“Намрын ногоон өдрүүд” экспод “Монфрэш” компани өөрийн үйлдвэрлэн гаргадаг бүхий л нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. “Монфрэш” компани нь шүүс, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, дарс болон навчин тамхи гэсэн бүтээгдэхүүнийг 20 жил үйлдвэрлэж буй Монголын ууган үйлдвэрүүдийн нэг юм. Тиймээс экспод оролцохын давуу тал болон бүтээгдэхүүнүүддээ баримталдаг маркетингийн бодлогыг тодруулж “МонФрэш Шүүс” компанийн маркетингийн ахлах менежер Т.Наранцацралтай ярилцлаа.    

Монфрэш компанийн Өүлэн, Биеэ бодоорой гэх мэт сүү аль хэдийнэ олонд танигдсан. Харин бяслагны хувьд дотоодын хэрэглэгчид хэрхэн хүлээж авч байна вэ?

Манай компани таван жилийн өмнөөс эхлэн монгол үхрийн сүүгээр бяслаг үйлдвэрлэж эхэлсэн. Харин одоо л бяслагны соёл, хэрэгцээ манайд суурьшиж эхэлж байна. Зарим улс оронд бяслаг нь монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг сүүтэй цай шиг бүрэн хэрэглээнд орчихсон байдаг. Гэтэл бяслагны хэрэгцээ өндөр түвшинд хөгжөөгүй манай оронд импортын олон төрлийн бяслаг бий. Үүнийг илүү чанартайгаар орлох бяслагийг бид үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ таниулах гээд л явж байна.

Манай компани бяслагаа нэг жилийн өмнөөс экспортод гаргаж эхэлсэн. Япон улсын Мицү компанитай хамтран энэ тал дээр ажиллаж байгаа. Эхний ээлжинд бүтээгдэхүүнээ нэг удаа Япон улсын зах зээл рүү нэвтрүүлчихсэн. 

Хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа бяслаг гэх мэт орчин голдог бүтээгдэхүүнийг олон улсад гаргахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ? 

Бидний хувьд зөвхөн бяслагаа Япон улсын зах зээлд гаргаж эхэлсэн. Япончууд өөрсдөө бяслагийг маш их хэрэглэдэг учраас манай бяслагийг огт тоохгүй биш бага багаар хэрэглэж байгаа. Учир нь Монгол үнээний сүүгээр хийсэн органик гэдэг утгаараа тэд хэрэглэж байгаа. Харин органик бус бяслагууд өгөх ёстой амин дэмээ өгөх үү гэдэг нь эргэлзээтэй байдаг. Тиймээс бид бүтээгдэхүүнээ тухайн зах зээлд илүү сайн таниулах ажлыг хийж эхэлж байгаа. Хүнсний бүтээгэхүүнийг экспортод гаргахад хүндрэл бэрхшээл мэдээж их. Хадгалалт, тээвэр гэх мэтээс шалтгаалаад бүтээгдэхүүн маань муудах, чанаргүйтэх асуудал үргэлж тулгардаг.

Тэгвэл танай компани бяслагаа тээвэрлэх, хадгалах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

Манайх хамтарч ажиллаж байгаа компанитайгаа ярилцаад аль болох удаан тээвэрлэхгүй байх нөхцлийг ханган ажиллаж байна. Эхний ээлжинд бүтээгдэхүүнээ онгоцоор явуулсан. Дараагийн удаа тухайн улсаас ихээр татан авалт хийх юм бол хэрхэн тээвэрлэх тухайгаа яригдаж байгаа.   

Танай компанийн шүүснүүд хэрэглэгчдэд танигдсан ч өрсөлдөгчид олон байна. Тэднээс ялгагдах онцлогоо юу гэж харж байна вэ? Энэ тал дээр танай компани ямар бодлого баримталдаг вэ?

Бидний үйлдвэрлэдэг шүүс өтгөн. Мөн тетра пак савлагааг Монголдоо анх удаа нэвтрүүлэн өнөөг хүртэл хэрэглэж байна. Бүтээгдэхүүний чанараас гадна үнийн хувьд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс харьцангуй хямд бөгөөд эх орондоо үйлдвэрлэдэгээрээ онцлог.

Бараа бүтээгдэхүүн олонд танигдсан ч тасралтгүй маркетингийн ажил хийх хэрэгтэй болдог байх. Энэ талаар?

Бидний үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд аль хэдийнэ танигдсан. Өөрөөр хэлбэл бидний хэрэглэгч өөрсдөө бий болчихсон гэсэн үг. Бидэнд нас насны хэрэглэгчид байдаг. Түүнчлэн бүхий л баярт зориулсан бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэдэг. Жишээ нь, хүүхдийн баяр болоход хүүхдэд зориулсан хамгийн олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Ингээд бүтээгдэхүүнүүд маань нэгэнт олонд танигдсан болохоор бид хэрэглэгчиддээ чанартай барааг хямдхан үнээр нийлүүлэхийг эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл нэгэнт үүссэн хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг алдахгүй байх тал дээр анхаарч ажилладаг. 

Намрын ногоон өдрүүд экспо өндөрлөлөө. Олон улсын болон дотоодын экспод оролцохын давуу тал юу байдаг вэ? Зөвхөн борлуулалт хийхдээ гол ач холбогол үзүүлдэггүй байх.

Экспод оролцохдоо бид бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр зарж борлуулдаг учраас ашиг олохдоо бус хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнээ шинээр нь, хангалттай хэмжээнд хүргэхийг зорьдог. 

Экспод оролцохдоо гаргадаг тодорхой хэмжээний зардлынхаа хэдэн хувийг нөхөж чаддаг вэ?

Ер нь нөхнө гэж байхгүй. Учир нь бид бүтээгдэхүүндээ ямар нэгэн нэмүү өртөг шингээгүй, үйлдвэрийн үнээр борлуулдаг учраас зардлаа нөхнө гэж байдаггүй. 

Олон хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ хүргэх нь маркетингийн хувьд ямар давуу талтай вэ?

Мэдээж хэрэглэгчдийнхээ номер нэг сонголтыг хангахын тулд ямар ч сувгаар хамаагүй хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэх байх хэрэгтэй. Түүнчлэн шинэ бараа бүтээгдэхүүнээ танилцуулах нэг арга бол үзэсгэлэн худалдаа юм. Жишээ нь, бид саянаас хушгатай сүүг шинээр үйлдвэрлэсэн бөгөөд уг үзэсгэлэнгээр олон хэрэглэгчдэд хүрч, таниулж чадаж байна.

 

Х. Саранзаяа

Эхний гараа: Бүтээмжтэй ажиллах 3х3 зарчим

Өмнөх нийтлэл

Билл Гейтсийн кодыг тайлах нь

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur