EntrepreneurТоп нийтлэл

“Бэлчээрийн менежментийг сайн хийвэл ноолуурын чанар сайжирна”

0

Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь Монголын оронд стратегийн өндөр ач холбогдолтой зах зээл билээ. Тиймээс ч малчид ямаагаа илүүтэй өсгөж, хувийн хэвшлийнхэн ноолууран бүтээгдэхүүнийг чамлахааргүй түвшинд үйлдвэрлэж байна. Гэхдээ дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд бид нэг хүч, нэгдмэл бодлоготойгоор урагшлах шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд олонтаа хэлдэг. Үүний тулд өөрсдийнхөө алдаа, оноог засч залруулах ёстой. Тиймээс ноолуурын гадаад зах зээлийн толгой мэргэжилтнүүдийн нэг Симон Коттоны байр суурийг хүргэж байна. Тэрбээр Их Британийн Johnstons of Elgin компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Johnstons of Elgin компани нь Шотландын Элгин хотод байрладаг бөгөөд Монгол, Хятад, Австралийн ноолуураар ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж Британийн зах зээлд нийлүүлдэг  байна.   

-Монголд ирсэндээ сэтгэл өндөр байна. Аливаа улс оронд очих бүртээ ноолуур яаж боловсруулах арга барил, туршлагаас нь суралцахыг хичээдэг. Үүний зэрэгцээ ноос ноолуурын зах зээлээ тэлж хөгжүүлэхэд нь ямар төсөл, хөтөлбөр боловсруулж болох талаар тусалж, дэмжихийг эрмэлдэг. Би эдгээр зорилгоо өвөртлөн Монгол оронд ирсэн.

-Монголд ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх эхний алхмаа хийж амжив уу?

-Тогтвортой ноос ноолуурын эвслийн хүрээнд бид тодорхой төслийг хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. тухайлбал, манай төсөл хэнтий аймагт хэрэгжиж байна. тус аймгийн найман сумын сурагчдын хичээлийн жилд залуу малчин сонгон суралцах хичээл орж байгаа. хичээлийн гол сэдэв нь залуу малчдад байгаль экологийн мэдлэг, монголын уламжлалт мал маллагааны арга барилыг зааж сургахад оршино. энэ жилийн дүнгээр манай төсөлд 432 хүн хамрагдах юм.

-Монголын ноос, ноолуурын зах зээлийн нөхцөл байдал таны урьд бодож байснаас хэр зөрүүтэй байна?

-Төсөөлж байснаас илүү их асуудалтай, саад бэрхшээлтэй юм байна. Шийдэх боломж бололцооны хувьд ч хүндрэл бартаа байна. Тулгарч буй асуудлыг шийдэхийн тулд ноолуураа яаж өндөр чанартай болгох талаар хүмүүст зааж ойлгуулах, бэлчээрийнхээ гарц, ашиглалтыг сайжруулах гэх мэт их олон ажлыг хийх шаардлагатай юм байна.

-Энэ хүндрэл, бэрхшээл нь шийдэгдэж болох асуудал уу?

-Шийдэгдэж болох асуудал. Гэхдээ олон талын хүчин чармайлтын дүнд л шийдэгдэх боломж бүрдэнэ. Тухайлбал, Засгийн гадзар, орон нутгийн засаг захиргаа, ард иргэд, төрийн бус байгууллагууд хамтарч байж л үр дүнд хүрнэ. Хэрэв ингэж хүчээ нэгтгэж зүтгэхгүй бол цаг агаарын байдлаас үүдэн бэлчээрийн гарц, ургамлын чанар улам л муудсаар байх болно.

-Цаг агаараас үүдсэн олон хүндрэл бэрхшээл байгаа. Манайд тулгарч буй асуудлын гол шалтгаан нь юу юм бэ?

-Гол асуудал бол агаарын хэм улам дулаарсаар байгаа, малын тоо нэмэгдсээр байгаа явдал. Энэ хоёр нэг цэгт уулзахаар бидний ашиглах ёстой бэлчээрийн чанар муудах, эрүүл ургамлын гарц цөөрөх нөхцөл болж байна. Үүнийг дагаад ноолуурын чанар муудаж байна. Сайн ноолуур гарах гол үндэс нь бэлчээрийн чанар шүү дээ.

-Ноолуур нийлүүлэгч бусад орнуудын давуу талыг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Тэдгээр орнуудын бэлчээрийн чанар манайхаас тийм их ялгаатай байдаг хэрэг үү?

-Ямар нэгэн ялгаа байхгүй. Монголын уламжлалт нүүдэлчин ахуй бол бэлчээрийн менежментэд хамгийн сайн тохирдог. Гэхдээ бэлчээрээ хамгаалах тал дээр төр засгийн түвшинд анхаарах шаардалгатай. Нэг дор хэт олон мал бэлчээхгүй байх, бэлчээрийнхээ даацыг тохируулах зэрэг ажлуудыг зэрэг хэрэгжүүлж чадвал бэлчээрийн чанарыг хадгалах, сайжруулах нөхцлийг бүрдүүлэх юм.

-Монголын малын тоо толгой 70 саяд хүрсэн өнөө цагт бол бэлчээрийн менежментийг хийхэд хэр боломжтой гэж та бодож байна. Эсвэл фермийн аж ахуй руу шилжих хэрэгтэй юү?

-Фермийн аж ахуй руу шилжих шаардлагагүй гэдэгт итгэлтэй байна. Нүүдэлчин уламжлалынхаа дагуу жилийн дөрвөн улиралд нүүдэллэн малаа бэлчээх нь ноолуурынхаа гарцад, бэлчээрийнхээ чанарт харин ч сайн нөлөөтэй. Гагцхүү бүх талын оролцоотойгоор бэлчээрийн менежементийг л сайн хийдэг байхад хэрэгтэй.

 

Ж. Баяржаргал

БИЗНЕС УХААН ХАЙРЛАХ АГУУ КИНОНУУД

Өмнөх нийтлэл

Үүлэн дундах ирээдүй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com