Би ажлаа хэрхэн сайжруулдаг вэТоп нийтлэл

БИ АЖЛАА ХЭРХЭН САЙЖРУУЛДАГ ВЭ: “Жүр Үр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэ

1

1998 онд Монголын хүнс үйлдвэрлэлийн салбарт нэгэн шинэ компани мэндэлсэн нь “Жүр Үр” компани байлаа. Хүмүүст өөрсдийн бялуу, амттанаараа эм мэт ач тус өгөхийг билэгдэн ургамлын гурван дээд үрийн нэг жүр үрийн нэрээр компаниа нэрлэж байсан түүхтэй. Анх нэг технологич, хоёр туслах ажилтантай эхэлж байсан бол өдгөө 800 гаруй ажилтантай үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг болтлоо өсөж дэвшсэн юм. Анх гэр бүлийнхэн хамтдаа үүсгэн байгуулалцахаас эхлээд өдийг хүртэл “Жүр үр” компанийг амжилттай явахад гол үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн нэг бол компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэ юм. Түүнийг “Би хэрхэн ажлаа сайжруулдаг вэ” буландаа хамгийн анхны зочноор урьж түүний ажлын арга барил, сургамжийн талаар ярилцлаа. 

КОМПАНИД ГАРЧ БОЛОХ ХАМГИЙН ТОМ АЮУЛ НЬ ҮНДСЭН ЗАРЧМААСАА УХРАХ

-Таны эхнэр болон гэр бүлийнхэн тань Жүр Үр компанийг анх 1998 онд байгуулж байхад танайхаас гадна ганцхан л бейкери байсан гэдэг. Анх байгуулж байх үеийн компанийн бодлого чиглэл одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Өнгөрсөн үеэ би ингэж гүнзгий бодож байгаагүй юм байна. Учир нь бид ирээдүйдээ хэрхэн бэлдэх талаар л үргэлж ярилцацгаадаг. Одоо бодоход, тэр үеийн бизнес бол мэдлэг дээр суурилсан гэхээсээ илүүтэй зөн билэг, таамаглал дээр тулгуурлаж явдаг байсан. Нарийн боов, бялуу хийгээд үзвэл зарагдах болов уу гэж л хүмүүс хийж эхэлж байсан байх. Тухайн он жилүүд бол том, том үйлдвэрүүд хаагдчихсан байсан учир жижиг дунд бизнесүүд бий болсноор сонголт өргөн болж эхэлж байсан үе. Компанийнхаа эхэн үед борлуулалтаа хэрхэн тогтворжуулах тал дээр л илүү анхаардаг байсан. Бизнесийн цар хүрээнээс хамаараад зорилго өөрчлөгддөг. Борлуулалт тогтворжиж эхэлсний дараа хэрэглэгчиддээ үнэ цэн өгөх талаар илүү анхаарч эхэлсэн. Харин одоо бид нийгэмдээ хувь нэмэр оруулж, хүнсний зөв соёлыг хэрэглэгчиддээ түгээхийг л зорьж байна.

-Бизнесийн цар хүрээнээс хамаарч зорилго өөрчлөгддөг гэж байна. Бизнесээ томорч эхлэхэд дараагийн зорилго, дараагийн үе шат руугаа шилжих хэрэгтэй юм байна гэж бодогдож байсан ямар үе байв?

-Бизнесийн хувьд дараагийн үе шат руу орж байгаагаа ч яг сайн мэдэхгүй явж байсан гэхэд хилсдэхгүй. Групп болсон томоохон компаниудтай харьцуулахад би компаниа дунд шатны компани л гэж хардаг. Тэгэхээр ийм бизнесүүдийн хувьд хэрэглэгчдээ мэдрэхээс эхлээд мэдрэмжин дээр илүү явдаг юм болов уу. Жижиг дунд бизнесийн хувьд хэрэглэгчээ мэдэрч зах зээлийн чиг хандлагаа ойлгох нь маш чухал. Бизнесийн шинжилгээг яг ном журмын дагуу хийгээд сайн стратеги гарна гэдэгт би эргэлздэг. Бялуу, нарийн боовны арван хэдэн компани өнөөдөр Монголд байгаа ч цаад үнэт зүйл, зарчим зорилго нь бүгд ялгаатай бодьгалууд. Бодьгал гэж хэлж байгаа нь бизнесийн процесс өөрөө амьд гэдэгтэй холбоотой юм.

– Хүнсний компани учир энэ бизнесийн энэ амьд үйл ажиллагааг үргэлж чанартай авч явж, хэрэглэгчдээ маш нарийн мэдрэх шаардлагатай болдог байх. Хэрхэн цаашид хөгжиж энэ бүх үйл явцыг тогтмол авч явдаг вэ?

-Манай компани хөгжлийг үндсэн гурван зүйл дээр тогтдог гэж томъёолдог. Нэгд, асуудлаа олж сайжруулах чадвар. Хоёрт, өөрчлөгдөх чадвар. Магадгүй өчигдрийн гаргаж байсан бидний шийдвэр өнөөдөр өөрчлөгдөж болно шүү дээ. Хэзээ ч төгс шийдвэр гэж байхгүй учир өнгөрсөнд гаргасан шийдвэрүүдээсээ үргэлж суралцах хэрэгтэй. Гуравт, ирээдүйн чиг хандлагыг ойлгох. Энэ гурав дээр л бидний хөгжил тогтдог. 

-Нарийн боов, бейкери бүтээгдэхүүний хувьд монгол хэрэглэгчдийн чиг хандлага, онцлог нь юу вэ? 

-Монголчууд үнэ цэнийг илүү эрхэмлэдэг. Өмнө нь бүтээгдэхүүний үнийг илүү харж авдаг байсан бол одоо үнэ цэнийг илүү чухалчилж байна. Тэгэхээр бид хэрэглэгчиддээ хэрхэн үнэ цэнийг өгөх тал дээр л анхаарч ажилладаг. Гэвч Монголд бейкеригийн соёл бүрдэх хараахан болоогүй байна. Социализмын үед үйлдвэрт олноор хийсэн талхыг хүмүүс орой нь худалдаж аваад маргааш өглөө нь хэрэглэдэг байсан. Одоо ч тийм байгаа. Бейкеригээс өглөө нь барьсан шинэхэн талх шууд авч хэрэглэхээс илүү өмнөх орой нь дэлгүүрээс авч нэг хоносны дараа талхаа хэрэглэдэг. Европ бол нарийн боовны соёл өндөр хөгжсөн газар. Нарийн боовны үндсэн технологи энгийн ч түүнийг монгол хэрэглэгчдэд яаж тохируулах уу гэдэг л хамгийн хэцүү ажил. Мөн цаг уураасаа хамаараад Европт талх их амттай гардаг. Гэтэл хуурай уур амьсгалтай байдаг Монголд талх маш хурдан хатдаг. Талх зүсээд ил тавиад цаг болоход л хатчихсан байдаг шүү дээ. 

-Энэ олон жилийн хугацаанд танай компанид гарч байсан хамгийн том бэрхшээл юу байв?

-Компанид гарч болох хамгийн том аюул нь үндсэн зарчмаасаа ухрах юм шиг надад санагддаг. Компанийн эрхэм зорилго, алсын хараа гэж бий. Гэтэл зарим тохиолдолд үнэт зүйлээсээ хазайх шахсан тохиолдол гарч байсан. Тэр үед сэтгэл зүйн их хүнд байдалд ордог юм байна лээ. Манайх катеринг үйлчилгээтэй байхад төрийн байгууллагууд манай үйлчилгээг их сонирхдог байсан. Тухайн үед тэд урамшуулал өгөөч гэж их асуудаг байсан ч бид яг л үнээр нь зардаг байв. Гэтэл манай нэг менежер урамшуулал өгөөд бүтээгдэхүүнээ зарчихсан байсан нь хожим ил болоход би сэтгэл зүйн хувьд их хүнд байдалд орсон. Яагаад бид хууль бус үйлдлээр мөнгө олчихов гэж их бодсон доо. Одоо бид энэ дээр маш хатуу зогсдог. Компаниудыг ч бас үүн дээр хатуу зогсоосой гэж хүсдэг.

-Энэ мэтчилэн та ажилтан бүртээ ойлгуулахыг хичээдэг ямар сургамж, зарчмууд байдаг вэ? 

-Эхлээд би удирдах албан тушаалын хүмүүстээ итгэл үнэмшилдээ үнэнч байх зарчмыг сайтар ойлгуулахыг хичээдэг. Цаашлаад менежер гэдэг албан тушаал биш харин үүрэг хариуцлага учраас бүгд л адилхан ажилтнууд гэдгийг хэлдэг. Мөн ажилтан бүр ажлаа хийхдээ аз жаргалтай байхын чухлыг тэдэнд сануулдаг. Эцэст нь хэрэглэгчид байгаа учир л бид оршин тогтнодог гэдгийг ажилтан бүр ойлгоосой гэж боддог. Жил болгон ажилтнууд маань над руу захидал бичдэг юм. Ихэнх нь компанидаа талархсан талархал, санал бичдэг ч хааяа нэг гомдол бас ирдэг. Эндээс ажилтнууд юу боддог, компаниа яаж хардгийг би мэдэж авдаг даа. Бас ажилтнууд надтай шууд холбогддог өөр сүлжээ ч бий. 

-Компаниараа хамгийн бахархдаг зүйл юу вэ?

-Үйлчлүүлэгчид маань манай байгууллагад маш их итгэдэг нь бидэнд үргэлж урам зориг өгдөг. Гэвч байгууллагын маань 800 ажилтны нэг нь л алдаа гаргахад хормын дотор бид хэрэглэгчийнхээ итгэлийг алдах эрсдэлтэй. Тэгэхээр компани маань томрох тусам ажилтан бүр илүү хариуцлагатай болдгийг хамт олон маань сайтар ойлгоосой гэж боддог. Итгэл гэдэг байнга л байж байдаг баталгаатай зүйл биш. Үргэлж усалж, тордож байж итгэлийг хадгалж явдаг. Нэг л удаа итгэл алдахад хүмүүс гомддог шүү дээ. 

ЗАЛУУ НАСАНДАА ЗОВЛОНГ МӨНГӨӨР Ч ХУДАЛДАЖ АВААД ХАМААГҮЙ ҮЗ

-”Жүр Үр”-ийн салбарууд Улаанбаатар хотоос гадна Дархан, Эрдэнэт хотод байдаг ч бусад аймгуудын төвөөр явахдаа танай салбарыг харж байгаагүй юм байна. Бусад аймагт салбараа нээхэд ямар нэгэн бэрхшээл байдаг уу эсвэл?

-Бид наймдугаар сард Өвөрхангай аймагт нэг салбараа нээсэн. Аймгийн захиргаа татварын орлогоо бодоод хотын байгууллагыг аймагтаа үйл ажиллагаа явуулахад маш дургүй ханддаг. Тэр бүү хэл бүр хүчээр хориглодог, зогсоодог аймаг ч бий. Иймээс татварын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй юм болов уу. Яагаад гэхээр татвар нь орж ирэхгүй юм чинь тэд дэмжих сонирхолгүй байдаг. Гэтэл тухайн орон нутгийн иргэдэд чанартай бүтээгдэхүүн л хамгийн чухал шүү дээ.

-Нарийн боов, бялуу хийхэд түүхий эд болох гурил найдвартай байх нь маш чухал шүү дээ. Түүхий эдийн нийлүүлэлт дээр ямар бэрхшээл гардаг вэ? 

-Буудайн чанарын талаар бид барагтаа ярьдаггүй ч буудайн стандарт гэж байдаг. Буудай сайн гарсан жил гурил чанартай гардаг, буудай муу гарвал гурил чанаргүй болдог. Гурилыг татаж авах, хадгалах, шигших, зуурах зэрэг бүх үйл явцын дунд ажилтнуудын цалин, үйлдвэрлэлийн элэгдэл явж байгаа. Гэвч гурил чанартай гарсан эсэх нь хамгийн сүүлд хөөлгөөд гарахад мэдэгддэг тул наана нь мэдэх боломжгүй байдаг. Үйлдвэрлэлд энэ нь маш том зардал болдог. Өнгөрсөн жил Монгол Улс буудайгаа хангаж чадаагүй учир Оросоос стандарт өндөр буудайг худалдаж авсан учир энэ жил бидэнд ямар нэгэн доголдол гараагүй. Хэрэв Засгийн газар тухайн жилийнхээ буудайн нөөцийг бэлдэж чадаагүй тохиолдолд гаднаас буудай авах эрхийг компаниудад өгдөг. Гэвч энэ эрхийг зөвхөн худалдааны компанид олгоод үйлдвэрлэгчдэд олгодоггүй. 

-Нарийн боов, бейкеригийн зах зээл дээр гадны компаниуд орж ирж байна. Үүнийг дагаад өрсөлдөөн ихэсч байгааг танай компани хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Өрсөлдөөн нэмэгдэж байгаад би хувьдаа их баяртай байгаа. Цаашдаа улам л их гадны компани орж ирснээр өрсөлдөөн улам л ширүүсэх байх. Энэ нь ч зөв. Ингэж байж л бизнесүүд хөгжинө. Энэ өрсөлдөөн биднийг илүү ухаажуулж, нэгдмэл болгож байна. Хэрэглэгчдийн хувьд ч бас сонголт нэмэгдэж байна. Яг энэ цаг үед өрсөлдөөн ихсэх нь урт хугацаандаа маш их хэрэгтэй. Учир нь бизнесээ анх үүсгэн байгуулсан хүмүүс ийм нөхцөл байдлыг даван туулж чадна. Харин бэлэн бизнесийг өвлөж авсан хоёр, гурав дахь үеийнхэн ийм нөхцөл байдлыг даван туулахад хэцүү. Япон зүйр үг байдаг даа. “Залуу насандаа зовлонг мөнгөөр ч худалдаж аваад хамаагүй үз” гэдэг. 

-Өрсөлдөхийн тулд компани ч, хувь хүн ч үргэлж суралцаж байх хэрэгтэй. Аминчлан хэлсэн зөвлөгөөнөөс бид нэгийг ухаарсныхаа дараа өмнөхөөсөө өөр хүн болсон мэдрэмж авдагтай адил, сайн анзаарвал бид өдөр бүр л шинэ зүйл сурч мэдэхийнхээ хэрээр өөрчлөгдөж байдаг шүү дээ. Тэгэхээр 20 жилийн өмнө бизнесээ байгуулаад явж байсан та өнөөдөр хэрхэн өөрчлөгдөж, илүү хөгжсөн бэ? 

-Анхнаасаа би компанийнхаа захирал байгаагүй л дээ. Манайх гэр бүлийн компани. Тухайн үед бид өөрт ногдсон ажлуудаа л хийгээд явж байсан. Одоо компанидаа оруулж байгаа миний үүрэг гэвэл илүү сэтгэл зүй, гүн ухаан талдаа болж байгаа юм уу даа. Ялангуяа сүүлийн үед би хандлага, ур чадвар, мэдлэг гэх үгийн цаад утга учрыг илүү ойлгохыг хичээж байна. Ингэснээр ажилтнуудаа юунд илүү суралцах хэрэгтэйг мэдэж авна. Монголчууд цэгцтэй сэтгэх тал дээр дутагдалтай санагддаг. Цэгцтэй сэтгэж эхлэхийн тулд ямар үг сонгож ярьж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Бид мэдлэг, ур чадвар гэхээр бүх л зүйлийг хамруулж ойлгодог. Гэтэл ур чадвар гэдэг тухайн хүн оюун ухаан, мэдлэг хоёроо ашиглаад үр дүн гаргах чадварыг хэлдэг. 

-Ур чадвартай ажилтан гэдэг таны хувьд ямар ажилтанг хэлэх вэ?

-Мэргэжлийн мэдлэгтэй, түүнийгээ зөв цагт нь ашиглаж чаддаг ухаантайгаас гадна энэ бүхнийгээ ашиглаад үр дүн гаргаж чаддаг ажилтанг хэлнэ. Ухаантай ч гэсэн үр дүн гаргахгүй байвал тэр ажилтнаар яах юм бэ.

-Компани өргөжин тэлэхийн хэрээр хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлтийг таниас илүү шаарддаг байх. Энэ бүхнийг зохицуулахын тулд ажлаа хэрхэн хялбарчилдаг вэ?

Бид эрх мэдлийн шилжүүлэлт хийдэг. Компани дөнгөж эхэлж байхад шинэ ажилтан авахдаа бид өөрсдөө ярилцлага хийдэг байсан. Цаашдаа энэ ажил хүний нөөцөд шилжсэн бол одоо салбар нэгжүүд өөрсдөө хүнээ авч ажиллуулж байгаа. Энэ нь ажлыг маш их хөнгөвчилж, бүтээмж өсгөдөг. Мөн хүмүүс захирлаар ажлаа батлуулна гэдэг бол би тухайн ажлыг хариуцаж байгаа нэгжүүдээр нь батлуулж, шаардлагатай бол зөвхөн зөвшөөрлийг л олгодог. Ингэснээр ажлаа илүү хялбарчилж систем хоорондын уялдаан дээр би илүү цаг гаргах боломжтой болдог. Эцэст нь зөв шийдвэр гаргахын тулд бодит мэдээллийг тэнцвэртэй авахыг их хичээдэг. 

Түүний оролцсон “Сондгой 9” булангийн асуулт хариултыг эндээс уншина уу

Б. Билэгт

Бизнесийн арга зүйн цогц сургалт тун удахгүй

Өмнөх нийтлэл

Өгөгдлийн соёлыг нэвтрүүлсэн “Мобиком”-ын туршлага

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. jur ur zuv managementtei goyo company sanagddag, ta buhend ulam ih amjilt husie

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.