Арьс шир, үслэг эдлэл зэргийг “амьтан тамлан зовоодог” гэх үндэслэлээр үйлчлүүлэгчид уг түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж байгаа. Харин ноос ноолууран түүхий эдээр хийгдсэн эцсийн бүтээгдэхүүнийг тэд хэрэглэх нь ихэсч буй. Тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэдэг дэлхийн томоохон брэндүүд ч ялгаагүй уг түүхий эдийг олон улсаас импортоор авах нь ихэссэн. Эдгээрээс голлох улс нь Монгол билээ. Өөрөөр хэлбэл, Монгол малчид брэндийн бүтээгдэхүүн үүсэх процессийн хамгийн эхний үйлдвэрлэлийг эрхэлдэг хүмүүс юм. Тиймээс түүхий эд бэлтгэх хамгийн эхний шатыг цэвэр цэмцгэр, нямбай, хянамгай, байгальд ээлтэйгээр мал амьтанг зовоолгүй бэлтгэх нь малчдын анхаарах ёстой зүйлийн нэг болоод байна. Ингэх нь бэлтгэсэн ноолуураа олон улсад экспортлохоос гадна дотоодын үйлдвэрт ханган нийлүүлэх үед тодорхой хэмжээний үнэд хүрэх ач холбогдолтой. Цаашлаад хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүн хүрэхдээ аль нутгаас гаралтай түүхий эдээр хийгдсэн, хадгалалтын орчин ямар байсан, үүнийг бэлтгэхдээ тухайн амьтанг зовоогоогүй гэх мэт орчин үеийн хүмүүсийн анхаардаг болсон хандлагад нийцэх юм.

Тиймээс Монголд орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэл тодруулбал, ноолуур бэлтгэх анхан шатны боловсруулалт буюу ноос самнах процесс хэрхэн явагддаг талаар Ховд болон Өмнөговь аймгийн малчидтай ярилцлаа.

 

Ховд аймгийн Мөс сумын “Баянтөл” хоршооны дарга Т.Алтансүх: Тухайн малчин өөрийнхөө ямааг самнаж байгаа учраас ямаагаа хайрлах хэрэгтэй    

Ноолуур самнах процесс танай нутагт хэрхэн явагддаг вэ?

Ноолууран бүтээгдэхүүн гарах хамгийн эхний үндэс суурь нь монгол малчдын мал аж ахуйн үйлдвэрэлэл юм. Анхан шатны түүхий эдийн тордолт, малчдын өөрсдийн ямаа самнах дадал зуршил, бэлчээр устайгаа харьцаж байгаа байдал, түүхий эдийг бэлтгэх тогтолцоо зэрэг бүгд нийлж байж түүхий эдийн анхны үйлдвэрлэл бий болно. Үүнийг хийхдээ байгальд ээлтэй, хүний хөдөлмөрийг мөлжөөгүй, байгалийн унаган шинж чанарыг агуулсан байх нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн үнэ цэн юм.

Ноолуур нь тодорхой цаг хугацаанд биеэс ялгардаг түүхий эд. Монголчууд цаг хугацааг нь тааруулан 4-р сарын 15-аас 5-р сарын 15-ны хооронд ноолуураа самнадаг. Самнахдаа уламжлалт аргыг хэрэглэнэ. Эхлээд тухайн ямааны үсний орооцолдоог хайчилж, дараа нь эмэгтэй хүний массажны самтай тун төстэй мөлгөр самаар тухайн ямааг гэмтээхгүйгээр самнах учиртай. Түүнчлэн Монгол малчид ямаагаа боохдоо уяаны соёлыг эрхэмлэдэг. Уг соёл нь Монгол үндэстний дээлний товч шилбийг сүмбэн байдлаар хаддагтай адил уяагаар малын хөлийг уядаг. Энэ уяаг тайлахад амархан бөгөөд малын хөлийг чанга барьдаггүй давуу талтай. Эдгээр нь манай нүүдлийн мал аж ахуйн соёл юм.

Үүнээс гадна ноолуурыг авахын тулд тухайн мал тарга тэвээрэгтэй, мөн айгаагүй байх ёстой. Түүнчлэн тухайн малчин өөрийнхөө ямааг самнаж байгаа учраас ямаагаа хайрлах хэрэгтэй. Тиймээс уг хайраас гарсан түүхий эд бүтээгдэхүүн болж эцсийн хэрэглэгчдэд хүрэхдээ хайр шингэсэн бүтээгдэхүүн болно.

Та бүхэн ноолуураа үндэсний үйлдвэрлэгчдэд ханган нийлүүлэхдээ ямар гүүр дамждаг вэ? Гараас гарт хүрдэг үү эсвэл тодорхой хэмжээний дамжлагаар дамждаг уу?

Бид түүхий эдийн анхан шатны үйлдвэрлэлийн стандартыг мөрдөхөөс гадна мал маллагааны стандарт, бэлчээрийн стандартыг давхар хангах ёстой. Ийнхүү самнаж бэлтгэсэн ноолуурт үйлдвэрт очих хугацаа буюу дамжлагын үед асуудал үүсдэг. Малчид бид ноолуураа самначихаад бусдаас илүү үнээр худалдаж авах нэгнийг хайдаг байсан. Энэ замбараагүй бэлтгэлийн систем 25 жил үргэлжилсэн. Харин одоо хоршоогоороо дамжуулан үйлдвэрийн хаалга хүртэлх процессийг бид хийх ёстой.

Уг ажлыг эхлүүлэхэд юу саад болж байна вэ?

Бидний хувьд уг процессийг гишүүддээ таниулах ажлыг хийж эхэлж байна. Үүнээс гадна үйлдвэртэйгээ итгэлцэх асуудал байгаа. Үндэсний үйлдвэрүүд хоршооны бидэнд итгэх итгэлээ нэмэгдүүлж, нөгөө талаас малчид бид үйлдвэртээ итгэх нь чухал юм.  

Эцэст нь малчид бид хэний малыг маллаж байгаагаа ойлгох хэрэгтэй. Хятад руу бүх түүхий эдээ өгч байгаа Хятадын малчин юм уу эсвэл бүх түүхий эдээ Монголдоо шингээж байгаа Монголын малчин юм уу гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл, бэлчээрээ зөв хамгаалж, малынхаа эрүүл мэндэд анхааран, мөн өөрсдийнхөө аюулгүй байдал болон эрсдэлээ зөв тооцсоны дараа бэлтгэн гаргасан ноолуураа үндэсний үйлдвэртээ тушааж чадаж байвал тэр монгол малчин.

Малаас гарах түүхий эд олон. Сүү цагаан идээ, ноос ноолуур гэх мэт. Үүнээс хамаараад тухайн малчины орлого хэмжигдэнэ. Энэ дундаа ноолуураас гарах ашиг шим хэчнээн хувийг эзлэх вэ? Ноос ноолуур хэр чухал вэ?

Малаас гарч байгаа бүх түүхий эдийн хамгийн чухал нь ноолуур. Зарим айл өрхийн орлогын 80 хувийг ч бүрдүүлж байж болно. Бид Ховд аймагтаа зургаан сумын малчдын орлогыг хамарсан судалгаа хийсэн. Тухайн сумдад байгаа ямаанаас гарах ашиг шим хамгийн ихдээ нэг жилийн дотор таван тэрбумын орлогыг оруулсан байдаг. Хамгийн багадаа 3,2 тэрбум төгрөгийн орлогыг тухайн сумандаа оруулсан байна. Үүний цаана малчин айлын хэрэглээ, амьдрал явж байгааг санах учиртай.

Монгол улсын нэг онцлог нь мал аж ахуйн үйлдвэрлэл, түүнээс гарах ашиг шим тухайн бүс нутгаас хамааран өөр хоорондоо адилгүй байдаг. Тиймээс Монгол улсын урд хязгаар болох Өмнөговь аймгийн  Баяндэл сумын “Жаргалантын Итгэлцэл” хоршооны дарга Л.Бурмаатай ямаанаас гарах ашиг шим болон түүнийг үндэсний үйлдвэрт хүргэхэд ямар асуудал гардаг тухай ярилцсан юм. Тэрбээр Тогтвортой ноос ноолуур төслийг онцолж “Уг төсөл малчид биднийг эх орны үйлдвэртэй холбож байгаа” гэлээ.

 

 

Х. Саранзаяа

“Тодорхой асуудлаа даатгалаар шийдэж болдог гэдгийг компанийн удирдлагууд мэддэггүй”

Өмнөх нийтлэл

“Angry Birds” тоглоомын түүх

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Мэдлэг