Life styleТоп нийтлэл

Бүслэгдсэн цайз

0

Хотын төвийн хөдөө бол Үндэсний соёл амралтын хүрээлэн (Парк). 53 жилийн өмнө хотын төвд баригдсан Парк руу зүглэхэд одоо нэлээн ярвигтай болсон. Учир нь 2018 оны дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн Паркийн зүүн талын замыг 1,6 жилийн хугацаатай хааснаар урд зам нь мөнхийн түгжрэлтэй, ажил болгож очихгүй л бол цаг хугацаа, мөнгөний гарз болжээ.

2010 онд Парк шинэчлэгдэж эргэн ашиглалтад орохдоо хиймэл нуурын голд том цайз барьсан нь “Хар сувд” усан онгоцтой “Цайз” ресторан юм. Тэд энэхүү ресторанаа долоон жилийн турш өөрсдөө ажиллуулсан ч эцэст нь А.Даваажаргал гэх арга хэмжээ, шоу бизнесийн мастер залууд сарын 20 сая төгрөгийн өртөгтэй түрээслүүлсэн.

А.Даваажаргалын хүүхэд нас Дэнжийн мянгын зах дээр торгоны наймаа хийдэг эцэг, эхийнхээ ажилд тусалж өнгөрчээ. Тэдний ажил өдөр бүр үүрийн таван цагт зах дээр ирж шохойгоор газарт зуран өөрсдийн талбайг гаргаснаар эхэлдэг байв. Тэр том болоод торгоны наймаачнаас дээш түвшинд амьдрахыг хүсч, зорилгодоо хүрэхийн тулд ихэд хичээсэн бөгөөд өөрийнхөө хүчээр Англи оронд хэлний бэлтгэлээс магистр болтлоо амжилттай суралцжээ.

Найман жилийг харь оронд өнгөрөөсөн тэрбээр 2009 онд эх орондоо эргэн ирж анхны компаниа “MNG эвент” нэрээр байгууллаа. А.Даваажаргал сурч байх хугацаандаа нийгмийн идэвхи зүтгэлтэй, аливааг санаачлан зохион байгуулахад дуртай байсан учраас шоу, арга хэмжээ зохиодог компани байгуулсан юм. Анхны гараа нь 1000 хүнийг цуглуулсан “London” шоу байв. Үүний дараа залуусын дунд хэдийнээ танигдсан “Sunrise” зэрэг хөгжим голлосон олон төрлийн шоу зохиох болжээ.

А.Даваажаргал

Тэр найз нөхдийнхөө нэгэн адил гэр бүлтэй болсноор оройн цагаар ажиллах боломжгүй болж, мөн бизнест ахин нэг шат ахихын тулд 2016 онд Паркийн “Хар сувд” усан онгоцыг түрээсэлж эхлэв. Нэг жилийн дараа усан онгоцноос гадна “Цайз” рестораныг хамт түрээслэх болов. А.Даваажаргал рестораныг зөвхөн ресторан чиглэлээр бус төрөл бүрийн арга хэмжээ, шоу хосолсон содон өнгө төрхтэй байлгахыг зорьсон бөгөөд дуучин БАмархүү, Б.Ангирмаа, Гурван бүдүүн хамтлагийн вип тоглолт зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулж ашиг, туршлага хоёрыг харамгүй хуримтлуулжээ.

Гэвч зам хаасан төрийн шийдвэрээс үүдэж түүний орлого 80 хувиар буурав. Ресторан 44 ажилтантай бөгөөд тэд бүгд 2019 оны нэгдүгээр сарын 7-ноос ажилгүй, цалингүй болсон. Ингээд нэгийг засахдаа нөгөөг сүйтгэсэн дээрх шийдвэр А.Даваажаргалын бизнесийг нугаслав. Зам хаах шийдвэрийн тухай тэр зам хаасан өдөр л олж мэдэв.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран 2017 онд хийсэн “Монголын бизнесийн орчны судалгаа”-нд “Бизнесийн орчинд сүүлийн гурван жилд эерэг өөрчлөлт гараагүй. Нэн ялангуяа засаглал, хууль, эрх зүй, эдийн засгийн орчин хамгийн ихээр муудсан” гэж бичжээ. Бизнесийн орчны өөрчлөлтийн дундаж үнэлгээ нь хангалтгүй буюу ердөө 2.62 хувьтай гарчээ.

А.Даваажаргалын түүх бол жил бүр “бүслэгдэн” хаалгаа барьж буй хэдэн зуун компанийн зөвхөн нэг жишээ юм. Төрд бизнесийг бүслэх олон зэвсэг бий. Зам хааж бүслэхээс гадна татвараар, хээл хахуулиар, хүнд суртлаар, зээлийн хүүгээр, мэргэжлийн бус төрийн албаны ажилтнуудаар гэх мэт тал бүрээс нь, төрөл бүрийн зэвсэг ашиглаж сар жилээр нь бүсэлдэг.

Х. Саранзаяа

Анхаарлаа төвлөрүүлж сурахын ашиг тус

Өмнөх нийтлэл

#ЗогсохЭрхгүй24цаг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style