Леонид Шугуров Cisco, INLINE Technologies зэрэг компанид ажиллаж байсан туршлагатай бөгөөд Микрософтын Монгол дахь түншээр ажилладаг Empasoft компанийн арга хэмжээн дээр түүнтэй ярилцлаа. “Амьдралд эцсийн үр дүн гэж байхгүй, бүх л зүйл тасралтгүй үргэлжлэх үйл явц” гэдгийг тэрбээр яриандаа дурдаж байлаа. Түүнтэй ярилцсаны дараа LinkedIn-ын профайл руу нь ороод үзтэл “54 жил дэлхий дээр, 32 жил аз жаргалтай нөхөр, 29 жил хоёр охины азтай аав, 27 жил мэдээлэл технологийн бизнест” гэх мэтээр доош хөвөрсөн жагсаалтыг олж үзэв. Нэг л улаагийн биш үргэлж тасралтгүй шинэчлэгдэх танилцуулгаа тавьсан байгааг хараад “Дараа жил түүний уг танилцуулга 33 жил аз жаргалтай нөхөр, 30 жил хоёр охины азтай аав гэх мэтчилэн шинэчлэгдэх нь дээ” гэж бодоод амжив. Түүний ярьж байснаар бүх л үйл явц тасралтгүй үргэлжилдэг бөгөөд эцсийн үр дүн гэж байхгүй гэх санаа түүний хувийн танилцуулгаас ч тод харагдаж байсан юм.

-Таны илтгэлийн сэдвээр асуултаа эхэлье. Дижитал шилжилт хийхдээ компаниуд яагаад бүтэлгүйтдэг вэ?

-Та ямар нэг технологийг хэрэглэх гэж байна гэж бодъё. Гэтэл та тэр технологийн талаар мэдэхгүй бол тухайн технологийг яаж үр дүнтэй хэрэглэх юм бэ? Үүнтэй адил компаниуд дижитал технологийн талаарх янз бүрийн ойлголттой байдаг. Дижитал шилжилтийн талаар мэддэг гэж боддог хүмүүс үнэн хэрэгтээ маш өнгөцхөн ойлгох тохиолдлууд бий. Дижитал шилжилтийг илүү ойлгох тусам бага саад бэрхшээлтэй тулгарна. Энэ нь ойлгоход тийм ч төвөгтэй зүйл биш бөгөөд ердөө л энгийн нэг санаа юм.  Нэгт байгууллагууд дижитал шилжилтийн төсөл гэж хэрэгжүүлээд дуусчихна гэж боддог ч дижитал шилжилт нь тасралтгүй үргэлжлэх үйл явц гэдгийг нэн түрүүнд ойлгох хэрэгтэй. Мөн компаниуд яагаад дижитал шилжилтийг хийж байгаа зорилгоо сайтар ухамсарлаагүй байдгаас болж бүтэлгүйтэх нь түгээмэл. Дижитал технологид маш олон саад байгаа ч миний хувьд хамгийн гол асуудал нь бидний сэтгэлгээ буюу шинэ зүйлийг хүлээж авах дургүй хандлага юм.

-Дижитал шилжилтийг ойлгож байгаа гэж боддог ч үнэн хэрэгтээ ойлгоогүй яваа хүмүүст илүү тодорхой тайлбарлаж өгөөч?

-Тэгэлгүй яахав. Миний олсон хамгийн энгийн бөгөөд цэгцтэй тодорхойлолтоор “Дижитал шилжилт бол хувирч өөрчлөгдөж буй технологи, үйл явцын тусламжтайгаар илүү инновацлаг, уян хатан бизнесийн болон үйл ажиллагааны загварыг бий болгох эрэл хайгуул юм”. Зарим хүмүүс дижитал шилжилтийг маркетингийнхны дэвэргэж буй ойлголт, сенсаац мэтээр хүлээж авдаг. Харамсалтай нь тийм биш.

-Та анх технологийн салбарыг хэрхэн сонирхох болов?

-Cisco, Autodesk зэрэг олон технологийн компанид би нийтдээ 27 жил ажилласан. Одоо энэ чиглэлээр консалтингийн үйлчилгээ үзүүлдэг компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

-Зөвлөгөө, консалтинг өгсөнөөр амжилттай болж байсан кейсээсээ яриач?

-Амжилт гэдэг харьцангуй ойлголт. Дэлхий даяар дижитал технологи өдгөө богино хугацаанаас урт хугацааны шинж чанартай болж өөрчлөгдөж байна. Бүх л зүйл өөрчлөгдөж, хувьсаж буй галзуу гэмээр нөхцөлд бид өнөөдөр амьдарч байна. Дижитал шилжилт гэдэг бол эцсийн зогсоол биш харин тасралтгүй аялал юм. Тиймээс компани амжилттай яваа гэдгийг урт хугацааны дараа л мэдэх боломжтой. Би Москвад нэгэн том компанид ажиллаж байсан юм. Топ менежер, ахлахууд гурван хоногийн турш хуралдсаны эцэст үйлчилгээний бизнес загвар руу шилжихээр шийдсэн юм. Миний хувьд энэ бол амжилт. Учир нь тэд энэ шийдвэрийг гаргах гэж хоёр жил зарцуулсан юм. Гэвч энэ шийдвэр нь тэднийг амжилттай байх баталгаа болох уу гэвэл мэдээж үгүй. Амжилттай байх эсэх нь урт хугацааны тасралтгүй ажлын үр дүн юм. Амьдралд эцсийн үр дүн гэж байдаггүй.

-Эцсийн үр дүн гэж байхгүй учир ямар цаг хугацаанд тэр амжилтыг ярьж байгаагаас их зүйл хамаарах гээд байна аа даа?

-Энэ нь хүмүүсийн сэтгэлгээний л ялгаа юм. Хүмүүс ихэнх ажлыг төслийн өнцгөөс л хардаг. Тэд А цэгээс Б цэгт хүрж л байвал гэж эндүүрэх нь бий.

-Технологийн хувьд компаниудад зөвлөгөө өгөөд ажиллахдаа та ямар арга барил ашигладаг вэ. Ямар алхмууд хийвэл компаниудыг хамгийн үр дүнтэйгээр ажиллуулах уу?

-Зарим тодорхой шийдвэрийг яагаад гаргамааргүй байгааг өөрсдөөр нь тайлбарлуулдаг. Урьд нь бодож үзээгүй боломжуудыг нь ил болгож тэдэнд гаргалгааг нь гаргахад тусална. Зарим нь би яагаад энэ залууд итгэх ёстой гэж хэмээн асуух тохиолдол гардаг ч би судалгаан дээр үндэслэж мэргэжлийн ажилладаг учир надтай хамтарч ажиллах эсэхийг эцэстээ тэд л шийддэг.

-Компаниудад зөвлөгөө өгөхдөө хамгийн эхэнд ямар алхмуудыг хийдэг вэ?

-Хамгийн эхэнд би байгууллагыг биш ажилтнуудыг нь судалдаг. Захирлаас авахуулаад бүх л удирдлагын түвшний ажилтнуудтай ярилцсанаар тэд ямар ойлголттой явдгийг мэдэж авна. Эндээс л миний ажил цаашлаад бүх тоо, мэдээллийг цуглуулах, шинжилгээ хийх зэргээр урагшилна даа.

-30 гаруй жил энэ салбарт ажиллахад ямар нэгэн гаргаж байсан том алдаа юу байв. Түүнээсээ юу сурч байв?

-Миний ажил дижитал шилжилтийн төслүүдийг хийхээс илүүтэйгээр бизнест зөвлөгөө өгч дараагийн алхмуудыг хийхэд нь тусалдаг. Бизнесийн көүч учраас би шийдвэр гаргахад боломжит тэр орчинг нь бүрдүүлснээр удирдлагын түвшний ажилтнууд шийдвэр гаргах боломжтой болдог. Ийм онцлогтой учир гаргасан алдаа гээд шууд хариулахад хэцүү.

-Дижитал шилжилтийг хийхийг хүсч буй Монголын компаниудад юу гэж зөвлөх вэ.

-Монгол улсын хувьд шинэ технологийн гарааны компаниудын том зах зээл биш. Зөвхөн богино хугацаанд л төвлөрч хагас жил, жилийн хугацаанд хөрөнгө оруулаад л ашгаа авах бол өөр асуудал. Анхнаасаа урт хугацааны төслийг эхлүүлэх хэрэгтэй. Томоохон хөрөнгө оруулагчдад очиж санаагаа танилцуулж, хөрөнгө босгох л хэрэгтэй. Хуучны бизнес загвар, шинэ бизнес загварын хооронд маш их зөрүү бий. Өнгөцхөн харвал ердөө л subscribe хийж байгаа мэт боловч тэр бүхний цаана маркетинг, өрсөлдөөний загвар гэх мэт бүх л бүтэц өөрчлөгдөж байгаа юм.                                                                                                                                             

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Подкаст: Номын хэлэлцүүлэг: “Амжилтын 10 алхам”

Өмнөх нийтлэл

Slack-ын түүх ба бүтэлгүй CEO

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох