0

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл болон ӨМӨЗО-ын Ардын Засгийн газраас хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан “70 жилийн гэрч” сурвалжлагын цуврал аялалыг зохион байгуулж байна. Хамтарсан сурвалжлагын хоёрдугаар аялалд Монголын 19 сэтгүүлч, Хятадын талаас найман сэтгүүлч оролцов.

Аялалын маршрут: Ганц Мод-Баяннуур-Үхай-Алшаа-Иньчуань-Баяннуур-Ганцмод-Хөх хот 4000 орчим км.

Аялсан хугацаа: 2019.05.24-06.02

БНХАУ-ын нэгдүгээр зэргийн засаг захиргааны нэгж гэгддэг 1.1 сая хавтгай дөрвөлжин км тэлсэн Өвөр Монголын өөртөө засах орон нь аймгийн дайтай есөн хот, гурван аймагтай, Эрээн, Манжуур гэсэн хоёр тусгай бүстэй. Өвөр Монголын нутаг нь зүүн хойноос баруун урагш сунан тогтсон бөгөөд зүүн, зүүн хойд талаараа тал хээр, уул голчилсон, баруун, хойд хэсгээрээ говь цөл үргэлжилдэг.

Орчин үеийн ӨМӨЗО нь шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, мэдээлэл, хот сууринжил, хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалтыг эрс хөгжүүлж, аялал жуулчлалын зорих газар болж, чинээлэг хүн амыг бүрдүүлж, Хятадын умард хэсгийн экологи, ногоон бүсийн халхавч болж, хил орчимдоо эдийн засгийн нээллтэй загварыг хөгжүүлэх зорилготой байна.

“70 жилийн гэрч” Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг

Гашуун Сухайтын тухай гашуун сэтгэгдэл

Тогоон чинээ Говийн нар униар будан дундаас шаргалтан мандана. Шөнийн гурван цагт Даланзадгад хотоос гарсан автобус дэржигнүүртэй замаар тоос татуулан давхиж, хагас нойртой зорчигчид байнгын донсолгоонд үе үе сэрнэ.

Шороон засмал голлосон 300 гаруй км замаар явсаар Гашуун Сухайтын боомтод ойртож ирэв. Хүнд даацын ачааны машинуудаас боссон тоос тэнгэрт дэгдэж, хаа сайгүй ухаа нарийн шороо бужигнан сүүмийж, заримдаа нар халхлах нь цөмийн дайны дараах амьдралыг харуулдаг зөгнөлт кинонууд дээр гардагтай төстэй санагдана. Бетон зутгаж тохижуулаагүй шороон талбайд олон тооны машин зогсоосон нь Да хүрээ захын аль нэг хэсэгт ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.

Боомт дээр ирсний дараа бид сууж ирсэн автобуснаасаа бууж унаа сэлгэх хэрэгтэй болов. Замын Үүдийн хилээр хуучин машинд зорчигчдыг чихэж хил гаргадаг уламжлал энд хэдийнэ бий болжээ. Бид нэгэн микро автобусны дээр чемодан сэлтээ сул тавьж, зарим нь ачааны хэсэгт босоогоороо шахуу улсын хилээ давах шаардлагатай тулгарав. Ийм байдлаар, нэг хүнээс 10 мянган төгрөг авч хил гаргадаг машин хэд хэд зогсож байв. Биднийг “ачиж” гаргасан машины жолооч нь наранд борлосон царайтай, хурдан шалмаг хөдөлгөөнтэй Улаанаа гэх нэртэй эмэгтэй байлаа. Ер нь “хил гаргагчид” бүгдээрээ эмэгтэйчүүд. Улаанаа эгч ганцаараа шахуу бидний чемоданыг ачиж дууссаны дараа арын хаалгаа харр хийтэл хааж хилийн дээс алхахад бэлдэв.

Тоос шороонд дарагдсан Гашуун Сухайтын боомтын хажууд ганц хоёр зуухан метрийн цаана байх Хятадын Ганц Модны боомтын том барилгууд хааны ордон шиг сүртэй харагдана. Хил гарах процесс ганц цаг хүрэхгүй үргэлжилж, Хятадын хилийн байцаагчдад арван хурууныхаа хээг үлдээж, ноутбүүкний хатуу диск, зургийн аппаратан дээрх файлуудаа шалгуулсны дараа өөр ертөнцөд хөл тавив.

Энд биднийг ӨМӨЗО-ны Засгийн газар, төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хэд хэдэн талаас камераар бичиж угтсан нь энэ удаагийн аялал бол урьдаас сайн бэлдсэн, Өвөр Монголын тал их ач холбогдол өгч буй арга хэмжээ гэдэг нь илт байлаа. Энэ дунд ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Үндэсбат, Хятадын сэтгүүлчдийн ахлагч Чандмань, Өвөр Монголын Монгол одон телевиз, “Солонго” мэдээллийн төв, “Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч нар байв.

Ганц модны боомт гэхээр нүүрсний машинууд, тэдэнтэй холбоотой элдвийн асуудал санаанд бууж, монгол хэл дээрх google-д ч бас энэ талын мэдээлэл давамгайлна. Гэвч хоёр талын боомт нээгдсэнээр үүгээр зөвхөн нүүрс, баяжмал урсаагүй. Энд хүмүүний амьдрал буцалж байна. Монголын талд энэ амьдрал тоосон дунд байгаа бол Хятадын талд шинэ барилга, байшин жил ирэх тусам нэмэгдэж жижигхэн хотын өнгө төрхөө олсоор байна. Нэг үгээр энд дараагийн Эрээн хотын эхлэл тавигджээ.

Тиймдээ ч бидний анхны сурвалжлага Хятад, Монгол хоёр улсын шинэ үеийн түүхэн дэх эдийн засгийн харилцааны чухал цэг болсон Ганц мод боомтоос эхэлсэн юм. Энэхүү боомт нь Өвөр Монголын Баяннуурын “Нэг маршрутын гурван бүс” хэмээх эдийн засгийн бүсийн нэг бөгөөд худалдааны чухал зангилаа юм.

Боомт өргөжиж хүн амын тоо ихсэхийн хэрээр тэднийг нийгмийн дэд бүтцээр хангах шаардлага бий болжээ. Тиймээс 2011 онд Ганц модонд дэргэдээ цэцэрлэгтэй Цун линь олон улсын сургууль байгуулагджээ. Одоо нийт 315 сурагч байгаагаас 54 нь монгол хүүхэд. Өвөр Монголоос багш нар уригдан ирж монгол хүүхдүүдэд кирилл бичиг, монгол бичиг, хятад хэл зэрэг бүх л шаардлагатай хичээлийг заадаг. Ингэхдээ хүүхдүүдээс ямар ч төлбөр авдаггүй.

Эдгээр хүүхдийн олонхийнх нь аав нүүрсний тээвэрт явдаг, ээж нь хоолны газар ажиллуулдаг гэх мэт хил орчим амьдардаг монгол иргэд байдаг.  Жишээ нь, таван настай Хонгороогийн аав нь нүүрсэнд, ээж нь хилээр зорчигчид тээвэрлэн оочерлодог. Аав нь заримдаа долоо хоног тээвэрт явах тохиолдол ч бий. Өмнө нь Улаанбаатарт 92 дугаар сургуульд сурч байсан Мөнх-Одын аав ч бас нүүрсний машин барьдаг, харин ээж нь хилийн наана, цаана орчуулагчаар ажилладаг. Эдгээр хүүхэд аав нарынхаа тухай ярихдаа тээвэрт явдаг биш, харин “оочерт явдаг” гэж ярьж байлаа. Ийм байдлаар оочерт явдаг олон зуун монгол аав бий.

Цун линь олон улсын сургуулийн монгол сурагчид

Цун линь олон улсын сургуульд нийт 315 сурагч сурдгаас 54 нь монгол хүүхэд.

Боомтод бидний орсон өөр нэг газар нь яах аргагүй гадаад худалдаатай холбоотой байв.  Ганц мод бол Хятад улсын эрдэс импортолдог хуурай замын хамгийн том боомт бөгөөд Өвөр Монголыг Монгол Улстай, цаашлаад Евразитай холбох гарц юм. Анх 1992 онд улирлын чанартай ажиллуулж, 2009 оноос байнгын ажиллагаатай болсон энэ боомт 2016 он гэхэд  71 сая 450 мянган тн барааны экспорт, импорт хийж, нийт худалдаа 79 тэрбум 400 сая юаньд хүрчээ.

Боомтоор дамжих бараа, бүтээгдэхүүний урсгалыг хөнгөвчлөх үүднээс 2005 онд нэг тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, 250 000 м.кв талбайтай гаалийн хяналтын талбайг байгуулжээ. Хятадын “Жяюү” ложистикийн компанийн хариуцдаг энэ газарт гаалийн бүртгэл, гаалийн хяналт, чингэлэг, ачаа буулгах, хуваарилах, агуулах, тээвэрлэх, боомтоор нэвтрүүлэх зэрэг ажиллагааг цогцоор нь хийнэ. Энд хүргэгдэж, гаалийн бүртгэлд орсон бараа 24 цагийн дотор хилээр нэвтэрч Монгол руу гарсан байх ёстой.

Монголын Эм Си Пи Эл компани нь энд 2010 оноос Оюу Толгой болон “Жяюү” компанитай хамтарч ажиллаж эхэлжээ. Эл компани гуравдагч орноос ирж Монгол руу явж буй ачаануудыг хүлээн авч явуулдаг. Энэ дунд барилгын материал, Оюу Толгойн бүтээн байгуулалтад зориулсан ачаа их.

Ганц модонд аль ч талаас ирсэн боомтоос холгүйхэн байдаг нүүрс буулгах талбайн тэнгэрт хадах бараан тоос тод харагдана. Тиймээс тэр хавийн байшингууд бүгд бараан дүр төрхтэй. Том машины сэлбэгийн дэлгүүр, засварын газрууд, хятад, монгол хоолны газрууд өөд өөдөөсөө харан байрлаж, энд тэндгүй замын хажуугаар ачааны том машинууд тавьсан харагдана.

Аялалын сүүлийн өдөр бид Ганц модод эргэн ирж нэг хоноход энд Монголын олон иргэн бүр болон түр амьдардаг гэдгийг анзаарахгүй байхын аргагүй байлаа. Тэр тусмаа оройн цагаар караоке, бааруудаар согтуу, хөлчүү монгол жолооч нар ихэсч, зочид буудлын нээлттэй цонхоор монгол хараалын үгс тод сонсогдоно.

Үүгээр зөвхөн нүүрс, баяжмал урсаагүй. Энд хүмүүний амьдрал буцалж байна.

Ганц мод бол Хятад улсын эрдэс импортолдог хуурай замын хамгийн том боомт

Урадын тэмээчнийд зочилсон нь

Ганц модноос цааш хөдөлж Өвөр Монголын Баяннуур аймгийн (2003 оноос аймгийн дайтай хот болсон) Урадын дунд хошууны нутагт оров. Баяннуур хот нийт долоон хошуу, дүүрэг, шяньтай. Энэ дундаас Урадын хойд, дунд, урд хошуу нийлж Урадын соёлыг бүрдүүлжээ. Урадчууд Хавт Хасар болон түүний үр хойч нарын угсаанд багтах овог аймгаас эхтэй бөгөөд 1650-иад онд Чин улсын хааны зарлигаар Говийн өмнүүрх халхуудыг хамгаалах зарлиг авч энэ нутагт ирсэн гэж түүхчид үздэг.

Монгол Улстай хил залган оршдог дунд болоод хойд хошууны иргэд голдуу мал аж ахуй, тэр дундаа тэмээ маллан аж төрдөг. Тиймдээ ч бидний сурвалжлагын дараагийн эзэн нь Ганц мод сумын Төгрөг багийн (гацаа) малчин Эрдэнэхишиг байв. Баян нуур хот орох их замаас салаалуулан км хүрэхгүй газарт тавьсан хатуу хучилттай замаар явж түүний гэрийн гадаа очлоо. Монгол дээлтэй, намуухан яриатай хүн гарч ирж биднийг угтлаа. Түүний амьдардаг байшингаас гадна нэг давхар хэд хэдэн байшин, өвс, тэжээлийн агуулах, хагас гэрийн хэлбэртэй сүүдрэвч, үүдэнд нь таван одот улаан туг хийссэн багийн захиргаа гэмээр байр, нүдний хараа үл гүйцэх уудам бэлчээр зэргээс Эрдэнэхишигийн ажил, амьдралын орон зай бүрдэх ажээ.

Хүүхэд байхаасаа мал малласан энэ хүний ажил нь зөвхөн мал маллах бус бэлчээрээ хамгаалах, мал зүйчээр ажиллах, хоршооны дарга хийх зэрэг өргөн хүрээтэй.

Мал аж ахуйн амин сүнс нь бэлчээр. Өвөр Монголд 1984 оноос эхлээд бэлчээрийг зүй зохистой ашиглах зорилгоор тухайн бэлчээрт бэлчих малын тоонд хязгаар тавьж, бэлчээрийн даац, гэр бүлийн гишүүдийн тооноос хамааруулан нэг өрхийн мэдэлд байх малын тоонд босго тогтоож, бэлчээрийг малчдад 30 жилийн хугацаатай эзэмшүүлдэг болсон. Одоо хоёр дахь 30 жил эхлээд явж байна. Жишээ нь Өвөр Монголын Шилийн гол аймагт нэг хүнд 360 мү (24 га) бэлчээр ногдоно. Энэ нь хоёр хүүхэдтэй гэр бүлд 96 га бэлчээр эзэмшүүлнэ гэсэн үг. Бэлчээрийн даацаас хамаарч нэг өрхөд доод тал 40-50 бог, 10 орчим бод байх агаад Дорно зүгийн уудам бэлчээртэй нутгуудад 1000 хүртэл толгой малтай айлууд ч бий.

Бэлчээр хамгаалах мөнгийг төрөөс бараг 100 хувь гаргадаг бөгөөд уурхайг нөхөн сэргээж бэлчээр болгоход асар их мөнгө зардаг. Өвөр Монголд зөвхөн нэг жилд бэлчээрийн менежментийн чиглэлээр 4000 орчим мэргэжилтэн бэлддэг. Харин сүүлийн 10 жилд нийтдээ 40 гаруй мянган мэргэжилтэн бэлдсэн ч бас л хангалтгүй байгаа аж.

Баяннуурын газар нутгийн ихэнхийг бүрдүүлдэг Урадын дунд болон хойд хошууны бэлчээр нутаг нь өргөн уудам ч  цөлөрхөг, өвс, усаар хомс тул тэмээ голдуу бэлчээрлэнэ. Эрдэнэхишиг 1984 оноос хойш мал маллах арга барилдаа өөрчлөлт хийж малчин хүн чинээлэг амьдарч чадахгүй байгаа нь тэмээний тоо цөөн, зах зээлийн мэдээлэл бага байдагтай холбоотой гэдгийг анзаарчээ. 1990-ээд оны эхэнд Төгрөг гацаанд ердөө 200 гаруй тэмээ байсан ч эдүгээ 2000 орчим болжээ.

Малынхаа ашиг шимийг дээшлүүлэх, малчин өрхийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэх, орлогыг өсгөхөд гол үндэс суурь нь малчид хоорондоо нэгдэх явдал байсан учраас Эрдэнэхишиг 2011 онд “Говийн эрдэнэ” нэртэй тэмээний үйлсийн нийгэмлэг (хоршоо) байгуулжээ. Малчид нийгэмлэгт сайн дураар нэгдэх болсноор үс ноос хяргах, худаг ус гаргах, өвс тэжээл татах зэрэгт нэгдсэн зохион байгуулалттай оролцож, хөдөлмөрийн бүтээмж дээшилж, өртөг илт буурчээ. Түүнчлэн нийгэмлэгтэй болсноор томоохон үйлдвэр, түүхий эд худалдан авагчидтай шууд харилцаж, түүхий эдээ харьцангуй өндөр үнээр борлуулах, өвс тэжээл авахад арай хямдхан авах зам нээгджээ.

Хятад улсын хэмжээнд ядуурлыг бууруулах, өрхийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэх зорилгоор хоршоодын үйл ажиллагааг хүчтэй дэмждэг. Эрдэнэхишигийн гадаа очсон засмал замыг барихад ч мөнгөний 60 хувийг Засгийн газраас, 40 хувийг гацааны захиргаа гаргажээ.

Төгрөг гацааны 2000 орчим тэмээнээс өнөөдөр ихэнх нь Эрдэнэхишигийн нийгэмлэгт хамаатай. Нийгэмлэгийн нийт 36 өрх тус бүр дунджаар 530 орчим га бэлчээртэй. Нийгэмлэг эдүгээ жилийн 100 мянга гаруй юанийн (40 орчим сая төгрөг) орлоготой, гишүүн өрхүүдийн орлого, амьдралын чанар өмнөхөөс хавьгүй дээр болжээ. Ийнхүү тэмээнд хайртай хүмүүсийн ачаар Урадын тэмээний тоо толгой өсч, тэмээний аж ахуй, соёлын хүрээ тэлсээр байна.

Өвөр Монголын Баян нуурын Ганц мод сумын Төгрөг багийн (гацаа) малчин Эрдэнэхишиг

Эрдэнэхишиг 2011 онд “Говийн эрдэнэ” нэртэй тэмээний үйлсийн нийгэмлэг (хоршоо) байгуулжээ.

Тэмээчин Эрдэнэхишигийнхээс гарч Баян нуур хотыг зүглэж явахдаа Монгол Улсад олон жил яригдаж буй бэлчээр эзэмшүүлэх тухай маргааны тухай бодож явлаа. ХХI зууны хамгийн сонгодог нүүдэлчин ард түмэн учраас малчдаа дэмжиж уламжлалаа хадгалах ёстой гэж бид ярьдаг ч нүүдэлч амьдралын үндэс болсон бэлчээрээ хайрлахгүй бол юугаа ч хадгалан үлдэж чадахгүй гэдэг дүгнэлт гарч байв. Энгийн үгээр хэлбэл, таны эрх чөлөө бусад малчдын эрх ашиг, цаашлаад улс үндэстний эрх ашгаар хязгаарлагдана энгийн логик үйлчлэх ёстой аж.

Үргэлжлэл бий…

Г. Даваадорж

Pinterest хэрхэн эхэлсэн бэ?

Өмнөх нийтлэл

Бизнесийн шилдэг 8 номын товч тэмдэглэл

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style