Монголын хөгжил аль салбараас илүү хамаарах вэ? Энэ асуултад нэгэн шинэ хариулт саяхан гарч ирсэн нь хиймэл оюун ухаан. AI (artificial intelligence)-т эрс тэс уур амьсгал, цөөн хүн амын аль нь ч сул тал болж саад учруулахгүй.

MOKOHAN Project 2021 оны сүүлээр Монголын 500 инженерийг хиймэл оюун ухааны салбарт хүчин “зүтгүүлэх” бөгөөд үүний үр дүнд AI-ийн Азийн хамгийн том лабораторийг байгуулна гэж буй. Уг төслийг Японы Data Artist Inc. (DA) хэрэгжүүлж байна. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Сатору Ямамото Токиогийн Их сургуульд хиймэл оюун ухааны чиглэлээр зэрэг хамгаалсан бөгөөд тэрбээр DA-г 2013 онд үүсгэн байгуулж AI технологийг гүний сургалтын хэмжээнд хөгжүүлэхэд төвлөрөн ажилдаг. Токиогийн их сургуулийн оюутан А.Амарсанаа тус байгууллагын Хиймэл оюун ухааны газрын Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх хэлтэсийн менежерээр ажилладаг байв. Дэлхийн математикийн олимпиадаас хүрэл медал хүртэж байсан А.Агчбаяртай ярилцсанаар монголчууд шинжлэх ухаан, матетматикийн чиглэлд ихээхэн сонирхолтой болохыг Ямамото мэдсэн аж. Ийнхүү түүнд энэ чиглэлд сонирхолтой авьяаслаг залуусыг AI салбарт толгой цохих инженерүүд болгон бэлтгэх санаа төржээ.

Англи хэлнээ MOKOHAN үг нь Азийн орнуудад түгээмэл гэгдэх Монголын хөх толбо гэсэн утга илэрхийлэх нь бий. MOKOHAN төслийн нэр нь Япон, Монголын хоорондын харилцааг илтгэж, HAN гэсэн хэсгийг “Баг” гэж орчуулж болох ханз бичигтэй төстэй аж.

Өдгөө 20 орчим монгол инженер DAгийн Токиод байрлах төв оффист ажиллаж
байна. Ойрын хугацаанд Монголд ч салбар оффисоо нээхээр төлөвлөж байгаа. Дотор засал дуусмагц Улаанбаатар дахь 1200 ам метр талбай бүхий оффис үүдээ нээнэ. Токио дахь төв байгууллагад ажиллаж буй инженерүүдийн хажуугаар Монголд хэдэн арван инженер ажилдаа ханцуй шамлан оржээ. Төслийн хүрээнд 2019 оны гуравдугаар сар гэхэд нэмж 75 хүн шинээр ажилд авахаар зэхэж байгаа төдийгүй 2021 сүүлээр 500 инженерийг ажлын байртай болгох аж. “Монгол оюутнуудаас хэнийг хамгийн ихээр биширдэг вэ гэж асуухад тэд бүгд Чингис хаан гэж хэлсэн нь гайхалтай. Нэгэн цагт дэлхийг чичрүүлж байсан үндэстний үр сад гэдэг утгаараа би тэднээс дэлхийд эрч хүч мэдрүүлэх гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байгааг мэдэрдэг” хэмээн ноён Ямамото хэлсэн юм.

DA-д ажиллаж буй монгол инженерүүдийн дийлэнх нь Токиогийн Их сургууль эсвэл Токиогийн Технологийн институтид суралцдаг бөгөөд эдгээр нь шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр Япондоо тэргүүлдэг сургуульд тооцогддог. Эдгээр оюутнуудын хэлний болон академик мэдлэг өндөр байдаг учир богино хугацааны сургалтад суусны дараагаар ажлаа хүлээн авахад бэлэн болсон байдаг аж. Хиймэл оюун ухааны салбарт ажиллах өндөр чадвартай инженерүүдийн бэлтгэхийн тулд DA “Шинэ Монгол КООСЕН” сургуультай хамтрах асуудлаар хэлэлцэж буй. Түүнчлэн AI сэдэвт лекцүүдийг хэдийнэ ороод эхэлжээ.

Сингапур улс санхүүгийн салбарт “мэргэжилтэн” улс болсон шиг Монгол хиймэл оюун ухааны салбарт мэргэшсэн улс болж хөгжих суурь бүтэцтэй хэмээн ноён Ямамото үзэж байна. Тэрбээр “2016 оны эхэн үеэр Монголын дэлгүүрүүд ердөө 1600 кассын машинтай байсан бол нэг жилийн хугацаанд энэ тоо 40 дахин нэмэгдсэн гэдгийг сонсох тун сонирхолтой байсан. Одоогийн байдлаар дэд бүтэц хангалттай хэмжээнд хүрч хөгжөөгүй байгаа нь шинэ зүйлс маш хурдан нэвтрэх боломжтой гэсэн үг. Монгол инженерүүд Японы технологийг эзэмшчихвэл ирээдүйд Монголын хиймэл оюуны байгууллагуудад дэм болох боломжтой гэж бодож байна. Ингэснээр улсаа ч өсөлтөд хөтөлнө” гэсэн юм.

Одоогоор хойд Америкийн орнууд AI судалааны хөгжлөөрөө тэргүүлж байна. Гэвч шинэ нээлт хийх үеээ бараг л өнгөрөөчихсөн. Японы хувьд бий болгосон технологио аж үйлдвэржүүлж, арилжааны зориулалтаар тогтвортой ашиглах үе шат руу орж байна, үүгээрээ ч бахархаж буй. Энэхүү төслийн гол давуу тал бол DA Японы маркетингийн томоохон компанитай холбоотой ажиллаж хиймэл оюун ухааны хэд хэдэн том төслийг хэрэгжүүлж байна. Иймд зардалд санаа зовохгүйгээр DA хүмүүсийг ажлын байраар хангах бүрэн боломжтой юм.

Ноён Ямамотогийн хэлснээр 2020 оны Токиогийн Олимпын наадам дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст хамгийн сүүлийн технологийн гайхамшгийг харуулах боломж. MOKOHAN төслийн бүрэлдэхүүн ч үүний нэг хэсэг байж мэдэх. Жишээлбэл, хэдий та Токиод биеэр байхгүй ч тэнд байгаа мэт бодит тоглолтыг үзэх болно. Эсвэл таны сонирхол, сэтгэл зүйн байдал, тэр ч бүү хэл гадаадын бусад жуулчны зан төлөвт ажиглалт хийсний дүнд үзмэрүүд санал болгож ч болох юм.

“Япон хүмүүс япончуудын оронд гадаадынхны авьяас чадварыг тойглох тал дээр ямар хандлагатай байдаг вэ” гэж асуухад ноён Ямамото “Эн бол Азийн түүх өөрчлөгдөх мөч. Одоо AI судалгаагаар Хойд Америк ялагч байна. Иймд нэг Ази гэдэг утгаар хамт тэмцэж, эдийн засгийн нэг бүс болж өсөх нь чухал гэж бодож байна. Авьяас чадвартай монголчууд Японы Засгийн газрын зардлаар сурч байна. Тэгэхээр Японы тусламжтайгаар өндөр чадвартай инженерүүдийг хөгжүүлэх учиртай. Монголчуудтай нөхөрсөг харилцаатай байдаг учраас надад өөр улсын хүмүүс мэт санагддаггүй. Энэ харилцаанд үндэслэн хүчирхэг Азийг дахин бий болгох үүднээс MOKOHAN төслийг эхлүүлсэн. Тэр өдөр 10 орчим жилийн дараа биеллээ олсон байх болно” хэмээн хариулсан юм.

КАНАКО ОНИШИКА Чөлөөт сэтгүүлч, Япон Улс, Токио хот

Х. Саранзаяа

Системийн сэтгэлгээ гэж юу вэ?

Өмнөх нийтлэл

Лондон – хөгшин Европын ихэмсэг хатагтай

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Мэдлэг