“Жас Канат 2006” компанийн Бизнес хөгжлийн менежер Александр Коростылев

Бүгд Найрамдах Казахстан улс нь Монгол улстай 1992 оны нэгдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хамтын ажиллагааг өргөжин тэлсээр ирсний үр дүнд 2018 оны байдлаар худалдааны эргэлт 74.4 сая ам.долларт хүрчээ. Түүнчлэн Казахстан улсад Монголын талын оролцоотой 32 хуулийн этгээд төлөөлөгчийн газар бүртгэгдсэнээс 23 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэвч энэ нь чамлахаар үзүүлэлт тул аль, аль тал хамтын ажиллагаагааг улам тэлэхийг зорин ажиллаж байна. Тухайлбал, дээрх хүрээнд Казахстан улсад үйл ажиллагаа эрхэлдэг “Жас Канат 2006” компани Монголын талын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Тиймээс уг компанийн бизнес хөгжлийн менежер Александр Коростылевтэй Монголын бизнес эрхлэгчидтэй хэрхэн ажиллах боломжтой байгаа талаар ярилцлаа.

Монгол улсын зах зээлийг яагаад сонирхох болсон бэ?

Манай компани Казахстан улсдаа томоохон компаниудын нэгд тооцогддог. Бидний гол бүтээгдэхүүн бол  шувууны өндөг. Бүтээгдэхүүнээ ОХУ, Кыргызстан, Афганистан, Тажикистан улсуудад экспортолдог. Манай компанийн үйл ажиллагаа энэ мэтчилэн өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас бид шинэ зах зээл хайж, Монгол улсад анх удаагаа ирлээ. Монгол улс гурван сая хүн амтай. Үүний тал хувь нь Улаанбаатар хотдоо амьдардаг. Хүн амын төвлөрөл ихтэй учраас Монгол улсыг зорин сонгосон. Бид зөвхөн Монгол улсад өндөг нийлүүлэхээс гадна хоёр тал хамтарсан шувуун үйлдвэрлэл байгуулах зорилготой байна.

Монголд үндэсний өндөгний үйлдвэрлэл цөөнгүй бий. Эдгээрээс хэрхэн ялгарах вэ?

Бид Монголын зах зээл дээр анх удаа гарах гэж байгаа учраас ихээхэн судалгаа хийж байна. Харин манай бүтээгдэхүүнийн хувьд экологийн цэвэр бүтээгдэхүүн. Үүгээрээ бид илүү давуу талтай байж магадгүй. Мөн үнэ өртөгийн хувьд харьцангуй хямд.  

Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад манай талаас ямар шаардлага тавьж байна вэ?

Өнгөрсөн тавдугаар сард хоёр талын ХХААЯ өндөг экспортлох гэрээнд гарын үсэг зурсан. Бид энэ хүрээнд ажиллаж байна. Одоогийн байдлаар судалгааны шатандаа явж байна. Мөн хамтарч ажиллах түнш байгууллагуудаа хайж, судалж байна. Хамтарч ажиллах гэрээ хэлэлцээр хийгээгүй байгаа учир хууль хяналтын байгууллагаас ямар шаардлага тавихыг сайн мэдэхгүй байна.

Гэрээ хэлэлцээр хийхэд тань ямар асуудал тулгарч байна вэ?

Бид Монголд ирээд гурван компанитай уулзсан. Уулзаад ярилцаж байхад бидэнд тулгамдаж байгаа гол хүндрэл нь тээврийн асуудал байна. Казахстан, Монголын хооронд шууд тээвэрлэлт байдаггүй. Тиймээс ОХУ-ын төмөр замаар буюу тойруу замыг туулах шаардлагатай болж байгаа юм. Үүнийг сайтар судалж, тээвэрлэлтийн зардал хэд болохоос улбаалан нэг өндөг худалдаалагдах өртөгийг тооцно. Тээвэрлэлтийн энэ асуудлыг сайтар судалсны эцэст хамтарч ажиллах гэрээгээ байгуулах төлөвлөгөөтэй байна.

Бизнес итгэлцэл дээр тогтдог. Тэгвэл монголчуудын хувьд итгэл хүлээхүйц ард түмэн үү? Монгол бизнес эрхлэгчидтэй уулзахад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Би Монгол улсад ирээд хоёр дахь өдрөө Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна. Миний анхны сэтгэгдэл бол монголчууд боловсрол өндөртэйгээс гадна өөрийнхөө ажлыг их сайн мэддэг юм шиг санагдлаа. Тиймээс монгол хүмүүстэй хамтарч ажиллахад таатайгаас гадна сэтгэл санаа нийлэх тал дээр амархан байх гэж бодож байна.

Нөгөө талаар Монголын бизнес эрхлэгчид та бүхэнтэй хамтарч ажиллая гэвэл та бүхэн хэрхэн хүлээж авах вэ?

Монгол, Казахстан улс түнш орнууд. Тиймээс бид хамтарч ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно. Мөн бидний зан заншил, соёл урлаг зэрэг нь хоорондоо төстэй учраас хамтарч ажиллах бүрэн боломжтой.

“Жас Канат 2006” компанитай хамтрагч ажиллах хүсэлтэй Монголын бизнес эрхлэгчдэд зориулан уг компанийг товч танилцуулъя. 2007 онд байгуулагдсан “Жас Канат 2006” компанийн үйл ажиллагааны гол чиглэл нь өндөг, тахианы махны үйлдвэрлэл бөгөөд жилдээ 250 сая өндөг, 500 тн тахианы мах үйлдвэрлэдэг. Компанийн зүгээс үйлдвэрээ гурван үе шаттайгаар шинэчилж, байгуулагдсан жилдээ долоон сая өндөг үйлдвэрлэдэг байсан бол одоо 250 сая болтлоо өсчээ. Түүнчлэн ажиллагсдын тоо 50-иас 216 болтлоо нэмэгдсэн байна. Үүнээс гадна үйлдвэртээ шинэ техник, технологи нэвтрүүлж, тоон системд амжилттай шилжиж чаджээ.  

 

Х. Саранзаяа

Аугаа бизнесмэнүүдийн ажлын ширээ

Өмнөх нийтлэл

АМТААР УРЛАГЧ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох