Alibaba цахим худалдааны талбарт алтан гишүүнчлэлтэй “Хаадын гэр” компани 190 оронд бүтээгдэхүүнээ онлайнаар борлуулдаг. Ингэхдээ тэд гэрийн тавилга, тохижилт, монгол гэр гэх мэт уламжлалт аргаар урласан бүтээгдэхүүнийг борлуулдаг. “Хаадын гэр” компани энэ удаад Монгол-Хятадын хамтарсан гурав дахь удаагийн экспод Монголын дүр төрхийг харуулах зорилготойгоор оролцлоо. Тэд найман ханатай Монгол гэрийг Хөх Хотод болсон үзэсгэлэнгийн гадна талбайд барьж, олны нүдийг хужирлаж байв. Зөвхөн хоосон гэр биш, бүрэн тавилгатай нь хамт Улаанбаатар хотоос Хөх Хот руу авчирсан бөгөөд ингэхэд хэдий хэмжээний зардал, хүн хүч орсон талаар “Хаадын гэр” ХХК-ийн ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.   

Та бүхэн эдгээр тавилга, гэр зэргээ авчрахын тулд хэр их зардал гаргасан бэ?

Зардал нэлээн өндөр гарсан. Манай бараа бүтээгдэхүүний онцлог нь овор хэмжээ ихтэй, зорьсон газраа ирээд угсрах гэх мэт ажил ордог. Тиймээс хүн хүч хангалттай хэмжээнд авчрах хэрэгтэй болдог. Энэ удаад бид долуулаа ирж байж Хөх Хот болон Улаанцав хотод хуваагдан бэлтгэл ажлаа хангасан. Гэхдээ л хүн хүч дутагдаад хэцүү байсан.  

Танай компани шиг овор хэмжээ ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бусад компаниудын хувьд олон улсын экспод оролцохын давуу тал нь юу байна вэ? Зарим талаараа эрсдэл өндөртэй харагдаад байна л даа. Зардал мөнгө гарган байж ирээд зорьсон зорилгодоо хангалттай хүрч чаддаг болов уу?

Эрсдэл өндөртэй нь үнэн. Манайх олон улсын үзэсгэлэнд давхардсан тоогоор 10 дахь орныхоо 19 дахь үзэсгэлэнд оролцож байна. Эдгээр үзэсгэлэнд оролцоод явж байх үед манай улсын онцлогийг ойлгож, зардлын тань нэг хэсгийг даая гэх мэт дэмжлэг үзүүлдэг газар олон байдаг. Энэ мэт бусдын дэмжлэгээр экспод оролцох зарим даваагаа давж чаддаг. Энэ удаагийн экспо Монголоос ирж буй зарим ААН-үүдийн зарим зардлыг даасан. Тухайлбал,  гаалийн татварыг үнэ төлбөргүй болгохоос гадна Эрээнээс Улаанцав хүртэлх ачааг үнэ төлбөргүйгээр тээвэрлэсэн гэх мэт дэмжлэгийг Хятадын талаас гаргасан. Гэхдээ манай бүтээгдэхүүний хэмжээ овортойгоос шалтгаалаад зөвхөн Улаанбаатараас Замын-Үүд орох зардал гэхэд гурван сая гаруй төгрөг болсон нь бидэнд ахадсан л тоо болж байна. 

Хэрвээ та бүхэн бүх зардлыг өөрсдөөсөө гаргасан бол хэр хэмжээний тооцоо гарах байсан бэ?

Бид өмнө болсон хэд хэдэн экспод оролцоход дунджаар 10 гаруй сая төгрөгийн зардал гардаг байсан. Хэрвээ гаалийн татвар, Эрээнээс Замын-Үүд хүртэлх ачааны тээврийн зардлыг бид өөрсдөө гаргасан бол өмнөх экспод оролцохдоо гаргасан зардлаас илүү их хэмжээ гарах байсан. Өнгөрсөн дөрөв дүгээр сард АНУ-д болсон үзэсгэлэнд бид оролцохыг хүссэн ч зөвхөн ирж, очих зардал гэхэд 40 гаруй сая төгрөг болсон. Үүнээс болоод бид тус үзэсгэлэнд оролцож чадаагүй. Манай бараа бүтээгдэхүүн овортойгоос гадна үйлдвэрлэхэд маш их ажиллагаа шаардаж, гараар хийгддэг учраас нэг гэр хийхийн тулд ойролцоогоор 2 сар шаардагддаг. Тиймээс энэ их тээвэрлэлтийн хажуугаар бүтээгдэхүүн бүрээ нэг нэгээр нь хайрцаглаж, нарийн авч явах хэрэгтэй болдог. Хүн болгонд өрийнхөө хийж байгаа бизнесийг хэцүү байна гээд тоочоод байх боломжгүй шүү дээ. Гэхдээ зарим тал дээр бидний бизнесийг ойлгох нь чухал байгаа юм. 

Олон улсын экспод оролцохын гол зорилго бол хамтарч ажиллах түнштэй болох, хөрөнгө оруулалт татах, гадныханд монгол өв соёлоо сурталчилах гэсэн зорилгыг бид өвөртөлдөг.

Экспод оролцохын гол үр дүн та бүхний хувьд юу байдаг вэ? Өмнө нь хэд хэдэн удаа оролцож байсан юм байна шүү дээ.

Зарим тохиолдолд төрийн байгууллагууд Монгол улсын нүүр царай болоод олон улсын үзэсгэлэнд оролцож өгөөч гэсэн санал тавьдаг. Заримдаа бид өөрсдийн хүсэл сонирхлоор олон улсын экспод тухайн улсын зах зээлийг судлах зорилгоор оролцдог. Эдгээрийн зарим үед нь бүх зардлаа өөрсдөө гаргадаг бол зарим тохиолдолд зардлын хэдэн хувийг төрөөс, бусад газраас даах тохиолдол бий. Ямар ч төсөв гаргахгүйгээр оролцдог үзэсгэлэн гэж байхгүй. Тиймээс энэ бүхэнд явж буйгийн гол зорилго бол хамтарч ажиллах түнштэй болох, хөрөнгө оруулалт татах, гадныханд монгол өв соёлоо сурталчилах гэсэн зорилгыг бид өвөртөлдөг. Нэгэнт Монгол хүн болж төрснийх Монгол соёлоороо бид бахархах ёстой. Уг бахархалын нэг хэлбэр нь олон улсад болж буй үзэсгэлэнд оролцож, Монгол уламжлалаа танилцуулах билээ. 

Олон улсын үзэсгэлэнд оролцож байх үеэр бизнесийн хамтрагчаа олоод хамтарч ажилласан тохиолдол бий юу?

Бид өнгөрсөн 2018 онд Шанхайн экспод оролцсон. Энэ үеэр бид бараа бүтээгдэхүүнээ Шанхайд борлуулах албан ёсны дистрибьютор компанийг олж, хамтран ажиллахаар тохиролцсон. Гэхдээ эхэлж байгаа учраас одоогоор хангалттай үр дүн гараагүй байна. Цаашдаа үр дүн гарна гэдэгт итгэж байгаа.

Ямар бүтээгдэхүүнээ ихэвчлэн экспортод гаргадаг вэ?

Бидний хувьд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бус захиалгын бүтээгдэхүүнийг хийдэг. Зөвхөн гадны хэрэглэгчид биш дотоодын хэрэглэгчдээсээ мөн адил захиалга авч ажилладаг. Сүүлийн үед олон улс дахь хэрэглэгчид монгол гэрийг илүүтэйгээр сонирхох болсон.  Ялангуяа, уламжлалт хийцтэйг бус орчин цагт хэрэглэж болохуйц загвартайг сонирхдог болжээ. 

Тэгвэл дотоодын хэрэглэгчдийнхээ ойрын хугацааны хандлагыг тодорхойлооч?

Монголчууд маань эргээд өв соёлтой холбоотой тавилга, хэрэгсэлийг хэрэглэх болсон. Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд гадаад, дотоод гэлтгүй бүх үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг онлайнаар авдаг байсан. Харин одоо дотоодын хэрэглэгчид маань “Та бүхэн бараа бүтээгдэхүүнээ нүдэнд ил харагдахаар байршуулж өгөөч” гэх хүсэлтийг ихээр тавих болсон. Бид уг хүсэлтийг хүлээн авч галериа дэлгүүрийг “Алтаргана” худалдааны төвд нээгээд удаагүй байгаа. 

Аль зах зээлд танай бараа бүтээгдэхүүний эрэлт их байна вэ?

Уламжлалт хэв маягийг илүүтэйгээр сонирхдог хувь хүн болон албан байгууллагууд манай голлох зах зээлийг бүрдүүлдэг. Сүүлийн үед залуучууд уламжлалт тавилгаа хэрэглэх сонирхолтой болсон. Ер нь бид үндэсний хэл, түүх соёлтой байж л цаашид оршин тогтноно шүү дээ. Тиймээс залуусын энэхүү хандлага нь надад таалагдаж байгаа. Мөн төр засгаас “Алсын хараа 25” гэх Монголын өв соёл дээр тулгуурласан бодлогын баримт бичгийг гаргахаар ажиллаж байгаа юм билээ. Тиймээс цаашид уг салбар хөгжин цэцэглэнэ гэдэгт би итгэлтэй байна. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө хятад хүмүүс гар урлалын зүйлийг төдийлөн сонирхдоггүй, масс үйлдвэрлэлийг сонирхдог байсан бол одоо хятад үйлдвэрлэгчид гар урлалын, дахин давтагдашгүй бүтээгдэхүүнийг хийж, мөн худалдан авдаг болжээ. Мөн Европын орнууд эртний хийцтэй гэрийн тавилга, эд хэрэглэл гэх мэт бараа бүтээгдэхүүнийг их сонирхож байгаа нь олон улсын экспогийн үеэр ажиглагддаг. Үүнээс харахад дэлхийн зах зээл дээр монгол брэндүүд гарах боломжтой болж байна.  

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

Эммануэл Дамиан: Үйлдвэрлэлээс хаягдал гарах үйл явцыг яагаад эсрэгээр нь хийж болохгүй гэж

Өмнөх нийтлэл

Бизнес Цэнэг сургалтын вебинарт оролцох заавар

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur