Өөрийнхөө амьдралыг ч олигтой авч явж чаддаггүй бодит сургамж амьдралд олон бий. Тэгвэл бусдыг удирдаж тухайн байгууллагыг нуруун дээрээ авч явна гэдэг хүн болгоны хийж чадах ажил биш. Харамсалтай нь байгууллага удирдахын зовлон бэрхшээлийг түүнийг хийж үзсэн хүн л мэддэг. Бусдад нь захирлын ажлын сайн сайхан тал нь л өнгөц харагддаг. Хүүхдүүдээс том болоод ямар хүн болохыг нь асуухад бүгд л дуу нэгтэйгээр сансрын нисгэгч, дуучин, бүжигчин гэж хариулцгаадаг. Гэвч тэдний нэг нь ч сансрын нисгэгч эсвэл дуучин ганц ч хором болж үзээгүй атлаа огт мэдэхгүй амьдралаа мөрөөдсөөр байдаг. Үүнтэй адил томчуудын нийтлэг мөрөөдлийнх нь нэг бол ЗАХИРАЛ болох. 

            Аравдугаар сарын 30-ны өдрийн өглөө Корпорейт зочид буудлын танхимд дүүрэн хүн цугласан байв. Улаанбаатарт лекц, яриа цагтаа эхлэх нь ховор ч энэ өглөө товлосон цаг болоход танхимд бүх зочид цуглажээ. Танхимын хойморт залрах дэлгэцнээ “Хэрхэн сайн CEO болох вэ” гэх үгс тодоос тод дурайхын хамт Доржнамжилын Болор захирлын танилцуулга харагдана. Тэрбээр 1996-2002 онд “Монголын Цахилгаан Холбоо” компанийн технологи, үйлчилгээ хариуцсан захирлаар ажиллаж, 2003-2008 онд Ньютел компанийг удирдан нэг цэгийн үйлчилгээний “ТЭДИ” төвийг байгуулснаас гадна Сингапурын үйлчилгээний төгөлдөршлийн “Service Excellence” стандартыг нэвтрүүлэн Үйлчилгээний салбарын загвар компани болгож байжээ. Харин 2006-2012 онд Мобиком корпорацид албаны захирал болон Гүйцэтгэх захирал, 2012-2016 Скайтел группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг хүмүүс андашгүй. Удалгүй “Хархорум” дижитал академиас явуулж буй ээлжит сургалт эхэлснийг Д.Энхбат мэдэгдлээ.

            Ийнхүү Д.Болор захирал байгууллагаа ирээдүйд хэрхэн бэлтгэх ерөнхий сэдвээр лекцээ эхэлсэн юм. Улмаар захирал хүний дотоод амьдралын нарийн зүйлсийг учирлаж ярьсаар илтгэгч маань цагтай уралдаж яриагаа өндөрлөв. Захирал хүний шилжүүлж болохгүй үүрэг гэж байдаг талаар ярианыхаа дундуур дурдав. Учир нь компанийн соёлыг бүрдүүлэх, ажилтнуудаа манлайлахаас гадна стратегийн чиглэлийг гаргах үүргийг байгууллагын захирал л хүлээх учиртай аж. Илтгэлийн төгсгөлд сонирхолтой судалгаа үзүүлсэн нь захирлуудын бүтэн өдөр хэрхэн өнгөрдгийг харуулсан судалгаа байлаа. Тэд өдөрт дунджаар ажилдаа 9.5 цаг, унтахдаа 6.7 цаг, гэр бүлтэйгээ 2.1 цагийг зарцуулдаг байна. Мөн төрөл бүрийн мэдээ уншихад өдөрт 1 цаг 20 минутыг зарцуулдаг нь тэдний ажилтай холбоотой байдаг аж. Цугласан зочдын хувьд уг сургалтанд сууснаар цаашлаад онлайн сургалтанд шууд хамрагдах боломжтой аж. Ингээд уг сургалтанд суусан бизнес эрхлэгчдийн яриаг хүргэж байна. 

“Ай Эм” ХХК-ын гүйцэтгэх захирал Ж.Батаа

-Энэхүү сургалтанд яагаад суух болов?                   

-”Хэрхэн сайн CEO байх вэ” гэсэн сэдэв нь надад их сонирхолтой санагдсан. Суугаад сонссоны дараа олон хэрэгтэй зүйл мэдэж авлаа.

-Сургалтаас ойлгож авсан чухал санаа юу байв?

-Ажилтнууддаа зорилгыг нь ойлгуулж, тэднийг оновчтой удирдах хэрэгтэй гэдэг санаа таалагдлаа. Ингэснээр ажилтнууд юуны төлөө ажиллаж байгаагаа ойлгосноор сэтгэлээсээ ажилдаа хандах боломжтой болдог юм байна.

-Захирлын ажлыг хийхэд гол бэрхшээл юу байдаг вэ?

-Бэрхшээл бол олон шүү дээ. Заримдаа ажил шуурхай явахад төрийн байгууллагуудтай холбогдох, бичиг цаасны ажил бас тээг болох тохиолдлоос авхуулаад маш олон бэрхшээл бий. 

Хувиараа газар тариалангийн бизнес эрхлэгч Ш.Энхнаран

-Богинохон болж өнгөрсөн ч дараа нь онлайнаар сургалтууд орж, материалууд нь мейлээр ирэх нь оновчтой санагдлаа.

-Бизнесийн үйл ажиллагааг авч явахад ямар бэрхшээл учирдаг вэ?

-Миний хувьд одоо багаа бүрдүүлж байгаа учраас цаашдын хамтын ажиллагааг дөнгөж эхлүүлээд явж байна. Манай компани гадаадын зөвлөхтэй хамт сүүлийн хоёр долоо хоног ажиллаж байна. Түүнтэй харьцуулахад өнөөдрийн сургалт богинохон санагдлаа. 

-Одоо та юунд суралцаж байна?

-Хувиараа газар тариалан эрхлээд гарсан бүтээгдэхүүнээ шууд гадагшаа гаргахаар ажиллаж байна. Хэрхэн хөрөнгө оруулагчаа олохоос эхлээд бүх л зүйлсийг бид эхнээс нь сураад явж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Сайжрахын хэрээр

Өмнөх нийтлэл

Бага ядарч, олон ажил амжуулахын үндэс бол ЦАГИЙН ХУВААРЬ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох