Топ нийтлэл

Б.Бямбасайхан: Өөрөөсөө илүү мэдлэгтэй хүмүүсийг багтаа авахыг эрмэлздэг

1

Б.Бямбасайхан. Монголын дэд бүтэц, эрчим хүчний салбарын тэргүүлэх менежерүүдийн нэг. Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд түүнийг Дэлхийн Залуу манлайлагчаар шалгаруулсан нь уг тодотголын нэг гэрч буй за. Бизнесийн салбарт болоод нийгэмд түүнийг таниулсан ажил үйлс нь Монголын анхны салхин цахилгаан станц, “Эрдэнэс Монгол” зэрэг том төслүүд билээ. Өдгөө “НоваТерра” компаниа удирдан, хөрөнгө оруулалтын удирдлага, санхүүгийн зөвлөгөөний зах зээлд идэвхитэй ажиллаж байна. Том төслийн удирдлага, хөрөнгө оруулалтын удирдлага, гадаад дотоод практик зэрэг олон талын арга барилтай түүнтэй уулзаж, нэгэн сэдвийн хүрээнд ярилцлаа. Бизнес туршлага.

-Манай бизнесмэнүүд үндсэн хоёр төрөлд ялгагдаж харагддаг, миний хувьд. Нэг тал нь зөвхөн Монголдоо дээд боловсрол эзэмшээд бизнест хөл тавьсан байхад нөгөө хэсэг нь гадаадад суралцсан ололтдоо тулгуурлан эх орондоо ажиллаж байна. Тэгвэл таны онцлог бол Монгол, гадаадын аль алинд нь дээд боловсрол эзэмшсэн, дээр нь аль аль талбарт ажилласан туршлагатай. Ийм нэжгээд онцлогтой хүн эх орондоо бизнес эрхлэхэд ямар давуу талтай байдаг нь тун сонирхолтой байна?

-Монголд аливаа бизнесийг эрхлэхэд олон соёлын гүүр нь болох хэрэгтэй болдог л доо. Өөрөөр хэлбэл, Монгол улсынхаа эдийн засгийг тэлж, томруулахын тулд бусад орнуудтай уралдан байж гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлага зайлшгүй гардаг. Энэ ч үүднээс энэхүү өрсөлдөөнтэй зах зээл дээр Монгол улс сүүлийн хориод жил идэвхтэй тоглоод явж байна. Тус өрсөлдөөнд эн тэнцүү оролцоод явах гол шалгуур нь бол тэдгээр хөрөнгө оруулагчидтайгаа нэг хэл, нэг соёл, нэг хэмжээнд ойлголцох явдал. Тиймээс бизнес эрхлэгчид бид гүүр нь болж явдаг. Монголд бизнес эрхлэх орчинг зарим улс оронтой харьцуулахад таатай гэж тодорхойлж болно. Гэхдээ өнөөдрийн эрх зүйн орчин, тухайлбал, гэрээ контрактыг яаж байгуулах вэ, юугаа барьцаалж болох вэ гэх мэт манай зарим нөхцлүүд олон улсын стандарт, жишгүүдээс өөр байдаг. Өөр байлаа гээд бид зүгээр суугаад байж болохгүй. Тиймээс өөр соёл, өөр орчинг холбох гүүр байх ажлыг хийдэг гэж би өөрийгөө ойлгодог. Ингэхийн тулд бусад хүмүүстэй ажилласан туршлага шаардлагатай. Тухайлбал, Америк, Япон, Солонгост байгаа хүмүүс юу хүсч байгааг сайн ойлгодог байх хэрэгтэй. Тэр хүний хүлээлт тийм байгаа юм байна, миний боломж ийм байгаа гэдгийг ойлгосны дараагаар холбох гүүрээ бат бэх барьж, босгож чадна. Үүнийг нэг талаасаа урлаг хэлж болох байх. Нөгөө талаас бидний зорилго юм.

-Гадаад, дотоодод суралцаж, ажлын тодорхой практикийг хуримтлуулсан үедээ та бизнесийг нэг янзаар төсөөлж байсан байх. Арвин их туршлага хуримтлуулсан одоогийн байр суурьтайгаа харьцуулвал хэр том ялгаа харагдах вэ?

-Мэдээж туршлага гэдэг бол юугаар ч сольшгүй зүйл. Олон алдааны цуглуулга бол туршлага юм аа гэж зарим хүн хэлэх байх. Өөр нэг тодорхойлолтоор бол, олон төсөл дээр ажиллаж, төслийнхээ ажлыг эхнээс нь дуустал хийсний дараа өөрийгөө туршлагатай гэж хэлж болох байх. Өөрөөр хэлбэл, ингэж ажилласнаар дараагийн төслүүдээ үр ашигтай болгож, эрсдлээ сайн тооцдог болдог юм байна лээ.

-Таны сая тодорхойлсон дээрх хоёр төрлийн туршлага бизнес хөгжилд тань ямар байр суурьтай явж ирсэн бэ?

-Нэг сайн зүйл бол би азтай хүн юм шиг байгаа юм. Том байгууллагад, том систем дотор сайн удирдагчтай багт ажиллаж байсан. Энэ нь хурдан өсөн дэвжих боломжийг залуу мэргэжилтэн байсан надад олгосон. Цахилгаан станцийн төслийг боловсруулах болон концепциэс ашиглалтад орох хүртэлх бүх процессыг зааж өгсөн байдаг. Сайн даргатай байвал амьдралд хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг даа. Тиймээс том системд ажиллах нь тухайн мэргэжилтэнд их хэрэгтэй. Яагаад гэвэл ажлыг ном ёсоор нь хийж сурдаг. Нөгөө талаас, хувь хүний төлөвшилд сайн нөлөөлдөг. Төсөл удирдаж байсан хүмүүс маань надад байнга зөвлөж, сургадаг байсан нь надад том нөлөөг үзүүлсэн. Тухайлбал, “Чи удахгүй миний оронд ажиллаад явна. Ингэхийн тулд ийм, ийм асуудалд анхаарч бай. Хийх ёстой анализ шинжлэл, санхүүгийн тооцооллоос гадна энэ төслийг хүлээж авах хүмүүсийг сэтгэл хангалуун байлгах тухайд бодох хэрэгтэй. Үүний тулд төслийг санхүүжүүлэгчдийг зөв мэдээллээр хангаж байх ёстой” гэх мэтээр зөвлөж, сургана. Би өөрөө төсөл удирдаад явахын цагт энэ бүх зөвлөгөө, сургалт их хэрэг болдог. Нэгд, тэр замыг сайн багт туулаад үзчихсэн. Хоёрт, өөрийнхөө давуу болон сул талыг ойлгодог болчихсон байдаг. Үүний зэрэгцээ өөрийн багаа чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх нь чухал. Миний сурсан зарчим бол тухайн ажлыг хамгийн сайн хийж чаддаг хүнээр л хийлгэх нь чухал. Тиймээс өөрөөсөө илүү мэдлэгтэй хүмүүсийг багтаа авахыг эрмэлздэг.

-Туршлагаас гадна хувь хүний зан чанар бизнесийн ажилд хамгийн чухал нөлөөтэй гэдэг. Сайн баг, сайн систем, сайн удирдагчдаас зан чанарын хувьд суралцсан ямар арга барил өдгөө гол мөрдлөгөө болгож байна вэ?

-Сургуульд заадаг, олон улсын том байгууллагуудын дүрмэнд ч тодорхой тусгагдсан байдаг ёс зүйн асуудал юм. Бизнесийн ёс зүй гэдэг бол орчин үед нэгэнт бичигдчихсэн зүйл. Мэдээж, бизнес хийхэд хэн сэргэлэн нь амжилтад хүрдэг. Гэхдээ нөгөө талаас бизнесийн ёс зүй, хэм хэмжээг сайн ухаардаг байх ёстой. Энэ бүх юм чинь эргээд ирдэг. Өнөөдөр нэг бизнес эрхлэгч нөгөөдөө ёс зүйгүй аашиллаа гэхэд тэр нь эргээд өөрт нь ирдэг л байхгүй юу. Ёс зүйтэй байна гэдэг нь энгийнээр бол өөрийгөө болоод бусдыг хуурахгүй байх л гэсэн үг юм. Ёс зүй нь бизнесийн харилцааг үүсгэх, улмаар бэхжүүлэхэд чухал нөхцөл болж байдаг. Олон улсын хөрөнгө оруулагчид бол тухайн салбарт хэн, хэн хаана ажиллаж байгааг барагцаалаад мэдэж байдаг. Тийм учраас би Монголоос очиж байна гээд л би шинэ хүн, хэн ч намайг танихгүй гэж бодож болдоггүй. Урьд нь ёс зүйгүй үйлдэл хийж байсан бол тэр талаар хамгийн түрүүнд мэдчихсэн л байгаа.

-Аливаа мэргэжлийг эзэмшсэн хүн туршлага суух бүртээ хоёрдогч мэргэжлээр давхар мэргэшиж байдаг юм шиг. Тухайлбал, жүжигчин гэхэд хүн судлаач болдог жишээтэй. Тэгвэл бизнес эрхлэгчид сэтгэл зүйч чиглэлд мэргэшдэг шиг санагддаг. Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийдэг хүний хувьд та сэтгэл зүйн дайн гэх үү, мэтгэлцээн гэх үү нэгэн төрлийн далд өрсөлдөөнийг бишгүй л өрнүүлдэг байх. Тиймээс сэтгэл зүйч гэж таныг тодорхойлбол та юуг өгүүлэх бол?

-Хуримтлуулсан туршлага маань хэдийд, ямар байдлаар өөрийгөө илэрхийлэх вэ гэдэг зүйлийг надад сургасан шиг байгаа юм. Тухайлбал, зарим үед өөрийнхөө байр суурийг шууд илэрхийлж чадахгүй байх тохиолдол бий. Хамгийн гол нь нөгөө талын хүнээ л сайн ойлгох ёстой юм. Өөрөөр хэлбэл, би түүний оронд байсан бол энэ асуудлыг юу гэж ойлгох байсан бэ гэдгийг л сайн тунгаах хэрэгтэй. Ингэж чадах юм бол нөгөө талд хэрэгтэй, өөрт ч ашигтай үр дүн гарна. Ер нь хоёр тал хоёулаа сэтгэл хангалуун баймааж л тэр хэлцэл амжилттай болох нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаар, хэлэлцээний үр дүн нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалах явдал цөөнгүй тохиолдоно. Жишээ нь, зарим соёл гэхэд бие биенээ илүү таньж мэдэж байж, албан бусаар уулзаж байж хэлэлцээ хийдэг онцлогтой байдаг. Ийм үед тэр замыг даван туулахаас өөр аргагүй. Зарим нөхцөлд оройн хоол иднэ, шаардлагатай бол хамт архи ууна. Архиар “шахдаг” соёл Монголоос гадна өөр улс оронд ч байгаа. Гэсэн ч гэлээ маргааш нь товлосон цагтаа, уулзах газраа хүлээгээд байж байх нь чухал. Энэ бүх нөхцлийг тооцох хэрэг гардаг л даа.

-Бизнесийн том төслүүд Монголд хэрэгжиж байгаа нь цөөн байна гэдэг. Гэтэл тийм төслүүдийг удирдсан туршлагатай, удирдах чадвартай менежерүүд бүр цөөхөн байна. Тэгвэл тийм туршлагыг хуримтлуулсан цөөхүүлийн нэг нь та учраас туршлагаас тань хуваалцъя. Том төслийг амжилттай болгохын тулд удирдагч хүн юун дээр илүү анхаарч, юуг нарийн чиглүүлэх хэрэгтэй вэ?

-Дэд бүтэц, уул уурхайтай бүтэц бол зөвхөн бизнесийн үйл ажиллагаа биш юм л даа. Яагаад гэвэл байгаль орчин, нийгэмтэй харилцах гэх мэт олон онцлог байдаг. Зөвхөн инженер, санхүүгийн тооцооллоос гадна олон нийтэд, тухайлбал эрчим хүчний салбарын талаар зөв ойлголтыг өгч байх юм бол энэ нь эергээр нөлөөлдөг. Аливаа ажлыг анх хийхэд олон бэрхшээл байдгийн олонх нь мэдлэг, мэдээлэл дутуу байдгаас үүсдэг юм байна. Жишээ нь нарны болон салхин том оврын станцийг хэрэглэж үзээгүй бидний хувьд эхлээд энэ талаар мэдээлэлтэй болох шаардлагатай болдог л доо. Тиймээс шинэ салбарт шинэ ажил эхлүүлж байгаа бол ашигтай эсэх, хортой хоргүй болох талаар бодит судалгаа, мэдээллийг өгч байх хэрэгтэй. Дээр нь энэ төслийг гадаадын орнууд яагаад түлхүү хэрэгжүүлээд байгаа юм бэ, манайд хэрэгжүүлэхэд тохирох уу, үгүй юү гэдгийг олон нийт, тухайн орон нутгийн иргэдэд тайлбарлаж ойлгуулах ёстой.

-Тулгардаг бас нэг асуудал бол том төсөл учраас дотоодоос гадна гадаадтай харилцаатай байх учиртай. Түрүүн таны онцолсончлон, эрх зүйн орчны бэрхшээл зайлшгүй гарч ирдэг байх?

-Энэ бол үндсэн тулгардаг асуудлын нэг юм. Жишээ нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт аваад явахад хууль, эрх зүйн орчны зөрүү их байдаг. Үүнийг нэг цэгт нийлүүлэхэд илүү их хүчин чармайлт, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулна, мөн ухаан шаардана. Хэдий бэрхшээл байдаг ч гадаадад байгаа тэр том боломжийг Монголд авчраад хэрэгжүүлэх нь мэргэжлийн үүднээс харахад их сонирхолтой. Нөгөө талаас, эдгээр стандартын зөрүү нь хожим гарах үл ойлголцлыг бий болгодог сул талтай. Тиймээс том төсөл дээр ажиллаж байгаа хүн хаана стандартын ямар зөрүү байгааг тодорхойлж, тэр зөрүүг арилгахыг зорилгоо болгоод давхар бодож байх хэрэгтэй байх.

-Төрийн оролцоотой том төслүүдийг удирдах, хувийн хэвшлийг чиглүүлэх хоёр хоорондоо том ялгаатай. Тэгвэл та одоо өөрөө хөрөнгөө оруулаад өөрийн компаниа удирдаад эрчим хүчний салбарт зүтгэж байна. Шийдэхэд бэрх асуудлууд энэ түвшинд гарч байна уу? 

-Хамгийн том асуудал бол би өөрөө удирдаж чадахгүй эрсдлүүд байна. Өнөөгийн бизнесийн орчинд надаас хамаарахгүй олон асуудал байгаа шүү дээ. Энгийнээр хэлэхэд, гадаадаас хөрөнгө оруулалт татах гээд тодорхой төсөл дээр ажиллаж байна гэж бодьё. Өөрийнхөө төсөлд итгэлтэй байдаг юм аа гэхэд Монголынхоо нийгэм, эдийн засаг, бизнес, улс төрийн орчинг тухайн хөрөнгө оруулагчдаа тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй болдог. Хэрэв миний танилцуулсан бизнесийн орчин маргааш нь өөрчлөгдчихвөл би худлаа хэлсэн болдог. Үүнийг яаж даван туулах вэ гэдэг л том сорилт болж байна даа.
-Тухайн ажлыг хамгийн сайн хийж чаддаг хүнээр нь хийлгэхийг чухалчилдаг гэдгээ та дээр онцолсон. Гэлээ ч удирдагч хүн ажлын ямарваа нэг чиглэл, эсвэл чадварт суралцахыг эрмэлздэг онцлогтой. Танд тийм эрмэлзэл байгаа гэж тааж байна л даа. Өнөөдрийн мөчид та юуг судлахыг, эсвэл юунд  суралцахыг хүсч байна вэ?

-Том эдийн засгуудын хоорондын харилцаанаас үүдэн манай бүс нутгийн эдийн засгийн чиг хандлага хурдан өөрчлөгдөж байна. Жишээ нь БНХАУ, АНУ-ын худалдааны дайн. Үүнээс шалтгаалж Хятадын эдийн засгийн өсөлт 2019 оны эхний хагаст саарсан байна. Энэ нь эргээд Монголын эдийн засагт ямар нэгэн байдлаар шууд нөлөөлнө л дөө. Манай улс бүс нутаг, ялангуяа Орос, Хятадын эдийн засагтай холбоотой. Энэ холбоог бэрхжүүлж баймааж дараагийн зах зээлтэй холбогдоно. Тиймээс болзошгүй эрсдлүүдийг бид нар сайн ойлгох хэрэгтэй болдог. Ирээдүйд ямар боломж байна, энэ боломжийг яаж ойртуулах вэ гэдэг өрсөлдөөнд хамгийн их мэдээлэлтэй нь л ялна. Тиймээс дээрх бүгдийг сайн ойлгоход л цаг их зарцуулж байна. Түүнчлэн хил дамнасан төслүүдийг Монголд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаар судалгаанууд хийж байгаа. Ийм төслүүдийг хэрэгжүүлэх нь өөрөө удаан процесс, дээр нь олон бэрхшээлүүд ямагт тулгарч байдаг. Тиймээс нарийн судлах шаардлагатай.

-Та үндсэн ажлаасаа гадна Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа. Өөр өөр онцлогийг агуулж, өөр өөр бэрхшээл давааг туулан яваа компаниудыг нэг удирдлагад нэгтгэхэд ямар санагдаж байна?

-Жишиж ярья л даа. Өнөөдөр хувь хүн Улаанбаатар хотод гоё байшинд амьдарч, үнэтэй машин унаад болж байна. Тэгвэл бид нарын амьсгалж буй агаарын бохирдол ижил учир энэ бэрхшээлийг хамтдаа туулж байна. Бизнесийн орчин өнөөдөр яг ийм л байгаа. Зарим хүний бизнес сайн явж байгаа байх. Гэлээ ч бизнес эрхлэгчид дуу хоолойгоо нэгтгэж, бодлогынхоо зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргэхгүй бол бизнес орчин муудаад байна. Муудаж байгааг бизнес эрхлэгчид ч мэдэж байгаа, гуравдагч байгууллагуудын судалгаа ч харуулж байгаа. Дэлхийн банкны бизнесийн орчны судалгаагаар Монгол улс эдийн засгийн эрх чөлөөний хувьд яагаад дөнгөж 100-р байрт жагсаж байгаа юм бэ гээд олон асуудал байна л даа. Дээрх үзүүлэтүүд нь Монголд бизнес эрхлэхэд хүндрэл бэрхшээлтэй байгааг илэрхийлж байна гэсэн үг. Хүндрэл бэрхшээл байна аа гэдэг нь бизнес эрхлэхэд илүү зардалтай байна гэсэн үг. Тэр зардлыг бууруулж байж бид өрсөлдөх чадвартай болно. Тиймээс бизнесийн нийгэмлэгүүд хамтарч судалгаагаа хийж, олон нийт, засгийн газартаа дуу хоолойгоо хүргэх нь чухал юм байна лээ. Тиймээс бид энэ чиглэлд ажиллаж байгаа.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Ж. Баяржаргал

The Economist-ийн Дэлхийн 2020 оны талаарх таамаг

Өмнөх нийтлэл

“Шонхор хүргэлт” компанийн захирал Б.Дөлгөөн: Монголын онлайн худалдааны зах зээлд итгэлцэл хараахан бүрдээгүй байна

Дараагийн нийтлэл

1 Сэтгэгдэл

  1. Баймааж гэж юу гэсэн үг вэ 2 ч удаа бичсэн бна

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.