Би ажлаа хэрхэн сайжруулдаг вэМэдлэгт нэмэрТоп нийтлэл

Брендон Боинтон: 18-тайдаа хийсэн аппликейшн маань 1 сая сурагчийн амьдралд нөлөөлсөн нь надад урам өгдөг

2

Брендон Боинтон. 22 настай, Индиана мужийн Пүрдүеийн их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан. Брендон ахлах сургуульдаа үе тэнгийнхэндээ дээрэлхүүлдгээсээ болж сэтгэл санааны гүн хямралд орж байв. Сургуулийнхаа санал гомдлын хайрцганд цаас шургуулах нь бусдад харагдах эрсдэлтэйг анзаарсан тэрбээр сургуулийн захиргаандаа тэр бүхнийг онлайнаар мэдэгддэг аппликейшныг 18 настайдаа бичиж байв. Bullybox аппликейшн нь дэлхий даяар сая гаруй сурагчдын амьдралд нөлөөлсөн нь түүнд маш их урам өгсөнийг тэрбээр ярилцлаганыхаа дундуур онцолсон юм. Одоогоор уг аппликейшныг Америк, Шинэ Зеланд, Испани, Франц болон Их Британи гэх мэт дэлхийн олон улсын ахлах сургуулиуд ашигладаг. Тэрбээр 22 настайдаа хэдийн технологийн хоёр компанийг үүсгэн байгуулаад зогсохгүй хөгжүүлсний эцэст томоохон компанид зарж байсан туршлагатай. Америкийн Элчин сайдын яам, Зориг сангийн хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн урилгаар түүнийг Монголд ирээд байхад нь уулзлаа. 

-Ахлах сургуульдаа аппликейшн бүтээхээсээ өмнө анх код бичих талаар хэрхэн сурч байсан бэ?

-Интернетээр л бүх зүйлсийг сурч байлаа. Анх програмчлалын талаар сонирхсон цагаасаа Youtube-ээр ойлгоход хэцүү аялгатай бичлэгүүдийг их үзнэ. Сурч чадах боломжоороо л би бүх зүйлсийг сурахыг хичээсэн. Гүүглээр “Хэрхэн…” гэж бүгдийг хайж үзээд гарч ирсэн кодыг хуулна. Түүнийг ажиллуулаад болохгүй бол дахиад л хайдаг байв. Тухайн үед Bullybox-ыг хийхийг маш их хүсч байсан учраас би компьютерийн ард хэр их цаг сууж өнгөрөөснөө ч сайн санадаггүй. Анх яаж аппликейшн бүтээх вэ гэж гүүглдсэнээсээ хойш би алхам алхмаар сурсаар эцэстээ санасандаа хүрсэн юм. Мэдээж олон сул талтай байсан ч ажилладаг аппликейшн бүтээсэндээ би зах хязгааргүй урамшиж байлаа. Энэ мөчөөс хойш программ бичих сонирхол маань улам ихэссэн.

-Бизнесийн санаагаа танилцуулдаг маш олон тэмцээн, хакатонд орсон тухайгаа та ярьж байсан. Хөрөнгө оруулагчдад бизнесийн санаагаа танилцуулахад тодорхой зөвлөгөө өгөөч?

-Хэн нэгнийг ятгах гэж байгаа учраас тэдэнд тодорхой баримт, тоо үзүүлэх хэрэгтэй. Шулуун өсөлт биш экспонэншл өсөлт үзүүлэх боломжтой гэдгийг маш энгийнээр харуулах хэрэгтэй. Тоо баримтан дээр сайтар үндэслэх хэрэгтэйгээс гадна бизнесийн санаагаа тодорхой танилцуулах тусам амжилт олох магадлал ихэснэ. 

-Гэвч заримдаа өөрийн бизнесийн санаагаа танилцуулахаас гадна янз бүрийн сонирхолтой түүх өгүүлэх нь хэрэгтэй болдог шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Миний хийж байсан Bullybox-ын түүх их сонирхолтой. Дээрэлхүүлдэг байсан өөрийн бодит амьдрал дээрээ үндэслэж энэхүү аппликейшнийг зохиосноо би хөрөнгө оруулагчдад ярьдаг байсан. Хөрөнгө оруулагчид хүн л учир тэдний сэтгэлийг хөдөлгөж чадвал тэд чиний санааг хүлээж авахдаа илүү нээлттэй болдог. “Асуудал энэ байна. Энэ асуудлаас болж мянга, мянган хүн ийм байдалд амьдарч байна. Харин үүнийг шийдэх шийдэл нь энэ байна” гэх мэтчилэн бодит байдлыг ярьснаар чи бүтээгдэхүүнээ илүү бодит болгож амьдралд илүү ойртуулж байгаа юм. 

-Заримдаа бид өөрсдийнхөө бизнесийн санааг хамгийн шилдэг нь гэж сохроор итгэчихсэн явдаг. Гэтэл бодит байдал дээр бүтэхээргүй бизнесийн санаа олон байдаг шүү дээ. Тэгвэл гаргасан бизнесийн санаагаа бодитой хэрэгжихүйц, амжилт олохуйц гэдгийг хэрхэн мэдэх боломжтой вэ? 

-Хүнд хамгийн түрүүнд ямар ч санаа төрж болно. Магадгүй та ямар нэгэн гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа гаргаж болно. Үүний дараа энэ санаагаа бодитоор биелэх эсэхийг мэдэх гэж хичээнэ. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай чадвар танд эсвэл хамтран ажиллагсдад тань байна уу? Хоёрт, зах зээл энэ бүтээгдэхүүнд бэлэн байгаа юу? Хэрэглэгчид ямар нэгэн саадгүйгээр энэ технологийг ашиглаж чадах уу? Хямралын үеэр та тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэвэл бүтэхгүй. Хичнээн гоё санаа байсан ч хүмүүст түүнийг худалдаж авах мөнгө байхгүй бол тэр санаа ердөө л санаа хэвээрээ үлдэж бодит боломж болж чадахгүй. Санаагаа бодитоор хэрэгжиж амжилт олно гэдгийг хөрөнгө оруулагчдад үнэмшүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд тодорхой баримт, тоо хэрэг болно. “Энэ бол миний санаа, харин энэ бол одоо байгаа зах зээлийн тоо баримт, миний санаа ингэж хэрэгжиж зах зээлээ олох боломжтой” зэргээр бүх л зүйлсийг эхнээс нь дуустал бэлдэх шаардлага гарна. 

-Анх бизнесийн санаагаа хөгжүүлэхдээ хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа юу вэ? 

-Олон хүн өөрсдийнхөө санааг шилдэг санаа гэдэгт сохроор итгэчихдэг. Ингэснээр тэд бизнесийн санаагаа бодит амьдрал дээр хэрэгжих эсэхийг дутуу тооцдог. Үүнээсээ болж бизнес төлөвлөгөөндөө маш их цаг, мөнгө зарцуулсан хойноо уг санаагаа өөрчлөх шаардлагатай болдог. Өдөр бүр шахуу 8-12 цагийг зарцуулж байгаа үед өөрийнхөө хийж байгаа зүйлийн сул талыг харахаа больчихдог. Жишээ нь би нэг бүтээгдэхүүн дээрээ ажиллаж байхдаа ирээдүйд орж ирэх хэрэглэгчдийн өгөгдлийг хэрхэн хадгалах талаар код бичихэд маш олон цагийг зарцуулсан ч одоогийн хэрэглэгчдийнхээ өгөгдлийг хэрхэх талаар огт бодоогүй болж таарсан юм. Эцэст нь миний ажиллаж байгаа салбарыг сайтар мэддэг ментор надад тусалж бидний бизнесийн загварын олон сул талыг хэлж өгч байлаа. 

-Шинэ бизнес дээрээ нийт гурвуулаа ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрсний дараа багийн тань нэг гишүүн гарсаны дараа нөхцөл байдал яаж хувирсан бэ?

-Нэг жил хагас шахуу хугацаанд хамтдаа бизнес дээрээ ажиллаж байсан үе. Хамтрагч маань тэр бүх стрессийг дахиж тэсч чадахгүй болсон юм. Тэр их тодорхойгүй байдал дунд бид нэг жил хагас сохор зоос ч ололгүй өдөржин шөнөжин ажиллаж, гоймон усаар л хооллодог байлаа. Кредит карт маань ч гоймон худалдаж авсан жагсаалтаар дүүрсэн байв. Энэ үе үнэхээр хүнд байсан. Энэ үеэр багийн маань гишүүнд шинэ ажлын санал орж ирсэн ба энэ нь түүний дуртай ажил байгаад зогсохгүй илүү тухтай, цалин сайтай гэх мэт бүх л нөхцөл нь хамаагүй дээр байсан юм. Тухайн үед хамтрагч маань замын дундаас гарахаар шийдсэн нь надад хэцүү байсан ч эргээд бодоход энэ үйлдэл нь түүний хувьд ч багийн хувьд ч зөв шийдвэр байсан. Багаа бүрдүүлэх үед чинь золиос гаргахыг хүсэхгүй хэн нэгэн байгаа бол анхнаасаа багтаа түүнийг оруулах хэрэггүй юм. 

 

-Гурван хүнтэй багийн нэг нь гарчихвал 33.33 хувь нь байхгүй болчихож байгаа шүү дээ. Түүнийг гарсаны дараа хуримтлуулсан туршлага, мэдлэг гэх мэт бүх л зүйлсийг алдаж байгаатай ялгаагүй нөхцөл байдлаас хэрхэн гарч байв? 

-Тухайн үед би бизнесийн хөгжил дээрээ ажиллаж нөгөө хоёр маань хиймэл оюун ухааны хөгжүүлэлт дээр ажиллаж байсан юм. Түүнийг гарсны дараа код өөрөө бичиж сурах шаардлагатай болж түүний хийж байсан ажлыг хийхийн тулд олон цагийг сурахад зарцуулсан. Тухайн үедээ нийт ажиллах хүчнийхээ гуравны нэгийг алдчихсан ч дараа нь бид өөр хүмүүс авч ажиллуулж бүгдийг нөхөж чадсан. 

-Их сургуулийн хичээлийн хажуугаар энэ бүх ажлыг хэрхэн амжуулдаг вэ? 

-Би ажил амьдралын тийм ч зөв баланстай хүн гэж өөрийгөө хэлэхгүй ээ (инээв). Ихэвчлэн шөнийн хоёр, гурван цаг хүртэл ажилладаг байлаа. Өдөр бүр ингэж ажилласнаар зарим найз нөхөдтэйгээ ч холбоо тасрахад хүрдэг. Надтай уулзахаар асуухад нь завгүй гэж хариулсаар байгаад тэд сүүлдээ чамаас асуухаа болино. Би эхэндээ үеийнхэн маань цагийг хий дэмий өнгөрөөж байна гэж бодон шөнө хүртэл ажилласаар байдаг байв. Гэвч энэ нь маш эрүүл бус ажлын арга барил байсныг сүүлд ойлгож билээ. Ачаалал ихтэй үедээ би ажлаа үргэлжлүүлэхийн тулд их сургуулиасаа нэг семестрийн чөлөө авч байв. Тэр бүү хэл сүйт бүсгүй маань хамт салхилахыг хүсэх үед түүнд завгүй гэж хариулах шаардлага гардаг үе ч олон байсан юм. Энэ бүхнээс би зөв ажил амьдралын тэнцвэртэй байх хэрэгтэйг ойлгосон доо. 

-Амьдралдаа авч байсан хамгийн сургамжтай зөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Нэг удаа аав маань надад “Би чамайг маш их ажиллаж байгааг мэдэж байна. Үүгээр ч зогсохгүй хийж буй ажилдаа үнэхээр дуртай чинь маш сайн хэрэг. Гэвч ингэж их ажиллах нь тохиромжгүй. Амьдралд материаллаг зүйлс илүү чухал уу эсвэл чиний хайртай хүмүүс, ойр дотныхон чинь илүү чухал уу” гэж хэлж байлаа. Магадгүй энэ миний амьдралдаа авч байсан хамгийн сургамжтай зөвлөгөө байх. Хүний амьдралд хамгийн ихээр аз жаргал авчрах зүйлс бол бидний хайртай хүмүүс. Шаргуу хөдөлмөрлө, гэхдээ эцсийн эцэст гэр бүл, дотны хүмүүс маань л бидний амьдралын утга учир юм. Энийг л аль болох олон хүн ойлгоосой гэж би хүсдэг. 

Брендон Боинтон Vemity компанийнхаа хамтран үүсгэн байгуулагчтай хамт Rover180 компанийн төлөөлөгчтэй уулзаж байгаа нь

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б. Билэгт

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин: Бидний эцсийн зорилго бол мэргэжлийн танхимуудыг байгуулах

Өмнөх нийтлэл

Дарсны соёл шинэ түвшинд шилжиж байна

Дараагийн нийтлэл

2 Сэтгэгдэл

  1. Гоё ярилцлага болжээ. Бас л 10 жилээсээ ингэж хөдөлмөрлөсөн гэхээр мундаг байна шүү

  2. Ямар гоё мэдээлэл вэ баярлалаа
    Б. Билэгт ээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.