Өнгөрсөн онд хоёр ч даатгалын компани IPO хийж буйгаа зарлаж, Монголын хөрөнгийн биржид хэдхэн хоногийн зайтай цан цохих үйл ажиллагаа зохион байгуулсан билээ. Ийнхүү “Мандал даатгал”, “Ард даатгал” компаниуд хувьцаагаа анхдагч зах зээлд амжилттай арилжаалж, даатгалын салбарын ирээдүйг гэгээлгээр зурагласан юм. Нөгөө талаас олон нийтэд хувьцаа эзэмшүүлэх замаар эрсдэл даах чадвараа нэмэгдүүлж, бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилгоор тэд энэхүү томоохон алхмыг cалбартаа анхлан хийсэн нь үр дүнд хүрч санхүүгийн үзүүлэлтээрээ топ байруудад багтаж эхлэв. Харин салбарын мэргэжилтнүүд хөрөнгө босгох энэхүү шийдлийг даатгалын компаниудын засаглал сайжирч, илүү ил тод, нээлттэй болох гарц хэмээн санал нэгтэй дүгнэж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын даатгалын салбар тогтмол өсөх болсон. 2018 оны эцсийн байдлаар салбарын нийт актив 331.9 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеийнхээс 35.6 хувиар өссөн бол даатгалын
нийт хураамжийн орлого 23.8 хувиар нэмэгджээ. Гэхдээ салбарын хөгжлийн гол үзүүлэлтүүд хангалтгүй хэвээр байгаа юм. Даатгалын хөгжлийн түвшинг нэвтрэлт, нягтрал гэх үзүүлэлтээр олон улсад хэмждэг.

Тухайлбал, даатгалын хураамжийн нийт орлогыг ДНБ-д эзлэх хувиар даатгалын нэвтрэлтийг тодорхойлдог бол нягтралыг нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлогоор тооцно. Одоогоор Монгол Улсын даатгалын нэвтрэлт 0.56 хувь байгаа нь дэлхийн дунджаас 10, хөгжиж буй орнуудын дунджаас тав дахин бага, харин даатгалын нягтрал ойролцоогоор 18.4 ам.доллартай тэнцэж буй нь дэлхийн дундажтай харьцуулахад 35 дахин бага байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Энэ зөрүүг багасгаж, өсөлт бий болгохын тулд даатгалын салбарынхан технологийн дэвшил ашигласан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, инновацлаг хөрөнгө оруулалтуудаа нэмэгдүүлэх, өөр хоорондоо нэгдэн ажиллах шаардлага үүсээд байна. Мөн зохицуулалтын уян хатан бодлого хэрэгжүүлэххэрэгтэй гэдгийг “Монгол даатгал” компанийн гүйцэтгэх захирал Ч.ЭнхАмгалан хэлж байна. Монголын даатгалын зах зээл 2017 оны жилийн эцсийн ДНБ-ийн 1.3 хувийг эзэлж буй ч цаашид хэд дахин өсөж, цар хүрээгээ тэлэх бүрэн боломжтой.

Хамгийн гол нь хэр хурдаар тийш хүрэх вэ гэдэг асуулт хэвээр үлдэх нь. Банк, даатгал, хөрөнгийн зах зээлийг санхүүгийн салбарын тулгуур гурван багана гэж тодорхойлдог. Үүнээс Монголын банкны салбар дэлхийн жишигтэй эн тэнцэхүйц түвшинд хөгжиж, санхүүгийн салбарын 95 хувийг эзэлж буй. Харин үлдсэн хэсгийг даатгал болон хөрөнгийн зах зээл бүрдүүлдэг. Тиймээс санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, даатгалын салбарыг хөгжүүлэхийн тулд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, даатгалын талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. Энгийнээр тайлбарлавал, танд аливаа эрсдэл учрахад үүсэх санхүүгийн хүндрэлээс урьдчилан сэргийлж, зохих хэмжээнд дэмжлэг үзүүлэх нь даатгалын үйлчилгээний гол онцлог юм. Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар нийт иргэдийн 94.5 хувь нь ямар нэг байдлаар албан ёсны санхүүгийн үйлчилгээнд хамрагддаг ч тэдний 70 хувь нь сайн дурын даатгалд хамрагддаггүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ бүхэн манай улсад даатгалын хүртээмж хангалтгүй байгааг илтгэнэ.

“Мандал даатгал” компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан “Даатгалын талаарх иргэдийн ойлголт сайжирч байгаа ч хангалттай түвшинд хүрэхийн тулд дор хаяж 10, 20 жил шаардагдах болов уу. Үүнийг товчлох нэг арга байгаа нь албан журмын даатгалын тоог нэмэгдүүлэх” гэлээ. 2012 онд жолоочийн албан журмын даатгал хэрэгжиж эхлэхэд олон нийт
сөрөг байдлаар хүлээн авсан ч тэр цагаас хойш өнөөг хүртэл 140 мянган хүний 70 орчим тэрбум төгрөгийн хохирлыг энэхүү даатгалаар барагдуулсан гэх албан бус тоо бий. Мөн иргэдийн даатгалын боловсрол харьцангуй сайжирч, даатгалд хамрагдах байдал нь эрс нэмэгдсэн гэдгийг салбарынхан хэлж байна. Энэ чиглэлээр Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2021 он хүртэл хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Монгол Улсын даатгалын салбарын бүтцийг хөгжингүй улс орнуудтай харьцуулахад ихээхэн ялгаатай нь анзаарагддаг.

Тухайлбал, дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын даатгалын салбарын бүтцэд урт хугацааны даатгал нийт зах зээлийн талаас илүү хувийг эзэлдэг бол манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цор ганц компани байгаа нь “Нэйшнл лайф даатгал”. Тус компани даатгалын салбарын нийт хураамжийн орлогын 0.8 хувийг бүрдүүлж байна. Энэ тухайд Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат “Даатгалын салбар, тэр дундаа урт хугацааны даатгалын салбарыг хөгжүүлэхийн тулд Даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар бид судалж эхэлсэн” хэмээн хариуллаа. Тухайн даатгалын компани эрсдэл даах чадвараасаа хэтийдсэн хэмжээний эрсдэлийг давхар даатгалын компанид даатгадаг. Энэ тохиолдолд, манай даатгалын компаниуд ихэвчлэн гаднын давхар даатгалын компанитай хамтрах нь элбэг. Тиймээс даатгалын компаниуд нийт хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх тусам тэр хэрээрээ давхар даатгалын зардалд гадагшаа урсгаж буй валютыг дотооддоо барих боломжтой. Өдгөө Монгол Улсад давхар даатгалын хоёр компани үйл ажиллагаа явуулж байна. Зарим талаар, салбарын мэргэжилтнүүд эдгээр компанийн үйл ажиллагаа гадагш чиглэж буй давхар даатгалын зардлыг дотооддоо авч үлдэх боломжийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа ч үүнтэй санал нийлэхгүй хэсэг ч бас бий.

“Манай давхар даатгалын компаниуд хангалттай хэмжээний эрсдэл даахаар хөрөнгийн чадавхитай биш. Хоёрдугаарт, Монголын зах зээл жижиг учраас өрсөлдөөн их. Нөгөө талаас, харилцагчийн мэдээлэл гэдэг маш үнэ цэнтэй. Үүнийгээ дотоодын компанитай хуваалцсан тохиолдолд тухайн мэдээлэл алдагдахгүй байна гэдэгт итгэхэд эргэлзээтэй. Ойрын жилүүдэд давхар даатгал Монголд эрчимтэй хөгжинө гэж хэлэхэд тун бэрх” хэмээн “Мандал даатгал”-ын гүйцэтгэх захирал Б.Жавхлан ярилаа. Даатгалын компаниудын нийт хөрөнгийг салбарын хэмжээнд эзлэх хувиар авч үзвэл давхар даатгалын компани 21 хувийг эзэлж байгаа нь ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээнээс даруй 55 хувиар бага үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар ердийн даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулж байгаа нь манайх шиг жижиг зах зээлийн хувьд ахадсан тоо. Энэ хэрээр компаниудын үйл ажиллагааны зардал данхайж, нийгэмд үйлчлэх үүргээ бүрэн гүйцэтгэхгүй байх талтай.

Үүнээс сэргийлэхийн тулд даатгалын компаниуд чадавхжиж, зардлаа оновчтой хуваарилах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Олон улсын даатгалын компаниуд нийт хураамжийн орлогынхоо 60-аас дээш хувийг нөхөн төлбөрт зарцуулж, 35 хүртэлх хувийг үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэхэд зарцуулдаг бол Монголд энэ харьцаа эсрэгээрээ 40:60 байна. Өөрөөр хэлбэл, ашиг орлогын тухай биш амиа аргацаах хэмжээнд асуудал яригдаж байгаа юм. Энэ өнцгөөс харвал даатгалын хураамж бага, өрсөлдөөн шударга бус байна гэж ярих нь утгагүй гэдгийг Б.Жавхлан тэмдэглэж байна. Хэдийгээр Монголд даатгалын компани олон байгаа ч харилцагчдадаа үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд өөр хоорондоо ялгарах зүйл тун бага. Жижиг зах зээлээс шалтгаалсан энэхүү онцлогийг үл харгалзан цаашид олон улсын жишгээр даатгалын компаниуд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уул уурхай, барилгын гэх зэргээр салбарлан төрөлжих шаардлагатай тулгарах нь.

Мөн энэ хүрээнд яваандаа даатгалын дараах нэмэлт үйлчилгээнүүд ч үгүйлэгдэх хандлагатай байна. Олон улсын түвшинд хүрч ажиллахад тулгарч буй гол бэрхшээлээ даатгалын салбарынхан мэргэжлийн боловсон хүчний дутмаг байдалтай холбон тайлбарладаг. Энэ чиглэлээр Монголд тун саяхнаас л мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн билээ. Зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх тухайд даатгалын компаниуд өөр өөр байр суурьтай байна. Нэг хэсэг нь, дижитал эринийг дагаж, технологид суурилсан, хэрэглэгч төвтэй бүтээгдэхүүнийг харилцагчдадаа хүргэхээр зорин ажиллана гэсэн бол зарим нь, нэгэнт нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ зах зээлийг тэлж, илүү олон хэрэглэгчид хүргэхээр төлөвлөснөө хуваалцлаа. Даатгалын салбар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үргэлж хувьсан байдгийг бид өнгөрсөн жилүүдийн туршлагаасаа мэднэ. Гэхдээ Монголын даатгалын салбар алгуурхан ч гэсэн өссөөр байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Хуульч Б.ГҮНБИЛЭГ: Аав маань сууж сурах ёстойг багаас минь ойлгуулсан

Өмнөх нийтлэл

Амар мөрнөөр дамжин Орос улсаас

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох