҮҮ ХК-ийн ТУЗ-д “Би одоогоос гурав дахин бага компанид ирсэн. Харин одоо 3 дахин том компани болсон. Тиймээс цалингаа гурав дахин өсгөмөөр байна” гэж хэлсэн.

Зарим хүнд урам зориг авдаг обьект гэж байдаг шүү дээ. Хүнээс авсан эд зүйл, хэлсэн үг гэх мэт. Таны хувьд ийм зүйл байна уу?

Дуу хөгжим. Би дуу сонсохоороо сэтгэл амардаг. Би айлын ганц болохоор ганцаараа байх дуртай. Анх эхнэртэй болчихоод эхнэртэйгээ хамт унтаж чаддаггүй байлаа шүү дээ. Хажууд хүн хөдлөөд байхаар унтаж чаддаггүй байсан. Ганцаараа дуу хөгжим сонсоод байх дуртай. Ямар ч хүнд үед эсвэл жаргалтай үед хажуудаа дуу хөгжим байлгах дуртай.  

Та нэлээн бүрэг үү?

Тийм. Анх ЕБС-иа төгсчихөөд олон нийтийн газар ичээд хоол идэж чаддаггүй байсан. Тэгээд fm-ийн хөтлөгч болоод, DJ болоод, загвар өмсөгч болоод олон хүмүүстэй харилцаад эхлэхээр гайгүй болсон. Мөн Ч.Ганхуяг захирлын хажууд байснаараа тэр хүн ажлаа хэрхэн явуулж байгааг, хүнтэй яаж харилцаж байгаа зэргээс суралцсан. Найзуудтайгаа уулзах үед миний ярих зүйл байхгүй бол, эсвэл хурлын үеэр надад хэлэх үнэхээр сайн санаа байхгүй бол би зүгээр л бусад хүмүүсийг сонсох дуртай. Яагаад ингэж бодож байгаа талаар сонсож дотроо анализ хийх дуртай.

Та голдуу ямар төрлийн ном уншдаг вэ?

Сүүлийн үед намтар ном их уншиж байгаа. Учир нь бид амжилттай яваа хүмүүсийн зөвхөн амжилттай талыг нь хардаг. Гэтэл намтар номонд тухайн хүний хүнд хэцүү үеийг бичдэг. Мөн эхлэл үеийг их бичдэг. Дийлэнх хүмүүс нэлээн эрт бизнесийн гараагаа эхэлсэн байдаг. Нэг бол ядуу болохоор амьдрахын эрхэнд бизнесээ эхэлсэн хүмүүс, эсвэл дундаж айлынх мөртлөө бие даах хүсэл нь эрт бизнесийн орчинд оруулахад нөлөөлсөн жишээ олон. Эсвэл боломжтой айлын хүүхэд мөнгөө давуу тал  болгон өөрийгөө улам хөгжүүлсэн түүх ч цөөнгүй. Билл Гейтс болон Марк Зукербэрг нар Харвардын сургуулийг хаяад л амжилтад хүрсэн юм шиг буруу мэссэж олон нийтийн дунд яваад байдаг. Гэтэл Билл Гейтс маш баян, мөн ухаалаг айлын хүүхэд. Энэ хүн дэлхийг өөрчлөх санаагаа Харвардад орох үедээ л олчихсон байсан. Харвардад дөрвөн жил суралцаж дууссаны дараа санаагаа хэрэгжүүлэх гэхээр хоцорчих гээд байсан учраас сургуулиа хаясан.

Харин Стив Жобс бол нөгөө тал нь. Энэ хүн уйгагүй хөдөлмөрлөсөөр л байсан. Өөрөө л даруй хийхгүй бол хоцорчих гээд байдаг жишээ олон. Тйимээс Билл Гейтс зоригтой шийдвэр гаргаад сургуулиа хаяад бизнест орсон. Энэ нь амжилтыг бий болгосон. Харин Харвардыг хаясан хүн амжилтад хүрдэг гэж шууд дүгнэх нь маш буруу. Хүнд боловсрол маш чухал. Чамайг тэрбумтан болгох санаа байгаад тэр нь цаг хугацаанаас болоод алдагдах гээд байгаа бол сургуулиа хаяад явж болно.

Нөгөө талаасаа амжилттай явж байгаа хүн бүрийн түүхийн ард мянган амжилтгүй болсон түүх байдаг. Алдартай хүмүүсийн түүхийг уншхаар “цуцашгүй бай”, “битгий бууж өг”, “үргэлж урагшаа хар” гэсэн зөвлөгөө голлодог. Энэ нь миний бодлоор буруу. Учир нь энэ зарчмаар яваад амьдралаа алдсан хүн маш их байгаа. Тодорхой хэмжээнд зөв цагтаа зөв дүн шинжилгээ хийдэг байх хэрэгтэй. Буцах шаардлагатай бол буцах хэрэгтэй. Харин эцсийн дүндээ тэр зорилгодоо хүрэх ёстой. Уйгагүй хөдөлмөрлөх шаардлагатай юу гэвэл тийм. Гэхдээ ухаантай байх ёстой. Ухааныг суурь боловсролоос авна, хүмүүсээс суралцана.   

Та эрүүл мэнддээ яаж анхаардаг вэ?

Эрүүл мэндийн хувьд би нойр, хоол хоёртоо маш их анхаардаг. Өдөрт найман цагийн нойроо заавал авах гэж хичээдэг. Мөн би хамгийн чанартай хоол идэхийг хүсдэг. Өнөөдрийг хүртэл би нэг ч удаа хоолны порцны тухай хэрүүл хийж үзээгүй, хоолны порц таалагдаагүй үе байхгүй. Бага мөртөө чанартай хоол идэхийг эрмэлздэг. Хоолонд мөнгө хэмнэдэггүй. Хамгийн гол нь баталгаатай, эрүүл байх ёстой. Зарим хүмүүс үнэтэй машин унасан хэрнээ хоолон дээрээ мөнгөө хэмнэдэг. Эсрэгээрээ чанартай хоол идэх хэрэгтэй. Хүн эхлээд чанартай хоолны мөнгөтэй болох хэрэгтэй. Дараа нь эд зүйлдээ мөнгөө зарцуул. Үгүй бол миний хоолондоо хэмнэсэн мөнгө болгон ирээдүйд 10 дахин өсөөд миний эрүүл мэнддээ зарцуулах том зардал болно. Эд зүйл эвдэрвэл би сольж болно. Харин биеийг хэзээ ч сольж болохгүй. Надад эцэг, эхээс заяасан ганцхан бие байгаа. Тиймээс би энэ биендээ яагаад хямдхан хоол оруулна гэж. Тиймээс хамгийн чанартай гэсэн болгоныг идэхийг эрмэлздэг. Би хэзээ ч хоолонд мөнгө харамлаж үзээгүй.  

Та лам хуварга дээр очдог уу?

Очдоггүй. Би есдүгээр ангидаа Д.Чойжамц ламын лекцэнд очиж байсан. Тэр хүн бидэнд “Бурхан багшийн сургааль” гэсэн ном өгсөн. Тэр хүний лекц болон номоос лам дээр очих шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Тэр хүн тухайн үед “Маань гэдэг нь зүгээр төвдөөр хэлж байгаа ерөөл” гэж хэлсэн. Тйимээс сайн сайхан үг, дуу байнга хэлвэл чиний амьдрал сайн байна гэсэн үг. Хамгийн том бурхан бол ээж. Би наймдугаар ангийн төгсөлтийн шалгалтаа өгөхдөө лам дээр орж байсан. Харин дээрх лекцнээс хойш лам дээр ороогүй. Гэхдээ жил болгон эмээ, өвөөгөө хүндэтгэж мөрөө гаргадаг.

/Гэрэл зургийг Unread Today-ээс авав/

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (5 votes, average: 4.80 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Эрхэм гишүүнийг шинжихүй

Өмнөх нийтлэл

Г.Тэгшбүрэн: Ажлын ярилцлаган дээр цалингийн хэмжээ асуусан болгон буруу хандлагатай биш

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur