Мэдлэгт нэмэрТоп нийтлэл

Бусадтай хуваалцах сэтгэлийнхээ ачаар би өдий зэрэгтэй явна

0

“Чадах чадахгүй талаарх түмэн эргэлзээ байсан. Хааяа шөнө сэрээд, би юу руу орчихов оо” гэж бодох ч үе байлаа. Түмэн эргэлзээ байсан ч тэр эргэлзээгээ та үсээ бууралтатлаа бодоод байх биш арга замыг нь олоод явах хэрэгтэй” гэж ярих түүнийг сонсож суухад амьдралд үнэхээр л тодорхой зүйл гэж байдаг бил үү гэж бодогдоно. Бизнест хэний ч явж байгаагүй замаар явах анхдагчдын алхам бүр ч илүү эрсдэлтэй байдаг.

ХЭНИЙ Ч ХИЙЖ БАЙГААГҮЙ АЖЛЫГ БИ ХИЙЖ ҮЗМЭЭР БАЙСАН

-Та хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад зориулсан сэргээн заслын төхөөрөмжийн бизнесийг Монголдоо анх удаа эхлүүлсэн. Өөртөө шинэ байгаад зогсохгүй нийгэмдээ анхдагч бизнесийг эхлүүлэх шийдвэрээ хэрхэн гаргав? 

-Тэр үед бүгдийг шийдээд амжилттай бизнес хийчихнэ гэж итгэж байсан гээд худлаа яриад  яахав дээ, эргэлзэж л байсан. Швейцарьт бизнесийн их сургуулийн олон улсын бизнесийн хөтөлбөрийг төгсөөд ирэхэд 35-тай байлаа. Аль нэг компанид бага эсвэл дунд шатны менежер хийх боломж байсан. Тэр үед “Ойдов гуай минь чи энэ хорвоод нэг шалтгаантай л төрсөн, тэр зүйлээ хийж чадах уу үгүй юу” гэж бодогдож байв. Том компанийн эрэг шураг болоод ажиллах нэг өөр. Харин компаниа байгуулаад цэвэрлэгчээс нь захирал хүртэлх бүх ажлыг өөрөө хийх бас нэг өөр. Аль аль нь шандсыг сорьдог ажил. Гэхдээ би хоёр дахийг нь л сонгосон байхгүй юу. Олон залуус гаднаас ирээд төрд, бизнест ажиллаж байна. Харин надад хэний ч гаргаагүй зам мөрийг гаргах амбиц байсан. Хэн ч хийгээгүй ажил байна. Түүнийг би хийж үзмээр байна. Нас байна уу, байна. Мөнгө байна уу, бага зэргийн цуглуулсан мөнгө байна. Одоо тэгээд чамд юу хэрэгтэй юм? Хийж эхлэх л байгаа биз дээ.” Тэгээд л би за хийе гээд л хонгон дээрээ ташуурдчихсан. Тэгээд л явчихсан. Чадах чадахгүй талаарх түмэн эргэлзээ байсан. Хааяа шөнө сэрээд “Би юу руу орчихов оо” гэж бодож байсан үе байсан уу, байсан. Түмэн эргэлзээ байсан ч тэр эргэлзээгээ үсээ бууралтатлаа бодоод байх биш арга замыг нь олоод шийдээд явах хэрэгтэй. 

-Бизнесээ эхлүүлэхэд гарч байсан бэрхшээлүүдийг даван туулахад таны өмнөх ажлын туршлагууд хэрхэн хэрэг болж байв?

-Бизнесээ эхлүүлээд удалгүй мөнгө дууссан. Мөнгө дуусахад яаж мөнгө босгох арга замыг олсон. Үйлчлүүлэгчдэд яаж мэдээллээ өгөх тухай бодсон. Төрийн бус байгууллагад би арваад жил ажилласан. Таван жилийг олон улсын байгууллагад төслийн ажилтнаар ажилласан. Хүний тархинд яаж мэдээлэл суулгадгийг тэндээс маш сайн мэдэж авсан. Хүний тархинд мэдээлэл суулгана гэдэг чинь маркетингийн ухаан. Хүнтэй яаж харилцах уу гэдэг бол харилцааны ухаан. Санхүүгээ яаж барих уу гэдэг нягтлан бодохын ухаан. Эцэст нь энэ бүхнээ яаж авч явах уу гэдэг нь менежментийн ухаан юм. Тэрнээс өмнө би бизнесийн байгууллагад менежерээр ажиллаж байсан. Хүн удирдаж байсан уу, удирдаж байсан. Хүнд удирдуулж байсан уу, удирдуулж байсан. Энэ бүх туршлагаа эвлүүлээд бүтээнэ гэсээр байгаад л бүтээсэн. Тэрнээс тэртээ алсаас явах замаа харчихаад би чадна аа гээд хоп хийтэл үсрээд орчихсон юм байхгүй шүү дээ. Хэн ч угаасаа тэгдэггүй байх.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД МӨРӨӨДӨХ БОЛОМЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БИ БОДДОГ

Анх 1997 онд МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал болон Ойдовын эцэг Ваанчиг хоёул Америкт хүүхдүүдээ эмчлүүлж яваад танилцсан аж. Удалгүй хоёр аав, хүү хамтдаа буурай орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж эм эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирдэг ТББ-ынхантай танилцсанаар 15 жилийн турш 10 мянга гаруй тэргэнцэр, эм болон бусад хэрэгслийг Монголдоо оруулж ирэх ажлыг хийсэн юм. Уг ажил эхэлсэн үеэс л Г.Ойдов “Тусламжийн тэргэнцэр сан”-ийн гадаад харилцааг хариуцахаас гадна Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сэргээн заслын төхөөрөмжүүдийг хүргэхийн тулд өөрийн биеэр Монголын бүх л аймаг сумаар явж нойр хоолгүй шахам ажилладаг байв. Ингэж явахдаа тэрбээр хүмүүст зөвхөн хэрэгсэл тараагаад зогсохгүй тэдгээрийг хэрхэн ашиглахаас эхлээд бүхий л зүйлийг зааж сургадаг байсан аж. 

-Та өмнө нь “Тусламжийн тэргэнцэр сан”-гийн үйл ажиллагааг хариуцаад ажиллаж байсан. Гэвч тогтвортой үйл ажиллагаагаа явуулахын тулд бизнес болох хэрэгтэй гэж ярьж байсан тухайгаа тайлбарлаач?

-Нэгт, энэ чигээрээ авчирч өгөөд байвал хүмүүст олон сонголт байхгүй. Жилд нэг, хоёрхон удаа ирдэг чингэлэг дүүрэн ачаанаас л бараагаа авах боломжтой. Тэгэхээр үлдсэн 364 өдөр ямар ч сонголтгүй болчихож байгаа юм. Сонголт гэдэг чинь өөрөө боловсрол. Сонголт хийж чадаж байна гэдэг  чинь тэр хүн боловсролтой, техник инженерийн мэдлэгтэй байна гэсэн үг. Сонголт нь өөрөө хязгаарлагдмал болчихоор түүнийгээ дагаад боловсрол нь хязгаарлагдмал болчихдог. Хэрэв үйчлүүлэгчид бүтээгдэхүүнээ илүү ойлгож, өөрт нь ямар тэргэнцэр илүү тохирохыг мэддэг болоосой гэж хүсвэл бид сонголтыг нь нэмэх шаардлагатай. Тэгэхээр дөнгөж зардлаа хаах төдий, ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг ТББ хангалтгүй юм. Тиймээс сан хэвээрээ явсан бол сонголт үүсгэх магадлал бага байсан тул бизнес рүү шилжүүлэх нь зүйтэй гэж бодсон. 

-Бизнес болж байгаагийн давуу тал нь юу вэ?

-Бизнес болсны давуу тал нь жилийн дөрвөн улирал бараагаа авах боломжтой болно. Мөн хэрэглэгчид өөрийнхөө санхүүгийн бололцоо, биеийн онцлогтоо тохируулаад бүтээгдэхүүнээ авах боломж бүрдэх тул эндээс боловсрол үүсч байгаа юм. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоног төхөөрөмж зардаг бусад компанийг хараад дотроо голж байв. Одоо байгаа компаниуд маань хэрэглэгчдийн түрийвчинд л тааруулж бараа авчирдаг. Ингэснээр богино хугацаандаа таван төгрөг олох ч хурдан эргэлттэй бүтээгдэхүүн л зардаг учир тэр дунд хүнд хэрэгтэй бараа бараг байдаггүй. Хүнд хэрэгтэй болон хурдан эргэлттэй бүтээгдэхүүн авчрах хоёрын хооронд маш том зааг бий. Хүнд хэрэгтэй бүтээгдэхүүнийг авчирч байгаа бол чиний түрийвчний хэмжээг үл харгалзаад, чиний бие махбодь, бүрэн бүтэн байхуйц бүтээгдэхүүнийг санал болгох тухай юм. Харин хурдан эргэлттэй бүтээгдэхүүн гэдэг чинь чи хэзээ хэзээгүй халааснаасаа мөнгө гаргаад төлөх боломжтой бүтээгдэхүүнүүд юм. Тэдгээр нь манай зах зээл дээр таяг, шээлтүүр, хөтөвч, тэргэнцрүүд юм. Гэтэл зөвхөн тэргэнцэр л гэхэд дээш доош болдог, цахилгаантай, хүчтэй, өнгөлөг тэргэнцрүүд байгаа, тэдгээрийг ч хүмүүс авмаар л байгаа. Гэтэл бусад компани хурдан эргэлтээ бодоод хямдхан тэргэнцэр л авчирдаг. 

-Засгийн газар, хувийн хэвшил хоёрын нөхөж чадахгүй хоосон зайг нөхөж, тэдний хүрч чадахгүй байгаа асуудлыг шийдэхэд төрийн бус байгууллага чухал үүрэгтэй байдаг. Гэвч ашгийн төлөө бус учраас тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд санхүүжилт их хэрэг болдог шүү дээ. Энэ талаар та юу гэж бодож байна? 

-Олон төрийн бус байгууллага эцсийн шатандаа бизнес рүү хувирсан тохиолдол бий. Миний бодлоор төрийн бус байгууллагын хамгийн чухал зүйл мөнгө гэвэл бас худлаа болчихно. Яагаад гэвэл төрийн бус байгууллага чинь зоригтой, зүрхтэй, золиос гаргаж чаддаг залуусын хийдэг зүйл байхгүй юу. Тэгэхээр мөнгө чухал ч нэгдүгээрт лав орохгүй байх. Магадгүй гурав дөрөвт орох байх. Нэгт бол тэр байгууллагын нийгэм дэх юуг өөрчлөх гээд байгаа гол зорилго. Энэ зорилго бол амин сүнс. Тэр сүнс байхгүй бол тэр төрийн бус байгууллага мянга мөнгөтэй байгаад ч нэмэргүй, мөнгөгүй байгаад ч хэрэггүй, ер нь байгаад ч хэрэггүй. Хийх гээд байгаа тэр өөрчлөлт чухал болохоос биш бусад зүйл тийм чухал биш. 

-Анх компаниа байгуулж байсан тань ч хүмүүст хэрэгтэй бүтээгдэхүүн авчиръя гэдэг зорилготой холбоотой санагдлаа. Энэ зорилгод хүрэхэд ямар бэрхшээлүүд тулгарч байв?

-Тиймээ, гол нь хүнд хэрэгтэй бүтээгдэхүүнийг л үргэлж авчирч байхын тулд компаниа анх байгуулж байлаа. Хүнд хэрэгтэй бүтээгдэхүүнийг авчрахаар одоо байгаа зах зээлийн үнэлгээнээс үнэтэй байдаг. Тэгэхээр хүмүүс “Чи үнэтэй бүтээгдэхүүн зарлаа” гэдэг. Гэтэл өндөр үнэтэйдээ биш, харин яг л зах зээлийн үнээр л авчирдаг. Харин манайхны олж байгаа орлого нь тэр түвшнээс доогуур учраас ингэж санагддаг. Яг ижил англи, монгол хоёр хүний хувьд ижил бүтээгдэхүүн монгол хүний хувьд үнэтэй байдаг. Гэвч үүнийг үл харгалзаад хүмүүсийн хэрэглэх чадвартай бүтээгдэхүүн зарагдаж байх хэрэгтэй. Тэдэнд мөрөөдөх боломж байх ёстой гэж би боддог. 

ЦЕМЕНТЭН ДООРООС УРГАЖ ГАРЧ ИРСЭН ЦЭЦЭГ

“Хүмүүс энэ нүдний шилийг “Атар” талх шиг точигнотол авчихна гэж би бодохгүй байна. Гэхдээ залуус мөрөөдөх зүйлтэй байх хэрэгтэй. Ийм технологи байдаг юм байна. Энэ технологийг би Монголд хэрэглэх боломжтой юм байна гэж тэднийг бодоосой гэж хүссэн юм”. Тэрбээр шинээр авчирсан бүтээгдэхүүнээ танилцуулангаа ийнхүү ярьж зогсоно. Сая гаруй төгрөгийн үнэтэй уг шилийг В.Ойдов Монголд авчрахдаа хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээг тэлэх л зорилготой байв. Түүнийг сая гаруй төгрөгөөр хүмүүсийн боловсролыг л дээшлүүлэх гэж оролдож байгааг энэ ярилцлага дууссаны дараа эргээд бодоход түүний “Хөтөвчнөөсөө дээшээ сэтгэ” гэх үг сонсогдоно.

Уг нүдний шил нь гараа оролцуулахгүйгээр компьютерыг удирдах боломжийг олгодог. Би сониуч зандаа хөтлөгдөн өөрийн биеэр энэхүү нүдний шилийг туршиж үзэн толгойгоороо хулганаа чиглүүлэн, амандаа зуусан мэдрэгчээ хазаж хулганыхаа товчлуурыг дарж үзэв. Хүмүүсийн түрийвчинд биш тэдний хэрэгцээ, хүсэлд нийцсэн бүтээгдэхүүнийг авчирдгийн тод жишээ энэ аж. Гэвч хэрэглэх хэрэгцээ нь хичнээн байвч уг шилийг авах боломжтой хүмүүс хэд байгаа бол гэх асуулт өөрийн эрхгүй төрнө. 

Зам тавьчихаад тэр замаараа хүн явахыг хүлээх нэг өөр. Эсвэл хүмүүсийн хаагуур явж байгаа жимийг харчихаад зам тавьж өгөх нэг өөр. Миний хувьд хэзээ манай үйлчлүүлэгчид боловсрохыг хүлээх биш өөрөө боловсруулах ажлаа хийж эхлэхийг илүүд үзсэн юм

-Сэргээн засах төхөөрөмж зардаг компани боловч танай компани хүмүүст сэргээн заслын талаарх боловсролыг олгодог санагдлаа?

-Тийм шүү. Ийм ч учраас боловсрол, бизнесийн хөгжил хоёрыг хоорондоо уялдаатай  гэж харсан юм. Сан үүнийг үүсгэж чадахгүй. Харин бизнес зах зээлийн хаана хэрэгтэй зүйл байна, түүнийг хэрэгжүүлж чаддаг. Иймээс би бизнес хийхийг илүүд үзсэн. Миний бизнес тогтвортой байх эсэх зах зээлээрээ шийдэгдэнэ. Гэхдээ эдгээр төхөөрөмжийг хэрэглэдэг хүний тоо Монголд маш олон. Зам тавьчихаад тэр замаараа хүн явахыг хүлээх нэг өөр. Эсвэл хүмүүсийн хаагуур явж байгаа жимийг харчихаад зам тавьж өгөх нэг өөр. Миний хувьд хэзээ манай үйлчлүүлэгчид боловсрохыг хүлээх биш өөрөө боловсруулах ажлаа хийж эхлэхийг илүүд үзсэн юм.

-Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэр боловсрол эзэмшээд ямар хэмжээний цалинтай ажил хийж байгаа билээ. Ингээд бодоод үзэхээр сая төгрөгийн үнэтэй энэ мэт бүтээгдэхүүнийг тэд худалдаж авна гэдэг хэр боломжтой вэ? 

-Энэ асуултанд чинь нэг алдаа байна. Энэ хэзээ ч дан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан эд биш юм. Хэрэв манай дэлгүүр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэлгүүр байсан бол маш явцуу дэлгүүр болох байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн хэзээ ч арал дээр ганцаараа байгаа мэт амьдардаггүй. Тэр хүн гэр бүл дотор амьдарч байгаа. Тэгэхээр миний өгч байгаа хэрэгсэл тэр гэр бүлд зориулсан юм.

-Д.Нацагдоржийн хуучин хүү өгүүллэгт “хөмөрсөн тогоо шиг нийгэм” гэж гардаг. Хүн нэг л газраа байгаад байвал угаасаа л ийм байх ёстой юм байна гээд хүлээгээд авчихдаг юм шиг санагддаг. Харин шинэ газраар явж нүд тайлаад эхлэхээр амьдарч байгаа нийгмээ өөрөөр хардаг мэт. Таны хувьд багаасаа Орост байснаас эхлээд Америкт эмчлүүлсэн он жилүүд, Швейцарьт олон улсын бизнесийн мастерын зэрэг хамгаалсан зэрэг туршлагуудаас та юу олж авч байв?

-Би ийш тийшээ явахдаа сошиал дээр дандаа тэмдэглэл хөтөлдөг. Яагаад гэвэл чи сурсан эрдмээ монголчуудтайгаа эргээд хуваалцах ёстой. Чи юу ойлгож, юу шингээж авсан гэдгээсээ эхлээд үндсэндээ “баасаа” хуваалцах ёстой. Чиний ам, чих, нүдээр ороод зүрх сэтгэлээр чинь боловсруулагдаад гарч ирсэн тэр бүтээгдэхүүн чинь чиний зөгийн бал биз дээ? Тэгэхээр хаашаа ч сургалтаар, ажлаар явсан бай, би ажигласан, анзаарсан зүйлээ бусадтай аль болох хуваалцахыг хичээдэг. Ингэснээр нэгт, би бизнесээ сурталчихаж байгаа юм. Гол нь энэ “хулгайч” юу бодож байна вэ гэдгийг гаднаас нь хараад таагаад байхгүйн тулд В.Ойдов ер нь энэ чиглэл рүү явдаг хүн. Ийм зүйлийг энэ хүнээс асууж болохгүй, энэ зүйлийг энэ хүнээс асууж болно гэсэн ерөнхий орчноо би таниулчихаж байна гэсэн үг. Дээр нь миний сурсан, бичсэн тэмдэглэлээс тэр хүмүүс ойлгож авсан бол сайн биз. Аваагүй бол нэг учиргүй хохирохгүй л байх. Би хуваалцсанаараа өөрийнхөө үзэл бодол болоод юунд санаа зовж явдгаа хүмүүст илэрхийлж байгаа юм. Би мөнхөд хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, боловсрол гэж бичдэг болохоос хэзээ ч цэрэг арми, хоол ундны талаар бичдэггүй. Мэдэхгүй бас санаа зовдоггүй учраас би эдгээрийн талаар яаж бичих юм.

Монголд лифттэй нэг ч цэцэрлэг, дунд сургууль, их сургууль байхгүй. Ийм байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд яаж санаа зовохгүйгээр сурах юм бэ? Тэр сургуулиудыг төгсөөд гараад ирж байгаа хүүхдүүд бол цементэн доороос ургаж гарч ирсэн цэцэг шиг л нөхдүүд байхгүй юу

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд сургууль, ажил гэх мэт бүх шатыг амжилттай давж бие хүн болох хүртэл өчнөөн саад бэрхшээл бий. Хүүхдүүд бүрэн бололцоогоо дайчилж сурч, амьдрах нөхцөл огт байхгүй байна. Энэ хүүхдүүдэд илүү боломж бий болгохын тулд бизнесүүд юу хийж чадах вэ? 

-Боловсрол.  Угаасаа л боловсрол. Энэ дээр би гуйлгачин царайлаад хүний эрх зэргийг ярихгүй. Цэвэр бизнес талаасаа л бодъё. Хүн дутагдаж байна гэдэг. Хүн дутагдаж байгаагийн гол шалтгаан нь байгаа хүний нөөцөө бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байна. Тэр хүүхдүүд ирээдүйд Эйнштейн, Коперник, Ньютон эсвэл Бира, Чадраа гуай шиг мундаг академич болохгүй гэх үндэслэл хэнд ч байхгүй. Тэрийг бий болгохгүй байгаа гол үндэслэл нь өөрсдийгөө үгүйсгэсэн бидний нийгэм юм. Монголд лифттэй нэг ч цэцэрлэг, дунд сургууль, их сургууль байхгүй. Ийм байхад яаж тэр хүүхдүүд сургуульд санаа зовохгүйгээр сурах юм бэ? Тэр сургуулиудыг төгсөөд гараад ирж байгаа залуус бол цементэн доороос ургаж гарч ирсэн цэцэг шиг л нөхдүүд байхгүй юу. Өөр газар бол би зөвхөн сурахын төлөө санаа зовох бол Монголд бол би яаж сургууль дээрээ очих уу, яаж тэр шатаар явах уу? Яаж би гэнэт анги 10 минутын өмнө солигдчиход нөгөө анги руу амжиж очих уу? Гэдэг түмэн асуудал дээр санаа зовдог.

ШҮҮМЖТЭЙ ЗЭРЭГЦҮҮЛЭЭД ШИЙДИЙГ НЬ ӨӨРӨӨ МЭДДЭГ БАЙХ ЁСТОЙ

Мянга шүүмжлэхээр нэг хий гэх хандлага түүнээс хүчтэй мэдрэгдэнэ. Тийм ч учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үнэхээр хэрэгтэй барааг нь зардаг бизнес алга гэж муулахынхаа оронд тэрбээр өөрөө шууд хийж эхэлжээ. Гэвч анхдагчдын зам амар байгаагүй нь түүний бизнес нээгдээд эхний зургаан сар нэг ч бүтээгдэхүүн зарагдаагүйгээс бодитоор харагдана. Гэвч гарсан саад болгонд гомдоллож суугаагүй түүний бизнес өнөөдөр хүртэл амжилттай яваа юм.Тэрбээр их сургуульд байхаасаа л найзууддаа хуваалцахаас эхлээд бусдаас авдаг биш бусдад өгдөг түүх ажил бизнесийн талбар дээр гарсан ч нийгэмдээ хийж өгч буй ажлаар үргэлжлэх аж.

-Таныг сургуульд сурч байх үеийн нийгэм одоогийнхоос лав дээр байгаагүй л байх. Та энэ бүх бэрхшээлийг шат шатаар нь хэрхэн амжилттай давж боловсрол эзэмшиж цаашлаад өөрийн хүссэн ажлаа эхлүүлсэн юм бэ? 

-Амжилттай давсан даваагүйг цаг хугацаа л харуулах байх. Гэхдээ хүнд өгөх юмтай байх хэрэгтэй, хүнээс авах юмтай байх ёстой. Хүнд өгөх юм гэдэг нь чамайг тэр шатаар дээш доош явахад хүн тусална шүү дээ. Их сургуулийн дөрвөн жилийг ангийнхаа охидын гараас хөтлөөд л дээшээ гарч байлаа. Үүнтэй адил чи хүүхдүүдэд өгөх юмтай, тэдэнтэй хуваалцах зүйлтэй байх ёстой. Бусадтай баг болж ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Бусадтай баг болж ажиллаж чадахгүй бол чи тэртээ тэргүй нэг л өдөр хаягдана. Хэн ч чамд туслахгүй, хэн ч чамайг шатаар дээш өргөж өгөхгүй. Надад аз болж аав, ээжээс минь олгосон эрдэм ухаанаас хуваалцах зүйл байсан. Үүнээсээ би найзууддаа хуваалцсан. Найзуудад маань миний тэр хуваалцах зүйл хэрэгтэй байсан. Чамд хуваалцах зүйл байхгүй бол чи хэнд ч хэрэггүй л гэсэн үг биз дээ? Ийм л энгийн.

-Таны хуваалцах зүйл юу байсан юм бэ. Сонирхолтой түүх, уншсан ном уу эсвэл? 

-Юу ч байж болно шүү дээ. Чи өглөө ангийнхаа хүүхэдтэй уулзлаа, нэг нь сэтгэл санаагаар жаахан уначихсан байна. Энийг анзаарахад нэг их ухаан орохгүй шүү дээ. Миний найз яачихсан юм бол гэж чамд бодогдоно доо. Тэгээд л чи найзтайгаа ярилцана. Хуваалцана гэдэг чинь халаасандаа байгаа хөгцөрсөн ааруулаа хуваалцахыг хэлээд байгаа биш байхгүй юу. Чи тэр хүнд цаг, ухаан, сэтгэл гаргаж болно эсвэл мэдлэгээ хуваалцаж болно. Тэр хүнд юу хэрэгтэй байгааг л өгнө гэсэн үг. Заавал май чи гээд тав, арван төгрөг өгөх шаардлагагүй. Мэдээж мөнгө хэрэгтэй үед мөнгө өгч болно. Сэтгэл хэрэгтэй үед сэтгэл. Чамд юу байна. Урагдсан бандааш, уранхай цамц хоёроос өөр юу хэрэгтэй түүнийгээ л гаргаж өгнө гэсэн үг шүү дээ. Чамд тэгээд өгчихөөр юм түй май гээд ч байхгүй байвал чамайг хэн ч тоохгүй л байхгүй юу. Би хүмүүстэй их хуваалцдагийн ачаар л өдий зэрэгтэй явна. Мэдлэгээ хуваалцана, ухаанаа хуваалцана. Зовлонгоо л хуваалцдаггүй байх. Зовлон бол миний асуудал. Жаргалаа хуваалцдаг. Бүх юмаа хуваалцдаг. 

-Хүн мэдэхгүй зүйлдээ угаасаа санаа зовдоггүй. Харин эсрэгээрээ эргэн тойрондоо болохгүй байгаа асуудлуудыг маш сайн мэддэг хүн тайван амгалан байж чаддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гудамжаар явахад ямар хэцүү байдгийг би хөлөө гэмтээснийхээ дараа л бага зэрэг гадарласан. Үүнээс хойш миний гудамж талбайг харах өнцөг бага ч гэсэн өөрчлөгдсөн санагддаг. Таны хувьд насаараа энэ бүх саад тотгор, гудамж талбайгаар явж яс махаараа мэдэрсэн хүний хувьд энэ нийгмийг яаж сайжруулах боломжтой санагддаг вэ?

-Бухимдсан үед буудчихмаар санагддаг гэж үг мэдэх үү? Хүнийг зовооё гэвэл илүү сайхан амьдрал үзүүл гэсэн үг байдаг. Хүнд илүү сайхан, аз жаргалтай амьдрал үзүүлэхээр хүн тэрний төлөө явах гээд өөрийгөө болоод эргэн тойрныхныгоо зовоодог юм байна л даа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бас ийм байдал ажиглагддаг. Ямар нэг байдлаар илүү сайхан амьдрал харуулчих юм бол түүнийхээ төлөө тэмүүлдэг. Тэр нь жаргал уу, зовлон уу гэдэг дараагийн асуудал байх. Миний хувьд энэ бүхнийг харчихсан хэрнээ юу нь хэцүү байна гэвэл би яаж өөрчлөх үү гэдгийг л бодож байна. Бухимддаг, уурладаг, шаналдаг үе маань дууссан. Яаж тогтвортой өөрчлөлтийг бий болгох уу гэдгийг л хардаг. Яавал энэ хэдэн “дуракуудыг” байшингаа барихдаа лифттэй барьчихдаг болоосой. Яавал энэ замаа барихдаа хальтирдаггүй пельта ашигладаг болох бол. Яавал худалдааны төвийг байгуулахдаа өнгөлгөөний биш хальтардаггүй пельта хийх вэ. Энэ механизмыг л би хайж байна. Надад хийхээс өөр арга үлдээгүй л дээ. Ярьж байна уу ярьж байна. Одоо хийх л хэрэгтэй. Хийсний дараа хүн дагах уу эсэхийг бурхан л мэдэх байх. Би энд тэнд үхэн үхтлээ үглээд л явах байх. Гэхдээ тал хувьд нь ядаж бас хийгээд л явна. 

-Зөвхөн үглээд өнгөрөлгүй хийж байсан жишээнээсээ хуваалцаач?

-Их гоё жишээ гарсан шүү. Хоёр гурван жилийн өмнө би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны барьсан өргөтгөл дээр очсон юм. Гэтэл хамгийн түрүүнд бүх хүнд нээлттэй байх ёстой яам маань өөрөө шинэ өргөтгөлөө дан шаттай барьсан байдаг байгаа. Үүнийг хараад би энэ талаар зураг оруулаад зөндөө муулсан ажил хийчихгүй юу. Гэтэл өөрийнхөө муулсан юмаа өнгөрсөн долдугаар сард өөрөө засдаг юм байна. Яамнаас тендер зарлаад манайх оролцоод, яамыг хүртээмжтэй болгох ажлыг хийлээ. 

Аливааг шүүмжлэх бол маш амархан. “Чи муу энэ сахлаа авахад яадаг юм, чи ийм цамц өмсөөд байхдаа яадаг юм” гээд л одоо би чамайг амархаан муулчихаж чадна. Оронд нь чамд сахалгүй байх үеийн илүү сайхан зургийг үзүүлж болно. Шүүмжтэй зэрэгцүүлээд шийдлийг нь чи өөрөө мэддэг байх ёстой. Шүүмж шийдэл хоёр чинь зэрэгцэж явж байж чи үүрэг гүйцэтгэнэ. Тэгэхгүй бол муусайн яам гээд муулаад л суугаад байвал ямар ч өөрчлөлт гарахгүй. Тэгэхээр ядаж чи тэрийгээ яаж өөрчлөх үү гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Хувьслын дараагийн шат гэх юм уу даа, одоо би үглэж байгаатайгаа зэрэгцээд яаж шийдэх үү гэдэгтээ илүү анхаарч байна.

-Хийсэн үр дүнгээсээ хүмүүс их урам авдаг даа. Таны дэлгүүр дээр ирээд үйлчлүүлэгчид талархсанаа илэрхийлэхэд догдолсон мөчүүдээсээ та хуваалцаач? 

Зөндөө л байна. Манай сошиал хуудас дээр хүмүүс их баярлаж талархсанаа бичсэн байдаг. Энэ дунд хааяа их харамсмаар зүйл сонсогддог. “Ээжийгээ асарч байх үед, аав маань хорт хавдартай байхад танай дэлгүүр байсан ч болоосой” гэж. Энэ үг надад хамгийн их үнэ цэнтэй байдаг юм. Яагаад гэхээр хэрэгцээ бол байсан байгаа юм. Гол нь тэрийг хэн ч онгойлгоогүй л байсан. Харин би тэрийг онгойлгож чадсан. Тэр хэрэгцээг хангах гэж би энд байна. Энэ бол миний нийгэмдээ оруулж байгаа хөрөнгө, хувь нэмэр, хариуцлага болж байгаа юм. Үүгээрээ Ваанчигийн Ойдов гэдэг хүн нийгэмд зөвхөн довоо шарлуулаад явж байна уу эсвэл нийгэмдээ зүтгэж байна уу гэдгийг харуулж байгаа. 

Албан тасалгааны цонхоор

Б. Билэгт

“Электроникийн цехтэй болно гэсэн мөрөөдөлтэй байлаа”

Өмнөх нийтлэл

Подкаст: Үр дүнтэй ажил Бүтээмжээс эхэлнэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.