Uncategorized @mn

Есийн тооны аюул

0

Дэлхий 2019 сэтгүүлээс хүргэж байна

Гучин жилийн өмнө, 1989 он дөтлөн ирэхэд улс төрийн шуурганы бөөн үүл Хятадын дээр хуралдаж байлаа. Эдийн засгийн шинэчлэлийг хэр гүнзгий, хэр хурдан хэрэгжүүлэх талаарх маргаан удирдлагуудыг ноцтой хувааг далд оруулаад байв. Зөвлөлт Оросын шинэчлэгч удирдагч Михайл Горбачевоос урам зориг авсан зарим хятад хүн эх орноо ч мөн адил хяналтаа сулруулахыг шаардах зүрх зоригтой болов. Дараа жилийнх нь хуанлид Хятадын орчин үеийн түүхэн ойнууд багтаж байлаа. Олон сэхээтэн тэдгээр ойг сэтгэл догдлон хүлээж, энэ завшааныг ашиглан эрх мэдэлд хэт удсан намын талаарх гомдлоо илэрхийлнэ гэдэгтээ найдаж байсан.

Харин 2019 оны угтал үе түүнээс хавьгүй бага халууралтай байна. Гэвч түүхт ой юу юугүй тулж ирэв. Коммунист нам түгшиж байна. Энэ нь танд хачирхалтай санагдаж магадгүй. Хятад улс 1989 оноос хойш эд баялаг, нөлөөллөө асар ихээр нэмэгдүүлсэн. Тус намын эрх мэдэл гуйвшгүй байна. Гэвч аюулгүй байдлыг хангах албаныхан дээд зэргийн бэлэн байдалд орно. Түүхт ойн тухай зөвшөөрөлгүй мэдээллийг цэвэрлэж устгахын тулд цензур өдөр шөнөгүй ажиллана. Ингэх нь амаргүй байх болно. Есийн тоогоор төгссөн жил болгон болдог мөн адармаатай давхар утгаар намтай холбогдсон түүхт ойнуудын тоо өссөөр байна. Тэдгээрээс хамгийн таагүй нь гурван аравны өмнөх болчимгүй сэтгэл хөдлөлийн оргил, ардчиллын төлөөх 1989 оны эсэргүүцлийг цус урсган дарсан өдөр.

1989 оныхоос ялгаатай нь цензураар улс төрийн нийцлийг баталгаажуулах нь хэцүү байх болно. Яагаад гэвэл зарим түүхт ой нь нам өөрөө тэмдэглэхийг хүсэж буй түүхэн үйл явдал байгаа бөгөөд тэдгээрийн талаарх бүх мэдээллийг хориглох боломжгүй юм. Тавдугаар сарын 4-ныг авч үзье. 1921 онд тус нам байгуулагдах суурийг тавьсан оюутны хөдөлгөөний 100 жилийн ой 2019 онд энэ өдөр тохиох учир нам ёслон тэмдэглэх учиртай. Гэвч тавдугаар сарын 4-ний хөдөлгөөний 70 жилийн ой нь 1989 онд Тяньмэний талбайд эсэргүүцлээ илэрхийлэгчдэд мөн ихээхэн урам зориг өгсөн юм. Тэд өөрсдийгөө 1919 оны оюутнуудын эх оронч, шинэчлэлийн төлөөх үзэл санааг өвлөн авагчид гэж тодорхойлж байлаа. Өнөөдөр харин оюутны хотхонд үймээн гарах шинж бараг алга. Гэвч хүмүүсийн сэтгэл санаа хуйсгануур гэдгийг Хятадын удирдагчид гадарлана. Оюутнууд улс төрөөс илүүтэйгээр мажон тоглохыг сонирхдог хэмээн 1988 онд Хятадын тэрс үзэлтнүүд гашуудаж байв. Тэд тун ташаа бодсон байлаа.

Аравдугаар сард болох Бүгд Найрамдах Хятад ард улсын 70 жилийн ой нь нам болон олон нийт өөрөөр ухаж ойлгодог бас нэг арга хэмжээ юм. 1989 оны эхээр Хятадын нэртэй тэрс үзэлтэн Фан Лижи (2012 онд цөллөгт үхсэн) бичихдээ тавдугаар сарын 4 болон аравдугаар сарын 1-ний өдрийн ой нь 1949 оноос эхэлсэн Коммунист намын засаглалд “гэнэн сайхан сэтгэл”-тэй хятад хүмүүс “хууртагдсан”-ыг харуулах “Хятадын итгэл, цөхрөлийн утга төгөлдөр бэлгэ тэмдэг” гэжээ. Ийм шулуухан хэлэх хятад хүн тун цөөн. Ихэнх нь олон улсад нэр нөлөө нь нэмэгдэж буй улсаараа бахархана. Гэвч үндэстний цөөнх суурьшсан мужуудад аравдугаар сарын 1 нь баярлах өдөр биш байх болно. Хятадын засаглалд сэтгэл дундуур хүмүүс хүчтэй дугарахаас сэргийлж Төвд, Шинжаан даяар хамгаалалтыг чангатгана. Далай ламыг Энэтхэг рүү дүрвэхэд хүргэсэн 1959 оны бослогын ойн үеэр гарсан үймээний дараа Төвдийн нийслэл Лхаст цэргийн дэглэм хэрэгжүүлсний 30 жил ирэх гуравдугаар сард болно. 

Мөнхийн өвчлөл

Зургадугаар сарын 4-нд тохиох Тяньмэний талбайн эсэргүүцлийн 30 жилийн ойн тухай бүх мэдээллийг заншил ёсоор цензураар устгана. Дэглэмийг нь онхолдуулах дөхсөн үйл явдлын талаарх ямарваа нэг дурсамжийг сэргээх сонирхол огт байхгүй гэдгээ Хятадын тэргүүн Ши Жиньпин илэрхийлсэн. Дэлхийн тавцанд сайрхуу байдаг ч ноён Ши гэртээ бол нам нь аюулд орсон мэт аягладаг. Маш олон хуульч, ТББ-ын ажилтан, хүний эрхийн идэвхтнүүдийг баривчлан, иргэний нийгмийн эсрэг явуулсан далайцтай хатуу арга хэмжээг тэрбээр удирдсан. Бусад авторитар дэглэмийг түлхэн унагасан “өнгөт хувьсгалууд” түүнд айдас төрүүлдэг бололтой. Нэгэн цагт олон сая дагагчтай байсан бараг л Буддын талруугаа Фалун Гонг урсгалыг арчиж хаях зорилготойгоор 1999 оны долдугаар сард эхлүүлсэн харгис кампанит ажлаа сулруулах хүсэл түүнд огт алга. Хятад дахь тус урсгалын үнэнч дагагчдын ой тэмдэглэх аливаа оролдлого нь ноён Шигийн түүхт ойн хүрээн дэх асуудлыг улам л нэмэгдүүлнэ. Ялангуяа түүхэн цуурай нүргэлэх 2019 онд ноён Ши хатуу чанга хяналтаа сулруулах зүйл огт хийхгүй. Харин ч Америктай хийх худалдааны дайн ид хүчээ авч байгаа учир эх орондоо үймээн дэгдэхээс сэргийлэхийн тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмнэ. 1919, 1989 оны тэмцэгчид шиг одоогийн Хятад дахь тэрс үзэлтнүүд ч гэсэн эрх баригчдын эсрэг довтлохдоо эх оронч үзлийг халхавч болгодгийг тэрбээр сайн мэднэ. Тиймээс ард түмэн нь Америкийн эсрэг уур хилэнгээ ноён Ши болон намынх нь эсрэг чиглүүлэх вий гэдэгт Коммунист нам сонор сэрэмжтэй хандана.

Жэймс Майлс: Хятад хариуцсан редактор, The Economist

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Таван цагийн дүрэм

Өмнөх нийтлэл

“Бизнесийн нөхцөл байдал Монгол, Америк, Европт ч адилхан”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох