Өсөх стратеги

Дэлхий ойрхон

0

Монголын бизнес эрхлэгчид дэлхийд гарна, олон улсад гарна гэж “дэлхий” гэх зүйлийн гадна нь байгаа юм шигээр, ярьж бас ойлгодог. Гэтэл бид дэлхий дотроо байгаа шүү дээ. M Plus-ийн Үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр хэлэхдээ “Монголчуудын хийж байгаа технологийн бүтээгдэхүүний чанар нь бусад орныхонтой харьцуулахад дутахгүй” гэв. Тиймээс хэнд ч олон улсад өрсөлдөх боломж байгаа учраас өөрсдийгөө хорвоогоос тасарчихсан байгаа мэтээр төсөөлөлгүй зорилгыхоо төлөө тууштай байгаарай.

Тиймээс олон улсад өрсөлдөх гэсэн зорилготой, үүнийхээ хүрээнд хичээн ажиллаж буй технологийн компанийн үүсгэн байгуулагчдын хэлсэн санаа, туршлага, зөвлөгөөг уншигч танд хүргэж байна.  

 

MLab Mongolia-ийн Гүйцэтгэх захирал С.Энхбаяр

  • Хүнд харилцааны болон биеэ авч явах чадвар хэрэгтэй. Учир нь удирдах ажил хийж байгаа үед компаниа та л төлөөлдөг. Бизнес хийхэд хамгийн чухал зүйл болох итгэлцлийг хэн төрүүлэх вэ? гэхээр компаниа төлөөлж буй та төрүүлнэ. Иймд санаагаа зөв илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Мөн таны улаан гэрлээр гарах, гудамжинд шүлсээ хаях зэрэг энгийн үйлдэл нь та болон танай компаний үнэлэмжийг бууруулдаг.
  • Харилцааны эхэнд үүссэн итгэлцлийг хэрхэн цаашид үргэлжлүүлэн авч явах вэ? гэдэг чухал. Жишээлбэл, цаг барих, хамтран ажиллах чадвар зэрэгтээ анхаарах хэрэгтэй.
  • Монголчууд соёлын зөрүүгээс болоод бусад орны хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, итгэлцэл бий болгож чадахгүй байх тохиолдол их. Тиймээс бусад орны соёлд бас суралцаарай.
  • Монголд стартапын соёлыг ойлгодог, сайн хөрөнгө оруулагч маш цөөхөн гэж боддог.

 

M Plus-ийн Үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр

  • Залуучууд хоёр, хоёроороо нэг компани болчихдог. Тэд хамтран ажиллахыг ойшоодоггүй. Үнэндээ олон улсад байр сууриа олчихсон Монголын томоохон компани байхгүй учир монголчууд бид хамтран ажиллаж байж л хүчирхэг, олон улсын компанитай болно.
  • Монголчуудын хийж байгаа технологийн бүтээгдэхүүний чанар нь бусад орныхонтой харьцуулахад дутахгүй.
  • Дэлхий бол ойрхон. Өмнө нь бид бүх зүйлээ гаднаас авдаг байлаа. Харин одоо гадны компаниудас монголчуудтай хамтарч технологийн бүтээгдэхүүн хийх хүсэлтүүд ихээр ирж байна.
  • Технологийн салбарт бид бие биенээсээ юм нуух хэрэггүй. Хамтран ажиллах нь чухал. Тэгж байж л хол явна. Бүх хүнд чиний бодож байгаа технологийг хийх боломж бий. Тиймээс хамтраад тэднээс илүүг хийцгээе.
  • Стартапууд мөнгө бус “гоё юм” хийе гэсэн хүсэлдээ л хөтлөгддөг.
  • Би Монголын зурдаг авьяастай залуусыг дэлхийд шилдэг нь гэж боддог. Тэд гадны компанид ажилаж байснаас программ бичдэг монгол залуустайгаа хамтраад тоглоом хийж, хамтдаа олон улсын зах зээлд гарах хэрэгтэй.
  • Технологийн ажил ухаантай гэхээсээ илүү тэвчээртэй хүний ажил. Яг л марафон шиг.
  • Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүс олон байгаа ч сайн хөрөнгө оруулагч гэвэл цөөхөн. Би өмнө нь нэг бус удаа Монгол хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж үзсэн. Тэднээс ойлгосон зүйл бол “Ихэнх монгол хөрөнгө оруулагчид тухайн зүйлийн эзэн болох хүсэлтэй, тэвчээр багатай буюу аливааг урт хугацаанд хардаггүй”.
  • Технологийн хөрөнгө оруулалт бол “азаа үзэж байгаа” асуудал. Харин Монгол хөрөнгө оруулагчид үүнийг төдийлөн сайн ойлгохгүй байна.
  • Гарааны бизнес хийж байгаа хүмүүс Монголд ашиг олно гэж битгий бодоорой. Манайд анхан шатны хэрэгцээнээсээ бусад зүйлд мөнгө зарцуулах боломжтой 100 мянга орчим хүн л бий. Энэ бол маш бага тоо.
  • Монгол хүмүүс технологийн бүтээгдэхүүн худалдаж авдаггүй. Үүнийг Microsoft-ын оффис программуудыг албан ёсоор худалдаж авдаг хүний тооноос харж болно.
  • Муухайгаар хэлбэл технологийн салбарт Монгол улс тест хийх газар. Өөрсдийн зохиосон апп-аа Монголд туршиж үзчихээд дараа нь олон улсын зах зээлд гарвал тохиромжтой.

 

Nomadic Bear Games-ийн Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Х.Хангай

  • Өдөрт 40 мянган тоглоом шинээр төрж байгаа энэ үед хийх нь бус хийсэн тоглоомоо хэрхэн зах зээлд хүргэх, цаашлаад яаж мөнгө олох гэдэг нь чухал болсон. Тиймээс олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй.
  • Олон улсад гарна гэдэг ганц хүний тоглолт биш.
  • Бид харилцаа холбоогоо л тогтоочих юм бол том компаниудтай хамтран ажиллахад асуудал байхгүй.
  • Гадны хамтрагчид цаг барих зэрэг энгийн шалгуураар танай компанийг дүгнэнэ.
  • Мөн орон, орноосоо хамаараад тухайн компанийн ажиллах арга барил нь өөр учир тухайн орноо судалж арга барил, хурдад нь таарч ажилла.
  • Мэдээллийн технологийн бизнест хурд маш чухал.
  • Хөрөнгө оруулалтыг эхэндээ март. Хөрөнгө оруулалт эхлэхэд бус томроход л хэрэгтэй.
  • Ямар нэг зүйл хиймээр байгаа бол өөрийн боломжоо ашиглаад хий. Гарааны бизнесийг зовж биш аз жаргал мэдэрч хийх хэрэгтэй. Жишээлбэл, нэг жилийн санхүүгийн асуудлаа шийдчихээд санаа зовох зүйлгүйгээр гарааны бизнесээ эхлүүлж болно.
  • Дуртай юмаа сайн хийвэл түүнийг чинь дэмжих хүн гараад л ирнэ.

 

Х. Саранзаяа

Дижитал, Дата эрин, Давалгаа: Монголын бизнест хэрхэн нөлөөлөх вэ?

Өмнөх нийтлэл

“Бурууг хөндлөнгөөс бус өөрийнхөө сэтгэлгээнээс хай”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох