Монголчууд жилийн дөрвөн улиралд гүзээлзгэнэ тариалж хэрэглэх боломжтой

Дөрөвдүгээр сарын цас будагнасан, хүйтэн зэврүүн өдөр байв. Гэвч Ганбаатарын хүлэмжинд орсноор тэс өөр уур амьсгал биднийг угтав. Өвлийн хүлэмжинд дулаахан, нийлэг хальсан бүтээлгэний цаанаас нар зөөлөн ээнэ. Жагсаасан юм шиг эн тэнцүү жигдхэн ургасан навчис ногоорч, энд тэндгүй ажилчин зөгийнүүд цэцгийн бал түүхдээ тоос хүртээж дүнгэнэлдэнэ. Харин навчсын доороос үхрийн шагайн чинээ том ургасан ув улаан гүзээлзгэнүүд унжина. Энэ бүхнийг хараад эзнийх нь ажлаар бахархах сэтгэл төрж, бас арааны шүлс асгарч байв.

МОНГОЛД “ДУРЛАСАН” СОЛОНГОС ГҮЗЭЭЛЗГЭНЭ

Монголчуудын дунд нарийн ногоо тарьдаг уламжлал дөнгөж өнгөрсөн зууны 60-аад оноос бий болсон. Анх Орос, Болгарын мэргэжилтнүүд ирж анхны хүлэмжийг байгуулж байсан. Дэвшил, Борнуур гэх мэт хүлэмжийн аж ахуй байсан ч 1990-иэд оноос энэ чиглэл эрс уналтад орсон. Гэтэл орчин үеийн монголчууд нарийн ногоо, жимс жимсгэнийг хүнсэндээ хэрэглэх нь улам ихэссэн. Харин энэ хэрэгцээг хангах хүлэмжийн аж ахуйн тогтолцоо бүрэлдээгүй байна. Бид жилд нэг удаа задгай талбайд ногоо тарьж, хэдхэн сар л шинэ ногоо иддэг бөгөөд олон мянган тонн ногоо, жимсийг импортоор авдаг. Тиймээс жил тойрон эрүүл, аюулгүй шинэ ногоо идэх ганц шийдэл нь хүлэмж болж байна.

ГҮЗЭЭЛЗГЭНЭ НЬ АМИН ДЭМЭЭР ХАМГИЙН БАЯЛАГ ЖИМСНИЙ ТӨРӨЛ БӨГӨӨД УЛААН ЛООЛИОС ХОЁР ДАХИН ИХ АМИН ДЭМ АГУУЛДАГ. НЭГ ҮГЭЭР, МОНГОЛЧУУДАД ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ЖИМС ЮМ

Гэвч хүлэмжийн аж ахуйг хуучин аргаар бус, илүү технологи, инноваци шингэсэн байдлаар эрхлэх нь зах зээлд амжилттай ажиллах гол нөхцөл болжээ. Өнөөдөр монгол компаниудын гол бэрхшээл нь инноваци, түүнд хэрэгтэй хөрөнгө оруулалт, шинэ технологи дээр ажиллах хүний нөөц юм. Энэ тал дээр өөрийн хүчээр зоригтой, дорвитой алхам хийхийг зорьж буй хүмүүсийн нэг бол Агро Альфа компанийн захирал О.Ганбаатар. Тэрбээр 12 жилийн өмнөөс хөдөө аж ахуйн бизнест орсон. Энэ хооронд үнээний ферм, төмс тариалалт, барилга зэрэг чиглэлээр ажиллаж байгаад саяхнаас тариан талбайдаа эргэн иржээ. 2018 оноос Ганбаатар Монголд жилийн дөрвөн улиралд гүзээлзгэнэ тариалах хүлэмжийн бизнесийг эхлүүлсэн байна. Ингэхдээ тэр хэдий өндөр үнэтэй байсан ч бүх зүйлийг эхнээс нь олон улсын стандартын дагуу гүйцэтгэхийг зорьжээ. Хүлэмжээ бариулахдаа хүртэл Солонгосоос мэргэжилтнүүд урьж авчраад нэг хүлэмжийг л гэхэд дөрвөн сая вонноор (есөн сая гаруй төгрөг) бариулж, нийт ажлын хөлс 20 гаруй сая вонн болжээ.

Агро Альфа компанийн захирал О.Ганбаатар

Түүний тарьж буй “Цасны үнэр” хэмээх нэртэй гүзээлзгэний энэхүү сорт Солонгосоос гаралтай бөгөөд Япон, Солонгост зөвхөн 1-4 дүгээр сард л тарих боломжтой. Учир нь маш халуун. Тэгээд бас гүзээлзгэнэ дэх чихрийн агууламж нь 12 нэгжээс хэтэрдэггүй, Японы хойд нутагт сайндаа 14 нэгж хүрдэг байна. Харин Монголд ирээд жилийн дөрвөн улиралд дуртай нь аргагүй ургаж, Солонгост байдгаасаа илүү, бүтнээрээ улайж, чихэрлэгийн агууламж нь 18 нэгж хүрчээ. Нэг үгээр, энэ сортод Монголын цаг агаар тун зохиж байна. Одоо Ганбаатар одоо байгаа хүлэмжнүүдээсээ намар болтол ургац хурааж, өдөрт 300 кг хүртэл гүзээлзгэнэ зах зээлд нийлүүлэх боломжтой болж байна.

Ганбаатарын ашиглаж буй гидропоник хэмээх орчин үеийн технологи нь Монголд харьцангуй шинэ. Хүлэмж барихад нийлэг эдийг хоёр давхарлаж, дотор талаар нь ахин “хөнжил” хэмээх дулаан хадгалагч зузаан хучлага ашигладаг. Өөрөөр хэлбэл, энгийн гурван хүлэмж барьсны дайтай ажил болдог аж. Мөн хүлэмж шалнаасаа халаалттай. Хүний нөөц дээрээ ч тэр өндөр түвшинд байхын тулд Солонгосын мэргэжилтэнтэй урт хугацааны гэрээ байгуулж, гэрээний хугацаа дуусахаас өмнө дотоодын мэргэжилтнүүдээ сургах тохироо хийсэн байна. Учир нь хүлэмжийн аж ахуйд их хөрөнгө оруулсан ч мэргэшсэн хүний нөөцгүйгээс болж хүндрэлтэй тулгардаг жишээг тэр нэг бус удаа харж байв. Ийм хүлэмжийг нэг барьчихсан байхад олон хүн ажиллах шаардлагагүй.

Одоогоор Ганбаатарын хүлэмжүүд дээр нийтдээ тавхан хүн ажиллаж байгаагийн дотор хоёр солонгос өвгөн гол ажлыг түүртэхгүй хийж байна. Хэрэв энгийн хүлэмж байсан бол 20 орчим хүн ажиллана. Гүзээлзгэнээ тарихдаа Индонезиос авчирсан “коконатын хальсан хөрс” хэмээх тусгай хөрсийг ашиглан, газраас нэг метр орчмын өндөрт тарина. Ийм хөрсөнд тарихад зэрлэг ургахгүй, хортон шавьж болон ургамлын өвчний эсрэг химийн бодис хэрэглэх шаардлага бараг гарахгүй. Харин зориулалтын бордоо ашиглана. Өвөл ургах зориулалттай “цасны үнэр” сорттой Ганбаатарын танилцсан түүх Улаанбаатар дахь И-мартын сүлжээнд Солонгосоос гүзээлзгэнэ нийлүүлж байсан Ким Хак Же хэмээх хүн түүнтэй уулзсанаар эхэлжээ.

Ким Хак Же нь таван жилийн өмнөөс энэ сортыг Солонгосоос өөр ямар улсад тариалж болох тухай сонирхож, Узбекистан, Казахстан, Оросын Буриад, Монголыг судалж үзсэний эцэст манай улсыг хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэрбээр Солонгостоо гүзээлзгэний технологийг хамгийн сайн эзэмшсэн гурван хүний нэг нь бөгөөд Ерөнхийлөгчийн шагналтай. Түүнд Монголын Ерөнхийлөгчөөс шагнал авах бодол ч бий. “Цаашдаа монголын гэсэн тодотголтой гүзээлзгэний технологи бий болгох боломжтой” гэж тэр ярив. Гүзээлзгэнэ нь амин дэмээр хамгийн баялаг жимсний төрөл бөгөөд улаан лоолиос хоёр дахин их амин дэм агуулдаг. Нэг үгээр, монголчуудад хамгийн хэрэгтэй жимс юм. Гэхдээ Монгол Улс жимс, жимсгэнэ, нарийн ногоогоо голдуу импортоор авдаг. Үндэсний Статистикийн Хорооны тоо баримтаар 2018 онд монголчууд нийт 9700 орчим тн алим, лийрийг долоон сая ам.доллараар гаднаас авч иджээ. Мөн 9700 гаруй тн улаан лооль, өргөст хэмх, чинжүүг импортоор авч байна.

Засгийн газар хөдөө аж ахуйг тэргүүлэх салбар болгоно гэж зарласан. Гэвч өнөөдөр аль ч өнцгөөс харсан орчин үеийн технологи бүхий хүлэмжийн буюу хамгаалалттай хөрсний аж ахуй, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхгүйгээр энэ салбар явахгүй гэдэг нь ойлгомжтой байна. Ганбаатарын хийж буй үйл хэрэгт баяр хүргэж, алга таших нэг том шалтгаан бол энэ юм. Агро Альфа компани “Инновацилаг хөдөө аж ахуйн эрин үеийг тэргүүлнэ” гэсэн зорилготой. Тэр өөрт байгаа 300 га газрын хүрээнд үйлдвэрлэлээ улам тэлэх зорилготой байгаа. Одоогоор эйр хаус хэмээх технологиор улам сайн хүлэмж барих ажлаа эхлээд байгаа бөгөөд төлөвлөснөөрөө ирэх долдугаар сард бариад гүзээлзгэнээ суулгачихвал одоо байгаа хүлэмжүүддээ сэлгээ гаргаж, 2020 оныг шинэ ургацтай угтах болно. Эйр хаусын хүлэмжинд тариалалт явуулснаар ургацын хэмжээ хоёр дахин нэмэгдэх аж. Түүний зорилт зөвхөн гүзээлзгэнээр хязгаарлагдахгүй. Цаашдаа амтат чинжүү, халуун чинжүү, кимчиний байцаа тарих төлөвлөгөөтэй байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Бизнесээ системчлэхийн давуу талууд

Өмнөх нийтлэл

Ажлыг нарийвчлан хуваарилж, бичиж баталгаажуулахын хүч

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur