Гольфийн дүрмийн гол онцлог нь ёс зүйтэй байх. Энэ нь “Tee time” хэмээх гольфын соёл, дүрмээр зохицуулагдана. Энд дэг журамтай байх, тохирсон цагтаа тоглож чадахгүй байлаа ч заавал биеэр очиж энэ тухайгаа илэрхийлэх жишээтэй. Мөн талбай дээр жийнсэн өмд, ботинктой явах нь зохисгүй. Өндөр зэрэглэлийн талбайд ийм хувцастай оруулдаг ч үгүй. Заавал захтай цамц өмсөх гэх зэрэг байдлаар хүнийг төлөвшүүлэхээс гадна сэтгэл зүйн тэвчээрийг сургадаг.

Энэ бүх шинж чанар бизнесмэн хүнд төвлөрсөн эсэхийг тандахын тулд бизнесийн хамтрагч түншүүдтэйгээ заавал гольфийн талбайг зорьдог жишиг олон улсад нэгэнт тогтжээ. Хамтарч ажиллах боломжтой хүн үү, үгүй юү гэдгийг шалгадаг гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, гольфын спорт нь  хүнийг маш сайн таниулж чаддаг байна. Сайн эсвэл муу тоглож байгаагаар нь ажлын амжилтыг нь ч дүгнэж болдог. Энэ тухай “Заг” группийн захирал Б.Нэмэхбаатар хэлэхдээ “Жаахан алдаа гаргамагцаа уурлаж, цохиураа шидэх мэтээр янз бүрийн авир гаргах хүмүүс байдаг. Эсвэл чимээ гаргаж, хоорондоо ярих байдлаар бусдынхаа тоглолтын эрч, анхаарлыг алдагдуулдаг. Тоглолт дундаас тэвчээр нь алдарч хаяад явах нь ч бий. Ийм хүн хэзээ ч хамтарч ажиллаж чадахгүй. Ид ажил эхлээд явж байтал жаахан бэрхшээл гарахад хаяад явах магадлал өндөртэй” гэж байлаа.

Б.Нэмэхбаатар гуай Монголын гольфийн анхдагчдын нэг, өдгөө ахмад сонирхогч. Түүнтэй хамт 2003 онд нэг зуслангийн хэсэг нөхдүүд тоглож эхэлсэн нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Инээмсэглэл” хамтлагийн гэх Хас банкны Ч.Ганболд, “Дефакто” Д.Жаргалсайхан, “Ти энд Жи” компанийн захирал Н.Цогтоо, “Шермикс” компанийн захирал н.Цогтбилэг, нэрт сэтгүүлч Ц.Балдорж нар юм.

Гэхдээ энэ үед гольф тоглодог хүн нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал хоёр л байсан аж. Бусад нь буюу Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Жаргалсайхан, Ардын Я.Батсүх, Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Б.Ганболд, MCS-ийн Ж.Оджаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Сэдваанчиг, Германд элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадорж нар тэднээс суралцсан “сурагчид” ажээ. Тэдний түүчээ болон өдгөө 16 жилийн дараа ойролцоогоор 200 гаруй хүн гольф тоглох болсон юм.

Тухайн үед Монголын хамгийн анхны гольфийн талбайг “UB resort” нэртэйгээр Б.Нэмэхбаатар БНСУ-д олон жил ажилласан С.Зоригоо хэмээх залуугийн хүчин зүтгэлээр солонгос бизнесмэнтэй хамтран байгуулж байв. Харин өнөөдөр манай улсад олон улсын стандартад нийцсэн MCS-ийн Скай рекорт дахь “Маунт Богд” болон Сонгинохайрханы “Туул ривер” гэсэн 18 нүхтэй гольфийн хоёр талбайтай болжээ. Үүнээс жижиг хэмжээтэй нь Тэрэлжид хоёр бий.

Гольф нь цэвэр байгальтай харьцдаг спорт. Байгаль дээр цохиураа бариад гарахад хүн өөрийнхөөрөө байж, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлдэг. Нэг удаад гольф тоглоход ирж буцах, хувцсаа солих гээд долоон цаг орчим хугацааг зарцуулдаг. Нэг тоглолтын 18 нүхээ тойрон тоглох явцад дунджаар 10 км алхдаг байна.

Энд хүмүүс тайвшрал, кайф авангаа зорьсон хүмүүстэйгээ уулзах боломж олддог. Мөн маш хурдан дотно нөхөрлөж чаддаг аж. Энэ талбай дээр ажлын хэлцэл хийгдэх тохиолдол ч олонтой.

Гольфийн “Eagle”, “Заан тэрэлж” гэсэн клубүүд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Б.Нэмэхбаатар “Заан тэрэлж” клубт харьяалагддаг байна. Тэр хаана ч очсон гадна, дотны түншүүдтэйгээ заавал гольф тоглодог. Гадагш явахдаа гольф тоглохгүйгээр ирнэ гэж байхгүй.  Зуны улиралд долоо хоногт 2-3 удаа тоглодог бол өвлийн улиралд шинэ жил болон бусад онцгой баяр ёслолын үеэр клуб, найз нөхдөөрөө дулаан орон руу явж тоглодог.

Энэ төрлийн Orgil Cup, Nissan Y-62 Cup, Range Rover Cup, Mongolian Open,  Вагнер Ази, Голомт гэх зэрэг байгууллагын нэрэмжит томоохон тэмцээн уралдаан зохион байгуулагдана. Хамгийн том нь бүтэн дөрвөн өдрийн турш зохион байгуулагддаг Улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Ялангуяа зуны улиралд завсар зайгүй тэмцээн болдог хэмээн Б.Нэмэхбаатар хэлж байлаа. Өнгөрсөн хагас сайн өдөр л гэхэд Монголын гольфчидын улирлын нээлтийн тэмцээн  буюу “БАЛДОРЖ КАП 2019” болсон юм. Б.Нэмэхбаатар ч уламжлал ёсоор уг тэмцээндээ амжилттай оролцжээ.

С. Баярмаа

Сайн тогооч сайн энтрепренерийг хэрхэн бүтээдэг вэ?

Өмнөх нийтлэл

Барилгын бизнес эрхлэгчдэд баримтлах бодлого буюу “амлалт”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style