Хүн бүр л өөрсдийн сул тал, муу зуршлаа мэдсээр байж үл тоон амьдардаг нь гайхмаар ч юм шиг. Гэвч нийгэмд маань тоо томшгүй асуудал байдаг ч бид дүлий дүйнгэ царайлж явдаг нь уг номонд тайлбарласнаар тийм ч содон үзэгдэл биш аж. Хүн гэдэг таагүй мэдрэмж авахаас үргэлж зайлсхийдэг учир бид эргэн тойрныхоо өч төчнөөн асуудлыг мэддэг ч анзаарч харахаас татгалздаг аж. Номын зохиогч өөрт тохиолдсон үйл явдал, амьдралдаа учирч байсан хүмүүсийг гярхай ажигласны үр дүнд хүн бүрт анзаарч харахыг хүсдэггүй асуудал байдгийг олж харжээ. 

Уг номыг унших явцдаа та хүмүүсийн анзааргагүй сэтгэхүйн төрөл бүрийн жишээтэй учрах болно. Бүлэг бүр өөрийн гэсэн онцлогтой сэтгэхүйн алдааны тухай өгүүлдэг. Уг номон дахь бүлгүүд доторх хайртай холбоотой цор ганц бүлэг болох “Хайр бол сохор” бүлэгт түүний нөхөртэйгээ суусан түүх орсон байдаг. Тэрбээр нөхрийнхөө зүрхний доголдолтойг мэддэг ч түүнд хайртай болж эцэст нь 38 насандаа өнгөртөл нь хамт амьдарсан юм. 

Хүний оюун ухаан өөрийн гэсэн хэмжээ хязгаартай тул бидний анхаарал тодорхой хугацаанд тоотой хэдхэн зүйлс дээр л төвлөрч чаддаг аж. Машинд анх удаа радио суурилуулахаар болоход радио сонссоноор жолоочийн анхаарал сарних эсэх дээр томоохон маргаан гарч байсан гэдэг. Техник технологи хөгжиж радионы маргаан аажмаар ухаалаг утас руу шилжсэнээр жолоо барьж явахдаа гар оролцуулахгүй утсаар ярих нь аюулгүй гэж үздэг хүмүүс ихсэв. Гэвч утсаар ярьж л байгаа хойно бидний анхаарал хуваагдаж ярианд зарим хэсэг нь төвлөрдөг тул эргэн тойрноо ажиглах анхаарал суларч осолд орох магадлал ихэсдэг. Судлаачид 1998 онд хүний анхаарал нэг зүйл дээр төвлөрсөн үед бусад зүйлсийг анзаардаггүйг харуулсан алдартай судалгааг хийв. (Үүнээс цааш уншихаас өмнө доорх бичлэгийг үзээрэй) 

Уг судалгаанд оролцогсдоос бичлэг дээр гарах хүмүүс хоорондоо хэдэн удаа бөмбөг дамжуулахыг тоолох даалгавар өгдөг. Гэвч бичлэгийн төгсгөлд гайхмаар цөөхөн тооны хүмүүс л бичлэгийн дундуур гарсан гориллагийн хувцастай хүнийг анзаарсан байдаг.

Хайр биднийг сохор болгодогтой адил мөнгө ч биднийг сохор болгодог аж. Мөнгөнөөс болж гардаг ёс суртахуунгүй шийдвэрүүд бизнесийн ертөнцөд хэдэн мянгаараа бий. Хэн ч уур амьсгалын өөрчлөлтийг хүсээгүй ч бүгд л ашиг хонжоо, мөнгөний төлөө явсаар өдгөө бид эх дэлхийгээ аюулд оруулаад буй. Өөрсдийнх нь гаргаж буй шийдвэрүүд нь байгаль орчинд хортойг мэдсээр байж бизнесүүд ашгаа тэргүүнд тавьснаар “сохорч” орхидог. Зохиогч номоороо дамжуулж дэлхий дахинд хэлэх гэсэн санаа нь энэ хэсэгт тодорхой гарч ирдэг. Бизнесүүд бүгд ашгийн төлөө явж эхлэхэд “сүргээ дагах нөлөө” гарч хэн нь ч олонхын хийж буй үйлдлээс зөрөхийг хүсдэггүй. Улмаар хэрэглэгчид ч мөн адил улам хэрэглэх хандлагатай болж бүгд л бусдыгаа дагаж хэрэглээний соёлд автсаар, бизнесүүдийн шуналыг улам өдөөж эхэлдэг. Улмаар хөгшин залуугүй бүгд л эргэн тойрныхоо асуудалд “сохорч”, өөрчлөлт хийх хэн нэгнийг гарч ирээсэй гэж хүсдэг. Гэвч бид өөрсдийнхөө хүслээр сохор болж чаддагтай адил өөрсдийнхөө санаачилгаар “хараатай” ч болох боломжтой юм. Ингэж байж л бид бизнест болон нийгэмдээ үгүйлэгдэж буй өөрчлөлтийг бий болгоно. 

Номонд гарах сонирхолтой ишлэлүүд

“Бүх л цэцэн ухаан энгийн асуултаар эхэлдэг. Миний мэдэхгүй, гэхдээ мэдэх хэрэгтэй, мэдэж чадах юу байна? Би юуг анзааралгүй өнгөрч байна?”

“Чи хүлээн зөвшөөрөөгүй асуудлаа хэзээ ч шийдэж чадахгүй” 

“Бид хүмүүст санаа тавих үед мөнгөнд ач холбогдол өгдөггүй. Харин мөнгөнд ач холбогдол өгөх үед хүмүүст санаа тавидаггүй” 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Ажил хайхаа боль

Өмнөх нийтлэл

Хятадын зах зээлд гарах нэг цэгийн үйлчилгээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох