Вирус, сонгууль, зээл тэглэх, цуцлагдсан Цагаан сар гээд л 2020 он ч жинхэнэ сюпризтэй эхэлж байна. Сенсаци үргэлжилсээр

Сонгууль дээр ахмад настнуудыг ашиглаж, ахмад настнууд дээр Цагаан сарыг ашиглаж, Цагаан сар дээр нь тэтгэврийг, тэтгэвэр дээр зээлийг, зээл дээр нь Салхитын мөнгөний ордыг, мөнгөний орд дээр нь бондыг, бонд дээр нь банкуудыг, банкууд дээр нь улсын төсвийг, улсын төсөв дээр уул уурхайн орлогыг ашиглаж тэтгэвэр тэглэх тухай хуулийг баталтал байдал эвгүйтэж үйл явдал яг эсрэгээрээ өрнөж эхлэв.

“Covid 2019” гэгч вирусээс болж 3 сарын 2 хүртэл Монгол Улс нүүрсний экспортын уналтаас үүдэж төсвийн орлогынхоо багагүй хэсгийг алдана. Орлого багасахаар банкуудад өгөх мөнгө багасна. Мөнгө багасахаар банкууд гэдийнэ. Банкууд гэдийхээр Салхитын ордын бондыг авахгүй. Бонд авахгүй болохоор тэтгэврийн зээл тэглэх боломжгүй. Зээл тэглэхгүй болохоор ахмадууд саналаа худалдахгүй. Яалтай ч билээ дээ.

Ахмадууд 2 сарын 1-нд тэтгэврээ авахдаа зээлийн үндсэн төлбөр, хүү, өмнөх сарын үндсэн төлбөр, тэтгэврийн нэмэгдэл гээд л юу болов гэмээр бөөн мөнгө авсан. Даанч тэр мөнгөө үрэх Цагаан сар нь цуцлагдаж байгаа нь ганц том баяр, тэтгэврийн зээлээр нь далимдуулж хөгшчүүлээс коко авах байсан эрх баригчдын тактикийн эффектийг улам дордуулж орхив.

Гэтэл сая тэтгэврээ бүтнээр нь авсан учраас тэтгэврээ тэглүүлчихлээ гэж бодож байгаа ахмад маш олон байгаа. Гэвч вирус тархаж, экспортын орлого багасч байгаа үед энэ тэглэлтийг хийх нь амиа хорлосноос өөрцгүй түвшинд очиход ойрхон байна. Гэвч “тэглэнэ” гээд амлачихсан байдаг. Бүр Цагаан сараас өмнө шүү.

Тэр Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах техник, хөрөнгө оруулалт, менежмент, цаг хугацааны нөөц нь хаана ч яваа юм бүү мэд. Дээрх ордоос 2 их наяд орчим төгрөгийн орлого олно гэж эрх баригчид хэлсэн ч зарим эдийн засагч энэ орд зөвхөн 121 тэрбумын үнэлгээтэй гэж байна. Уг ордын ТЭЗҮ гэж яг л Сааралт жагсаалт шигээ ойлгомжгүй, бүрхэг зүйл нэг байна.

Цагаан сар цуцлагдсанаар худалдаа, үйлчилгээний салбарын орлого багасч, тэр хэмжээгээр төсөвт орох татварын орлого багасна. Нэг сарын карантин эдийн засагт онцын нөлөө үзүүлэхгүй гэж Монголбанк мэдэгдсэн ч хэдийнэ нөлөө үзүүлээд эхэлсэн. Мөн удахгүй Монгол Улс төсвөө тодотгохоос аргагүй байдалд орох бололтой. Төсөв тодотгох үеэр тэтгэвэр тэглэхийг эргэн харах тухай сэдэв зайлшгүй босч ирнэ.

Гэхдээ эдийн засгаа бодоод зээл тэглэх шийдвэрээ эргэн харах зориг эрх баригчдад байгаа болов уу гэдэг нь тун сонирхолтой. Тэглэхгүй бол гомдох ахмад бас олон байгаа. Аягүй бол Гоголийн “Шинель” тууж дээр гардаг шиг зээлээ тэглүүлж чадаагүй нас барсан талийгаачдын сүнс Төрийн ордны хавиар үдшийн цагаар эргэлдэж, оройтож гарсан гишүүдийн халааснаас зууралдах вий дээ.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Бизнес яг л сүши хийх шиг

Өмнөх нийтлэл

Компанийн вэб сайт харилцагчдаа хэрхэн татах ёстой вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох