EntrepreneurТоп нийтлэл

Мөрөөдлийн торгон цэргүүд

0

2000 он. Монголчууд шинэ зууны босгоор өөртөө итгэлгүйхэн алхаж ороод байв. 10-аад жилийн өмнө чөлөөт зах зээлд шилжсэн ч олон зүйл ойлгомжгүй хэвээр, нийгэм, эдийн засагт тодорхой болж, бүтэж бүрэлдсэн зүйл тэгэхэд нэг их байсангүй. Ийм цаг үед хувийн сургууль хэмээх ойлголт хэний ч чихэнд тун шинэ соньхон, зарим талаар харь сонсогдож байв. Жанчивын Галбадрах буюу олны дууддагаар Галаа багш тэр үед ахлах сургууль байгуулна гээд ид манаргаж явж. Хүсэл тэмүүллээс өөр юу ч үгүй түүний зүг хүмүүс үл итгэсэн, эргэлзэнгүй харц чулуудаж байв. Харин түүний төсөөлөлд он удаан жил оршин тогтнох, үнэ цэнтэй сургуулийн өнгө төрх өдрөөс өдөрт амилж, хүсэл мөрөөдөл нь дөнгөж өдөлж эхлээд байлаа.

“Ихэнх хүн мөнгөгүй гээд л зогсдог. Гэтэл би үргэлж мөнгөгүйгээс эхэлж байсан” гэх түүнийг тухайн үед эсэргүүцэх хэсэг байсан ч, итгэж, дэмжиж, урам өгсөн хүмүүс түүнээс ч олон байжээ. Тэдний дунд монголчуудаас гадна япон хүмүүс олон байсныг тэмдэглэх хэрэгтэй. Түүний мөрөөдлийг идэвхтэй дэмжиж байсан япон найз нөхөд, танилууд нь нэгдэн “Багана нэгийн холбоо” хэмээх хөдөлгөөнийг өрнүүлж, хамтран амжилттай хөрөнгө босгож байв. (Энэхүү хөдөлгөөнд оролцох хүмүүс дор бүрнээ нэг нэг баганын дайтай хувь нэмэр оруулъя гэсэн санааг бэлгэджээ) Чухам тэдгээр хүмүүсийн хүлээлгэсэн итгэл, дэмжлэгийн хүчээр тэр зорьсондоо хүрч, анхны япон хэв шинжийн ахлах сургуулийг Монголд байгуулж чаджээ. Сургуулийн нэр “Шинэ Монгол”. Монголчууд энэ нэрийг сайн мэднэ. Энэ сургуульд хүүхдээ өгөх гэсэн эцэг эхчүүдийн дараалал тасардаггүй. Эрэлт өндөр. Гэхдээ хүссэн бүхэн орж чаддаггүй. Харин тус сургуулийн ёс суртахуун, хандлагын өндөр хэрнээ “зөөлөн” босгыг даван алхаж орсон хүүхдүүд Шинэ Монгол соёлд суралцаж, Шинэ Монголын үзэл санаагаар хүмүүжнэ. Менежментийн багийнхан Японы боловсролын системд авах гээхийн ухаанаар хандаж, монгол агуулга япон хэв шинжийг хослуулсан цоо шинэ сургуулийг үндэслэсэн нь энэ. Монгол хүүхдийн онцлогт тохирсон өвөрмөц арга барилаар хүмүүжсэн хүүхдүүд сургуулиа төгсөхдөө дэлхийн хаана ч бусадтай мөр зэрэгцэн суралцаж, ажиллаж чадахуйц хэмжээнд боловсордог. Эдгээр хүүхдүүд хоёрдогч хэлийг бага сургуулийн тавдугаар ангиасаа эхлэн үздэг нь юун түрүүнд эх хэлийг сайтар дархлаажуулах гэсэн сургуулийн бодлоготой холбоотой.  Багш гэхээр өндөр дуутай, хүүхэд загнасан хүн байдаг гэх монголчуудын дунд тогтсон ойлголтыг “Шинэ Монгол”-ынхон арван хэдэн жилийн өмнөөс эрс өөрчилжээ.    

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн Ерөнхий захирал Ж.Галбадрах

“Тухайн байгууллагын соёл эерэг үү, сөрөг үү гэдгээс амжилттай явах эсэх нь шалтгаалдаг. Байгууллагын соёлыг мөсөн уултай зүйрлэж болно. Энэ талаар судлах явцдаа аливаа сургууль өөрийн гэсэн соёлтой байх ёстой гэдгийг ойлгож Шинэ Монгол соёлыг бий болгосон” хэмээн ярих Ж.Галбадрах багш энэхүү сэдвээ гүнзгийрүүлэн судалж, МУБИС-д докторын зэрэг хамгаалжээ.  Харин энэ жилээс “Монголын ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах нь” сэдвээр докторын зэрэг хамгаалахаар Нагояагийн их сургуульд суралцаж эхлээд байна. Түүний судалгааны зорилго Монголын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын түвшинг сайжруулах. Шинэ Монгол сургуульд хэрэгжүүлсэн туршлага, хөтөлбөрөө онолын түвшинд боловсруулж, жишиг хөтөлбөрийг гаргаж ирэхэд чиглэж байна. Товчхондоо, ирэх жилүүдэд бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд түлхүү анхаарахаар төлөвлөжээ. “Хүн хийсэн юмтай байх л чухал. Амлалт бүр маань намайг хурцалдаг. Аливааг зорихдоо би үргэлж өөртөө амлалт өгдөг. Ийм нэг зуршилтай болчихсон хүн дээ” хэмээн энгүүн өгүүлэх түүний өнгөрсөн дэх ололт, амжилтууд амлалтаас л үүдэлтэй. Ахлах сургууль  байгуулах мөрөөдлөө тэтгэлэг гардуулсан япончуудын өмнө, дээд сургууль, коллеж байгуулна гэдгээ 50 насныхаа босгон дээр шавь нарынхаа өмнө амлаж байв.

Монголд гадаадаас боловсон хүчнээ авчирч ажиллуулах нь их байна. Тэгвэл бид яагаад дэлхийн түвшинд өрсөлдөхүйц боловсон хүчнийг дотооддоо, өөрсдөө бэлтгэж болдоггүй юм бэ гэж зүтгэсээр технологийн дээд сургууль, коллежоо хамтран байгуулсан түүхтэй.

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн хамтран үүсгэн байгуулагч, ректор Ч.Ганзориг “Аль ч оронд нийгэм, эдийн засгийг хөдөлгөх гол хүч нь инженерүүд байдаг. Тиймээс олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженер, энтрепренерүүдийг бэлтгэх нь манай сургуулийн зорилго. Энэ хүрээнд бид оюутныг хэрхэн хариуцлагатай, чадвартай, бие даасан болгох вэ гэдэгт анхаарч ажиллаж байна” гэлээ. Тэрбээр МУИС-ийн Сургалт эрхэлсэн тэргүүн дэд захирал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирлаар ажиллах хугацаандаа Энтрепренер судалгааны их сургуулийн анхны хувилбарыг боловсруулж явсан нэгэн. Тиймдээ ч Шинэ Монгол технологийн дээд сургуулиа ирэх таван жилд судалгааны их сургууль болгож, инженер, технологийн чиглэлээр хүчирхэгжүүлэхийг зорьж буй. Судалгааны их сургууль болсноор шинэ бүтээл зохион бүтээх, патент авах, мэдлэгт суурилсан хөрөнгө оруулалт хийх, стартап компаниудыг байгуулах боломж бүрдэх юм. Гол зорилго нь төрөл бүрийн судалгаа хийж, технологийн шийдэл, загвар гаргах. Энэ чиглэлээр Массачусетсын технологийн институт (MIT) дэлхийд тэргүүлж, өөрийн жишгийг тогтоож чадсан учраас тэд энэ сургуулийн загвараар Шинэ Монгол технологийн дээд сургууль буюу NMIT-ийн концепцыг томъёолж буй. Ингэхдээ монгол хүний онцлогт тохируулж, хөтөлбөрийг өөриймшүүлж байгаа  аж. NMIT нь New Mongol Institute of Technology  гэсэн үгийн товчлол юм. Үүгээрээ тэд ирээдүйд Монголын MIT болох зорилгоо давхар илэрхийлэхийн зэрэгцээ 2050 он гэхэд дэлхийн топ 100 сургуулийн тоонд багтах томоохон зорилтыг тавьжээ.

2014 онд NMIT-тай зэрэгцэн байгуулагдсан Шинэ Монгол технологийн коллежийн гүйцэтгэх захирал Э.Цэндсүрэн “Япон улсын хөгжлийн  тулгуур баганын нэг бол Коосэн гэж олон япон хүнээс сонсож байлаа. Манай улсад онол, практикийг хослуулсан, хөрвөх чадвартай инженер, техникийн ажилтнууд маш дутмаг. Тиймээс Монголд зайлшгүй хэрэгтэй Японы Коосэн инженерийн хөтөлбөрийг загвар болгон нутагшуулж, жишиг сургууль болгох ажлыг бид эхлүүлээд байна” хэмээн онцолсон юм. Тус коллеж аж үйлдвэрлэл, технологийн бүх салбарт олон улсын түвшинд ажиллах чадвартай инженер бэлтгэхийн зэрэгцээ сургалт, судалгаа, аж үйлдвэрийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх алсын хараатай. Барилга, дэд бүтцийн, цахилгаан электроникийн, химийн, механикийн гэсэн дөрвөн төрлөөр инженер бэлтгэж буй. Харин ойрын хугацаанд мэдээллийн технологийн инженер бэлтгэж эхлэхээр төлөвлөжээ.

Хандив цуглуулах, хөрөнгө оруулалт олох, бага хувийн хүүтэй зээл авах зэргээр хөрөнгө босгож, эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөн байж, тухайн үедээ гэр хороолол дунд, харин одоо орон сууцны хорооллууд босоод байгаа тэр газарт ахлах сургуулийн бяцхан хүрэн барилгаа босгосноос хойш энд олон бүтээн байгуулалт шил шилээ даран өрнөжээ. Ахлах сургуулиа бүрэн дунд сургууль болгон өргөжүүлж, дээд сургууль, коллеж байгуулж, хамгийн сүүлд “Бяцхан монгол” цэцэрлэгийг нээсэн гээд өнгөрсөнд өрнөсөн их ажлыг баригдсан барилгын тоогоор төвөггүй илэрхийлж болох ч энэ бүхний ард нөр их хүч хөдөлмөр шингэснийг хэлэхгүй өнгөрч үл болно. Бүх шатны боловсрол олгох эдгээр байгууллагыг нэгдсэн бодлогын дор зангидаж, цаашид илүү системтэй, цогц үйл ажиллагаа явуулахын тулд “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-г мөн байгуулж, өдгөө Ж.Галбадрах ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. “Боловсролын төгөлдөршил төв”, “Юү лангүэж Улаанбаатар” япон хэлний сургууль болон “Ачаръя Шинэ Монгол” англи хэлний төв энэхүү эрдмийн хүрээлэнд мөн багтдаг. Өнөөдөр “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-гийн дор төвлөрсөн эдгээр байгууллага нийт 3000 орчим суралцагч, 300 гаруй багш, ажилтантай.

Одоогоос таван жилийн өмнө байгуулагдсан уг хүрээлэн жилээс жилд гадаад харилцаагаа өргөжүүлж, Япон, АНУ, Тайваний олон арван их, дээд сургуультай хамтран ажиллаж буй. Энэ хэрээрээ сурагч, оюутнуудад төдий хэмжээгээр тэтгэлэг хүртэх, солилцооны болон 1+1, 3+1 зэрэг  олон төрлийн хөтөлбөрт хамрагдах боломжийг олгодог. Нэг үгээр хэлбэл, хичээж, хөдөлмөрлөсөн хэнд ч мэдлэгээ ахиулж, дараагийн шатанд суралцах боломж нээлттэй. Тухайлбал, дотоодын нийт их, дээд сургуульд элсэн орж буй орон нутгийн голдуу оюутнуудын дунд зарлагддаг “Шинэ Монгол Мабүчи сан”-гийн тэтгэлгийн хүрээнд гэхэд л өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 120 оюутанд нийт 380 мянган ам.долларын тэтгэлэг олгожээ. Японд суралцаж буй 430 гаруй төгсөгчдийнх нь талаас илүү хувь буцалтгүй тэтгэлэг авсан гэх зэргээр өнгөрсөн хугацаанд “Шинэ Монгол”-ын суралцагчдадаа олгосон тэтгэлгийн хэмжээ есөн сая ам.доллар даваад байна.

Зэрвэс харахад Ж.Галбадрах багш шийдвэрээ ар араас нь хурдтай гаргаж, түүнийхээ дагуу ажиллаад явчихдаг мэт боловч тухай бүрт нэлээд бодож, төлөвлөж, өөрөө өөртэйгөө ярилцсаны дүнд гаргасан шийдвэрүүд байдаг хэмээн тайлбарласан юм. “Би хийж бүтээх гэж буй зүйлийнхээ талаар багийнхандаа сайтар ойлгуулж, энэ бол хувийн эрх ашиг бодсон зүйл биш шүү гэдгийг ухааруулснаар тэд маань эргээд  өөриймсөг ханддаг болов уу гэж боддог. Миний хувьд зөв хүнийг зөв байранд нь байлгахыг удирдлагын гол зарчмаа болгодог” гэв.

“Шинэ Монгол” сургуульд хүүхдүүд мөрөөдлөө олдог.

Нэг зүйлийнхээ төлөө тууштай явах нь түүний баримталдаг бас нэг гол зарчим. Ийм их эрэлт байхад сургуулиа өргөжүүлж, төлбөрөө нэмэх хэрэгтэй гэсэн үгсийг өнгөрсөн хугацаанд тэрбээр бизнесмэнүүдээс хангалттай сонсчээ. Гэхдээ өөрийн шийдвэртээ үнэнч үлдэж, сургуулиа багтаамжийн хувьд тэлж, томруулах биш харин шат ахиулж, түвшин дээшлүүлэх ажлыг тасралтгүй хийсээр байгаа нь ирээдүйгээ урт хугацаанд харж, төлөвлөж чадаж байгаагийнх. Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирал П.Наранбаяр энэ талаар “Боловсрол бол цэвэр бизнесийн орчин ердөө ч биш. 12 жилийн мөчлөгтэй, хүүхдүүдийн хувь заяа бидний гарт байгаа гэдэг утгаараа асар хариуцлагатай. Ашиг талаас нь авч үзвэл хар ч биш, цагаан ч биш, саарал орчин” хэмээн ярьж байна.

 “2040 он гэхэд “Шинэ Монгол”-ын төгсөгчдийн тоо 10 мянгад хүрнэ. Тэр хүртэл бид 1000 торгон цэрэг бэлтгэх зорилготой. Тэдгээр 1000 залуу салбар салбартаа манлайлагчид байснаар торгон цэрэг болно. Тэдний дундаас үндэсний хэмжээнд манлайлагч болсон 100 генерал төрөөсэй гэж мөрөөддөг. Энэ бүхэнд би өөрийн биеэр үлгэрлэх хүсэлтэй” хэмээн 21 жилийн дараах дүр зургийг Ж.Галбадрах багш зураглав. 

Түүний том охин Г.Тогос “Аав бидэнд хэлж захихаасаа илүүтэй үлгэрлэдэг байлаа. Аавыгаа маш олон цагаар  амралтгүй шахам ажиллахыг дэргэдээс нь харж өссөн болохоор эгч дүү бид тав “Залуу хүмүүс амарч болж байна уу” гэж үргэлж өөрсдөөсөө асуудаг даа. Нэг үгээр аавын хөдөлмөрч зан бидний хүмүүжилд их нөлөөлсөн” гэв. “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал тэрбээр өмнө нь хуульчаар ажиллахын зэрэгцээ аавынхаа ажлыг дэмждэг байсан бол саяхнаас энд нэг мөр ирж ажиллах болжээ. Тэр аавынхаа бүтээж босгосныг хууль, санхүү, хүний нөөц талаас нь цэгцэлж, системчлэх ажлыг эхлүүлээд байна. “Аав маань нэг ёсондоо морин дэл дээр боловсролын салбарыг байлдан дагуулж яваа хүн. Харин одоо мориноосоо буугаад төвхнүүлэх ажил их байгаа. Энэ л миний хийх ажил гэж би үздэг. Сошиал бизнес гэдэг утгаараа энд бизнесийн зарим зарчим хэрэгжих ёстой. Стратеги, төлөвлөлт, засаглалын асуудлыг ойлгомжтой болгочихвол аавын дараа дараагийн ажилд дөхөм болно. Цаашид бид Монголдоо жишиг болохуйц цогцолбор сургууль болохыг зорьж байна. “Шинэ Монгол” гэр бүлийн бизнес үү гэвэл хараахан тийм биш. Удирдлага солигдсон ч гэсэн бүх зүйл хэвийн ажиллаж, хөгждөг тийм систем хэрэгтэй. Ингэвэл би ч мөн дараагийн сонирхсон ажлаа хийж чадна. Энд удаан хугацаагаар ажиллахаар төлөвлөсөн зүйл байхгүй” хэмээн эрс хариулж байна.

Ж.Галбадрах багш дөрвөн охин, нэг хүүтэй. 1995 онд Японд мэргэжил дээшлүүлэх сургалтад шалгалт өгч тэнцсэн нь түүний өмнө Их наран улсын боловсролын системтэй гүнзгий танилцах үүдийг нээж өгчээ. Мөн оныхоо аравдугаар сарын 2-нд алс холын арлын орныг зорихоор нисэх онгоцонд сууснаа тэр тод санадаг. Тэр үед “Очоод яах билээ” гэхээс илүү ард үлдсэн гэрийнхэндээ санаа зовниж явсан гэдэг. МУИС-ийг физикийн багш мэргэжлээр төгссөн тэрбээр арлын орныг зорихоосоо өмнө Төв аймгийн 10 жилийн сургууль, ХААИС-д багшилж, улмаар Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, дараа нь 84 дүгээр сургуульд сургалтын менежерээр ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, Монголын боловсролын салбарын бүхий л шатны байгууллагад ажилласан туршлагатай байсан учраас Японд очоод боловсролын системийг нь гярхай ажиглаж чаджээ. Япон улсын хөгжлийн нууц нь хүчтэй ахлах сургуульд оршиж байгааг тэр олж харсан учраас тухайн үед том охиныхоо сурч байсан ахлах сургуулийг загвар болгон өдөр шөнөгүй судалж, мөрөөдөж эхэлсэн гэдгээ дурслаа. “Би магистрт орсны дараа тэтгэлэг маань зогсоод амьдрал жинхэнэ хэцүү байх үед Хигаши Нихон Хаусаас зарласан зохион бичлэгийн уралдаанд оролцох болж миний зохион бичлэг шалгарч, 50 мянган иен аваад сургууль байгуулах мөрөөдлөө биелүүлэх болсон нь ийм учиртай” хэмээн өөрийн намтар номдоо тодорхой бичжээ. Тэрбээр Японд очиж мэргэжил дээшлүүлснийхээ дараа магистрт хувийн зардлаар суралцаж байх үедээ зориг гарган гэрийнхнээ авчрахаар шийдсэнээ эргээд харахад амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр маань байсан гэж дүгнэсэн юм. Ганц бие оюутан ч Японд хувийн зардлаар суралцахад маш хүнд байдаг атал сургуулийн насны дөрвөн хүүхэдтэй түүний хувьд бүр ч хэцүү байсан нь тодорхой. Сурахын хажуугаар гэр бүлээ авч явахын тулд өдөр шөнөгүй ажиллаж, ихэнхдээ л нойр дутуу явах түүнд хүн бүр санаа зовнино. Үүрийн таван жингээр ажилдаа гарч, өдөр нь магистрын сургалт, судалгаандаа төвлөрнө, харин орой нь дахин ажилласаар шөнө дунд гэртээ харьдаг байв. Ингэж явахдаа л тэр мөрөөдлөө олж, мөн мөрөөдлийг нь биелүүлэхээр хамтдаа тэмүүлэх хүмүүстэй учирсан юм. Түүний мөрөөдлийг өөрийн мэт үзэж хамт зүтгэсэн тэдгээр хүмүүсгүйгээр Ж.Галбадрах өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсан гэдэгтээ итгэлтэй байдаг. Тийм ч болохоор “Чиний мөрөөдөл миний мөрөөдөл” гэж тэр хэлэх дуртай.

Шинэ Монголын төгсөгчдийн тоо улсын болон хувийн томоохон их, дээд сургуулиудынхтай харьцуулахад цөөн ч гэсэн, чанарыг маш сайн барьдаг гэдгийг Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн менежментийн багийнхан онцолж байна. 

Түүний энэ үзэл хандлагаар “Шинэ Монгол”-ыг бүхэлд нь тодорхойлж болно. Бага ангийн сурагч бүр өөрийн гэсэн мөрөөдлийн дэвтэртэй. Хүүхэд мөрөөдлөө бичиж, дараа нь ангийн хамт олондоо ярьж өгнө. Нэгэнт олны өмнө хуваалцсан учраас мөрөөдөл нь амлалт болж хувирна. Харин амлалт нь цааш зорилго болж, жижиг зорилгуудад хуваагдана. Ингэж зүг чигээ нэгэнт олчихсон хүүхэд цааш өөрөө өөрийгөө хөтлөөд явчихдаг. Товчхондоо, “Шинэ Монгол” сургуульд хүүхдүүд мөрөөдлөө олдог. Ийн өгүүлсэн П.Наранбаяр тус бүрэн дунд сургуулийг долоо дахь жилдээ удирдаж яваа. “Дургүйд хүчгүй биш, дуртайд хүчтэй болгодог сургалтаар дамжиж л бид сайжирна. Сургууль дотор үзсэн чадварууд сургуулийн гадна эргээд хэрэглэгдэх ёстой” хэмээн тэр тэмдэглэлээ.

2012 оны арваннэгдүгээр сараас “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон тэрбээр төрийн албанаас боловсролын салбарт хөл тавьсан “шинэ цэрэг” байсан ч ажилдаа дасахын тулд түүнд хэдхэн сар л хангалттай байв. Түүнийг багш, ажилтнуудтайгаа анх удаа уулзах үеэр Ж.Галбадрахыг захирлын албаа шилжүүлж буйг сонсоод зарим багш нар нь нулимс дуслуулж байсныг тэр ер мартдаггүй. “Галаа багшийг явна гэхээр төсөөлөхгүй байна” гэсэн үгс багш нарын дундаас дуулдаж, уур амьсгал шууд л тэс өөр болчихсон” хэмээн П.Наранбаяр тэр өдрийг дурслаа. Эндээс багш, удирдлагууд өөр хоорондоо ямар нарийн сэтгэлийн холбоотой ажилладгийг ойлгож, сургуулиа гэсэн сэтгэл, гэр бүлсэг уур амьсгалыг мэдэрсэн тэрбээр өөртөө эргэлзэж, “Яанаа, чадах болов уу” гэж өөрөөсөө асууж байсан ч удаатай. Ингээд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдгээ ойлгожээ. “Гэхдээ эрх мэдэл, мэдлэгээр далайлгаж биш” гэж тэр онцлоод “Ийм хамт олонтой учраас надад ажиллахад хялбар, өгөөжтэй он жилүүд өнгөрсөн байна” хэмээв.     

Өдгөө “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн урдхан талд сургуулийн үзэл санааг сийлсэн чулуу үүгээр түүгээр өнгөрсөн бүхний өмнө илхэн харагддаг. Сургууль байгуулагдсан цагаас тогтсон уламжлалыг тэр хэвээр нь авч үлдэхийн тулд удирдлагын баг болон япон зөвлөхүүд хамтран хэдэн зуун өнгөрсөн ч үл өөрчлөгдөх Шинэ Монголын үзэл санааг тунхаглажээ. “Энэхүү үзэл санаа манай сургуулийн бүх сурагч, багш нарын цээжинд бий. Үүнийг амьдралынхаа нэг хэсэг болгож яваасай гэж хүсдэг” гэж П.Наранбаяр хэлж байна. “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль хүүхдүүдийг амьдрах чадварт суралцахад зориулж, хичээлээс гадуур олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээжээ. Эдгээр хөтөлбөрийн дагуу багачууд малчны хотонд очиж, Монголын уламжлалт соёл, ахуйтай биечлэн танилцах, намрын ажилд явах, бие даах чадвар, амьдрах ухаанд суралцах зэргээр байгаль дэлхий, хүн хоорондын харилцааны үнэ цэнийг эрт ухаардаг аж. Ийм хөтөлбөрүүд бага сургуулиас дээд сургууль хүртэлх бүх шатанд хэрэгжиж байдгаараа онцлог.

Зүүн гар талаас Э.Цэндсүрэн, Ч.Ганзориг, П.Наранбаяр, Г.Тогос, Ж.Галбадрах, Э.Зулгэрэл

 “Орчин үеийн тохижилттой анги танхим, шил толь болсон барилга гэдэг сургуулийг тодорхойлоход нэг их чухал биш. Харин сургуулийг тодорхойлох хамгийн гол зүйл бол багш нар. Мөн стандартыг маш сайн барих ёстой. Багш нар маань бүгд эрдэм шинжилгээний өгүүлэл бичдэг боллоо. Нөгөө талаар хүүхэд мөрөөдөлтэй болоход багш өөрөө мөрөөдөлтэй байх нь чухал. Багшийн мөрөөдлийг асуухаас бүх зүйл эхэлнэ дээ. Ер нь сургууль дотор ажиллаж байгаа бүх хүн нэг зүгт харах чухал. Хүүхдийг итгэл үнэмшилтэй, өөртөө итгэлтэй болоход багш нарын хандлага их нөлөөлдөг. Алдаан дээр нь дөрөөлөх биш, харин ч урамшуулж, сурч чадна, ирээдүйд эх орондоо хөгжүүлэх шаардлагатай зүйлсийг чи л өөрчилж чадна гэх итгэлийг төрүүлбэл хүүхэд мөрөөдөлтэй, зорилготой болдог. Яг тэр үед нь дэмжиж өгөх хэрэгтэй. Ингээд ирэхээр хүүхэд бүтээлч болж, ирээдүйгээ төлөвлөж эхэлдэг”. Ж.Галбадрах багш өнгөрсөн 19 жилийн хугацаанд сургалтын ийм арга барилыг хөгжүүлж, төгөлдөржүүлж иржээ. Нэгэнт зорилгоо тодорхойлсон хүүхдийг мэргэжлээ зөв сонгоход нь тусалж, ирээдүйг нь зөв чиглүүлж өгөхөд дэмжлэг болох үүднээс Карьер хөгжлийн төвийг байгуулсан нь ч ийм учиртай.

Сургууль дотор төрөл бүрийн дугуйлан хичээллэдгээс заримыг нь хүүхдүүд өөрсдөө санаачилсан байх нь ч бий. Үе үеийн төгсөгчдийн түүхийг багш нараасаа сонссон сурагчид эрч хүч, урам зориг авч, энэ эрчээрээ Шинэ Монголын чансааг жилээс жилд ахиулсаар байна. Тэдний дунд Харвардын их сургуулийн дэргэдэх “3D BioLabs” компанид эдийн инженерчлэлийн чиглэлээр судалгаа хийж, зүрхний эс ургуулах судалгаанд төвлөрөн олон улсын түвшинд ажиллаж буй Б.Батзаяа тэргүүтэй дэлхийд ур чадвар, мэдлэгээрээ үнэлэгдсэн төгсөгчид олон. 

Шинэ Монголын төгсөгчид өөр хоорондоо, сургуультайгаа, сурагчидтай байнгын холбоо харилцаатай байж, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр эргэх холбоог сайн нэвтрүүлжээ. Сургуулийн зүгээс төгсөгчдөдөө нэлээд анхаарал хандуулдаг нь ч үүнд нөлөөлдөг аж. Дээд сургууль болон коллежийн төгсөгчдийн хувьд гадаадын их, дээд сургуулийн жишгээр төгсөхөөсөө өмнө ажил олгогчидтой холбогдож, өөрийн ажиллах компаниа сонгодог. Төгсмөгцөө гадаад, дотоодын компанид ажиллаж буй хэсэг байхад, үргэлжлүүлэн эрдмийн зэрэг хамгаалахаар хилийн чанадыг зорьж буй залуус ч тэдний дунд бий. Өнөөдөр Шинэ Монголын төгсөгчдийн тоо улсын болон хувийн томоохон их, дээд сургуулиудынхтай харьцуулахад цөөн ч гэсэн, чанарыг маш сайн барьдаг гэдгийг Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн менежментийн багийнхан онцолж байлаа. “Сургуулийн үнэ цэн төгсөгчдөөрөө тодорхойлогддог. Аливаа сургууль төгсөгчийнхөө өмнө хариуцлага хүлээх чадвартай байх ёстой. Тиймээс бид үүнд их анхаардаг. Мөн төгсөгчдөөсөө өмнөх ажлаа чанартай хийх, хариуцлагатай байх, ирээдүйн төгсөгч дүү нараа дэмжих, сурсан мэдсэнээ Монгол Улсдаа төдийгүй энх тайвны үйлс, дэлхий нийтийн сайн сайхны төлөө зориулахыг үүрэг болгодог” хэмээн П.Наранбаяр энэ талаар тодруулж байна.

Шинэ Монголын төгсөгчид одоо ч сургуультайгаа холбоотой байдаг олон түүхийн нэг нь 2001 онд анхны элсэгч болж байсан Д.Хишигээ, Э.Зулгэрэл нартай холбогдоно. Тэд Ж.Галбадрах багштайгаа цэцэрлэг байгуулах талаар ярилцаж, санал нийлсэн нь 2014 он. Үүнээс хоёр жилийн дараа багш шавийн гурвал “Бяцхан Монгол” нэртэй цэцэрлэгээ байгуулснаар Шинэ Монгол бүх шатны боловсролыг олгох эхлэл тавигджээ. “Мөрөөдлийнхөө тухай бичсэн миний эсээнд цэцэрлэг байгуулах тухай одоо ч бичээстэй бий” хэмээн Э.Зулгэрэл инээмсэглэн өгүүллээ. Японд дээд боловсрол эзэмшсэн тэрбээр гэр бүлийн хамт Монголдоо эргэн ирээд охиноо дотоодын цэцэрлэгт явуулж эхэлсэн ч япон цэцэрлэгийг сайн мэдэхийн хувьд сэтгэлд нь нэг л хүрэхгүй байв. Тиймээс япон стандартын загвар цэцэрлэг байгуулах төслийг эхлүүлэхээр яарчээ. “Бяцхан Монгол” мэндэлсэн түүх ийм. Өнөөдөр 160 гаруй эцэг эх хүүхдээ цэцэрлэгт нь сэтгэл амар үлдээгээд ажилдаа явах болжээ. Харин орой нь ирэхдээ хүүхдийнхээ тухайн өдрийн товч мэдээллийг авна, мөн харилцах дэвтрээр дамжуулан хүүхдийнхээ мэдээллийг бүртгэдэг байсан бол өнгөрсөн жилээс зөвхөн эцэг эхчүүдэд зориулсан аппликэйшнтэй болсноор хүүхдэдээ бүр л ойроос санаа тавих боломж бүрдсэн юм.

Ийнхүү Шинэ Монгол эрдмийн хүрээлэн жилээс жилд өргөжин тэлсээр байна. Үүнтэй зэрэгцэн 2017 онд Монгол Япон хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан Ж.Галбадрахын хувь нэмрийг үнэлж, Япон улсын эзэн хааны шагнал “Мандах наран” одонгоор шагнажээ.

Өдөр шөнөгүй бодож төлөвлөж, бүр зүүдэлж байсан сургуулиа тэрбээр хамтын хүчээр 2000 оны аравдугаар сарын 5-нд нээж, анхны элсэгчдээ авснаас хойш 19 хавар улираад байна. Өнгөрсөн хугацаанд “Шинэ Монгол” сургууль олон зуун хүүхдийг мөрөөдөл, зорилго руу нь чиглүүлж, өөртөө итгэхэд нь тусалж чаджээ. Мөрөөдлөөс биежсэн “Шинэ Монгол” өдгөө мөрөөдөл бүтээгч болж, шинэ монголчууд хамгийн ойрын зорилгоо сургуулиа сайнаас агууд дэвшүүлэх хэмээн тодорхойлоод байна. Тэдэнд ирээдүйд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, мөрөөдсөн ажил олон бий. Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Г.Тогосын “Манай Шинэ Монголынхон их мөрөөдөмтгий хүмүүс байдаг” гэж хэлсэн нь оргүй үг биш болохыг тэдэнтэй уулзсаныхаа дараа мэдэрч суусан юм.

Ж.Галбадрах багш дахин нэг мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаж байна. Энэ удаа тэр Шинэ Монгол боловсролын сан байгуулахыг зорьж буй. Ийм сан байгуулах боломж, нөөц бололцоо бий хэмээн үзэж буй тэрбээр боловсролын сангийн үйл ажиллагаагаа далайцтай өрнүүлж, макро түвшинд чиглүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд төрөөс хийж чадахгүй байгаа ажлыг бодитоор хэрэгжүүлэхийг тэд зорих юм.

Эцэг эхээс есүүлээ, айлын том хүү Ж.Галбадрах 1990-ээд оны шилжилтийн нийгэмд ид залуу насаа үдсэн нэгэн. Багшийн цалин бага, ам бүл олон тул бусдын адил ганзагын наймаанд явж, азтай, одтой байсан ч аавынхаа зөвлөснөөр багшийн ажлаа орхиогүйдээ тэр одоо ч талархаж явдаг. Амжилтыг тэр ажиллаж, хөдөлмөрлөх, утга учир бүтээх, талархах гэсэн түлхүүр үгсээр тодорхойлсон юм. Одоо ид сурч, боловсорч, хөдөлмөрлөж яваа хүүхдүүдээр дамжин Монгол Улсад сайхан цаг ирнэ гэдэгт тэр итгэдэг. Залуу үеийг ийм боломж, нөхцөлөөр хангахын тулд Ж.Галбадрах багш тасралтгүй мөрөөдсөөр явна.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Коронавирусийн халдвар дэлхийн эдийн засгийг хэрхэн хорлох вэ

Өмнөх нийтлэл

Амбицтай цэвэрлэгч бай

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.