Би ажлаа хэрхэн сайжруулдаг вэТоп нийтлэл

БИ АЖЛАА ХЭРХЭН САЙЖРУУЛДАГ ВЭ: Хүчтэй итгэл үнэмшилгүй байсан бол би далайд хөвөх завь шиг л байх байлаа

1

Илүү сартай намрын налгар өдрүүд болж байгааг хот даяараа ярьж байхад гэнэт цас орж цочир хүйтрээд байсан өдөр. Ээлжит зочинтойгоо ярилцахаар “Мобиком” компанийн оффис руу харайлгалаа. Болзсон цагаасаа хоцрохгүйн тулд түргэн түргэн алхахдаа хальтираад уначихгүйг хичээнэ. Жихүүн салхи хацар хорстол салхилахад өвөлдөө -30 хэм хүрдэг хотод япон хүн ажиллаж амьдрах ямар байдаг бол хэмээн зам зуураа бодоод амжив. Цагийн зүүтэй уралдан байж зорьсон газраа очиход Тацүяа Хамада захирал хараахан ирээгүй байлаа. Оронд нь түүний туслах Б.Баярманлай намайг уриалгахан хүлээн авч уух юм санал болгов. Би ч голдоо ортол даарсан тул цайны халууныг үл тоон оочин оочин уулаа. Халуун цай, тухлаг сандал, 14 давхраас харагдах Улаанбаатар хотын өнгө төрх, энэ бүхэн надад үнэхээр тохьтой санагдаж эхлээд байлаа. Б.Баярманлайтай хуучлах зуур түүнийг захиралтайгаа хамт Баян-Өлгий, Ховд аймгууд дахь “Мобиком”-ын салбарууд руу явж ирээд удаагүй байгааг мэдэв. Хоёр оффисын хооронд л явахад даарахаар цаг агаартай байхад япон хүн энэ дулаахан, тухтай оффисоос гараад хэдэн өдрийн турш Монголын баруун хязгаарын аймгууд руу явсан нь нэг л төсөөлөгдөж өгсөнгүй. Удалгүй Хамада захирал ирж Харилцаа Холбооны Зохицуулах газрын гэнэтийн хурал нь удсанаас болж 30 минут хоцорсондоо хоёр ч удаа уучлал гуйгаад намайг өрөөндөө урилаа.

БАЯН-ӨЛГИЙН “МОБИКОМ”-ЫН САЛБАРТ ЗОЧИЛСОН АНХНЫ ЗАХИРАЛ

-Та саяхан Монголын баруун аймгууд руу явсан гэж байсан?

Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймгийн салбартаа анх удаа, Ховдын салбартаа хоёр дахь удаагаа очлоо. Өвөл хөдөө машинаар явах хэцүү байдаг тул өвөл болохоос урьтаж хөдөө орон нутаг дахь салбараараа орохыг зорьдог. Мөн Улаанбаатар дахь салбарууддаа урьдчилж мэдэгдэлгүйгээр тогтмол зочилдог шүү. Баян-Өлгийд очиход тэндэх ажилтнууд маань өнгөрсөн 23 жилийн хугацаанд анх удаа гүйцэтгэх захиралтайгаа ингэж уулзаж байгаагаа хэлсэн юм. Жинхэнэ бизнес оффис дотор биш гадаа орчинд өрнөж байдаг. Завтай байгаа үедээ жижигхэн супермаркетаар зүгээр л орж худалдагчтай нь ярилцаж, уур амьсгал тэнд ямар байгааг ажиглаж, “Мобиком”-ын лого зөв байрласан байна уу гэдгээс авахуулаад бүх зүйлийг өөрийнхөө нүдээр харж шалгадаг. 

Баян-Өлгий аймагт

Ховд аймагт

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Ерөнхий захирал хүний ажил мэдээж маш их. Гэвч энэ бүх хурал цуглаан, ажлын хажуугаар хаа байсан холын аймаг дахь салбараас эхлээд хотынхоо ч салбаруудаар ордгийн цаад шалтгаан нь юу вэ?

-Би “Мобиком”-ын Улаанбаатар дахь салбарууд гэлтгүй хөдөө орон нутаг дахь салбаруудаараа хүртэл тогтмол зочилдог. Нэг удаа салбарын бүх ажилтнууддаа шоколад бариад ороход тэд их баярласан шүү. Бодит нөхцөл байдлыг өөрийн биеэр харж мэдэхгүйгээр гүйцэтгэх захирал яаж шийдвэр гаргах юм бэ? Өөрийнхөө бүх таван мэдрэхүйг ашиглаж байж илүү зөв шийдвэр гаргаж чадна. Сонсож, харж, амталж, үнэртэж эцэст нь хүрч мэдэрсний эцэст зах зээлийн бодит нөхцөл байдлыг ойлгох болно. Энэ бол маш чухал. Өмнөх удирдлага маань салбаруудаараа тэр бүр зочилдоггүй, бодит нөхцөл байдлыг мэддэггүй байсан. Бизнес бол тоглоом биш. Тиймээс яв, үз, мэдэр. Том байгууллага тодорхой шатлалтай байдаг. “Мобиком”-ын салбар дэлгүүрүүд бүтцийнхээ хувьд хамгийн урд талын эгнээнд байдаг. Тиймээс тэдний хувьд тулгарч буй асуудал, бэрхшээлээ шууд удирдлага, гүйцэтгэх захиралдаа мэдэгдэхэд хэцүү. Тэгвэл энэ үйл явцыг хялбаршуулах нэг арга нь захирал хүний хувьд тэдэн дээр зочилж, биечлэн ярилцах юм. 

-Тэгэхээр таны өмнөх удирдлагууд салбаруудаараа ордоггүй байсан байх нь. Магадгүй тэд ингэж салбаруудаараа орох нь чухал гэж боддоггүй байсан байж магадгүй. Таны хувьд энэ бүхнийг чухал гэдгийг анх яаж ойлгож байсан бэ?

-Зөв асуулт байна. Би их сургуулиа төгссөнөөс хойш 23 жил харилцаа холбооны компанид ажиллаж байна. Үүний ихэнх жилийг нь Японд болон бусад оронд борлуулалт хариуцаж ажилласан. Үйлчилгээний хэсэгт ажиллахдаа би ихэвчлэн бизнесийн хамгийн урд эгнээнд л ажилладаг байсан. Ингэхдээ үйлчлүүлэгчдийн сонголт хийж байгааг, тэдний баяртай байгааг бодитоор харна, мэдэрнэ. Энэ бүхний эцэст бүх тоо мэдээллийг даргадаа тайлагнах хэрэгтэй болдог. Одоо би 1500 ажилтантай том компанийн захирлаар ажиллаж байгаа ч оффистоо суугаад байж болохгүй. Гадуур явж, бодит байдалтай танилцах хэрэгтэй. Эс бөгөөс би сохор эсвэл дүлий болж хувирна. Тайлан, пресентацаас бүх зүйлийг мэдэж чадахгүй. Хаана ч гэсэн ийм л байдаг. Хамгийн амжилттай зүйлсийг эхэнд мэдэгдэж, болж бүтэхгүй зүйлсийг зөөлрүүлж эсвэл өөрчилж хэлдэг нь бидний төрөлх зан. Тиймээс өөрийн биеэр явж таван мэдрэхүйгээрээ бодит байдалтай танилцах нь маш чухал. 

-Борлуулалтын ажилтнаар та олон жил ажилласан юм байна. Бусадтай нээлттэй харилцаж чаддаг хүн учраас та анхнаасаа энэ ажилд тохирсон хүн байсан гэж боддог уу. Эсвэл бүхнийг эхнээс нь сурсан уу

-Өмнөх туршлага, харилцааны чадвараасаа хамаараад хүн бүр ялгаатай байдаг. Зарим хүн бусадтай цаанаасаа л эвтэйхэн, үр дүнтэй харилцаж чаддаг. Мөн борлуулалт хийж гадуур явах шаардлагагүй хүний нөөцийн хэлтсийнхэн тэр тусмаа салбаруудаар явах хэрэгтэй байдаг. Учир нь дэлгүүрүүдээр явж, хүмүүс яаж ажиллаж байна, хэдэн цаг ажиллаж байна, харилцааны доголдлууд гарч байна уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Ингэснээр хүний нөөцийнхөн борлуулалтын ажилтнууддаа ямар сургалт явуулахаа мэднэ. Хэрэв чи инженер мэргэжилтэй бол хүмүүс чамайг инженер л гэж хардаг. Гэвч миний өнцгөөс харвал яагаад борлуулалт дээр ажиллаж болохгүй гэж? Хүмүүс санхүүгийн л мэргэжилтэй гэвэл тэр мэргэжлээр ажиллана гэж боддог ч яагаад борлуулалт эсвэл төлөвлөлт дээр ажиллаж болохгүй гэж? Хүмүүс өөрсдийгөө л хайрцаглаад би энэ л ажлыг хийнэ гэж боддог. Гэтэл ямар ч ажлыг эхнээс нь сурах бүрэн боломжтой. 

-Ямар ч ажлыг эхнээс нь сурч болдог гэж та сая хэллээ. Түүхийн мэргэжлээр сурчихаад дараа нь харилцаа холбооны технологийн салбарт та олон жил ажилласан шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг өөрийн биеэр туулсан хүний хувьд хайрцагнаасаа гарч сэтгэж өөр ажлаар ажиллахын онцлог, давуу талыг юу гэж дүгнэх вэ?

-Их сургуульд би түүхээр сурсан ч дараа нь миний мэргэжил харилцаа холбоо болж хувирсан даа. Шалтгаан нь би борлуулалтаар олон ажил ажиллахдаа өгөгдлийн сүлжээ, системүүдийг нэгтгэх ажлуудыг голдуу хийдэг байлаа. Энэ тохиолдолд техникийн талаарх бүрэн ойлголтгүй бол би яаж тэр техник хангамжийг борлуулах болж байна? Би борлуулалтын ажилтан учраас техникийн талыг бүрэн ойлгох шаардлагагүй гэж шалтаг гаргах эрхгүй. Энэ бүхнийг сурсанаар миний борлуулалт ч өснө. Захирал хүн өдөр тутам шийдвэр гаргах шаардлагатай. Гэрээнд заримдаа гарын үсэг зурахын тулд өмнө нь маш олон санхүүгийн тайланг уншиж судлах шаардлагатай болно. Энэ тохиолдолд би санхүүгийн чиглэлээр сураагүй гээд суугаад байж болохгүй. Залуучууд бүгд ийм чөлөөтэй сэтгэлгээтэй байвал тэдэнд л илүү боломж гарч ирнэ. 

БИ ХАМТ ОЛНОО ҮРГЭЛЖ ЗӨВ ЧИГ РҮҮ ЧИГЛҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ

 

Ярилцлагын дундуур хаалга тогшиж туслах нь гэнэтийн хуралтай болсныг түүнд дуулгав. Цагаа харахад бид хоёр ярилцаад хэдийн 1 цаг 20 минут өнгөрсөн байсныг мэдлээ. Гэвч тэрбээр яагаад гэнэт хуралдах болсныг туслахаасаа асуугаад тэднийг түр хүлээхийг хүсч надтай цааш ярилцлаа. Түүнийг ингээд ярилцлагаа өндөрлөх нь дээ гэж багахан эмээж байтал ийнхүү үргэлжлүүлэн ярилцахаар болсонд өөрийн эрхгүй олзуурхав.

Редакторын маань хэлдэг нэг л зөвлөгөө намайг ямар ч хүнтэй ярилцаж байхад өөрийн эрхгүй бодогддог. Ямар ч үед хийж байгаа ажлаасаа аз жаргалыг мэдэр гэж. Энэ ярилцлагыг хийж байхдаа огтхон ч өөр зүйлийн талаар бодолгүй түүнтэй илэн далангүй ярилцсан юм. Товлосон ярилцлагын дундуур гэнэтийн ажилтай болох нь энгийн үзэгдэл болсон Хамада захирлыг ч энэ ярилцлаганд бүрэн орж илэн далангүй ярилцаж байгаа нь түүний үйл хөдлөл, нүдний харцнаас анзаарагдаж байлаа. 

-“Мобиком”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээс хойш танд тулгарсан хамгийн том бэрхшээл юу байсан бэ?

-Токиогийн төв оффисоосоо “Мобиком”-д захирлаар томилогдсоныхоо дараа хувьцаа эзэмшигчдийн надад хэлж байсан зүйлс болон бодит байдлын хооронд маш том зөрүү байсныг ойлгосон юм. Тэд Монголын бодит нөхцөл байдлын талаар буруу ойлголттой байсан юм. Энэ үед “Мобиком” 4G сүлжээг нэвтрүүлэхтэй зэрэгцээд манай өрсөлдөгчид ч бас нэвтрүүлж байсан бөгөөд цаашид яах талаар маш том хэлэлцүүлэг өрнөж байв.  Цаашид хэрхэн хөрөнгө оруулах тал дээр би өөрийн хүчтэй байр сууриа хамгаалахын тулд хөрөнгө оруулагч KDDI компанийн захиралтай уулзахаар Япон дахь төв дээр шууд очсон юм. Цаг авалгүй өглөөний зургаан цагаас хойш үүдэнд нь түүнийг хүлээж суусаар уулзсан юм. Намайг хараад өрөөндөө урьсныхаа дараа надаас “Ямар асуудал байна?” гэдгийг шууд асуулаа. Намайг яагаад өөртэй нь уулзах гэж очсоныг тэр шууд л ойлгож байв. Ингээд би бүхнийг тайлбарлахад цаашдаа хэрхэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй талаарх миний саналыг таван минутын дотор л ойлгож хүлээж авав. Үр дүнд нь 2017-2019 онд жил болгон маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт “Мобиком”-д орж ирсээр байна. Ингэж л шууд удирдлагаа алгасч хамгийн дээд түвшний хүнтэй уулзах шаардлага гарсан нь Монголд ирж захирал болсноос хойшхи миний хамгийн эхний сорилт байсан юм. 

-Үнэхээр зоригтой алхам хийжээ?

-Тийм ээ, зоригтойгоос гадна өөртөө итгэлтэй байсан. Компанийн маань 1500 ажилтнаас гадна салбарын өрсөлдөгчдөөс эхлээд бүх л хүн намайг харж байсан. Тиймээс би компанийнхаа гүйцэтгэх захирлын хувьд зөв алхам хийх хэрэгтэй байв. KDDI компанийн захиралтай хоёр өдрийн дараа дахиад уулзахад тэрбээр ийм чухал асуудал байсан бол яагаад эрт хэлээгүй юм бэ гэж намайг хүчтэй зэмлэсэн юм. Хамгийн гол нь надад бүрэн харицлага, шийдвэр гаргах бүх эрх нь байсан учир ямар нэг үйлдэл хийгээгүйд тэрбээр ууртай байв. 

-Аливааг ойлгох болон бусдад түүнийгээ ойлгуулах хоёр ялгаатай санагддаг. Та өөрийн сурч мэдсэн, ойлгосон зүйлсээ багийнхандаа хэрхэн ойлгуулдаг вэ?

-Би хэрхэн бусадтай уулзаж, хэлэлцээр хийх вэ гэдгийг борлуулалтын хэлтсийнхэндээ заадаг. Хэрхэн гар барихаас авахуулаад тэдэнд өөрөө биечлэн үзүүлдэг гэх үү дээ. Мөн үүнийгээ бичлэг болгоод дараа нь сургалтанд ашигладаг. Номхон далайд Эквадор улсаас 900 км зайтай орших Галапаго гэх арал бий. Энэ арал нь гадаад ертөнцөөс урт хугацааны турш ангид байсан тул арал дээрх амьтад нь гадны нөлөөгүй амьдарсаар ирсэн. Гадны нөлөөгүй байна гэдэг нэг талаараа сайн ч гадаад орчныг мэдрэхгүй байх нь маш том сул тал юм. Намайг ирэхэд “Мобиком” яг л Галапаго арал шиг байсан. Бусдаас алслагдсан, байгууллага дотроо л бид тэргүүлэгч хэвээр гэж бодсоор ирсэн ч өрсөлдөгчид нь хүчирхэг болсоор байсан. Тийм ч учраас би удирдлагын түвшний бүх ажилтнууддаа зах зээлийн хэмжээнээс эхлээд бүхий л мэдээллийг хуваалцаж байв. 

-Борлуулалтын ажилтнаар ажилладаг байхдаа та олон улс оронд ажилласан гэж байсан. Өдийг хүртэл та ямар ямар улсад ажиллав?

-KDDI компани нь нийт хөрөнгийн хэмжээгээрээ Forbes-ын топ 100 дижитал компанид, мөн Fortune топ 500-д жагсдаг. Харин Япондоо топ 10-т ордог. Компанидаа ороод би эхний дөрвөн жил дотоод борлуулалтаар ажилладаг байсан. Үүний дараа төв салбар руу шилжсэнээр глобал бизнесийн хэлтэст ажилласаар өдийг хүрч байна. 11 жил би Япон улсаас гадуур ажиллахдаа Лондон, Дьссельдорф, Франкфурт болон Брюссельд ажилласан. Дараа нь 2016 оноос хойш Монголд ажиллаж байна

Хүмүүс глобалчлал гэж ярьдаг. Гэвч би глокалчлал гэж ярих дуртай

-Энэ бүх ялгаатай газруудад ажиллахдаа та олон улсын өөр өөр бизнесийн туршлага, соёлтой танилцсан байх. Ямар нэг улс оронд ажиллахдаа тохирсон глобал арга барил гэж байдаг уу. Эсвэл тухайн улс орон бүрт тохирсон аргыг олох хэрэгтэй юу?

-Хүмүүс глобалчлал гэж ярьдаг. Гэвч би глокалчлал гэж ярих дуртай. Глокалчлал гэдэг нь глобал болон локал (тухайн бүс нутгийн арга барилыг глобал аргатай хослуулсан) арга барилыг хослуулах тухай юм. Миний бизнес хийх арга, ёс зүй илүү глобалчлагдсан эсвэл илүү япон суурьтай байж магадгүй. Гэвч би энэ байдлаа хадгалаад л байвал Монголын зах зээл, орчин нөхцөлд дасахад хэцүү байх болно. Тиймээс баланс гэдэг чухал. Глобалчлал гэж тодорхой бариад авах зүйл байхгүй учир өөр улсад ажиллах болгондоо арга барилаа тухайн нөхцөл байдалтай нийцүүлэх нь чухал. Тиймээс Япон, Европ талын арга барилыг би Монголын нөхцөлтэй хослуулдаг.

-Шинэ улс оронд очиж тэндэхийн нөхцөл байдалтай зохицож ажиллахын тулд та уян хатан байх шаардлагатай болдог байх. Ингэж уян хатан байх нь сул талтай юу?

Аливаад дасан зохицох чадвар чухал ч сөрөг талтай. Учир нь аливаад амархан дасах нь тууштай байдал байхгүйг илтгэдэг. Тиймээс нэн түрүүнд өөрийн гэсэн хүчтэй итгэл үнэмшилтэй байх нь чухал. Би сар бүр Япон хэл сурч байгаа монгол оюутнуудад илтгэл тавьдаг юм. Энэ үеэрээ хүнийг тодорхойлдог зүйл гэж юу болох талаар ярьж байхад тэд надаас шинэ соёлд яаж дасдаг талаар асуусан юм. Би өөрийн гэсэн хүчтэй зан чанартай учраас магадгүй бусдын соёлд амархан дасч чаддаг байх. Хэрэв би хүчтэй зан чанаргүй байсан бол далайд хөвөх завь шиг байсан байх. Тиймээс эхлээд өөрийн гэсэн итгэл үнэмшил, тогтсон зан чанартай болж байж бусад соёлд дасах хэрэгтэй. Хэдий би уян хатан гэж байгаа ч би заримдаа үнэхээр зөрүүд шүү. 

-Ажлын карьерт тань хамгийн ихээр сэтгэлээр унасан ямар үе байсан бэ?

-Хэцүү үе үргэлж байдаг. Том компанид сайн, муу олон зүйлс бий. Угаасаа ямар ч улс орноос авахуулаад хаа саагүй л ийм байдаг. Би үргэлж ажлыхнаа хамт олон, багийнхандаа итгэж, тэднийг зөв зүг рүү чиглүүлэхийг хичээдэг. Харамсалтай нь заримдаа санаатай болон санаандгүй байдаар асуудлууд үүсдэг. Харин бидний ардуур ажилтнууд маань ёс зүйгүй үйлдэл гаргах үед л миний урам хамгийн ихээр хугардаг. Заримдаа яагаад гэж тэднээс асуумаар санагдсан үе бий. 

-Тэгвэл санаандгүй байдлаар алдаа гаргасан ажилтнууддаа ямар арга хэмжээ авдаг вэ?

-Ажилтнууд алдаа гаргах үед би тэдэнтэй уулзаж ярилцдаг. Тэднийг халах, торгохоосоо урьтаж тэднээс юу болсныг, яагаад тийм үйлдэл гаргасныг асуудаг. Ярилцсаны дараа “Чамайг шууд халж болох ч хэрэв энэ ажилдаа үлдэхийг хүсч байвал би чамтай дахиж ажиллая, чи юу гэж бодож байна” гэж асуудаг. 

МЭДЛЭГ ЧАДВАРЫГ СУРЧ БОЛНО ХАРИН ҮНЭНЧ ШУДАРГА ЗАНГ СУРАХ ХЭЦҮҮ

-Яг ижил чадвартай хоёр хүнийг ажилд авах гэж байгаа тохиолдолд ямар зан чанартай ажилтныг нь ажилд авах вэ?

-Итгэл даахуйц, шударга ажилтан байх л маш чухал. Сайн ажилтан байхын үндэс нь энэ юм. Мэдлэг, чадварыг сурч болно харин үнэнч шударга занд суралцахад хэцүү. Үнэнч шударга биш бол тэр ажилтан үргэлж хуурна, мэхэлнэ, худлаа ярина. Энэ нь зөвхөн бизнест ч гэлтгүй хүний хувьд маш чухал чанар. Тиймээс би хамгийн түрүүнд шударга ажилтантай хамтарч ажиллахыг хүсдэг. Алдаа гаргасан тохиолдолд уучлаарай би алдаа гаргачихлаа, гэхдээ би алдаагаа ингэж залруулж, цаашид ингэж сайжирна гэж хэлвэл би баярладаг. Гэтэл зарим ажилтан анхнаасаа энэ бол миний буруу биш. Манай багийнхны буруу, эсвэл манай дарга намайг тэг гэсэн гэх зэргээр баахан шалтаг гаргаж хэлдэг. Би шалтагт үнэн голоосоо дургүй. Хэрэв чи үнэхээр алдаа гаргасан бол уучлалт гуйгаад одоогийн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд яаж сайжруулах уу гэдгээ л бодох хэрэгтэй. Тоёота компанийн соёлд кайзен буюу тогтмол сайжруулах гэх ойлголт бий. Яаж сайжрах уу, хэрхэн хөгжих үү гэж боддог хүнтэй ажиллах би дуртай. 

Хүмүүс угаасаа л тэр захирлыг ямар хүн бэ гэдгийг мэдэх л болно. Би баяртай байвал баяртайгаа илэрхийлж, дургүй байвал дургүй байгаа гэдгээ бусдад ойлгуулдаг

-Ажилтнууддаа эдгээр үнэ цэнийг хэрхэн ойлгуулдаг вэ?

-Би том ширээнийхээ ард л суугаад байдаг захирал байхыг хүсдэггүй. Миний ойлгодгоор захирал хүн өөрийгөө ажилтнууддаа болон олон нийтэд ямар хүн гэдгээ шууд илэрхийлж байх хэрэгтэй гэж боддог. Гэтэл зарим захирлууд ингэдэггүй. Хүмүүс угаасаа л тэр захирлыг ямар хүн бэ гэдгийг мэдэх л болно. Би баяртай байвал баяртайгаа илэрхийлж, дургүй байвал дургүй байгаа гэдгээ бусдад ойлгуулдаг. Заримдаа би уураа гаргах ч үе бий. Уур хүрч бухимдах үедээ би түүнийгээ хүчтэй илэрхийлдэг. Итгэхгүй бол манай ажилтнуудаас асууж болно шүү (инээв). Гэвч би баярлахдаа ч бас бусдад талархсанаа үргэлж илэрхийлдэг.

-Тантай олон арга хэмжээн дээр таарахад үргэлж л үсээ янзалсан, цэвэрхэн хослол өмссөн, эрүүл чийрэг харагддаг. Энэ нь таны зуршил уу эсвэл захирлаар ажиллаж байгаатай илүү холбоотой юу?

-Захирал хүн гэдэг компанийн нүүр царай. Тийм учраас хэрэв компанийн захирал чинь, үсээ засуулаагүй, хувцсаа ч индүүддэггүй, өөртөө анхаарал тавьдаггүй нэгэн байвал ажилтнууддаа муугаар нөлөөлнө. Дэлхийн том, том компаниудын захирал жинс өмсөөд энгийн хувцаслаад явдаг л даа. Гэхдээ тэднийг дэлхий нийт хэн гэдгийг хэдийн мэдэж байдаг. Харин миний тохиолдолд намайг Монголд таньдаг хүн бараг байхгүй. Тийм ч учраас би цэвэрхэн хувцаслахыг эрхэмлэдэг. Мөн дасгал хийж эрүүл чийрэг байж бусдад зөв үлгэр дуурайлал болохыг хичээдэг. 

Эргэн тойрондоо болж байгаа зүйлсийг чи өөрчилж чадахгүй. Харин тэднийг хэрхэн хүлээж авах хандлагаа чи өөрчлөх бүрэн боломжтой

-Таны хийж байгаа ажил, цагийн хуваарийг сонсоход өдөр бүр ном унших зав тэр бүр гардаггүй сонсогдож байна. Харин таны уншиж байсан номны талаар ярилцъя. Таны амьдралыг харах өнцөг, хандлаганд тань нөлөөлсөн ямар ном байдаг вэ?

-Жеймс Аллены хамгийн алдартай өөртөө туслах ур ухааны ном бий. Энэ номонд чиний эргэн тойронд болж буй үйл явдал чамд яаж нөлөөлөх нь өөрөөс чинь л хамаардаг тухай гардаг. Чи хэрхэн хүлээж авч байгаагаас л бүх зүйл шийдэгдэнэ. Хэрэв чи гунигтайгаар хүлээж авбал гунигтай л болно. Эргэн тойрондоо болж байгаа зүйлсийг чи өөрчилж чадахгүй. Харин тэднийг хэрхэн хүлээж авах хандлагаа чи өөрчлөх бүрэн боломжтой. Заримдаа би Linkedin дээрээ хүнд хэрэгтэй гэж бодсон хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлүүдийг хуваалцдаг. 

-Өөрийнхөө туршлага дээр үндэслээд бусад компанийн захиралд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хамгийн түрүүнд төлөв даруу бай. Биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байх хэрэггүй. Сониуч бай. Санхүүгийн хүн байлаа гэж бодоход санхүүгээс бусад салбарыг сонирхож судалдаг байвал давуу талтай. Хэрэв би ийм л мэргэжлийн хүн гээд өөрийгөө хайрцаглаад байх нь зөв хандлага биш. Мэдрэмжтэй байж цэгцтэй сэтгэх нь их чухал. Хүн ямар нэг зүйлийг бодсоор, түүнийгээ хэлсээр, түүндээ итгэсээр байвал тархи тань ажиллаж бие тань хариу үйлдэл үзүүлдэг. Тархины энэ хэсгийг Reticular activating system гэж нэрлэдэг. Хэдий та бизнесийн удирдлагын магистерын зэрэгтэй байсан ч дан энэ мэдлэгээрээ бизнес хийж чадахгүй. Энэ мэдлэг танд ердөө л бодит байдлыг боловсруулахад тусална. Эрдэм мэдлэгээс гадна таван мэдрэхүй, туулсан туршлага гэдэг маш чухал. 

-Захирал хүний хувьд таны хийхийг хичээдэг ямар зүйл байдаг вэ?

-Захирлууд ихэвчлэн дөрөв, таван жил л ажилладаг. Тэд нэг албан тушаал дээрээ удаан ажиллах боломжгүй байдаг. Тиймээс захирлаар ажиллах хугацаандаа л хамгийн үр дүнтэйгээр ажиллах гэж хичээдэг. Би энэ хандлагад дургүй. Ирээдүй хойч маань ажиллах цаг үе ч гэсэн миний ажиллах хугацаанд хамаарагдана. Дараагийн үедээ таагүй үр дүнг шилжүүлэх эсэх нь миний бүрэн хариуцлага юм. Тухайн компанийг амжилттай байлгахын тулд гүйцэтгэх захирал хүн бүх ажилтнаасаа илүү ажиллах, илүү сэтгэх хэрэгтэй болдог. Намайг гэртээ харихад бусад айлын гэрэл ихэвчлэн унтраастай байдаг. Ажилтнууддаа үлгэр дуурайлал болж, өөрийнхөө үйлдлээр тэдэнд яаж ажиллах хэрэгтэйг ойлгуулах хэрэгтэй шүү дээ. 

-Бүх монгол хүний өмнө үг хэлэх боломж олдвол та юу гэж хэлэх вэ?

-Монголчууд аливаа нөхцөлд дасан зохицохдоо сайн. Гэвч ямар нэг зүйлийг тууштай хийж чаддаггүй санагддаг. Тийм ч учраас Засгийн газар солигдож, шийдвэрүүд өөрчлөгддөг. Шинэ зүйлд амархан дасдаг учир тэд үргэлж шинэлэг зүйлийг хүсч байдаг. Гэвч миний өмнө хэлсэнчлэн хурдан дасан зохицох гэдэг нь нөгөө талдаа тууштай биш, тогтворгүй гэдгийг илтгэж байдаг. Япончууд монголчуудтай харьцуулахад харьцангуй хуучинсаг хүмүүс. Гэвч тэд аливаа зүйлд илүү тууштай байж чаддаг юм шиг надад санагддаг. Аливаад тууштай байх нь маш чухал шүү гэдгийг л хэлэх байх даа.

Ярилцлага дуусаад цаг гаргаж илэн далангүй ярилцсанд баярласнаа илэрхийлээд түүнийг тэврэхэд намайг Баян-Өлгийнх үү гэж асуув. Яагаад ч юм инээд хүрээд яагаад намайг Баян-Өлгийнх гэж бодсон учрыг асуухад казахууд гар барихаас илүүтэй тэвэрдгийг тэрбээр Баян-Өлгийд явж байхдаа анзаарснаа надад хэлсэн юм. Ингээд түүнтэй ярилцаж, инээлдэж, өрөөнд нь байдаг дасгалын төхөөрөмж дээр нь ээлжилж суниаж, надад мөрөөдөлдөө хэрхэн хүрэх талаар зөвлөсөн хоёр цаг дуусч гэр лүүгээ алхах замдаа эргэцүүлж бодох олон зүйлстэй түүний ажлаас гарсан юм.  

“Мобиком”-ын ажлын газрын ханан дээр

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Амар мөрнөөр дамжин Орос улсаас

Өмнөх нийтлэл

Краудфандингаар хэрхэн санхүүжилт босгох вэ?

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Сайхан ярилцлага болсон байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.