Өсөх стратегиТоп нийтлэл

Монгол Хятадын харилцаа дэлхийн сонорт

0

1949 оны 10р сарын 16-нд Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоожээ. Үүнээс хойш хоёр орны хооронд эдийн засаг, худалдаа, бизнес, соёл, спорт, технологи, дэд бүтэц гэх мэт салбар салбарын харилцаа, солилцоо хурдацтайгаар хөгжиж буй. Тодруулбал, 1900-2019 оны эхний хагас жилд манай улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 14,000 орчим байсан бөгөөд үүний 50 хувь нь Хятад улсаас орж ирсэн байна. Энэ хугацаанд БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.долларт хүрч, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 20.1 хувийг эзэлж, хөрөнгө оруулалтын хэмжээгээр 112 орны эхний байранд оржээ. Ийнхүү хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, түүнийг дагасан бусад салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгааг хоёр улсын төлөөллүүд Монгол-Хятадын гурав дахь удаагийн эскпогийн үеэр хэлэв. Хятад-Монголын хамтарсан экспо нь хоёр орны Засгийн Газар хамтран зохион байгуулж буй дэлхийд чиглэсэн олон улсын үзэсгэлэн яармаг юм. Энэ удаагийн экспогийн хүрээнд Хятад, Монгол, Орос гурван орны эдийн засгийн коридорыг байгуулах, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах ажлыг зорилт болгон ажилласан. 

Улс эх орны хөгжлийн түүчээ болсон бизнес эрхлэгчид уг экспод манлайлан буюу нийт 1296 ААН оролцож хамтран ажиллах гэрээ болон борлуулалт, худалдааны ажлыг амжилттай хийсэн. Тодруулбал, экспогийн гол хурал буюу “Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ын үеэр Монголын талаас 40 гаруй ААН, өөрийн 50 гаруй төсөл хөтөлбөрийг танилцуулж, тодорхой хэмжээний амжилттай ажиллажээ. Мөн экспогийн хүрээнд ӨМӨЗО-ы Хөх Хот болон Улаанцав хотуудад болсон үзэсгэлэнд Монголын талаас ирсэн 500 гаруй компаниуд өөрийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, шууд борлуулалтын ажлыг хийсэн юм. Ийнхүү бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын хооронд практик ажил өрнөж байх зуур Хятад, Монгол болон зарим талаараа уг хоёр улстай хамтран ажилладаг бусад улсын төрийн төлөөллүүд улс хоорондын хамтран ажиллахын талаар байр сууриа илэрхийллээ.

2015, 2017 болон 2019 онуудад тус тус амжилттай зохион байгуулагдсан Монгол-Хятадын хамтарсан экспо хэдийнэ зөвхөн бүс нутгийн гэлтгүй дэлхий нийтийн анхаарлын төвд оржээ. Түүнчлэн дэлхийн томоохон гүрнүүд худалдааны дайн өрнүүлж байгаа энэ үед экспод оролцож буй Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Израйл улсын өндөр дээд албан тушаалтнууд бүс нутгийн хөрөнгө оруулагчдыг идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа.

ӨМӨЗО-ны намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад-Монголын экспог зохион байгуулахад дээд хэмжээгээр анхаарал хандуулж халуун найдлага тавьсан. 2015 онд болсон анхны экспогийн үеэр дарга Ши Жиньпин баярын илгээмж явуулсан байдаг. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол улсад айлчлахдаа уг экспог хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2015 болон 2017 онуудад болсон экспод давхардсан тоогоор 4000 гаруй ААН оролцож, 276 хамтын ажиллагааны хэлэлцээр, санамж бичиг, санаачлагыг байгуулж, тэдний тохиролцсон нийт хэмжээ 228 тэрбум юаньд хүрчээ. ӨМӨЗО нь Хятадын умард нутагтаа нээлттэй байх үзэсгэлэнт тал болсон байна. Мөн харь нутагт нийлүүлж буй сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноолуур, үр тариа, нүүрс, байгалийн хий, эрчим хүчийн хэмжээгээрээ Хятад улсдаа тэргүүлж байна. Орон нутгийн эдийн засаг үсрэнгүй дэвшилт үзүүлж буй. Тодруулбал, 2018 онд эдийн засгийн нийт хэмжээ 1.7 их наяд юаньд хүрсэн. Ард түмний амьжиргааны түвшин өдрөөс өдөрт дээшилж байна. Хотуудын байдалд маш их өөрчлөлт гарч, орчин үеийн шинэ хотуудыг хөгжин дэмжиж ирсэн. ӨМӨЗО-ы төмөр замын нийт урт 12 мянган км-т, авто замын нийт урт 200 мянган км-т хүрсэн. Түүнчлэн ӨМӨЗО-нд нийт 30 орчим олон улсын онгоцны буудал байна. Бохирдлыг бууруулах талаар бодлого хэрэгжүүлэн ажилласнаар хотжилт ихэсч, цөлжилт багасч байна. 2018 онд импорт, экспортын нийт хэмжээ 103,5 тэрбум юаньд хүрч Манжуур болон Эрээний боомтоор дамжих Хятад Европын галт тэрэгний өсөлт 52 хувьд хүрчээ. Үүний дотор ӨМӨЗО-оор дамжин өнгөрч буй Хятад-Европын галт тэрэгний тоо 219 болж, өмнөх оны энэ үеэс 1.4 дахин хувиар нэмэгдсэн. Түүхийн шинэ гараан дээр бид Ши Жиньпин даргын чухал зааврын дагуу Өвөр Монголыг Хятад улсын умард нутагт нээлттэй, шинэ улс болгон, бүх нутгийг хамарсан нээлттэй индэр болгохыг зорин ажиллаж байна. Учир нь өнөөдөр дэлхийд нээлттэй хамтын ажиллагаа трэнд болоод буй. Хятад, Монгол, Орос гурван орны эдийн засгийн коридорыг байгуулах, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах ажилд дараах санаачлагыг дэвшүүлж байна.

  1. Дэд бүтцээр холбогдох ажлыг эрчимжүүлэх. Хятад Монгол хоёр улсын хилийн ойролцоох зарим дэд бүтэц хоцронгуй байна. Хоёр талын авто зам, төмөр зам, боомтын төслийн бүтээн байгуулалтыг сайжруулан, эрчимжүүлж, идэвхтэй үр дүнд хүргэхийг хүсч байна. Мөн Өвөр Монголоор дайран нисэх агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
  2. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх. Өвөр монгол нь эрчим хүч, бохирдолгүй эко бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ХАА болоод аялал жуулчлалын баялаг баазтай нутаг. Тиймээс эдгээр салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж тасралтгүй өргөжүүлж, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн гинжин хэлхээг өргөжүүлэн, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг өргөнөөр үйлдвэрлэж, харилцан сул талаа нөхөн, харилцан ашигтай ажиллахыг уриалж байна. Үүнээс гадна Өвөр Монгол нь Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.
  3. Хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол болон олон улсуудын хоорондох хүмүүнлэгийн солилцоо тасралтгүй нягтарч байна. Энэ тал дээрх хамтын ажиллагааны арга хэлбэрээ шинэчилж, засгийн газрын болоод иргэдийн хооронд найрсаг холбоог хөгжүүлж,урлаг уран сайхан, боловсрол, шинжлэх ухаан, технологи, эмчилгээ, спорт гэх мэт хүмүүнлэгийн салбар дахь солилцоогоо эрчимжүүлэн, найрсаг харилцаагаа тасралтгүй ахиухалыг хүсч байна.

Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг:

Монгол Хятад хоёр улс нь 4700 гаруй км газар нутгаар хиллэдэг өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн мөнхийн хөршүүд юм. 2015 оны Монгол-Хятадын экспод 300, 2017 оны экспод 400 орчим ААН оролцож, нийт 1,13 тэрбум юанийн борлуулалт хийн, 2,28 тэрбум юанийн өртөг бүхий 278 хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулан Монгол-Хятадын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Цаашид хоёр талын худалдааны бүтцийг сайжруулахад уул уурхай бус экспортыг нэмэгдүүлэх, бүс нутагт эрүүл аюулгүй, нэмүү өртөг шингээсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зэрэг манай Засгийн газраас баримталж буй зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү экспогийн арга хэмжээ чухал ач холбогдолтой. Монгол Улс нь Зүүн Хойд Азийн орнуудтай найрсаг харилцаа хөгжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталдгийн хувьд Монгол-Хятадын экспогийн хүрээ далайцыг өргөжүүлж, бүс нутгийн бусад орныг урин оролцуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ярилцах суваг болгож буйд талархан дэмжиж байгаа юм. 

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин  

Зүүн Хойд Азийн орнууд эдийн засгийн хөгжлийн түвшин, санхүүгийн боломж, хөдөлмөрлөх хүчний нөөц зэрэг олон чиглэлээр давуу талтай, харилцан нөхөх боломж сайтай боловч бус нутгийн орнууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны өнөөгийн байдал тэдгээрийн нөөц, боломжтой нь харьцуулбал, доогуур байна гэсэн судалгаа бий. Үүний гол шалтгаан нь улс төр, аюулгүй байдлын нөхцөлтэй холбоотойн зэрэгцээ бүс нутгийн бүх орныг хамарсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бий болоогүй байгаатай холбоотой юм. Иймд бус нутгийн орнуудын өргөн төлөөлөл оролцсон ийм хурал, форумын хүрээнд бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, дэд бүтцээр харилцан холбогдох байдлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар бүтээлч санал солилцох нь чухал. 

Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.3 хувиар, 2018 онд 6.9 хувиар, энэ оны эхний хагас жилд 7.3 хувиар өссөн бөгөөд эдийн засгийн өсөлтийн хандлага цаашид ч хадгалагдах төлөвтэй гэж олон улсын банк, санхүүгийн байгууллагууд таамаглаж байна. 2018 онд манай улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 онтой харьцуулахад 18 хувиар өсч, 2,47 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ оны эхний хагас жилд ч мөн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн дүн гарч буй нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж буйг харуулж байна. 

Манай Улс “Үйлдвэржилт 21:100”, “Монгол Экспорт”, “Ноолуур” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлыг нээхэд бэлэн болж буйн зэрэгцээ хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа нь манай нийслэл хот болон холбогдох бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал түлхэц үзүүлэх юм. 

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Бай Мачилин:

2018 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын уулзалт болон ОХУ-д болсон Дорнодын эдийн засгийн уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай хоёр удаа уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр дахь удаагийн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны уулзалтаар хоёр төрийн тэргүүн дахин уулзаж “Бүс ба Зам” хөгжлийн санаачлагын холболтын ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурахад оролцсон. Сүүлийн жилүүдэд Хятад-Монголын эдийн засгийн харилцаа улам өргөжин, хоёр орны ард түмэнд маш их үр өгөөжийг хүртээсэн. Тодруулбал, 2018 онд хоёр орны худалдааны хэмжээ 7 тэрбум 900 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оноос 27,7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын 65 орчим хувийг Хятад улс эзэлдэг. 2019 оны 1-6 дугаар сард хоёр орны худалдааны хэмжээ 4 тэрбум 800 сая ам.долларт хүрч 4,7 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь Монгол улсын гадаад худалдааны 30 гаруй хувийг эзэлж байгаа юм. Мөн чөлөөт худалдаагаа улам амжилтад хүргэн, Эрээн хот болоод Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, үйлдвэрлэлийн хүчин чадал хөрөнгө оруулалтаа ХАА болон уул уурхай, хилийн чанадын тээвэрлэлт зэрэг салбарын хамтын ажиллагаанд зарцуулсан байна. Мөн байгаль орчны бохирдлоос сэргийлж, боомтын дэд бүтцийн ажлыг ахиулсаар байна. Ийнхүү хоёр орны худалдааг хөгжүүлэхэд Өвөр Монгол чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, Өвөр Монгол нь Хятадын эдийн засгийг Монголд нээлттэй байх тал дээр чухал үүрэг гүйцэтгэсэн. Хоёр орны засгййн газрын хүчин чармайлтаар цаашид улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Тиймээс хоёр орны хамтын ажиллагааг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Энэ хүрээнд ирэх жилүүдэд боомт, төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүчээр холбогдох ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. 

БНСУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Жан Ха-Сун:

Өмнөд Солонгос улс нь энэ удаагийн экспод зочин хэлбэрээр оролцож байна. Хятад Монголын энэхүү харилцаа нь Зүүн хойд Азийн чухал индэр болж байна. Ялангуяа дэлхийн эдийн засгийн худалдааны салбарт чухал үүрэг гүйцэтгэх болсон. Зүүн Хойд Ази болоод Евразийн хойд бүсийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж буйгийн хүрээнд Өмнөд Солонгос нь эргэн тойрны орнуудтай Зүүн Хойд Азийн “Супер сүлжээ” болон Зүүн Азийн төмөр замыг хамтран бүтээлцэж байна. Зүүн Хойд Азийн “Супер сүлжээ” байгуулалтын хувьд Өмнөд Солонгос улс нь Хятадтай цахим сүлжээ тал дээр идэвхтэй харилцаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний асуудлаар Монголтой харилцаж байна.  Зүүн Хойд Азийн төмөр замын хамтын ажиллагаа нь төмөр зам болон дэд бүтцийг шийдэх хөрөнгө оруулалт, цаашлаад улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл юм. Хятад болон Өмнөд Солонгос хоёр улс нь 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш салбар бүрийн ажлыг эрчимтэй хөгжүүлсэн. Өмнөд Солонгос ба Хятад хоёрын худалдааны хэмжээ дипломат харилцаа тогтоосны эхэн үед 43 хувиар нэмэгдэж байсан. Түүнчлэн Хятадын хамгийн том түнш болж чадсан буюу Өмнөд Солонгос нь Хятад улсын гурав дахь том худалдааны хамтрагч болжээ. Тиймээс Өмнөд Солонгос улс нь Хятад улсаас санаачилж буй “Бүс ба Зам” санаачлагыг дэмжин бусад орнуудтай нягт хамтран ажиллаж, Зүүн Хойд Азийн хамтын хөгжил цэцэглэдтэд хамтран ажиллах боломжтой.

ОХУ-ын Красноярск мужийн ХАА, Худалдааны орлогч сайд Москаленко Сергей Викторович:

Красноярск муж бол ОХУ-д нутаг дэвсгэр болон аж үйлдвэрлэлийн хэмжээгээр хоёрт ордог том муж юм.  2018 оны буудайн ургац 80 сая тоннд хүрчээ. Тиймээс Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд Тува улс болон Красноярск муж хамтран оролцох хүсэлтэй байна. Тодруулбал, ХАА болон худалдааны чиглэлээр хамтран ажиллахыг хүсч байна. Уг саналыг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин дэмжиж буй билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид 29 тэрбум ам.долларын өртөгтэй, хамтран ажиллах боломжтой 32 төслийг танилцуулж байна. Эдгээр хамтын ажиллагааны төсөл нь байгалийн хий, хөнгөн уурхай, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой билээ. Түүнчлэн манай мужид үйлдвэрлэлийн ХАА эрчимтэй хөгжиж буй. Тодруулбал, буудай, туслах ургамал болон эко үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Хятад Орос хоёр улсын ХАА салбарт хамгийн сүүлд хийсэн хамтын ажиллагаа гэвэл өнгөрсөн долоодугаар сард шар буурцгийг ОХУ-аас Хятадад нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.

Японы ёс зүйн хүрээлэнгийн тэргүүн Марүяма Тошияки: 

Өнөөгийн дэлхий ертөнцөд технологийн шинэ нээлтүүд хурдацтайгаар төрсөөр байна. Эдийн засаг болон соёлын ажиллагаанд улс орнууд хамтран ажиллахаас гадна байгаль орчны хувьд хамтран ажиллах нь зүйтэй. “Японы ёс зүйн хүрээлэн” бол ёс суртахуун болон амьдралын ухааныг зааж, үүгээрээ улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Одоогоор манай хүрээлэнд 7000 гаруй ААН бүртгэлтэй байна. Хятад улстай Япон улс 33 жилийн турш холбоотой ажиллаж байна. 1999 онд манай хүрээлэн ӨМӨЗО-ы Ордос хотод хоёр жилийн хугацаанд 55 мянган мод тарих ажлыг амжилттай хийж байв.  Ийнхүү ой мод тарихыг бид ёс зүй гэж үздэг. 2019 онд бид 2500 гаруй сайн дурын ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Тиймээс эдийн засаг, бизнес, дэд бүтэц гэх мэт бүтээн байгуулалтыг бүс нутгууд хамтран хийхдээ байгаль орчноо орхигдуулахгүй байхыг уриалж байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Саранзаяа

“Азийн зах зээл” хэмээх найрын ширээнд Монгол

Өмнөх нийтлэл

Ном: Оргүй хоосноос Онлайн худалдааны шилдэг компани хүртэлх түүх

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.