Харааны бэрхшээлтэй, сонсголгүй, дауны хам шинжтэй, алхаж чаддаггүй, тархины саажилттай гэх мэт хүндрэлтэй 26 хүүхэд “Дэлхийн нарны хүүхэд” цэцэрлэгт хүмүүжиж байна. Тэдний дунд дауны хам шинжтэй алхаж чаддаггүй Д.Сараагийн гурван настай хүү суралцдаг. Тус Налайх дүүргийн цорын ганц хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулагдахаас өмнө тэрбээр хүүхдээ асрахын хажуугаар бээлий хийн, уурхайн ажилчдад зарж, өдөрт есөн мянган төгрөг олдог байлаа. Харин хүүгээ цэцэрлэгт хамруулснаар ахиу бээлий хийх бололцоотой болж, өдөрт 30 мянган төгрөг олдог болов. Хамгийн чухал нь хөл дээрээ явж чаддаггүй түүний хүү тодорхой хэмжээнд алхдаг болж, бүрэг дуугуй бяцхан үр нь нүүр дүүрэн инээсэн хөгжилтэй нэгэн болж хувирсан юм.

Энэ мэт олон гэр бүлд дэм, нөмөр болж яваа Ж.Цэнгэл гэх эмэгтэй энэхүү цэцэрлэгийн ард бий. 20 жил бизнес эрхэлж байгаа түүнийг хүмүүс компанийх нь бизнесийн амжилтаас илүүтэй хүмүүнлэгийн үйлс хийж явдгаар нь мэддэг. Тэр нөхрийн хамт 60 гаруй хүнийг ажлын байраар хангасан “Цагийн аяс” компанийг удирддаг. Голчлон уул уурхай, худалдааны салбарт бизнес эрхэлж байгаад өргөжин хөдөө аж ахуйн чиглэлд үйл ажиллагаа явуулах болсон юм.

Улаанбаатарын бүх хүчний байгууллагыг нүүрсээр хангаж, Налайхын хамгийн том рестораныг ажиллуулдаг түүний хөдөлмөрч зан мал аж ахуй, газар тариалангийн бизнесийг давхар хийхэд хүргэсэн. 500 гаруй адуу, 1000 гаруй хонь, ямаа, 70-аад үхэртэй. Жилдээ 100 гаруй толгой мал зах зээлд нийлүүлдэг. Малынхаа тэжээлийг өөрсдөө бэлдэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Ерөөд газар тариалан эрхэлсэн ч удалгүй “Аясын буудай” компани болгон өргөжүүлж, тариа, будаа, овьёос зэргийг худалдаалах болсон юм.

Ж.Цэнгэлийн энэ сэтгэл, зүтгэл хүүхэд насных нь амьдралаас улбаатай. Түүний эцэг, эх тухайн үеийн социализмын дүр зурагт буудаг шиг нэгдлийн мал маллаж, дундрашгүй ажил өрнүүлдэг байв. Тэр ийм цаг үед өсч, ажилд сургасан эцэг, эхдээ үргэлж талархдаг. Лаагаар гэрийнхээ шалыг нүүр харагдтал нь өнгөлж, зочин ирэхэд ядаж халуун “хартай” угтана. Одоо ч тэр зуслангийнхаа хашаанд өөрийн гараар хүнсний ногоо, элдэв цэцэг сэлтийг тарьж, усан бассейн хийлгүүлж, цэцэрлэгт хүрээлэн гэмээр тохитой суудаг. Увс аймгаас Налайхад нөхөр, хүүхдүүдтэйгээ шилжин суурьшихдаа байрны подвальд амьдарч ч байсан. Гэхдээ эргэн харахад тэр байгаа орчиндоо үргэлж сайны санааны “үр” суулгаж ирсэн. Байрны подваль хэдий ч нөхөртэйгөө сургуулиас завсардсан 12 хүүхдийг сайн дураараа гэртээ мужаан, оёдолчноор сургадаг байв. Эндээс тэдний хүмүүнлэгийн ажил эхлэлтэй. Энэ бол 1982 он.

Дэлгүүрийн лангуун дээр лаа, чүдэнз, давснаас өөр юмгүй үеийг дэндүү мэдэх Ж.Цэнгэл тухайн үед худалдагч хийж байлаа. Их хувьчлалын дараа “Солонго” хэмээх найман нэрийн хүнс, барааны дэлгүүрийг нээж, 17 хүний бүрэлдэхүүнтэй хоршоолол хэлбэрээр ажиллах болсон байна. Бэлэн мөнгөтэй хүн ховор байсан тул малтай нь малаараа, тэтгэвэртэй нь тэтгэврийн дэвтрээ барьцаанд тавьж бараа авдаг байсан тийм л үе. Ийм бэрх цагт Орос, Хятадаас бараагаа татсан, Налайхын цор ганц “баян” дэлгүүрийг тэр ажиллуулж байв. Эндээс түүний бизнесийн гялалзсан амжилт эхлэлтэй. Энэ бол 2001 он.

Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө маш их хүчин зүтгэл, санаачилга тавьдаг түүний хувьд дээрх үүрэгт ажлууд нь үнэндээ ажил биш, баяр баясал, аз жаргал нь юм.

Тэр ийнхүү гурван жил хоршоотойгоо ажиллаж байгаад 150 гаруй хонь, Зил-130 машин, тавиур дүүрэн бараагаа хамтран зүтгэж байсан 16 ажилтан, гэр бүл нь болсон нөхдөдөө үлдээгээд нөхрийн хамт тусдаа “Цагийн аяс” компанийг байгуулжээ.

Ж.Цэнгэл компанийн ажлаасаа гадна Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Налайхын эмэгтэйчүүдийн зөвлөл, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийг давхар удирддаг. 95 болон 26 жилийн түүхтэй тус хоёр байгууллага саяхныг хүртэл талцаж ирсэн. Харин Ж.Цэнгэл энэ хоёр газрыг удирдах болсноор нэгдмэл байлгаж, эцэстээ эмэгтэйчүүдийн төлөө гэсэн нэг зорилгын төлөө зүтгүүлэх болсон гэхэд хилсдэхгүй.

Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө маш их хүчин зүтгэл, санаачилга тавьдаг түүний хувьд дээрх үүрэгт ажлууд нь үнэндээ ажил биш, баяр баясал, аз жаргал нь юм.

Сайн санааны хүч

Одоогоос долоон жилийн өмнө Ж.Цэнгэл Эмэгтэйчүүдийн 401 дүгээр хорих ангид нүүрс нийлүүлэх гэрээ хийхээр очжээ. Энэ зуур тэнд хүмүүжиж буй эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг харахыг хүссэн байна. Хорихын дарга харуулах дургүй байсан ч түүний хүсэлтийг хүлээн авав. Хүмүүжигчдэд зориулсан ганцхан өрөө байсан нь номын өрөө байлаа. Модон шал, хоёр гурван эвдэрхий гэмээр ширээ, цаана нь хэдхэн ном өрөөстэй байв. Энэ дүр зургийг тэр ярихдаа “Надад шууд л энэ өрөөг тохижуулж өгөх ёстой гэж бодогдсон” гэв. Төд удалгүй тэр нүүрс нийлүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн үйлсээр ачааны машин дүүрэн эд бараатай хүрч ирэв. Хатдын номын чалленж зарлаж, энд тэндээс хатдын тухай ном цуглуулав. Хивс, зурагт, принтер, компьютер, номын тавиур гээд л иж бүрэн тохижилт хийж өглөө.

Сарын дараа хорихын дарга утасдав. “Хүмүүжигчдийн дийлэнх нь эх хүн байсан. Тэд энэ өрөөнд орох маш дуртай болсон. Хатдын номыг уншиж, өөр хоорондоо ярилцаж сэтгэл санаагаа өөдрөг байлгах болсон” гээд дахин талархлаа илэрхийллээ.

Ж.Цэнгэл эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөө дэргэд “Охидын клуб”-ыг санаачлан байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг бие даалгах, мэдлэг олгох, чадавхижуулах, хүмүүнлэг энэрэнгүй нэгэн болгоход чиглүүлдэг. Тус клубт идэвхтэй явдаг 160 охин бий. Тэдэнд нарийн боовны сургалт орлоо гэхэд санаачилгаараа хийсэн нарийн боовоо зарж, буяны ажилд зарцуулдаг байна. Тэд өнгөрсөн өвөл “Харанхуй бүхнийг гэрэлтүүлье” уриатайгаар гудамжинд гэрэлтүүлэг тавих арга хэмжээг зохион байгуулсан аж. Уриагаа хэвлүүлсэн үзгэн бал худалдаж, олсон ашгаараа 100 гаруй айлыг гэрэлтүүлэв. Учир нь охидод тулгардаг бэрхшээл нь харанхуй гудамж юм. Ж.Цэнгэл ч тэднийг дэмжиж, хэдэн зуун метр гэрлийн утас өөрийн мөнгөөр авчирч, хашаанд нь өлгүүлэхээр айл болгонд нь хүлээлгэн өгчээ. Энэ дунд харамсалтай нь гэрлийн утсыг тавиагүй, зарж үрэгдүүлсэн айл өрх ч бий гэнэ. Гэсэн ч Ж.Цэнгэл “Болно доо, болно” гэх амны уншлага болсон үгээ хэлээд, ээлжит хүмүүнлэгийн үйлсээ төлөвлөнө.

Хүүхдүүд “Таван ханатай гэр таван уньтай” гэж хэлэхийг сонсоод Хүүхэд хөгжлийн төвд Уламжлалын өрөөг нээн, тохижуулав.

Өнөөдөр энд Налайхын бүх сургууль, цэцэрлэгийн сурагчид тогтмол ирж, өв соёлын танилцах хичээл ордог. Үүний дараа хүүхдийн уншлагын номын танхим, төрөхийн өмнөх эмэгтэйчүүдийн өрөөг шил дараалан тохижуулав.

Тэрбээр Налайхын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийг арван жил удирдахдаа 54 айлд гэр олгосон байдаг. Амьдралын төлөө зүтгэж яваа өрх толгойлсон эмэгтэйчүүд, залуу гэр бүлд бэлэглэдэг аж. Тэрбээр “Хадмындаа толгой хорогдож яваа залуу гэр бүлд жоохон л түлхэц, жоохон л туслалцаа хэрэгтэй” гээд “Сүүлийн үед хандлага өөрчлөгдсөн. Таван жилийн өмнө баян хүнээс юм гуйдаг байсан бол одоо таван төгрөгөөс илүү таван зөвлөгөө авахыг эрмэлздэг болсон” гэж байлаа.

Түүний ажлын нэг хэсэг нь бизнес эрхлэгчдийг зөвлөгөө мэдээллээр хангах, төр, хувийн хэвшлийн гүүр нь болох, хооронд нь бизнесийн хамтын ажиллагаагаар уях явдал юм. Тэр өөрөө ч бизнес эрхлэгч хүний хувиар мэдсэн сурснаа харамгүй зориулна. Энэ тухай холбооны зөвлөх Ц.Тунгалаг “Хүн өөрийн бизнесээ л гэдэг байхад Ж.Цэнгэл бусдын бизнесийг хэрхэн өргөжүүлэх тухай санаа зовиноод явж байдаг” гэв.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлд “Энкано” компани гишүүнээр элсэхдээ жижиг бичиг хэрэг, бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулдаг байв. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр принтер, бусад тоног төхөөрөмжийн хорны үйлдвэр байгуулахаар болоход шаардлагатай 100 сая төгрөгийн санхүүжилтийг Ж.Цэнгэл эрсдэлийг нь дааж, хүүгүйгээр олгожээ. Өнөө үед компанийн хувь ч авах тохироогүй, зүгээр л тусалж, итгэж өгдөг ийм хүн хэд байх бол оо гэж бодогдов. Тус үйлдвэр ч өнөөдөр сайн ажиллаж, хотын төвөөс принтерийн хороо авдаг байсан Налайх дүүргийнхэн “Энкано”-гоос авдаг болжээ.

Түүнд намд элсүүлж, нэр дэвшүүлэх санал нэлээд ирнэ. Төрсөн нутагтаа болон Налайх дүүрэгтээ буяны үйлс тогтмол хийдэг учир түүнийг сонгуульд нэр дэвших гэж байна хэмээн зарим нь хардана. Гэвч тэр улс төр огтхон ч сонирхдоггүй.

Ж.Цэнгэл энэ талаар “Хэрэв би улс төрд орох бол Ичиг” гэнэ. Учир нь тэр дэндүү даруухан амьдралтай нэгэн. Энэ бүх хийж байгаа ажил нь гагцхүү уламжлагдан, үлгэр дууриал болоосой л гэж хүсдэг.

Түүний энэ хүсэл биелж яваа. Ж.Цэнгэлийн болон түүнийг тойрон хүрээлсэн холбооных нь 1000-аад гишүүдийн тарсан “үр”-ийг дагаж Налайхад сайн дурын үйлс хийж байгаа залуус олширсон.

Гэрлийн цаана

Бусдад хэрэгтэй дэмжлэгийг нь олж харж, өгч чаддаг гэрэл цацруулсан энэ эмэгтэй хийсэн ажлаа сурталчилж, зарладаггүй. Энэ нь ердөө жаргалтай амьдрах хүслийнх нь илэрхийлэл юм.

Тэрбээр дөрвөн сайхан охин төрүүлсэн. Хүүхдээ төрүүлээд 45 хоноод ажилдаа ордог байсан үе. Нэг өдөр цэцэрлэгээс нь залгаад охиных нь бие муу байна гэлээ. Ажлаа хаяад явж болохгүй учир нөхөртөө хэлж эмнэлэгт хэвтүүлэв. Ажлаа тараад цай унд хийчихээд амсуулах гэтэл унтсан байв. Охиноо ядраад унтчихжээ гэж бодтол дахиж сэрээгүй юм. 49 хоног нь ч болоогүй байхад дахин нэг охиноо зуурдаар алдаж, санаанд оромгүй, гэнэтийн хагацал ар араасаа тохиожээ. Амьдрал хэтэрхий харгис хатуу, шударга бус санагдсан биз. Гэсэн ч Ж.Цэнгэл илүү амссан зовлон гэж дотроо харлуулалгүй, түүнийхээ хэрээр бусдад гараа сунгаж, өөрт бий болгосон жаргал бүхнээ хуваалцаж, өрөөлийн төлөө амьдралаа зориулж явна.

Хоёр хуулийн дунд хавчуулагдсаар алдарт эхийн одонгоо тэр 30 жил хүлээсэн. Учир нь түүн шиг амаргүй амьдралыг туулсан хүнд алдарт эхийн одон дэндүү эрхэм зүйл байлаа. 2015 онд түүний хөдөлмөр, хүмүүнлэгийн сайн дурын ажлыг үнэлж, “Алтангадас” одонгоор энгэрийг нь мялаасан ч, “Алтангадас өгч байхаар эхийн одонг минь өгчихгүй дээ” хэмээн харамсаж байв. Ж.Цэнгэл болон түүний аав эхийн одонг дэндүү их хүлээсэн. Аав нь амьд ахуйдаа “Арын хаалгагүй, хамгийн мундаг одон бол эхийн одон. Миний охинд өгнө өө” гэдэг байв. Олон жил өгөх эсэх нь мэдэгдэхгүй байсан одонг нь хоёр жилийн өмнө цагаан сараар олгох сураг дуулдаж, Ж.Цэнгэл ганган дээл хүртэл хийлгэчихээд хүлээсэн ч ирээгүй юм. Эх үрсийн баяраар өгнө гэсэн ч бас л олгоогүйд түүний горьдлого тасрахад хүргэжээ.

Гэтэл наадмын үеэр нөхөртэйгөө морь үзээд явж байтал түүний найз нь “Тайзан дээр ямар нэг одонгоор шагнах гээд чиний нэрийг дуудаад л байх юм” гэсэнд Ж.Цэнгэл төвөгшөөн “Ямар ч одон юм. Яршиг” хэмээн очсонгүй. Засаг даргын орлогч түүний нөхөр лүү залгаад “Ж.Цэнгэлийн эхийн II одон ирчихжээ. Гарч ирж авахгүй байна гэнэ” гэв. Үүнийг дуулаад Ж.Цэнгэлд хэлэлгүй наадмын тайз руу авч оров. Удаан хүлээсэн одон нь ирсэн байлаа.

Морины тоосонд дарагдсан дээлэн дээрээ эхийн одонгоо зүүчихээд ганцаараа зуслан дээрээ очин, хангай дэлхийдээ сүү өргөөд бүтэн өдөржингөө уйлж суулаа.

Энэ тухай ярихдаа ч уйлж байлаа.

Орой нь түүний нөхөр “Чи намайг ирж авах юм уу. Наадмын талбай дээр ганцаараа үлдэх нээ” гээд залгав. Ж.Цэнгэл “Өвгөнөө мартчихаад, орой болсныг ч мэдэлгүй ганцаараа уйлж суусан хэрэг” гээд нулимсаа арчин, эргээд нүүрэнд нь инээмсэглэл тодров.

Хожим “Дэлхийн нарны хүүхэд” цэцэрлэгээрээ бяцхан үрст анхаарал тавих болсон нь ч амьдралынх нь энэ түүхтэй холбоотой.

“Дэлхийн нарны хүүхэд” цэцэрлэг улсаас болон эцэг эхчүүдээс нэг ч татаас авдаггүй. Гурван багш, хоёр эмч, хоёр тогооч өдөр тутмын үйл ажиллагааг нь авч явдаг. Энгийн хүүхдээс тэс өөр асаргаа шаардах тул тэд хамтдаа эрдэм ном заахын хажуугаар ясны шөл, сүү, хар цай зэргээр угааж хүүхэд тус бүрд тулгарсан бэрхшээлд нь зориулж дасгал, сургуулилалт хийлгэх, эцэг эхчүүдэд нь сургалт явуулах гээд өдөр бүр өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хийх ажил мундахгүй. Эцэг эхчүүд өөрсдөө ч бас чадах чинээгээрээ тусална. Сүү, унтлагын хувцас, хүнс, ногоо гээд л бариад ороод ирнэ. Анх 10 тн гурил аваад ирэхэд нь Ж.Цэнгэл хийх ч савгүй сандарч байлаа.

Ирэх намар цэцэрлэгийн багачуудын дийлэнх нь сургуульд орно. Ж.Цэнгэл дараа жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тусад нь 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихаар газрын албадаа хүсэлт тавиад байна. Тэр газар олгохгүй эсвэл хөрөнгө санхүү нь бүтэхгүй бол одоогийн цэцэрлэгийнхээ гаднах тоглоомын талбайд тохилог сайхан гэр барьж, хөгжлийн бэрхшээлтэй илүү олон хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. Эхний ээлжид компаниасаа 120 сая төгрөгийн санхүүжилтийг гаргах аж. Тэрбээр бусад компанийг ч мөн энэ бүтээн байгуулалтад нэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхдийг хамруулан, тэдэнд халуун дулаан орчинд өсгөх, ирээдүйг нь илүү өнгөлөг, гэрэлтэй болгоход нь хамтдаа гараа сунгаасай хэмээн хүсч байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
С. Баярмаа

Нойр муутай захирал ажилтнууддаа, компанидаа ямар хор хүргэдэг вэ?

Өмнөх нийтлэл

Х.Азжаргал: Шинэ компани, тэр тусмаа үйлдвэрлэлийн салбар бол эр зоригийн талбар

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur