Life styleТоп нийтлэл

Б.Цэцэгжаргал: 20 минутын зайтай хоёр секунд нүдээ амрааж бай

0

Орчин үед техник технологийн хурдацтай хөгжлийг даган олон зүйл өөрчлөгдөж байгаагийн нэг нь та бидний нүдний өөрчлөлт буюу хараа муудах, нүдний эрүүл мэндийн байдал алдагдах явдал юм. Үүнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид цугларсан хурал, чуулган, уулзалтын үеэр тэд байсхийгээд л нүдэндээ төрөл бүрийн дусаалга хийж харагддаг. Түүнчлэн бараг гурван хүн тутмын нэг нь харааны болон компьютерийн хамгаалалттай нүдний шил тогтмол зүүдэг гэх судалгаа. Тиймээс дийлэнх хүмүүсийн ялангуяа, компьютерийн ард удаан суудаг, гар утсаар бүх ажлаа амжуулдаг завгүй бизнес эрхлэгчдэд зориулж нүдний эрүүл мэндийн тухай “Болор мэлмий” эмнэлэгийн нүдний их эмч Б.Цэцэгжаргалын зөвлөгөөг хүргэж байна.

-Компьютерийн урд удаан суухаар нүд хуурайших, нүд загатнах зэрэг олон зовиур илэрдэг. Гэхдээ зөвхөн дээрх шалтгааны улмаас нүд ямар нэгэн байдлаар гэмтдэггүй байх?

-Нүд хуурайших шалтгаануудын хамгийн түгээмэл нь манай улсын байгаль, цаг уурын өөрчлөлт буюу хаврын улиралд хуурайшилт ихтэй байдаг явдал. Өөрөөр хэлбэл улирлаас шалтгаалж иргэдийн нүд ихэвчлэн хуурайшдаг. Гэхдээ зөвхөн улирлаас шалтгаалсан орчны хуурайшилтаас гадна байшин доторх хуурай орчин нь нүд хуурайших нэг шалтгаан болдог. Тодруулбал, ажиллаж байгаа орчин, тухайлбал ресторан, хоол үйлчилгээний газарт ажилладаг бол гал тогооны халуун хуурай, уурхайд ажилладаг бол тоос тоосонцор ихтэй, мөн бичиг цаасны тоосонцор ихтэй гэх мэт ажлын байрны орчин нөлөөлдөг. Мөн химийн бодисын ууршилт ихтэй эмнэлэг, эмийн сан, үсчин гэх мэт газарт нүд амархан хуурайшдаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн онцлогоос шалтгаалж нүд хуурайшдаг гэсэн үг. Түүнчлэн сүүлийн үед компьютер, гар утасны хэрэглээ ихэссэнээс болж хүн компьютер дээр сууж байгаа үед гол төлөв дэлгэц рүү хамаг анхаарлаа төвлөрүүлснээр нүдний цавчилтаа цөөлдөг. Ингэснээр мөн л нүд хуурайшиж, улайх загатнах зовиурууд илэрдэг.

Нүд нь хуурайшдаг хүмүүс энэхүү ментол гэх бодис орсон дусаалгыг хэрэглэхэд хэдий сэнгэнүүлж байгаа ч гэсэн цаашид нүдийг улам хуурайшуулдаг.

-Нүд хуурайшихад ямар зовиурууд илэрдэг вэ? Зарим тохиолдолд нүд загатнах, улайх зэргийг нүдний хуурайшилт гэж ойлгохгүй байх тохиолдол гардаг шүү дээ.

-Манай эмнэлэгт хандан үйлчлүүлж буй хүмүүсийн гол зовиур нь нүдний хуурайшилтын зовиурууд байдаг. Тодруулбал, нүд аргах, өглөөдөө амарсан шинжгүй босох, нүд улайх, бүрэлзэх, амархан ядрах, хорсох, нүднээс нулимс гоожих гэх мэт. Эдгээр нь ердөө харааны ачааллаас болж үүсдэг. Мөн сүүлийн үед техник технологийн хөгжилтэй холбоотойгоор удмын биш шалтгаантай хараа муудалт ихэсч байна. Хараа муудах нь мөн нүд хуурайшлын зовиур юм.

-Нүд нь хуурайшсан, улайсан гэх мэт зовиуртай хүмүүс дур мэдэн дусаагуур хэрэглэх тохиолдол хэр их байна вэ?

-Энэ явдал харьцангуй багассан. Дусаагуур, хиймэл нулимс зэргийг жоргүй зардаг. Манайхан өөрсдийн түгээмэл хэрэглэдэг витаминтай дусаалгыг хиймэл нулимс гэж буруу ойлгодог. Витаминтай дусаалга нь найруулгадаа ментол агуулсан байдаг. Ментол гэдэг нь сэнгэнэсэн, спиртийн төрлийн бодис юм. Нүд нь хуурайшдаг хүмүүс энэхүү ментол гэх бодис орсон дусаалгыг хэрэглэхэд хэдий сэнгэнүүлж байгаа ч гэсэн цаашид нүдийг улам хуурайшуулдаг. Мөн улайлт дардаг үйлчилгээтэй, судас агшаагчтай нүдний дусаагуур байдаг. Үүнийг хэрэглэхэд судас агшиж, улайлтыг нь багасгаж байгаа юм шиг боловч эсрэгээрээ судас агшаадаг дусаагуурыг байнга хэрэглэхээр хуурайшилтыг улам ихэсгэдэг. Тиймээс сүүлийн үед хиймэл нулимс олон төрлөөр зарагдах болсон учраас гаж нөлөөгүй, улайлт дардаггүй, ментолгүй зориулалтын хиймэл дусаалга дусааж байх хэрэгтэй.

-Хиймэл нулимс дусаах нь арай дээр гэж хэллээ. Гэхдээ энэ нь бидний биеийн нэг хэсэгт орж буй нэмэлт бүтээгдэхүүн л гэсэн үг. Тийм учраас ямар нэгэн сөрөг үр дагавар байдаг уу?

-Хиймэл нулимс дусаах нь хэсэг газрын үйлчилгээ юм. Ерөнхий системийн үйлчилгээ үзүүлдэггүй. Гэхдээ органик нулимсыг гүйцэхгүй ч шинжилгээ судалгаа хийгдэж туршилтаар батлагдсан учраас хиймэл нулимсуудын хувьд ноцтой гаж нөлөө байхгүй. Харин хуурайшиж байгаа шатлгаанаасаа хамаараад өтгөн, шингэн, гелэн хэлбэртэй, усан суурьтай, тосон суурьтай гэх мэт ямар төрлийн нулимс хэрэглэх талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хиймэл нулимсанд нэмэлт нөөшлөгч бодис гэж байдаг. Энэ нь тухайн эмийн бодисийг удаан хугацаагаар хадгалахад муутгахгүй гэсэн зориулалтаар хийдэг химийн найрлага юм. Нөөшлөгчгүй хиймэл нулимсыг маш их хуурайшилттай үед хэрэглэнэ. Харин нөөшлөгчтэйг ихэвчлэн өдөр тутмын хөнгөн хэлбэрийн хуурайшилттай үед хэрэглэж болдог.

Компьютерийн хамгаалалттай шил зөвхөн энэхүү туяаг нүд рүү нэвтрүүлэхгүй 100 хувь шүүх үүрэгтэй. Харин компьютерийн хамгаалалттай шил зүүснээр нүд аргадаг зовиур арилахгүй хэвэндээ л байна.

-Хүмүүс компьютерийн урд суухдаа компьютерийн хамгаалалттай шил зүүдэг. Энэ нь нүдний хуурайшилтаас сэргийлдэг үү?

-Компьютер дээр удаан суухаар нүд өвддөг, ядардаг, нүдээ аниад л баймаар санагддаг шүү дээ. Мөн нүд улайж, хүзүү мөр хавиар хөшсөн байдаг. Эдгээрийн компьютерийн хамгаалалттай шил зүүчих л юм бол байхгүй болно гэж хүмүүс ойлгодог. Гэтэл компьютер, гар утаснаас ирж байгаа хөх туяа хүний нүд рүү удаан хугацааны турш нэвтрэхээр нүдний хамгийн чухал хэсэг буюу харах үйл ажиллагааг хангаж байдаг торлог бүрхүүлийг гэмтээдэг. Тэгэхээр компьютерийн хамгаалалттай шил зөвхөн энэхүү туяаг нүд рүү нэвтрүүлэхгүй 100 хувь шүүх үүрэгтэй. Харин компьютерийн хамгаалалттай шил зүүснээр нүд аргадаг зовиур арилахгүй хэвэндээ л байна.

-Тэгвэл компьютер дээр сууж ажиллах үед нүдний хувьд ямар дэглэм барих хэрэгтэй вэ?

-Компьютер дээр сууж ажиллахад “Гурван хорийн зарчим”-ыг барьж ажиллах хэрэгтэй. Энэ нь 20 минут ажилласны дараа 20 сек нүдээ амраана. Амарч буй 20 секунддээ 20 фитийн зай буюу ойролцоогоор зургаан метрийн алсыг харж байх ёстой. Дандаа ойрын зайнд нүд ачааллах нь нүдэнд маш их ядаргаа өгдөг. Нүдний булчингууд агшилтын байдалд ороод, цаашлаад тухайн агшилт тавигдахгүй болдог. Энэ нь хараа муудах, холын зүйлийг фокусгүй харах гэх мэт зовиураар илэрдэг. Ийм хүмүүсийн харааг шалгахаар 100 хувь харж чаддаг хэрнээ хуурамчаар харааны гажигтай буюу шил уншигдаад байдаг. Тодруулбал, та бүхний сайн мэдэх хасах нэг, хоёр, гурав хэмжээний шил зүүхээр болсон байдаг гэсэн үг. Энэ үед нүдний чангарсан болон агшсан булчинг сулладаг зориулалтын дусаалга хэрэглэх хэрэгтэй. Үүний дараа нарийн шинжилгээ хийн тухайн хүний харааг шалгахад шил зүүх хэрэггүй болсон буюу уншигдаад байсан шил нь 0 болсон байдаг. Тиймээс хасах шил зүүх хүртлээ нүд ачааллахгүйн тулд “Гурван хорийн зарчим”-ыг үргэлж баримталж, холын зүйлийг харж бай. Ингэх нь таны нүдний чангарч буй булчин суларч, гүйцэт нүд амарч чаддаг.

 

Х. Саранзаяа

Технологийн там буюу Өвөр Монголын Бугат хот

Өмнөх нийтлэл

Алдартнууд хамгийн сайн бизнес зөвлөгөөг хэнээс авсан бэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.