Би ажлаа хэрхэн сайжруулдаг вэТоп нийтлэл

Би ажлаа хэрхэн сайжруулдаг вэ: Муу ажилтан гэж байдаггүй, муу менежер л байдаг

0

Зөв хүнийг зөв газар нь зөв цагт ажиллуулахаас байгууллагын үйл ажиллагаа хэр үр дүнтэй байх эсэх нь шууд хамаарч байдаг. Гэвч байгууллага болгон бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Компанийн хөгжих боломжийг олж харж, сайжруулах ажлыг Дуайт Михаликс хийсээр 40 гаруй жилийг ардаа үджээ. Энэ хугацаандаа хувийн хэвшил, засгийн газар, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэж, олон баг ахалж ажиллаж байв. Тэрбээр менежерийн бүтээмж, байгууллагын дизайн, хариуцлагын тогтолцооны талаар мэргэшсэн олон улсын зөвлөх бөгөөд 2018 оноос хойш Олон улсын зөвлөхүүдийн институцийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.  Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институцитэй хамтарсан ажлаар Монголд цөөхөн хоног ирээд байхад нь түүнтэй уулзлаа. Ингээд салбар салбарын мэргэжилтнүүд болон бизнесменүүдийн ажлын арга барилын талаар ярьдаг “Би ажлаа хэрхэн сайжруулдаг вэ” буландаа Дуайт Михаликсийг урьж оролцууллаа.

-Зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн салбарын суурь мэдлэг мөн хэрэгтэй байдаг байх. Энэ үед та хэрхэн тухайн салбарын талаар судалдаг вэ?

-Ажилтан хоорондын харилцааг хэрхэн уялдуулснаар хамтын үр бүтээмж сайжирч цаашид илүү үр дүнд хүрэх үү гэдгийг би судалдаг. Мэдээж зөвлөгөө өгөх байгууллагынхаа ажилладаг салбарын талаар сайтар мэдэж байвал тухайн салбарынхаа ажилтнуудыг илүү ойлгодог. Дор хаяж л сургалтын дундуур тэдэнд илүү ойр жишээг ярихаас авахуулаад тэдэнд менежментийн арга барилыг илүү ойлгуулах боломжтой. Би азтай хүн. Анхны зөвлөх үйлчилгээний компанидаа маш олон ялгаатай төслүүд дээр ажиллаж, олон салбарын мэдлэгтэй болж, арвин туршлага хуримтлуулсан. Ийнхүү олон салбарт ажилладаг менежерүүдтэй ярилцаж тэдний ажлын арга барилд суралцаж байлаа. Хэрэв чи ямар нэг чиглэлээр гүн гүнзгий мэдлэгтэй бол тухайн салбарыг сайтар мэддэг хүнтэй хамтарснаар үр дүнтэй хамтран ажиллах боломжтой. 

-Та олон ажилтантай зөвлөх үйлчилгээний байгууллагаасаа гараад Effective Managers компаниа байгуулсан гэж өмнө нь тавьсан илтгэлдээ дурдсан. Яагаад энэ шийдвэрийг гаргах болов?

-Effective Managers-ыг байгуулахдаа би олон ажилтан ажиллуулахгүй гэж шийдсэн юм. Учир нь өмнөх байгууллагадаа олон хүн хариуцдаг байсан бөгөөд үйлчлүүлэгч компаниуддаа зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх нь надад илүү сонирхолтой байлаа. Тиймээс хувьцаагаа зарж компаниасаа гарч өөрийн судалгаагаа эхлүүлсэн юм. Удалгүй өөрийн компаниа байгуулж алсаас түлхүү ажилладаг болсон доо. Жишээ нь Монголд Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институцийн гүйцэтгэх захирал А.Алтантуяа, Хятадад мөн хоёр хамтрагчтай учраас би гэрээсээ голдуу ажилладаг бөгөөд шаардлагатай үед очиж ажилладаг. Цагийн зөрүүнээс болж заримдаа өглөөний 3 цагт онлайн уулзалтанд оролцох тохиолдол ч гардаг. 

-Ингэж ажиллахын сул тал нь юу вэ?

-Ганцаараа л их ажиллана даа. Санаа нийлсэн хүмүүстэйгээ хамт ажиллах нь гоё шүү дээ. Заримдаа би ганцаараа ажиллах болдог ч гэсэн ярилцах хэрэгтэй хүмүүстэйгээ ажлаас гадуур уулзсанаар энэ сул талыг нөхөх боломжтой. 

-Ажлаа төлөвлөх ямар нэгэн тусгай арга байдаг уу?

-Ажлын жагсаалт дээрээ бүх ажлаа төлөвлөж явдаг. Уулзалттай болвол түүнийгээ тэмдэглэхээс эхлээд төрсөн шинэ санаа гэх мэт бүх л зүйлсийг бичиж авдаг. Өглөө эрт босонгуутаа тэр өдрийн болоод долоо хоног, сарынхаа төлөвлөгөөг боддог. Олон Улсын Менежментийн Зөвлөхүүдийн Институцийн ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж эхэлсний дараа маш их ачаалалтай байгаа. Тиймээс и-мейлээр харилцах ажлаа би өдрийнхөө хуваарьт оруулж төлөвлөж эхэлсэн. 

-2016 онд таны удирдаж ажиллласан Рояал эмнэлгийн төсөл оны хамгийн шилдэг төслийн шагнал “Constantinus Award”-ыг авсан шүү дээ. Энэ төсөл амжилттай байсны гол шалтгаан юу байв?

-Бүх сайн төсөл захиалагч талаас эхэлдэг. Рояал эмнэлгийн захирал эмнэлгээ сайжруулах маш том боломж байгааг сайтар мэддэг нэгэн. Мөн тэд менежментээ сайн авч явах хүний нөөц хангалтгүй гэдгээ мэдэж байлаа. Тиймээс тэд зөвлөх үйлчилгээг авч удирдлагын багийнхныгаа сургасан. Миний бодлоор бүх сайн төсөл алсын хараатай захирлаас эхэлдэг. Амжилттай байгаа ч цаашид амжилтаа хэрхэн улам ахиулах вэ гэдэг л хамгийн хэцүү. Гэвч ойлгох хэрэгтэй зүйл юм. 

-Энэ төсөл хэдийн амжилттай болсон ч эргээд дүгнэхэд илүү сайнаар хийх боломжтой ажлууд байсан уу?

-Төслийн том, жижгээс үл хамаараад бид төслийнхөө эцсийн үнэлгээг хийдэг. Энэ хэсгийг бид хийсний дараа ямар нэг дутуу үлдээсэн зүйл гарч ирээгүй. Анх тухайн эмнэлгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлснийхээ дараа зөвлөмж, дүгнэлтүүдийг гаргадаг. Үүний дараа тухайн зөвлөмж дээрээ үндэслээд төслөө хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлэлтийн хэсгийн ахлагчаар нь би ажилласан юм. 

-Төслийг бодитоор хэрэгжүүлэх нь зөвлөмж, дүгнэлт гаргахаас хавьгүй хүнд ажил шүү дээ. Бас эмнэлгийн дотоод багтай анх удаа хамтарч ажиллаж байгаа учраас тэдэнтэй ойлголцохоос эхлээд олон бэрхшээл гарсан байх. Хэрэгжүүлэлтийг хийхдээ юун дээр хамгийн их анхаарах ёстой вэ?

-Эхний шат бол байгууллагын дотоод ажлыг хийх багийнхныг хуваарилах юм. Үүнийг хийхдээ хамт олон дотроо нэр хүндтэй ажилтнуудыг сайтар оролцуулах хэрэгтэй. Учир нь ажилтнууд өөрчлөлт буюу тодорхойгүй байдлаас айдаг. Тэд ажлаа алдах вий, ажиллах арга барил нь өөрчлөгдөж тэдэнд тохирохгүй болох вий хэмээн санаа зовцгоодог. Хүмүүс тодорхойгүй зүйлээс айдаг нь жам ёсных гэх үү дээ. Тиймээс хамт олондоо нэр хүндтэй, итгэл даахуйц ажилтнуудаар дотоод багийг бүрдүүлэх нь чухал. Захиралдаа шууд мэдэгдэж ажилладаг учир менежерийн үүрэг оролцоо их байдаг. Эхний хоёр өдрийн сургалтаараа би дотоод багийнханд хэрхэн ажиллах, ямар зарчимтай ажиллах, төсөл яаж цаашид явах зэрэг бүх зүйлсийг заасан. 

Хэрэв байгууллагын захирал өөрчлөлтийг хийх гэж байгаа бол өөрийнхөө өнцгөөс биш ажилтнуудынхаа өнцгөөс бүхнийг харах хэрэгтэй

-Ижил туршлага, мэдлэгтэй хүнтэй ажиллахад ч, ойлголцоход ч амар байдаг шүү дээ. Гэвч захиалагч байгууллагын дотоод ажилтнуудад хийж буй ажлынхаа зорилго, үр дүнг танилцуулахад ойлголцохгүй тохиолдлууд гардаг байх. Тиймээс тодорхойгүй байдал, өөрчлөлтөөс айж байгаа хүмүүст хэрхэн ойлгуулдаг вэ?

-Энэ бол ямар ч үйл явцын эхлэл нь байдаг. Хэрэв байгууллагын захирал өөрчлөлтийг хийх гэж байгаа бол өөрийнхөө өнцгөөс биш ажилтнуудынхаа өнцгөөс бүхнийг харах хэрэгтэй. Би шинэ технологи оруулж ирэх гэж байгаа захирал гэж бодъё. Би хичнээн догдолж байлаа ч ажилтнууд маань шинэ технологи нэвтэрснээр ажлаасаа халагдах вий гэх зэргээр айж эхэлдэг. Тиймээс ажилтнууддаа гарах бүх өөрчлөлт, үр дүнгийн талаар нээлттэй, шударгаар хэлэх нь зөв. “Манай гол зорилго бол зардлаа хасах биш учир та бүхэн ажлаа хийдгээрээ хийнэ. Тиймээс бүгдээрээ энэхүү өөрчлөлтийг хамгийн хурдан, хамгийн үр ашигтайгаар хийж цаашид илүү хөгжье гэдгийг хэлэх хэрэгтэй.” Энэ дунд байгууллагын зарим ажилтнуудын чадвар дахин шаардлагагүй болох тохиолдол бий. Гэвч ажлаас халах нь гол зорилго биш. 

-Хэдийгээр шинэ төслийн бүх үр дүн, зорилгыг тайлбарласан ч ойлгохыг хүсэхгүй байгаа ажилтнууд хэр түгээмэл байдаг вэ?

-Харамсалтай нь ийм тохиолдол их шүү. Энэ үед менежерийн үүрэг оролцоо их чухал. Байгууллага болон ажилтныг менежер л холбодог. Ялангуяа том бүтэцтэй байгууллагад шууд захиралтайгаа уулзах боломж багатай байдаг тул ажилтанд мэдээлэл бүрэн очих эсэх нь менежерээс хамаардаг. Тиймээс бид төслийн ажлыг гүйцэтгэхдээ ажилтан болгонтой уулзаж чадахгүй учир албаны менежерүүдтэй сайтар тулж ажилладаг. Хэрэв өөрчлөлт хэрхэн өрнөж байгааг менежерүүд ойлгохгүй бол ажилтнууд өөрчлөлтийн талаар ургуулж бодож улмаар санаа зовж эхэлдэг. Ингэснээр байгууллага дотор сөрөг уур амьсгал бий болох эрсдэлтэй. Ажилтнуудын туулдаг өөрчлөлтийн үе шат ч гэж бий.

Байгууллага доторх хамгийн чухал үүргийн нэг бол ажил үүргийг хянах, удирдах юм. Энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг хүмүүс нь менежерүүд байдаг. Тэд үргэлж л илүү ихийг амжуулах гэж завгүй явцгаадаг нь түгээмэл үзэгдэл. Байгууллага томрох тусам хийх ажил нэмэгдсэнээр менежерүүд улам л завгүй болдог. Гэвч илүү цагаар ажиллахаасаа өмнө ажилдаа зарцуулж байгаа бүх цагаа бүтээмжтэй өнгөрөөж байгаа эсэхээ мэдэх хэрэгтэй хэмээн Дуайт Михаликс ярилцлагынхаа дундуур онцолсон юм. Тэрбээр менежерийн үр бүтээмжийн талаар мэргэшсэн нэгэн бөгөөд энэ чиглэлээр олон судалгаа хийдэг.

-Байгууллагын өөрчлөлтийн ямар үе шатууд байдаг вэ. Эдгээр үе шатанд менежерүүд ямар үүрэгтэй вэ?

-Өөрчлөлтийн хамгийн чухал үе шат бол захирал нь энэ бүхнийг ойлгож байх. Кублер Россын зохиосон, хайртай хүмүүсээ алдсаны дараа хүмүүсийн туулдаг өөрчлөлтийн үе шатууд гэж бий. Хамгийн эхэнд тэр хүнээ алдсандаа итгэж чадахгүй, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Би яаж амьдрах уу хэмээн сэтгэл санаагаар унана. Түүний дараа сэтгэлийн хямралд ч ордог. Удалгүй түүнийг хүлээн зөвшөөрч шинээр амьдарна. Үүнтэй адил байгууллагын ажилтнууд ч өөрчлөлтийг төстэй хүлээж авдаг. Тиймээс зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд ажилтнуудыг эдгээр үе шатыг туулахыг мэддэг учир үе шат болгон дээр хэрхэн туслах дээр төвлөрдөг.

-Зарим ажилтнууд өөрчлөлтөнд дасах гэж бүрэн чадлаараа хичээсэн ч хүлээж авч чадахгүй байвал байгууллагад асуудал байгаа гэсэн үг үү эсвэл ажилтанд асуудал байгаа юу?

-Хэзээ ч муу ажилтан гэж байдаггүй. Харин муу менежер л гэж байдаг. Тиймээс менежерүүд ажилтан болгоныхоо нөхцөл байдлыг ойлгож тэдэнтэй тулж ажиллах хэрэгтэй. Тиймээс би ажилтнуудыг хэзээ ч буруутгадаггүй. Ажилтнууд хичээж байгаа ч өөрчлөлтөнд дасч зохицож чадахгүй бол менежерүүд энэ үед нь туслах хэрэгтэй. Хүн бүр хуучин ажлаа хийх албагүй. Заримдаа хүмүүс тохироогүй ажил дээрээ хуваарилагдсан байх ч тохиолдол бий. Менежерийн хамгийн хэцүү ажил бол ажилтнаа халах юм. Хийж байгаа өөрчлөлт бүр үр дагавартай. Өөрчлөлтийн эерэг үр дүн нь ажилтнууд өөрчлөлтөд зохицож цааш ажиллах, харин өөрчлөлтөд зохицохгүй байвал ажлаа орхихоос өөр аргагүй. Ажилтныг халах ч мөн сайн талтай. Учир нь ажилдаа тохирохгүй, сэтгэл хангалуун биш байвал өөрт нь ч хэцүүгээс гадна байгууллагад ч сөргөөр нөлөөлдөг. 

-Та менежерийн бүтээмжийн талаар судалгаа хийдэг шүү дээ. Мөн зөвлөх ажлынхаа хүрээнд маш олон менежертэй уулзаж ярилцсан тухайгаа дурдаж байсан. Ямар ч бизнесийн байгууллага дээр очиход менежерүүд үргэлж л ажилд дарагдсан байдаг. Тэгвэл тэд хэрхэн ажлынхаа ачааллыг багасгах боломжтой вэ?

Менежерүүдийн үргэлж завгүй явдаг нь хүний төрөлх зан чанартай холбоотой. Бид бүгд л төлөвлөгөөгөө гаргахдаа үргэлж өөдрөгөөр боддог. Амралтын хоёр өдрөөр ямар их зүйл амжуулна гэж бид төлөвлөдөг билээ? Гэвч ням гаригийн орой маргаашийнхаа ажилд бэлдэхдээ бидний хийж амжуулсан ажил анх төлөвлөж байсантай харьцуулахад ямар хэмжээнд байдаг билээ? Тэгэхээр бодитоор ажлыг төлөвлөх нь их чухал. Мөн хамгийн чухал ажлаа хамгийн эхэнд хийх хэрэгтэй. Бидэнд маш бага цаг үлдсэн үед л бид хамгийн чухал ажлаа эхэнд хийдэг. Гэвч ямар ч үед бид хамгийн чухал ажлаа тэргүүнд тавих хэрэгтэй. 

-Тэгвэл менежерүүд хамгийн чухал ажлаа хийлгүй ямар ажлуудыг голдуу хийдэг вэ. Энэ талаар судалгаа байдаг уу?

Тэгэлгүй яахав. Бидний хийсэн судалгаагаар менежерүүд нийт ажлын цагийнхаа 54 хувийг л хийх ажлууд дээрээ зарцуулдаг гэх үр дүн гарсан. Үлдсэн 26 хувийг үр бүтээлгүй ажилд зарцуулж, 20 хувийг оффисын ажлууд хийж өнгөрөөдөг аж. Дэлгэрүүлбэл, тэд унших шаардлагагүй и-мейлийг унших, оролцох ёсгүй хурлууддаа суух, хэлтэс хоорондын ажилтнуудын зөрчлийг арилгах болон бусдад хуваарилж болох аж ахуйн ажлуудыг хийдэг.

-Таны хувьд ажлынхаа карьер дээр энэ өөрчлөлтийг туулж байсан уу. Туулж байхдаа хэцүү нөхцөл байдалд орж байсан удаатай юу?

-Эгч маань надад үргэлж зөвлөдөг. Чи хэзээ ч үргэлжийн тав тухтай амьдарч болохгүй гэж. Хэрэв чи өөртөө болон байгаа байдалдаа сэтгэл хангалуун байвал цаашид хөгжиж дэвших тухай бодох ч үгүй. Тиймээс хөгжиж чадахгүй. Ямар нэгэн бухимдал төрж байж л чи цаашид өөрчлөгдөж хөгжих хэрэгтэйгээ ойлгоно. Өөрийгөө үргэлж сорих хэрэгтэй. Ингэхийн тулд бага ч гэсэн биеэ барих, сандарч бухимдах орчинд орж байх хэрэгтэй. Амьдралынхаа турш би мэргэжлийн ур чадвараа тогтмол сайжруулах гэж хичээсээр ирсэн. Үүнээсээ болж заримдаа жин хасч, орой орондоо орсон хойноо нойр хүрэхгүй байх ч тохиолдол гарна. Заримдаа амьдралд бүх зүйлс болж бүтэж байгаа ч би цааш хөгжихийн тулд шинэ сорилтыг өөртөө бий болгож байдаг. Залуу байхдаа нэгэн байгууллагад менежерээр ажиллаж байхад манай компани менежментийн өөрчлөлтийг эхлүүлсэн юм. Ингээд манай албын хариуцсан ажил улам ихэссэн юм. Энэ үед би өөрийнхөө зүгээс хэрхэн сайн ажиллах вэ гэдгээ л бодож ажилласан даа.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Гараанаасаа гарч буй бизнесмэн үүнийг анхаарна уу

Өмнөх нийтлэл

Подкаст: Бизнес систем болохын давуу тал

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.