Аялал жуулчлалын менежер,захирлын туслах, орчуулагч зэрэг оффисын ажил хийж явсан бүсгүй нэг л өдөр газар тариалан эрхлэхээр шийджээ.  Францад гэр бүлийн хамтаар таван жил орчуулагчаар ажиллаж ирснийхээ дараа зүгээр суухыг хүсээгүй Мөөжиг буюу С.Мөнхжаргал гэх энэ эмэгтэй жилийн дөрвөн улирал тарьж болох хүнсний ногоо судалж, эцэстээ мөөг тариалах санааг олж авснаар түүний амьдралд цоо шинэ хуудас нээгдсэн юм.
Гэхдээ тэр энэ санаагаа шууд бизнес болгох боломжгүй байв. Учир нь Мөөжигт байтугай Монголд урд өмнө нь мөөг тарьж амжилт олсон туршлага байхгүй байлаа.

Нөхөртэйгээ хамтран эхлээд жимсний мод тариалахаар зүтгэж газар, байшин, мод, модны арчилгаа, үрсэлгээний багаж хэрэгсэлд 30 орчим сая төгрөг зарцуулав. Тариалсан жимсний мод нь үр жимсээ өгөхөд олон жил шаардлагатай байснаас үүдэн удалгүй орлогогүй болж бизнес нь зогсоход хүрчээ. Ингээд 2016 онд жилийн дөрвөн улирал тарьж болдгоор нь мөөгний бизнес эрхлэхээр зориг шулуудаж, мөөг тариалах аргыг судалж эхэлжээ.
Мөөгөнд нүүрс ус, өөх тос, уураг, уусдаг аминдэм, фосфор, кали, кальц, төмөр, зэс гэх мэт эрүүл мэндэд ашигтай бодис олон. Дархлааг сайжруулдаг, цусны даралт болон халуун бууруулдаг, цусан дахь холестериныг багасгадаг, вирусын эсрэг, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчилгээтэй зэрэг олон ач холбогдолтой аж.

Өөрийн хүсэл зорилго, бизнесээ зөв тодорхойлж, тайлбарлаж, ойлгуулсны хүчинд тэрбээр 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсан

С.Мөнхжаргал мөөг тарих эрдэмд суралцахын тулд ХААИС дээр хагас сарын турш цэвэрлэгчээр ажиллан тэндхийн ажилд тусалсны ачаар мөөг тарих анхны аргачлалыг заалгасан байна. Харин цаашид яаж ажиллахаа мэдэхгүй олон асуудалтай тулгарч явтал түүнд аз тохиов. ОХУ-ын “Грибной вкус” (“Мөөгний амт”) компанийн захиралтай танилцаж, хамтдаа туршилт хийхээр болсон нь энэ бизнесийг эх орондоо амжилттай хийх дараагийн алхам болсон байна. Тэрбээр энэ тухайгаа “Грибной вкус”-ын захирал надаас юу ч горьдолтгүйгээр хамтдаа оролдож үзье гэсэн учраас би ч бас юу ч горьдоогүй ээ” гэж ярилаа. ХААИС-иас үрээ захиалан авч, хөрс боловсруулах машин болон бусад жижиг тоног төхөөрөмжийг монгол инженерүүдтэй ярилцаж зохион бүтээлгэснээр өрхийн хэмжээний бяцхан туршилтын лабораторитай болов.

Ургуулах аргыг нь олсон ч орчны температурын өөрчлөлтийг зохицуулах, хортон шавьжнаас хамгаалах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, арчилгаа, хөрсний шим тэжээлийн асуудал гээд бэрхшээл их тулгарсан гэдэг.
Мөөг судалдаг доктор, профессорууд дээр очиж, ургуулсан явц, технологийг нь асууж ярилцана, зөвөлгөө авна. Өмнө нь Монголд 17 хүн мөөг тарьж үзсэн байна. Гэвч бүгд үйлдвэрлэл болгож чадаагүй. Тэдний хэн нь ч С.Мөнхжаргалд оновчтой заавар, мэдээлэл өгсөнгүй. Эцэст нь орос мэргэжилтнүүдтэй интернэтээр холбогдож, ургуулсан мөөгний зургаа үзүүлж, зөвлөгөө авав. Ийм замаар зургаан сарын туршид мөөгөө ургуулж, бөөцийлсний эцэст анхны ургацаа авч чаджээ. Энэ хугацаанд ам.метр талбайгаас хураах ургацын хэмжээг ч ихэд дөхүүлэв. Үүндээ урамшсан Мөөжиг цаашид Монголд ургуулах боломжтой юм байна гэж үзээд бизнесийн төсөл бичиж эхэлсэн байна. Нэг үеэ бодвол мөөг тарих арга технологио сайтар ойлгож мэдсэн учраас орос мэргэжилтнээс өрх тусгаарлаж тус тусдаа бизнест хүч үзэхээр шийдэж. Гэхдээ орос найзтайгаа өнөөг хүртэл ажлын хамтрагчид хэвээр байгаа.

Мөөг тарих арга технологи, ургуулах газар, мөөгний бизнес хийх хүсэл эрмэлзлэл Мөөжигт дүүрэн байлаа байлаа. Ганцхан мөнгө санхүү алга байв. Тиймээс өнгөрсөн жил Монголд анх удаа зохион байгуулагдсан Монгол ТВ-ийн “Шарк танк” нэвтрүүлэгт оролцож мөнгө босгож чадах эсэхэд аз үзэхээр шийдсэн юм. Маш том боломж ч гэж харж. Өөрийн хүсэл зорилго, бизнесээ зөв тодорхойлж, тайлбарлаж, ойлгуулсны хүчинд тэрбээр 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсан.
Хөрөнгө оруулалт авсныхаа дараа албан ёсоор “Мөөжиг органик” компаниа 2017 оны нэгдүгээр сард байгуулж, борлуулалтаа хоёрдугаар сараас эхэлсэн байна. Ийнхүү тэрбээр жижигхэн байр олоод мөөгөө тарьчихъя гэж боддог байсан бол өнөөдөр үйлдвэрлэлээ зөв авч явахын тулд ямар менежмент хэрэгтэй вэ гэдэг талаас харах болжээ.

Үйлдвэр одоо есөн ажилтантай, үр, хөрс, мөөгний гурван үйлдвэрлэл зэрэг явагддаг. Хатаасан болон нойтон мөөгийг нэг кг-ыг нь 10-15 мянган төгрөгөөр худалддаг. Өдөрт 50 кг, сард 1,6 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй байв.
Тус үйлдвэр цагийн системээр ажилладаг. “Залуучууд бүтэн өдрөөр ажиллах дургүй болсон. Олон зүйлд анхаарч, зэрэг хийх сонирхолтой байдаг. Иймд энэ өөрчлөлтөд тааруулж, цагийн үнэлгээний системд оруулах нь зөв юм. Жишээ нь, өдөрт хоёр цаг ажиллаад л бусад ажлаа хийгээд явах боломжтой байдлаар шийдвэрлэдэг. Ажилчдаа өөрөө сургаж авдаг. Залуус төдийгүй 40-өөс дээш насны бүсгүйчүүдтэй хамтран ажиллах дуртай” гэж “Мөөжиг органик” компанийг үүсгэн байгуулагч ярилаа. Дэлхийн хөдөө аж ахуйн салбар байгалийн өгөгдлийг байгалиар нь үр хойчдоо үлдээж, газар ухаж тариалалт хийхгүй байх чиг хандлага руу явж байна.

Энэ хандлага “Мөөжиг органик” компаниас тод илэрдэг. Тэд хүлэмжиндээ, байгальд хаягдал болж буй шарлаж, унасан навч, унианга мод сэлтийг ашиглаж хөрсөө борддог. Монголд инок, бор, цагаан мөөгийг түлхүү хэрэглэдэг. 2016 оны импортын мэдээгээр мөөг болон мөөгөн төрлийн бүтээгдэхүүний худалдаа Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 20 сая ам.долларт хүрчээ. Харин тус компани одоогийн буюу удахгүй нээгдэх үйлдвэрийн хүчин чадлаараа ажиллавал жилд 200-гаад сая төгрөгийн ашиг олох боломжтой. Эднийх “Номадс”-ын сүлжээ ресторанууд болон бусад ресторан, сүлжээ дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Үүний хажуугаар багагүй хувийг захиалга эзэлдэг. Тэрбээр нийлүүлэлт их биш ч хамгийн гол нь таслахгүй, тууштай хангах гэсэн бодлого баримталдаг.

Учир нь том компаниуд жижиг компанитай хамтын ажиллагааны гэрээ хийхэд тууштай хангаж чадах эсэхэд нь ач холбогдол өгдөг байна. Удахгүй С.Мөнхжаргалын мөрөөдлийн “Мөөжиг органик” нэрийн дэлгүүр нээлтээ хийнэ. Энэ дэлгүүрт талхан дээр түрхэж идэх зориулалттай нухаш хэлбэрээр бэлтгэсэн болон хоолонд амтлагч байдлаар шууд хэрэглэх мөөг зарна.
Тэдний судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд олон улсад ашиглагддаг кофены шааран дээр үр тарих арга болон хөрсөнд олон төрлийн эмийн ургамлыг шингээх зэрэг туршилтын ажил явагдаж байна. 

С. Баярмаа

Санхүү бүртгэлээ цэгцэлж амжилтаа хэмж

Өмнөх нийтлэл

Дата эриний маркетинг ямар байх вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style