Чанартай шинэ түвшин. Энэ үгийг Владимир Путин Монгол улсад айлчлах үеэрээ онцлон хэлсэн нь манай хоёр улсын харилцаа шинэ шатанд бодитоор дэвшиж, улс төр болоод эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн замд гарсны тод илрэл боллоо. Оросын сэтгүүлчид болоод мэргэжилтнүүд ч мэдээлэл, тайлбар бүртээ үүнийг онцолж байна. Монгол, ОХУ-ын харилцааны шинэ түвшний баталгаа нь Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хугацаагүй гэрээ юм.

Хоёр улсын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ 1993 онд байгуулагдсан ч энэ удаагийн шинэчилсэн гэрээгээр хоёр хөршийн харилцаа илүү өндөр түвшинд гарах эхлэл тавигдаж байна. Үүний үр дүнд Монгол, ОХУ урт хугацааны турш найрсгаар харилцахын зэрэгцээ эдийн засгийн түншлэлийн ирээдүйн стратегиа тодорхой болгож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч энэ талаар хэлэхдээ:

-Морины сайныг унан байж, хүний сайныг ханилан байж мэднэ гэсэн Монгол ардын мэргэн үг байдаг. Тиймээс Монгол, Оросын ард түмний нөхөрлөлөөрөө бид бахархдаг. Энэ сайхан нөхөрлөл, сайн харилцааг үнэхээр иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд байлгахын төлөө бид чадах бүхнээ хийх болно.

Тиймээс Монголтой хийдэг худалдааныхаа эргэлтийг хуучин ЗХУ-ын түвшинд хүргэхийг зорино гэдгээ Оросын тал уламжилж байна. 2018 оны дүнгээр хойд хөрш манай орны худалдааны эргэлтийн 21 хувийг эзэлж байсан бол энэ үзүүлэлт 2019 оны эхний хагасын байдлаар 11.8 хувиар нэмэгдсэн. Хэдий энэ үзүүлэлт ЗХУ-ын үеийн түвшингээс хол ялгаатай байгаа ч тэр түвшинд хүрэхийг эрмэлзэх хэрэгтэй  гэдгийг Оросын эдийн засгийн мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал Кирилл Дмитриев “Монгол дахь ОХУ-ын жилийн хөрөнгө оруулалтын хэмжээг хэд дахин өсгөж 100, 100 саяд хүргэх боломж бий. Монголын улсын эдийн засаг өсч байгаа нь технолог, зам тээврийн салбарт хоёр орны хамтарсан төслүүд хэрэгжих боломжийг мөн бүрдүүлж байна” хэмээн ярьж байна.

Оросын хөрөнгө оруулалт бодит ажил болох эхлэл нь ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан Монголын талтай хамтран байгуулсан ОХУ-Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сан юм. Энэ хүрээнд Ази болон Ойрхи Дорнодын хөрөнгө оруулагчдыг Монголын төслүүдэд оролцуулахад Оросын тал анхаарах юм байна. Харин хоёр талын байгуулсан сангийн гүйцэтгэх эхний төсөл нь Монголын дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалт юм. Тус ажилд хойд хөршийн тэргүүлэх компаниуд гар бие оролцох ажээ. Владимир Путин тавьсан илтгэлдээ энэ талаар дурдахдаа “Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбаруудад хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр манай хоёр улсын Засгийн газар хоорондын комисс ажиллаж байна.

Владимир Путин тавьсан илтгэлдээ энэ талаар дурдахдаа “Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбаруудад хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр манай хоёр улсын Засгийн газар хоорондын комисс ажиллаж байна.

Эдгээр төслүүдийн санхүүжилтийг ОХУ-Монголын хөрөнгө оруулалтын сан хариуцна. Тодотгож хэлэхэд, төслүүдийн хөрөнгө оруулалт хоёр орны үндэсний валютаар хийгдэх болно” хэмээн онцолсон юм. 2011 онд байгуулагдсан ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан нь гадаадын тэргүүлэх зэрэглэлийн санхүү, стратегийн хөрөнгө оруулагчидтай хамтран ОХУ-ын нутаг дэвсгэрийн 95 хувийг хамарсан 1.5 их наяд рублийн 70 гаруй төслүүдийг хэрэгжүүлж буй хүчирхэг байгууллага юм.

Айлчлалын үеэр яригдсан бас нэг чухал сэдэв бол төмөр зам. Ерөнхийлөгч Путин Монголын төмөр замыг дэмжих, түүнд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа ч уламжилсан. Хойд хөршийн холбогдох мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тэд эхний ээлжинд Монголын төмөр замын шинэчлэлд 260 сая хүртэлх долларын  хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тиймээс ч 2020-2021 онд хэрэгжих “Улаанбаатар төмөр зам”-ын дунд болон урт хугацааны хөтөлбөрийг  боловсруулсан бөгөөд хөтөлбөрийн дүнд Монголын магистралын тээвэрлэх хүчин чадал жилийн 34 сая тоннд хүрнэ хэмээн Оросын төмөр зам компанийн Нэгдүгээр орлогч дарга Александр Мишарин ярив.

Ийнхүү Халх голын тулалдааны түүхт 80 жилийн ойн хүрээнд Монголд хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын дүнд Монгол, ОХУ-ын харилцаа шинэ түвшинд гарах эхлэл тавигдсны хамтаар Монгол, Оросын бизнес салбарынхны хувьд хамтын ажиллагааны шинэ, шинэ боломжууд нээгдлээ.

 

 

 

 

Ж. Баяржаргал

Та яагаад ажилтнуудтайгаа Фейсбүүк найзууд болох хэрэгтэй вэ

Өмнөх нийтлэл

Нобелийн шагналт химич Ноёор Рёожи: Хөгжлөөс хэн ч ард үлдэх ёсгүй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох