ЖДҮ – үүд зээл, санхүүжилт авах боломж нь бичил, эсвэл том компаниудтай харьцуулахад илүү төвөгтэй байдаг нь хэд хэдэн шалтгаантай. Бичил бизнесүүд харьцангуй олуулаа бөгөөд нэг бүрд нь  шаардлагатай зээлийн хэмжээ маш бага тул санхүүжүүлэгчийн хувьд эрсдэл багатай, барьцаа хөрөнгийн хүрэлцээ дутах асуудал их биш, дээр нь бичил бизнест зээл олгох зориулалттай хямд эх үүсвэрүүд, төсөл хөтөлбөрүүд олноор байдаг. Харин том компаниуд нь ЖДБ – үүдээс илүү санхүү бүртгэл, тайлагналын тогтолцоотой, бизнес нь тогтворжсон, нэр хүндтэй тул зээлдэгч, хөрөнгө оруулагчийн зүгээс хяналт тавих боломжтой, барьцаа баталгаа хүрэлцээтэй байдаг. Тэгвэл ЖДБ – үүд дараах гурван зүйлийг үйл ажиллагаандаа тууштай нэвтрүүлснээр САНХҮҮЖИЛТ татах боломжоо нэмэгдүүлэх юм.

  1. Дижитал инноваци буюу процессийн автоматжуулалт

Lend.mn, Zeel.mn зэрэг финтек компаниуд бий болж иргэдэд бага дүнтэй, барьцаагүй зээлийг шуурхай олгож эхэлсэн нь мөнгө зээл, санхүүгийн салбарт мэдээллийн технологийн шийдэл, инноваци нэвтрүүлж, цаашид ЖДБ – ийн зээл санхүүжилт авах боломжийг ч нэмэгдүүлэх нь тодорхой юм. Зээлийн өргөдөл хүлээн авах, зээлийн мэргэжилтэн анхны ярилцлага хийх, бизнесийн судалгаа хийх, бичиг баримт бүрдүүлэх, санхүүгийн тайлан мэдээ гаргуулж авах, түүн дээр анализ хийж дүгнэлт гаргах, зээлийн хороонд зээл олгох тухай санал танилцуулах, зээл олгох шийдвэрийн дагуу гэрээ байгуулах, зээл олгосон хугацаанд хяналт хийх гэсэн уламжлалт зээл олгох процесс халагдаж, бүгд автоматжих нөхцөлд санхүүжүүлэгч талын үйл ажиллагааны зардал буурч, танд очих зээлийн хүү даган буурна. Харин ийм тогтолцоонд нэвтрэхэд та бэлэн байх шаардлагатай болж байна. Бэлэн байх гэдэг нь та бизнесээ үүлэн технологид суурилсан санхүү бүртгэл тайлагналын хялбар шийдлээр бүртгэх, бүхий л төлбөр тооцоог дижитал технологиор хийж хэвших /бэлэн гүйлгээг 100% халах/, төлбөр нэхэмжлэх, хүлээн авах процессийг мөн бүрэн автоматжуулсан байх тухай юм. Товчхондоо ямар ч финтек компани, технологи таны бизнесийг судлах үндсэн нөхцлийг одооноос бүрдүүл.

  1. Давхар тайланг халах буюу нэг тайлангийн тогтолцоонд шилжих

ЖДБ – үүдийн нийтлэг нэг сул тал нь татвар, шимтгэл бага төлөх, төлөхөөс зайлсхийн давхар тайлан хөтөлж орлого, зардлаа нуудаг, нэгэнт зарим орлого зардлуудаа нууж орхигдуулснаар танайд зээл олгох санхүүжүүлэгч төдийгүй та өөрөө ч бизнесийн гүйцэтгэлээ тодорхой мэдэхгүй явж байдаг. Бизнесийн гүйцэтгэлээ тод харахгүй бол тодорхой төлөвлөж чадахгүй, тодорхой бус гүйцэтгэл, төлөвлөлттэй бол хүссэн санхүүжилтээ авч чадахгүй. Үүний эсрэгээр, таны бизнесийн гүйцэтгэл санхүүжүүлэгчдэд аль болох тодорхой байх, танай санхүү бүртгэл тайлагналын тоон мэдээлэлд автоматаар дүн шинжилгээ хийх боломжтой байх нь танай бизнест олгохоор санал болгох зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хүүг бууруулах, барьцааны шаардлагыг хөнгөлөх нөхцөл болно. Зээл санхүүжилт авах гэдэг нь уламжлалт зээлийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй. Өөрийн хөрөнгийн санхүүжилт авах, өөрийн хөрөнгөд хөрвөх нөхцөлтэй зээл авах, бонд гаргах зэрэг санхүүжилтийн хувилбаруудыг ашиглах нь ЖДБ – ийг хурдан тэлэх, шинэ зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх ба энэ нөхцөлд ч таны бизнес нэг тайлангийн, автоматжсан тогтолцоонд шилжсэн байх шаардлагатай.

Нэг тайлангийн тогтолцоонд шилжсэн байхын давуу тал нь ирээдүйд таны бизнес төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилттэй ЖДБ – ийн төслийн зээл авах, зээлийн батлан даалтын санд хамрагдаж барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах зэрэг боломжуудыг ашиглах явдал юм.  

  1. Зөв засаглал бий болгох

Таны бизнест хэрэгтэй хөрөнгийг зээл, бонд, хөрөнгө оруулалт аль ч хэлбэрээр оруулах санхүүжүүлэгчийн хувьд эргэцүүлж үзэх нэг чухал үзүүлэлт нь компанийн засаглал. Хэдий нэг хүний өмчлөлтэй, гэр бүлээрээ эрхэлдэг бизнес байвч компанийн засаглалын үндсэн зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх нь таны бизнес шаардлагатай санхүүжилтээ татах боломжийг нэмэгдүүлнэ. Компанийн зохистой засаглалын зарчмуудад шударга ёс, хариуцлага, сахилга бат, нээлттэй байдал орно.

Шударга ёс нь аливаа бизнест харилцагч нар, ажиллагсад болон бизнесийн эзэн гэсэн үндсэн гурван бүрдүүлэгч талуудын эрх ашиг хэр зохистой, тэнцвэртэй, шударгаар хангагдаж байгаагаар хэмжигдэнэ. Эдгээр талуудын эрх ашгийг зохистой хангахаас гадна тухайн бизнес нь нийлүүлэгч, хууль сахиулагч, зохицуулагч, түүнчлэн санхүүжүүлэгч зэрэг хамтрагч талуудын эрх ашгийг үйл ажиллагаандаа тусгаж байх шаардлагатай.

Хариуцлага. Хувьцаат компани биш хэдий ч ЖДБ – үүд ирээдүйд ТУЗ ба Гүйцэтгэх Удирдлага хэлбэрийн бүтэц бий болгоход бэлтгэх, бизнесийн эзэн, удирдлага нь менежментийн зөвлөхтэй ажиллах, танай бизнесийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлж, сул талыг нөхөн, чадавхи бий болгох мэргэжилтэн экспертээр гишүүд нь бүрдсэн зөвлөхийн багтай байх нь төлөвлөлт, хяналт, тайлагнал, хариуцлагын тогтолцоо бий болгох үндэс бүрдүүлнэ.

Сахилга бат. Юуны өмнө санхүүгийн сахилга бат тогтоох, гэр бүлийн санхүүгээ бизнесийн санхүүгээс салган тусгаарлах, мөнгө, хөрөнгө, үнэт зүйлийн захиран зарцуулалт хяналттай, төлөвлөлттэй, гүйцэтгэлийн хэмжүүр, анализ дүгнэлттэй явагддаг болох хэрэгтэй.

Нээлттэй байдал. Бизнесийн бүрдүүлэгч талууд, хамтрагч талууд нь компанийн гүйцэтгэл, төлөвлөгөө, учирч болох эрсдэл болон боломжууд, баримтлах стратегийн талаар мэдээллээр хангагддаг байх нь нээлттэй байдлын хэмжүүр юм. Мөн компанийн цаашдын үйл ажиллагаа, удирдлагын шийдвэр гаргалтад бүх талуудын дуу хоолойг тусгах байдал нь ил тод, нээлттэй засаглалыг илэрхийлдэг байна.  

Зөв засаглал бий болгох гэдэг нь товчоор илэрхийлбэл, таны бизнес нэг хүнээс, эсвэл нэг гэр бүлээс хамаарах бус бүх хамтрагч талуудын эрх, үүрэг, хариуцлагаас хамааралтай болох тухай бөгөөд ийм тогтолцоо бий болсноор урт хугацааны тогтортой өсөлтийн нөхцөл бүрдэж энэ нь санхүүжүүлэгчид чухал ач холбогдолтой үзүүлэлт болж буй юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 3.00 out of 5)
Loading...
Ч. Мөнхбадрах

2019 оны шилдэг АНН-үүд тодорлоо

Өмнөх нийтлэл

“247 сая” үзэгч: Монголын хамгийн их хандалттай видео

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох