Өсөх стратеги

Б.Энхтайван: Видео аналитикаар үр ашигтай ажиллагааг нэвтрүүлэх боломжтой

0

Магадгүй та гадуур алхаж явахдаа энд тэндгүй харагдах хяналтын камерыг хардаг байх. Энэхүү камерын технологи нь харагдаж байгаагаасаа хавьгүй ихийг хийх чадвартай болсныг видео аналитик дата гэх ойлголтоор баяжин шинэ тутам үсрэнгүй хөгжиж буй системээс олж мэдэж болно. Дэлхий дахинд энэ технологи хурдацтай нэвтэрч, одоо Монгол улсад үүнийг хэрэглэж, үр ашгийг нь хүртэх цаг үе дээрээ ирээд байна. Тэгвэл яагаад энэ технологийг ашиглах ёстой, тэр нь тухайн байгууллагын бизнест ямар ашигтай талаар “ITZONE” компанийн Системийн интеграцчлалын хэлтсийн дарга Б.Энхтайвантай ярилцаж, видео аналитик өгөгдлийн ач холбогдлын талаар тодруулснаа хүргэе.

Видео аналитик дата гэж юу болох талаар уншигчдад танилцуулж ярилцлагаа эхлүүлэх үү?  

Тэгэлгүй яахав. Видео аналитик өгөгдөл (дата) гэхээр бодит байдал, бодит амьдрал дээрээс өгөгдөл мэдээллийг цуглуулж буй хэрэг юм. Бид бүхний сайн мэдэх мэдээллийн технологи (IT)  нь хүмүүсийн хэрэглээн дээр тулгуурлаж өгөгдлийг цуглуулдаг бол энэ нь харин илүү амьдралд суурилсан, хүмүүсийн урсгал, хийж буй үйлдэл дээрээс нь ажиглалт хийн өгөгдөл мэдээлэл цуглуулдаг гэж хэлж болно. Камер дээр бичигдсэн дүрс мэдээллийг өөрөө боловсруулан танд ашигтай, “нэмүү өртөг шингэсэн” мэдээллийг гаргаж өгнө гэсэн үг. Та мэдээллээ хүлээн авч тэндээс өөрт ашигтай шийдвэрээ гаргах болно. Чухамдаа энэхүү систем нь аюулгүй байдал, үр өгөөж талдаа томоохон салбаруудад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм.  Дэлгүүр дээр жишээ авч үзье. Одоо цаг үед цахим дэлгүүрийн үйлчилгээтэй харьцуулахад уламжлалт дэлгүүрүүд өрсөлдөх чадвараар зарим талаар дутмаг байх болсон. Тэгвэл уламжлалт дэлгүүрүүд хэрхэн өрсөлдөөнд тэсэж үлдэх вэ? Тэд юугаараа сул талтай байна вэ? Цахим дэлгүүрийн хувьд тэд худалдан авагч юуг илүү сонирхож буй, ямар бараа илүү борлуулагдаж байгаа талаар маш сайн дата мэдээлэлтэй байдаг. Харин уламжлалт дэлгүүрийн хувьд хэрэглэгчийн тухай дата мэдээлэл цуглуулж, түүнийг боловсруулахад цаг алдах тал бий. Онлайн дэлгүүртэй өрсөлдөхийн тулд тухайн дэлгүүрт хэчнээн хүн орж ирэв, хэчнээн нь худалдан авалт хийв, яг аль хэсэгт хүн илүү цуглаж байна вэ, хаагуур илүү их худалдан авалттай байна вэ гээд олон мэдээллийг цуглуулж болно. Энэ бүхнийг видео аналитик дата системийн тусламжтайгаар төвөггүй хийж болно. Монголын хувьд аль нэг супермаркет тодорхой төлөвлөгөө гарган ажилласан ч, төлөвлөгөө нь тэр бүр сайн хэрэгжихгүй байж болно. Видео аналитик өгөгдлийн системтэй байснаар та илүү сайн төлөвлөгөө гаргаж чадна. Өөрийн хүссэн мэдээллээ програм хангамж бүхий камерын системийн тусламжтайгаар өдөр тутам шинээр мэдэх боломжтой.  Видео аналитик өгөгдөл гэдэг маань ажиглалт дээр тулгуурлахаас гадна нэмэлт програм хангамжийн тусламжтайгаар аливаа дата мэдээллийг цуглуулж боловсруулж, танд үр ашигтай мэдээллийг хүргэнэ гэсэн үг.

Уул уурхайн салбарын хувьд видео аналитик дата систем нь илүү чухал үүрэгтэй байх болов уу гэж санагдаж байна. Та энэ талаар танилцуулахгүй юу?

Дэлгүүрийн тухайд бид үр ашгийн талаар илүү их ярьдаг. Тэгвэл уул уурхайн хувьд хамгийн чухал асуудал нь аюулгүй ажиллагаанд төвлөрдөг. Харьцангуй эрсдэл өндөртэй уул уурхайн салбарт үйлдвэрлэлийг жигд тогтвортой, аюулгүй эрхлэхэд ихээхэн том талбайг хянах шаардлагатай болдог.  Тухайлбал уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй ажиллагааны стандартад хяналт тавих боломжтой. Өнөөдөр видео камерын тусламжтайгаар тухайн хүн хамгаалалтын малгай өмссөн эсэхийг мэдэх боломжтой болсон. Мөн уурхайд (эсвэл барилгын талбайд) ажилчид маргалдах юмуу зодолдвол яах вэ? Эсвэл хүн тусламж хүсч байвал яах вэ? Энэ бүгдийг манай санал болгож буй камер нь зөвхөн дүрс төдийгүй дуу чимээг таньж мэдэх үйлдлээрээ шууд илрүүлдэг. Хүн тухайн уурхайн талбайд эсвэл барилгын талбайд хэвтсэн байдалтай байна уу эсвэл босоо байна уу гэдгийг ч энэ системийн тусламжтайгаар мэдэх боломжтой болсон. Аюулгүй ажиллагааны энэ бүх хяналтыг видео аналитик дата системийн тусламжтайгаар хийснээр цаг алдалгүй хариу арга хэмжээ авах боломжтой болно. Хэрэглээ зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй видео аналитик датаг тухайн компани өөрийн хэрэгцээнд тохируулан ашиглах боломжтой. Тухайн уурхайд орохыг хориглосон хүн эсвэл  VIP зочин, эсвэл ээлжнээсээ буучихсан байх ёстой ажилчин уурхайд явж байгаа эсэх зэргээр таны хүссэн хэрэглээнд нийцүүлэн дохио өгдөг байдлаар системийг програмчилж болно. Нүүрсний уурхай дээр гал гарах магадлал өндөртэй байдаг. Энд видео аналитик дата системийн тусламжтайгаар гал гарч болзошгүй буюу утаа гарч буй хэсгийг олж илрүүлдэг камер эсвэл дулаан мэдрэгч камер ашиглах боломжтой. Мэдээж энэ нь галын дохиоллын системийг орлох боломжгүй, гагцхүү дэмжиж ажиллах болно гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Байгууллагын өмч хөрөнгө, барилгын цонх хагарсан эсвэл буун дуу гарах, гүний уурхайн нуралт зэргийг дуу чимээгээр нь таньдаг болтлоо энэ систем нь хөгжөөд байна.

Энэ чиглэлийн технологийн түүхэн хөгжлийн талаар сонирхуулна уу?

1996 оноос камерын систем нь аналоги системээс дижитал технологи руу шилжсэнээр өнөөгийн хөгжлийн эхлэл тавигдсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл видео дүрс ашиглан дата цуглуулах боломж бүрдсэн гэсэн үг. Эхэндээ видео аналитик дата нь хөдөлгөөн илэрч буй эсэхэд голлон чиглэж хөгжиж байсан. Хоёр дахь хөгжлийн шат нь тухайн биет эсвэл хүн хаашаа чиглэж буйг мэддэг болсон. Ингээд хөдөлгөөн, чиглэлийн талаар дата цуглуулах боломжтой байдлаар нэгэн үе хөгжиж ирсэн энэ технологи царай таних системийг эрчимтэй хөгжүүлж эхэлснээр гурав дахь хөгжлийн давалгаа эхэлсэн гэж хэлж болно. Царай таних систем (facial analytics) нь олон жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд бүр ч хурдацтайгаар хөгжиж байна. Царай таниулах технологийн чиглэлд Японы NEC тэргүүлэх байр суурь эзэлдэг.  Энэ бүхнийг камер, програм хангамжийн тусламжтайгаар цогцлоож байгаа бөгөөд энэ технологи нь тасралтгүй хөгжиж байгааг хэлэх нь зүйтэй. Камерын системийн хувьд дэлхий даяар нэг жилд 90 сая ширхэг камер борлуулагдаж буй гэсэн судалгаа бий. Дэлхий дээр байгаа камерууд нь өдөрт 337 мянган терабайт мэдээллийг бичиж авдаг гэсэн тооцоо мөн байдаг. Энэ бүх мэдээллийг зөвхөн боловсруулсны дүнд үр ашигтайгаар ашиглах боломж бүрдэх юм.

Бидний санал болгож буй камерын хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн AXIS буюу Шведийн брэнд юм. Чанарын хувьд Монголын эрс тэс уур амьсгалтай цаг агаарт маш сайн зохицож ажиллаж чадна. Мөн бид нээлттэй платформ дээр суурилсан Milestone програм хангамжийн системийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож буй юм. Энэ нь Дани улсад төвтэй компанийн хөгжүүлдэг систем юм. Нээлттэй платформ гэдэг нь аль ч програм хангамжтай нэгдэж ажиллаж болдгоороо ихээхэн давуу тал олгож буйг энд тэмдэглэе. Монголын програм зохиогчид хүсвэл Milestone дээр ажиллах боломжтой байдлаар өөрсдөө програм хийж зөвхөн Монголдоо төдийгүй дэлхий нийтэд худалдах боломж ч бий. Чухамдаа Milestone програмыг AXIS камерт суулган маш сайн хяналтын системийг та үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой. ITZONE-ийн хувьд эдгээр хоёр компани нь дэлхийд энэ чиглэлээр тэргүүлэх технологи үйлдвэрлэгч учир сонгон авч үйлчилгээг нь Монголынхоо хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. Аюулгүйн ажиллагааны системийн салбарт шилдэг тавин байгууллагыг эрэмбэлэн гаргадаг ASMAG сэтгүүлийн Security 50 жагсаалт дунд эдгээр хоёр байгууллага нь эхний 10-т багтдаг бөгөөд борлуулалтын өсөлтөөрөө бусад компанийгаа хошуучилж байгаа нь бүтээгдэхүүнийх нь чанарыг илтгэж байгаа хэрэг.  

Дэлгэцийн ард хяналт хийж буй хүн видео аналитик дата системээс өгч буй дохиог цаг алдалгүй авч ажиллах нь өөрөө уламжлалт системээс хамаагүй илүү давуу тал авчирна.

Хүмүүс уламжлалт хандлагад илүү дуртай байх тал байдаг. Технологид итгэх итгэл монголчуудын дунд төдийлөн их биш байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл уламжлалт камерын системийг илүүд үзэж байж болох юм. Энэ тал дээр таны бодол?

Хүмүүсийн сонирхдог түгээмэл асуулт байна. Үнэхээр бидний энэхүү санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь уламжлалт камер буюу хүн тасралтгүй ажиглаж байдаг хувилбараас юугаараа ялгаатай юм бэ гэж асуух нь зүйн хэрэг. Жирийн камерын хувьд нэг хүн тухайн дүрсийг дэлгэцний ард суугаад анхааралтай гэгч нь ажиглаж байдаг. Муугүй л хувилбар гэж та бодож болно. Гэхдээ 200 ширхэг дэлгэцийг хүн нэгэн зэрэг харж чадах уу? Бас тэндээс ашигтай мэдээлэл цуглуулж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ.  Дэлгэцийн ард хяналт хийж буй хүн видео аналитик дата системээс өгч буй дохиог цаг алдалгүй авч ажиллах нь өөрөө уламжлалт системээс хамаагүй илүү давуу тал авчирна. Жишээ нь улсын дугаар таньдаг камер байж болно. Үүгээр тухайн байгууллага үүдээр нь хэдэн цагт ямар дугаартай машинууд ирсэн байна вэ гэдгийг харж мэдэж болно. Уламжлалт камерын хувьд та энэ бүхнийг багагүй цаг хугацаа зарцуулан байж шүүж үзэх шаардлагатай болно шүү дээ. Энэ болгонд цаг хугацаа алдах, тухайн ажиллагаа нь илүү нарийн төвөгтэй байдалтай болдог. Ямар хүн орж гарч вэ гэдэг тухайд ч мөн адил видео аналитик дата нь үйл ажиллагааг мэдэгдэхүйц хялбарчлах болно. Тэгэхээр энэ системийн хувьд ажлыг зөвхөн хялбарчлаад зогсохгүй хамгийн гол нь аливаа асуудлыг болсон хойно нь биш урьдчилан харж асуудлыг шийдэх боломж өгдгөөрөө давуу талтай гэж хэлж болно. Нөгөө талаар уламжлалт камерын системийн хувьд камер дээрээ өөр дээр нь програм суулгах боломжгүй байдаг бол AXIS-ийн камерт өөрт нь програм суулгах боломжтой байдгаараа давуу талтай.  Камерын хяналтын системд алдаа гарах магадлал 5% байдаг. Гэхдээ энэ чиглэлийн систем нь үргэлж хөгжиж байгаа нь сайн хэрэг.

Камер дээр нь програм суулгахын давуу тал нь юу байх вэ?

Видео аналитик дата нь мэдээллийг төв сервер рүү дамжуулах зарчимд суурилж ажилладаг. Мэдээлэл дамжуулах үед төв сервер рүү ихээхэн хэмжээний мэдээлэл зөөвөрлөх нь маш өндөр зардалтай байдаг л даа. Тэгвэл AXIS-ийн камер нь мэдээллийг өөр дээрээ боловсруулалт хийн зөвхөн хэрэгтэй датаг цаг алдахгүй, мөн үр ашигтайгаар дамжуулна. Жишээ нь хотын замын хөдөлгөөний хяналтын камерт бичигдсэн машинуудын мэдээллийг төв сервер рүү бүгдийг нь дамжуулах уу эсвэл тухайн яг хэрэгтэй (машины улсын дугаар эсвэл хурдны үзүүлэлт) мэдээллийг илгээх үү гэдэг сонголтоос хоёр дахь нь мэдээж цаг хугацаа, дэд бүтцийн оновчтой ашиглалтыг бий болгоно.  Нөгөө талдаа та байгууллагадаа хэдэн арван эсвэл хэдэн зуун камер суурилууллаа гэж бодоход зөвхөн нэгд нь машины дугаар таних програм, нөгөөд нь царай таних програм суулгаж болно. Энэ бүхэн нь камерт өөрт нь програм суулгахын давуу талын нэг хэсэг нь юм.

Манай улсад энэ төрлийн технологийн ашиглалт аль түвшинд байгаа вэ?

Энэхүү камерын системийг томоохон уул уурхайн компани, банк санхүү, гаалийн салбар, шатахуун түгээх станц зэрэг олон салбар өргөнөөр ашигладаг.  Гэхдээ Монгол хувьд видео аналитик датаг хангалттай ашиглаж байна уу гэвэл үгүй гэж хэлнэ. Харин энэ төрлийн технологийг идэвхтэй ашиглах цаг үеийн эхэн дээр ирээд байна гэж хэлбэл зохино.  ITZONE компанийн хувьд бид системийн найдвартай байдлыг чухалчилдаг бөгөөд бидний санал болгож буй систем нь дэлхийн тэргүүлэх технологийг хөгжүүлэгч AXIS, Milestone компанийн бүтээгдэхүүн гэдгийг энд дахин онцолъё.  Энэ систем улам бүр хөгжиж, тэр хэрээрээ хүмүүст, салбар салбарт үр өгөөжөө өгсөөр байна. Хятадад оюутнуудын ирцийг хянаад зогсохгүй, чухам хэдэн хувь нь хичээлд идэвхтэй оролцож буйг шалгадаг систем туршиж эхэлж байна. Австралийн гааль дээр царай таних систем нэвтрүүлээд байгаа бол Тайваньд мөнгөний автомат машин дээр туршаад эхэлсэн.  Энэхүү систем нь аюулгүй ажиллагаа, үр ашигтай ажиллагаа, хялбар ажиллагааг танд, таны бизнест бий болгоно.

Ярилцсанд баярлалаа.

 

Х. Саранзаяа

Монгол бүтээгдэхүүнүүд Азийн хөрөнгө оруулагчдын нүдээр

Өмнөх нийтлэл

Д аминдэмийн дутагдал Сэтгэл гутрал үүсгэдэг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com