"Тогтох Трейд" ХХК-ийн захирал Ч.Мэргэн

Компанийн өсөлтийн менежментийн сэдвийг хөндсөн чуулган Монголд өмнө нь зохиогдож байгаагүй. Харин ирэх дөрөвдүгээр сарын 4-нд “Growth summit-Улаанбаатар 2019″ захирлуудын чуулган Монгол улсад анх удаа болох гэж байна. Энэхүү чуулганд аль хэдийн 300 гаруй удирдах түвшний хүмүүс бүртгүүлээд байна. Чуулганд ирсэн хүн болгонд мэдлэг, арга хэрэгсэл, бодит жишээг цогцоор нь хүргэхээр зохион байгуулагчид зорин ажиллаж байна. Түүнчлэн тэд илтгэгч нартай тусгайлан ажиллаж, бодит хэрэгтэй мэдлэг, мэдээллийг оролцогчдод өгөхийг зөвлөж байна. Тиймээс чуулганд яриа өрнүүлэх илтгэгчид зөвхөн онол ярихгүй. Арга хэмжээний хувьд:

  • Хүмүүс
  • Стратеги
  • Гүйцэтгэл
  • Бэлэн мөнгө гэсэн дөрвөн үндсэн хэсэгт хувааж, сэдэв болгонд тухайн чиглэлээр

мэргэшсэн удирдагч нар илтгэл тавина. Тухайлбал, “LendMN” финтек гарааны бизнес хэрхэн хоёр хүрэхгүй жилийн хугацаанд санаанаас нэг сая долларын ашигтай болж, 30 сая долларын үнэлгээтэй компани болсон тухай менежментийн нууцаасаа нээлттэй хуваалцах болно.  

“Growth summit-Улаанбаатар 2019″ чуулганы гол зорилго нь сүүлийн 10 жилийн хугацаанд үүсэн танигдаж буй Growth буюу Өсөлтийн менежментийн системийг илүү дэлгэрэнгүй таниулж, хуваалцах явдал юм. Тиймээс зохион байгуулагч хамт олны төлөөлөл болох “Тогтох трейд” ХХК-ийн захирал Ч.Мэргэнтэй уулзаж уг арга хэмжээ нь байгууллагын удирдах түвшний хүмүүст ямар ач холбогдолтой байх талаар ярилцлаа.  

Харьцангуй орчин үед үүссэн уг системийн тухай товчхон ойлголтыг эхлээд танилцуулаач. Growth менежментийн систем гэж юу вэ?

Уг систем нь компаниуд хэрхэн 10 дахин, 100 дахин, 1000 дахин үсрэнгүй томорч, өргөжин тэлж, 10 сая, 100 сая, тэрбум доллар болон түүнээс дээш хэмжээний хурдтай өсч болохыг таниулсан болон өөрийнхөө байгууллагадаа хэрэгжүүлэх боломжтой Өсөлтийн менежмент юм. Энэ хугацаанд хэд хэдэн өсөлтийн менежментийн арга барил, систем үүссэн бөгөөд хамгийн түгээмэл буюу олон нийтэд үнэлэгдсэн системийг өдгөө дэлхий нийтээр 70 мянга гаруй компани ашиглаж байна. Энэхүү системийг санаачлан хэрэгжүүлэгч нь зургаан тивд хоёр зуу гаруй түнш байгууллагатай, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Gazelles” байгууллагын үүсгэн байгуулагч Верн Харниш юм.

Таны ярьж буй энэхүү систем нь тэднээс юугаараа онцлог вэ?

Бидний чухалчилж буй өсөлтийн менежментийн систем нь өмнөх үе болон өнөө үеийн шилдгүүдийн сор бүтээлийг түүвэрлэж гарын авлага мэт болгосон систем юм. Тиймээс энэхүү системийг хэрэглэе гэвэл заавал докторын зэрэг хамгаалсан, эсхүл олон арван жилийн туршлагатай бизнес эрхлэгч байх албагүй. Гарааны бизнес ч үүнийг компанидаа тусгаж хэрэгжүүлж болно. Энэ болгонд нь тохирсон арга хэлбэрийг Growth менежмент систем өөртөө тусгасан байдаг.

Тодруулбал, бизнес яагаад амжилтад хүрдэг, эсвэл яагаад дампуурдаг зэрэг нь товчхондоо дөрвөн том шийдвэр буюу сэдвээс хамааралтай. Нэгдүгээрт, хамгийн чухал нь хүмүүс. Хүмүүстэй холбоотой шийдвэр нь тухайн байгууллагын удирдагчдад хамгийн хүнд байдаг болохоор нэн тэргүүнд хэрхэн шилдэг хүмүүсийг ажилд авч, тогтоох талаарх менежментийн арга барилаас суралцах боломжтой. Хүн бизнесийг бүтээдэггүй бөгөөд багаа зөв бүрдүүлж тухайн хүмүүсийн хөгжил сургалтанд сайн анхаарснаар тэдгээр хүмүүс нь харин бизнесийг тань бүтээдэг билээ.  Хоёрдугаарт, стратегиа зөв тодорхойлохгүй бол компани амжилтад хүрэхгүй байх магадлалтай. Агуу Питэр Дракерын хэлснээр хэрэв таны бизнес алдагдалтай ажиллаж байгаа бол та стратегиа буруу тодорхойлсон байна хэмээсэн байдаг. Гуравт, гүйцэтгэл, түүний дараа бэлэн мөнгөний асуудал байдаг. Тухайлбал, стратегийн SWOT буюу давуу тал, сул тал, боломж, аюул гэсэн шинжилгээг Өсөлтийн менежментийн системд SWT буюу давуу тал, сул тал болон чиг хандлага гэсэн шинжилгээгээр баяжуулан хэрэглэхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч “Өнөөдөр манай байгууллагын үйл ажиллагаа нийгэмд хэрэгтэй зүйлийг бүтээж байгаа гэдгийг анхаарахаас илүү, ирээдүйд бид нийгэмд юу хийвэл манай байгууллага тогтвортой, амжилттай байх вэ гэдгийг буюу ирээдүйн чиг хандлагад анхаар” гэдгийг чухалчилдаг онол.

Энэ мэт таны бизнесийг улам өргөжүүлэн тэлэхэд хэрэгтэй аргыг өөртөө багтаасан Өсөлтийн менежментийн системийг дөрөвдүгээр сарын дөрвөнд болох “Growth summit-Улаанбаатар 2019″ чуулганд мэдлэг болгон оролцогчдод таниулах юм.

Энэхүү системийг Монголын компаниуд ашиглаж байна уу?

Монгол компаниуд эхнээсээ ашиглаад эхэлчихсэн. Тухайлбал “IT zone” ХХК, “Бид” ББСБ зэрэг компаниуд үйл ажиллагаандаа ашиглаад үр дүнгээ аваад эхэлсэн. Мөн “Интерактив” компани саяхан энэхүү системийг ашиглан 10 жилийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан.  

Өсөлтийн менежментийн системийг өөрсдийн компанидаа нэвтрүүлж, хэрхэн туршлагажсан болон үр дүнг нь мэдэрсэн тухай илтгэл тус чуулганд тавигдах уу?

Байлгүй яахав. Үүнээс гадна чуулганы маань хамгийн том илтгэгч бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг илтгэгч Верн Харниш бидэнтэй видео дуудлага хийж илтгэл тавина. Үүний дараа оролцогчид асуулт асуух боломжтой. Верн Харниш Өсөлтийн менежментийн системийг зохиосон. Мөн дэлхийд алдартай “MIT” сургуулийн захирлуудад зориулсан сургалтыг 15 жил удирдаж байгаа гэх мэт арвин туршлагатай дэлхийн хэмжээний хүн юм. Ярилцах сэдэв нь “Байгууллагаа томруулах нь: хэрхэн Хүмүүс, Стратеги, Гүйцэтгэл, болон Бэлэн Мөнгө хэмээх дөрвөн шийдвэрийг зөв гаргах арга хэрэгсэл” гэх тун сонирхолтой илтгэл тавих болно. Илтгэлдээ энэхүү өөрийнх нь өсөлтийн менежментийн системийг ашиглаж компаниуд хэрхэн томорсон тухай бодит жишээнүүдээс хуваалцах болно.

Мөн Нирит Харелыг дурдахгүй байж болохгүй. Энэ хүн бол Израиль улс дахь гарааны бизнесийн эко системд 20 гаруй жил ажилласан, 180 сая болон 350 сая долларын үйл ажиллагаатай олон улсын байгууллага удирдаж байсан туршлагатай. Ярилцах сэдэв нь инноваци, эмэгтэйчүүдийн ентрепренершип, манлайллын зорилго зэрэг сэдвээр илтгэл тавина.

Харин Монголд үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын төлөөллөөс Хас банкны ерөнхийлөгч бөгөөд шарк Г.Амартүвшин “Хэрхэн хэрэглэгчийн хангагдаагүй хэрэгцээг тодорхойлж борлуулалтаа нэмэх” сэдвээр илтгэл тавина. Борлуулалтаа нэмэгдүүлэх бол мэдээж хүн болгоны хүсч буй зүйл. Мөн үүнтэй холбоотой сэдэв гэвэл Вагнер ази тоног төхөөрөмж компанийн борлуулалтын хэлтсийн захирал Э.Энхдэлгэр “Борлуулалтын гүйцэтгэлийг удирдах нь” сэдвээр бодит туршлага болон мэдлэгээсээ хуваалцах болно. Түүнчлэн, “MCS” компани 10 жилийн хугацаанд 10 дахин өргөжсөн туршлага буюу хүний нөөцөө хэрхэн бэлтгэсэн тухайгаа хуваалцана. Энэ мэт олон хүмүүс олон сэдвийн дор хэрэгтэй мэдлэг мэдээллийг хуваалцах болно.   

Орчин үеийн хамгийн шилдэг гэсэн Өсөлтийн менежментийн системийн тухай бодитой мэдлэгийг чуулганд оролцогчид олж авахаас гадна өөр ямар ач холбогдол, давуу талыг тэд хүртэх вэ?

Дээрх давуу талаас гадна манай чуулганд оролцох хүмүүсийн хувьд бусадтайгаа networking хийх нь илүү сонирхолтой байгаа тул бид үүнийг үр өгөөжтэйгээр шийдэж байгаа. Хүмүүс ихэвчлэн өөрсдийн таньдаг хүрээлэлтэйгээ уулзаж ярилцдаг. Харин түүний оронд өөрийн сонирхож буй, өөрсдийн байгууллагадаа хэрэгжүүлье гэж бодож байгаа сэдвээрээ, жишээлбэл стратеги эсхүл гүйцэтгэл хэмээн, хуваагдаад бие биентэйгээ танилцаж туршлага хуваалцах боломжтой.

Дэлхийн гэх тодотголтой дасгалжуулагчид илтгэл тавьсан өргөн цар хүрээний, өндөр ач холбогдолтой чуулган болох гэж байна.  Энэхүү арга хэмжээг та бүхэн яагаад зохиох болсон бэ?

Бид 2015 оноос эхлэн менежментийн номууд орчуулж эхэлсэн. Би 2014 оны 1-р сард “Daily Drucker” номыг Бостон хотын номын дэлгүүрээс олж аваад үүнийг заавал эх хэл рүүгээ орчуулах шаардлагатай хэмээн бодсон.  2015 онд бид номыг “Өдөр бүр Дракертэй хамт” нэрээр орчуулан гаргасан. Энэ ном нь 39 ном бичсэн орчин үеийн менежментийн өвөг эцэг хэмээх агуу Питэр Дракерын бүтээл бөгөөд хамгийн сонирхолтой нь энэ агуу хүн таны хувийн ментор мэт өдөр бүр түүний бүтээлээс өөртөө болон өөрийнхөө байгууллагадаа хэрэгжүүлж болох шинэ санаа, шинэ зөвлөмж зөвлөгөө авах боломжтой ном юм.  Номын бизнес рүү орсон шалтгаан бол яг үнэндээ зүгээр л хүмүүст, Монгол удирдлагууддаа хэрэгтэй мэдлэгийг хуваалцахыг хүссэндээ байсан. Бидний зохион байгуулж буй “Growth Summit – Улаанбаатар 2019” чуулган бол яг л үүний үргэлжлэл. Дэлхий даяар өсөлтийн менежментийн систем гарсан нь Монгол удирдлагуудад байгууллагаа дэлхийн хэмжээний болгох, гадагшаа экспорт хийх болон дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх гэх мэт бидэнд олон давуу талыг олгож байна. Тиймээс бид үүнийг аль болох олон хүнтэй хуваалцахыг хүсч байгаа билээ.

Та бүхэн уг зорилгоо биелүүлэхийн тулд ганцхан арга хэмжээ зохиогоод зогсохгүй байх. Цаашид үргэлжлэх үү? Өөр ямар хөтөлбөр хэрэгжүүлэх вэ?

Алсыг харсан өөдрөг сэтгэлтэй, бүтээлч удирдлагууд цуглараад хоорондоо мэдлэгээ нээлттэй хуваалцдаг, хамтын өсөлтийг хамтдаа бүтээдэг, улам хурдтай хөгжих гэсэн уриан дор бид нэгдэж байгаа. Бид жил болгон “Growth summit-Улаанбаатар” чуулганаа томоохон хэмжээнд зохион байгуулна. Энэ жил манай чуулган маш сайн, чанартай болно. Ирэх жил бүр илүү сайжрах шинжтэй байна.  Гэхдээ зөвхөн жилдээ нэгхэн удаа удирдлагууд цугларах бус, нэгэнт эерэг сэтгэлтэй бүтээлч хүмүүс цугларч байгаа болохоор хамтдаа хөгжихийн тулд хэрэгжүүлж болох хамтдаа сурах, хамтдаа өсөн дэвших олон сайхан боломжууд гарна гэдэгт итгэлтэй байна.

“Growth Summit-Улаанбаатар 2019” чуулганы талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Х. Саранзаяа

Business.mn сэтгүүлийн шинэ дугаараас юу унших вэ?

Өмнөх нийтлэл

Үндсэн хууль ба бизнес

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur