Хөлбөмбөгийн спортод 40 гаруй жил сэтгэл зүрх, цаг заваа зарцуулж байгаа “Дэрэн наран” ХХК-ийн захирал Г.Мөнхчулуун “Дэрэн” клубээ ажиллуулахын зэрэгцээ Монголдоо анх удаа олон улсын стандартад нийцсэн талбай байгуулсан гавьяатай нэгэн билээ.  Хүүхэд ахуй насандаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд хөлбөмбөг тоглож, спортын олон арга хэмжээнд оролцож байсан тэрбээр өнөөдөр яг энэ газраа өөрийн “Дэрэн” клубээ ажиллуулж, хөлбөмбөгийн ногоон дэвжээг хүүхэд, залуучуудад зориулан багуулаад байна.

Ээждээ “Улсынхаа шигшээ багт тоглох юмсан” гэж ярьж байсан хүү өнөөдөр Монголын хүүхдийн шигшээ багийг бэлтгэж байна.

“Дэрэн наран” компанийн хувьд барилга угсралтын чиглэлээр 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Г.Мөнхчулуун хөлбөмбөгийн хоббигоо бизнес хэлбэрээр хөгжүүлэх болсноор спортын барилга, байгууламж, тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн чиглэлээр тус компани дагнан мэргэшжээ. Хамгийн сүүлд гэхэд Төв аймагт Greenfields компанитай хамтран олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайг бүтээгээд байна.

2008 онд Яармагт 20 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн “Дэрэн” клубийн хүрээлэл тэлсээр өнөөдөр 700-гаад гишүүний бүртгэлтэй болж, 200 гаруй хүүхэд тогтмол хичээллэдэг болжээ. Г.Мөнхчулуун “Миний үед багш байгаагүй ч хангалттай зай, талбай байсан. Машин зам дээр хүртэл тоглоход аюулгүй байдаг байлаа” гээд санаашрах тэрбээр өнөөгийн хүүхэд залуучуудад зөв хүмүүжил олгох, тоглох боломжоор хангах хүсэлдээ хөтлөгдөн  хөлбөмбөгийн талбай байгуулсаар байна.  

Хөлбөмбөгөөр хичээллэсэн хүн богино хугацаанд оновчтой шийдвэр гаргаж, түүндээ хүрэх хүртлээ бат зогсож, тууштай байж чаддаг гэнэ. Мөн цагийг нарийн барьж, бусдын төлөө гэсэн багийн сэтгэлгээтэй болдог аж. Г.Мөнхчулуун “Жолоо барьж яваа хүмүүс нэгийгээ хүндлэхгүй байна. Улс төрд гарахаараа хувийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байна. Энэ нь бусдын төлөө ажиллаж сураагүйн л гай байхгүй юу. Багаасаа багийн спортоор хичээллэсэн хүүхдүүд насанд хүрээд ийм зан гаргахгүй гэдэгт би бат итгэдэг” гэв.

Хөлбөмбөгийн спорт нь зуны улиралд ид идэвхждэг. Барилгын ажил ч мөн ялгаагүй. Гэхдээ Г.Мөнхчулуун энэ хоёрыг аль алиныг нь цалгардуулалгүй авч явахын зэрэгцээ долоо хоногт нэг удаа өөрөө хөлбөмбөг тоглочихдог. Монголын болон гадны тэмцээнүүдийг ч цаг алдалгүй үзчихдэг. Түүнтэй адил хөлбөмбөгт дуртай, хөлбөмбөгөөр хичээллэдэг бизнесменүүд цөөнгүй бий. Г.Мөнхчулуун “Хөлбөмбөг бол спортын хаан шүү дээ.

Бизнесменүүд бүгд л сонирхдог” гэж байлаа. Тухайлбал, “NCD” группийн Ерөнхий захирал Ш.Уламбаяр, “Сэлэнгэ пресс”-ийн Ерөнхий захирал М.Болд, “Хоромхон” клубийн Б.Гансүх, “Хаан хүнс” компанийн ТУЗ-ын дарга Д.Бадамдорж нарын бизнес эрхлэгчид хамтдаа тоглодог байна. Г.Мөнхчулуун клубийнхээ хүүхэд залуучуудад цаг зав гаргахын хажуугаар хөлбөмбөгийн ахмадуудын тэмцээнд алгасалгүй оролцож явна.

 

С. Баярмаа

Монголын маркетингийн хөгжилд юу дутагдаж байна вэ

Өмнөх нийтлэл

Дижитал эриний шинэ сорилт

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style