Life style

Америк хэв маяг

0

ТЭМДЭГЛЭЛ

2002 он. Өвлийн олимп. Солт Лэйк хот. Чанасан кофе, шарсан тахианы үнэр. Анхандаа юуных болохыг нь мэдээгүй. Агаар нь ийм л байдаг юм байх даа хэмээн бодож билээ. Хожим Америкт дахин зочлоход өнөөх танил үнэр дахиад л тосон авсан юм. Хаана л явна үнэртэх содон үнэр шүү. Ингэж л монгол сэтгүүлч алс холын Америк оронтой танилцаж билээ. Хаанаас нь харсан ч танина гэдэг шиг хэзээ ч очсон бай Америк орныг үнэрээр нь танихаар болсон. Хүнд төрсөн анхны сэтгэгдэл дараа нь төрөх бодол санааны үргэлжлэл байдаг гэдэг. Үнэхээр ч Америк орон, америк түмэн бусдаас өөр аж.

Үзсэн харсан юм бүхэн, уулзсан ярилцсан хүн бүр өөр сэтгэгдэл, ондоо бодлыг төрүүлэх. Тухайлбал, хүмүүсийн эгэл хэв маяг нь миний сэтгэлийг хамгийн их татдаг. Та гадаадын иргэн байна уу, ази хүн байх нь америкчуудад огт сонин биш. Америкчууд өөр хоорондоо яаж эелдэг харилцдаг, тийм байдлаараа л тантай харилцана. Хэзээний танилууд шиг сайхан инээнэ, эртний найзууд мэт үнэн сэтгэлээсээ тусална. Гадаад хүнд бол илүү тусч байдаг нь олон жишээнээс харагддаг. Нэг түүхийг сайн санаж байна.

Солт Лэйкийн өвлийн олимпийг сурвалжлахаар очоод би Медиа центрээ олохгүй өглөөний 06 цагт орь ганцаараа гудамжинд баахан будилсан юм. Бараг л төөрсөн дөө. Арга ядаад, хуруу гараа оролцуулан байж хоёр эмээгээс тусламж хүслээ. Гэтэл тэд явах замыг минь зааж өгсөнөөр барахгүй хаа байсан хотын захад байх Медиа төвд явганаар хүргэж өгсөн шүү. Газар танихгүй, хэл мэдэхгүй гадаад хүнд үүнээс илүү тус гэж юу байх билээ. Баярласандаа болоод бараг л уйлсан дөө.

Ийм эгэл хэв маяг Америк орныг чимдэг. Үүнд нь гадны олон зочид ч татагддаг. Сургууль, коллежид нь суралцлаа ч ийм л сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Зарим оронд бол оюутнууд нь уугуул, суугуулаараа ялгарчихдгаас болж гадуурхагдсан мэт мэдрэмж гадны бидэнд төрөөд хэцүү л байдаг. Тэгвэл Америкт тийм зүйл үгүй. Хичээлд суусан өдрөөсөө л ангийн оюутнуудынхаа сайн найз нь болно, энэ сургуулийн нэг эд шүү гэдгийг багш нараас нь мэдэрч эхэлнэ. Угаасаа америк залуус өөрсдөө удирдаад, чиглүүлээд явчихдаг юм билээ. Нэг удаа манай сургуулийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Филадельфид болоход ази, африк залуус нэг баг болж оролцсон юм.

Олон янзын хэл, соёлтой улсаас бүрдсэн манай баг хол явахааргүй байсан л даа. Гэтэл бид 80 гаруй багаас хожсоор яваад шууд мөнгөн медальд хүрч билээ. Үүнд америк оюутнуудын дэмжлэг гол үүргийг гүйцэтгэсэн юм. Эсрэг багууд илүү туршлагатай, илүү хүчтэй байхад тэднийг бус биднийг дэмжсээр, дасгалжуулсаар л байлаа. Хүний газар оччихоод хүний тэмцээнд оролцохдоо тийм халуун дулаан дэмжлэгийг хүртэнэ чинээ зүүдлээ ч үгүй байв.

Ардчилал бол хариуцлага гэдэг. Тэгвэл Америкт хариуцлагын мөн чанарыг бүрэн утгаар нь ойлгоно. Үгүй, тийм байхыг танаас хэн ч шахаж шаардахгүй. Тийм байх ёстой юм байна гэдгийг өөрөө л ойлгож авдаг. Хууль бол заавал дагаж мөрдөх хэм хэмжээ гэдгийг иргэд нь маш сайн ухамсарладаг учраас хийх үйлдэл болоод хэлэх үг нь хүртэл зөв зохистой. Уугуул иргэд нь ийм ёс журамтай байхад суурьшихаар очсон хэнбугай ч тогтсон журмыг зөрчиж яахан зүрхлэх билээ. Харин ч ёсыг нь дагаж, усыг нь уух бүртээ америк мөн чанарыг илүү ойлгож, америк хэв маягт улам уусдаг аж.

Хамгийн наад захын жишээ бол төрийн далбаа мандуулах зан заншил. Энэ нь Америкт соёлын хэмжээнд хүртлээ хөгжсөн. Зарим нэг баяр ёслолд зориулан мандуулах бус жилийн дөрвөн улирлын турш гэр, байрандаа мандуулдаг жаяг нь бидний үлгэрлэж авах нэг чухал соёл юм. Өнгөц харахад, энэ нь зөвхөн америк иргэдэд хамаатай уламжлал мэт боловч Америк оронд суурьшсан гадаадын иргэн, айл өрхүүдийн түгээмэл мөрддөг зан үйл болон өргөжин хөгжжээ. Энэ нь Америк орны талаарх тэдний дотоод сэтгэлийн гадаад илрэл байдаг.

Хүний газар очсон монголчууд маань нутаг орноо санагалзах нь цөөнгүй. Нэг хэсэг нь дуугаа сонсч, киногоо үзэн тайвширдаг бол нөгөө бүлэг нь Америк орны сайхантай танилцаж аялах. Ингэж аялах нь цаанаа утга жанцантай. Учир нь Монгол улстай төсөөтэй зүйл Америкт олон байдаг. Газрын тогтоцын хувьд Пеннсилван, Колорадо, Юта мужийн байгаль нь яалт ч үгүй Монголыг маань санагдуулна. Сүрлэг том хадан уулуудыг нь харахаар Алтайн уулс, Хангайн нуруу байна гэж андуурам.

Делавэйр, Нью Жерсийн нуур цөөрөм, ой сөөгөөр нь аялахаар Хан Хэнтийн их тайга, Тужийн нарсын ой шугуй гэж эндүүрмээр. Техасын хээр тал нь бол бараг л говио говь. Ямар сайндаа л Солт Лэйк хотоос өвлийн олимпийн анхны сурвалжлагаа бичихдээ би “Алтайн нурууг бодогдуулам хөх уулс” гэж ирээд л уянгалуулж эхлэх вэ дээ.

Америк орон өөрийн гэсэн хэв маягтай ч Монголыг маань санагдуулам. 

Ж. Баяржаргал

Хүнсний бүтээгдэхүүндээ хэрэглэгчдийг татах дараагийн алхам юу вэ?

Өмнөх нийтлэл

Номын тэмдэглэл: Хөгшрөхөөсөө өмнө амжиж унших НЭГ ном

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com