Ноосоор хийсэн бордоо

 

Энэ хүнтэй уулзсаны дараа би гэртээ ирээд дэлгүүрээс авсан хямдхан сонгиноо хогийн саванд хийхээр шийдэв. Учир нь “аюулгүй хүнс” гэдэг үгийн утга учрыг жинхнээсээ ойлгож авсан юм. Гадаад худалдааны мэргэжилтэй, Ноос Импекс компанид ажиллаж байсан, Европын орнуудад Монголын Элчин сайдын яаманд худалдааны төлөөлөгчөөр олон жил ажилласан зэргээс харахад байдаг л нэг карьертай хүн.

Гэхдээ Б.Цогбадрахын бусдаас ялгарах нэг онцлог нь залуу байхаасаа шинэ соргог зүйлийг байнга эрэлхийлж ирсэн. Ноос хэмээх түүхий эдтэй ойр ажиллаж байсны хувьд ноосоор барилгын дулаалга хийх асуудлыг 10 орчим жил судалжээ. Дараа нь түүний санааг өөр компани хэрэгжүүлж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч технологийн алдаа гарсан учраас амжилтад хүрээгүй байна.

Монгол оронд өөрчлөлт шинэчлэлт эхэлсэн 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үед Европ, Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй дэлхийн ноосны аж үйлдвэр гүн хямралд ороод байв. Европт олон арван үйлдвэр хаалгаа барьсны дотор Германд цорын ганц байсан Бремен хотын Ноосны үйлдвэр дампуурав.

Ноос хог болж эхэлсэн энэ үед ноосоор органик бордоо хийх санаа үүссэн гэдэг. Тус улсын холбогдох яам, их сургуулиуд, мэргэжлийн холбоод олон жилийн турш, олон сая еврогийн өртөгтэй судалгаа хийжээ. Ялангуяа төслийн сүүлийн гурван жилд Гумбольдтын Их сургууль дээр судалгаа төвлөрч, Германы Засгийн газар үүнд мөнгө харамгүй зарцуулжээ.

Энэ үед Монгол Улс 25 орчим сая толгой хоньтой, жилд 40 мянган тн бохир ноос бэлтгэдэг байсан

Хонины ноосонд юу ч холихгүй бордоо хийнэ гэдэг анх бүтэшгүй сонсогдож байсан ч 20 гаруй жилийн туршид үргэлжилсэн олон удаагийн туршилт, бүтэлгүйтлийн үр дүнд Бранденбург мужийн Лауххаммер хотноо анхны туршилтын үйлдвэр байгуулагдаж, 2013 оноос бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах боломж бүрджээ. Гэвч энэ нээлт бас нэгэн том бэрхшээлтэй тулсан нь түүхий эдийн нийлүүлэлт байв.

Герман нь ердөө хоёр сая, Австри 300 мянган хоньтой учраас зах зээлийн хэрэгцээг хангах боломжгүй байлаа. Энэ үед Б.Цогбадрах Германд явж байгаад ноосоор бордоо хийх туршилт явагдаж байгааг олж мэджээ. Тэрбээр германчуудтай шууд холбоо барин хамтран ажиллахаар тохиролцов. Энэ үед Монгол Улс 25 орчим сая толгой хоньтой, жилд 40 мянган тн бохир ноос бэлтгэдэг байсан нь тэдний хувьд түүхий эдийн диваажингаа олсон хэрэг болов.

Гэвч ноосон бордооны ноу хауг Монголд оруулж ирэх хэлэлцээр амаргүй байв. Олон удаа нааш цааш ирж очих, олон төрлийн судалгаа, үндэслэл гаргах, эцсийн тохиролцоонд хүрэх үйл явц гурван жил үргэлжлэв. 2015 онд монгол хонины ноосыг Германд зургаан удаа илгээж шинжилгээ хийлгэсний үр дүнд герман үүлдрийн хонины ноосоор хийсэн бордоог чанараар илүүрхэж “дээд” ангилалд буюу “premium quality” ангилалд оржээ.

Ингэснээр монгол бордоог анх худалдаж авахаар ярилцаж байсан үндсэн үнээсээ өндөр үнээр худалдаж авахаар болов. Яриа хэлэлцээр үргэлжилсээр 2016 оны эцсээр урт хугацаанд, доод тал нь таван жилийн хугацаатай монгол ноосоор хийсэн бордоо экспортлон нийлүүлэх гэрээ байгуулав.

2014 онд тэр “Монпеллетс” нэртэй компаниа байгуулсан байсан бөгөөд германчуудтай гэрээ хийсний дараа хөрөнгө оруулалт олох том ажил үлдэв. Б.Цогбадрах Монголын Хөгжлийн банкинд хандав. Олон жилийн судалгааны үр дүнд бий болсон ноу хауг эх орондоо оруулж ирсэн, тогтвортой хөгжил болон хүнсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн, техник эдийн засгийн үндэслэл сайтай төсөл байсан учир төрөөс нийт хөрөнгө оруулалтын 30 хувьтай тэнцэх санхүүжилт олгохоор болжээ.

Гэхдээ зээл олгох явц удааширч төлөвлөсөн ёсоор 2017 онд үйлдвэрээ барьж амжсангүй. Ийнхүү 2018 оны гуравдугаар сарын зэврүүн нэгэн өдөр Ар Жанчивлангаас урагш дөрвөн км орчим зайд зэлүүд газарт үйлдвэрийн шаваа тавьснаар Монголд анхны, дэлхийд хоёрдогч хонины ноосон био бордооны үйлдвэр байгуулагдав.

Дэндүү органик

Хэрэв уншигч та дунд сургуулийн ургамал судлалын хичээлээ санаж байгаа бол бордоо гэж юу болохыг гадарлаж буй биз. Аливаа ургамлын өсөж томроход үндсэн идэш тэжээл нь азот, фосфор, кали болон микроэлементүүд байдаг. Гэхдээ эдгээр нь байгалийн нөхцөлд ургамлыг хурдан ургуулах хэмжээнд хангалттай байдаггүй учраас хүнсэнд хэрэглэх жимс, ногоо болон бусад тарималд хурдан ургахад нь “туслах” зорилгоор бордоог бодож олсон. Гэвч хүний бүтээсэн бүхэн сайн, муу хоёр талтай байдаг ёсоор химийн бордооноос үлдсэн бодисууд хөрсөнд хуримтлагдаж аажимдаа хөрсөндөө сөрөг нөлөөлж эхэлдэг.

Энэ нь эргээд бидний идэж, уухтай, өөрөөр хэлбэл хүнсний аюулгүй байдалтай холбогдоно. Тиймээс сүүлийн жилүүдэд улс орнууд химийн бордоо, түүгээр барахгүй мал, амьтны аж ахуйн хаягдлаар хийдэг органик бордоонд тавих хяналтаа чангатгах болсон.

Монпеллетс ХХК-ийн захирал Б.Цогбадрах

Тэгвэл ноосон бордооны ноу хау юундаа байна вэ? Ноос өөрийн жингээс 3.5 дахин илүү ус шингээн хадгалах шинж чанартай байдгаас гадна ургамалд шаардлагатай эрдэс бодисыг агуулдаг. Чийглэг ихтэй үед ус хуримтлуулж хуурай үед гадагшлуулснаар хөрсөн дэх чийгийг тэнцвэртэй байлгадаг. Мөн ус, чийгийг шингээн өөрийгөө тэлэхдээ хөрсийг хөвсийлгөн сийрэгжүүлж агаар орох нөхцөл бүрдүүлдэг.

Ямар ч химийн бодис нэмэхгүй учир хөрсөнд хор хүргэдэггүй, хүчил үүсгэдэггүйгээс гадна удаан задарч 10 сарын турш ургамлыг тэжээдэг байна. Чухам энэ шинж чанарыг ашигласан технологи боловсруулахын тулд Германы эрдэмтэд толгойгоо гашилгасан юм. Хэдийгээр Б.Цогбадрах Германы ноу хауг эх орондоо нэвтрүүлэх зөвшөөрөл авсан ч тэр хэвээр нь хуулах боломжгүй байв. Ийм бордоо үйлдвэрлэхийн тулд монгол ноосонд тохирсон хувилбар гаргах шаардлага тулгарчээ. Тиймээс технологийн тусгай горим боловсруулж, зөвхөн Монголын үйлдвэрт зориулсан тоног, төхөөрөмжийг Германд захиалан хийлгэсэн байна.

Байгуулагдаад хэдхэн сар болж байгаа, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх уг үйлдвэрт дусал ч ус, ямар ч бодис хэрэглэхгүйгээр бордоо хийж байхыг харсан нь үнэхээр бахдууштай байв. Хонины ноосыг бохир, цэвэр гэж зэрэглэлгүй, хаягдал ч хамаагүй түүхий эд болгон ашигладгийг үзээд нэгдлийн ноосны төлөвлөгөөг нэмэх гэж хүүхэд, хөгшидгүй хотны унгас ноос түүдэг байсан тухай аав, ээжийн маань яриа санаанд оров. Орчин үед хаягдал ноосыг түүдэггүй, түүлээ ч бөөгнүүлээд шатаадаг болсон. Харин “Ноос алт” гэсэн хуучны үнэн үг биеллээ олж байхыг энд үйлдвэрээс олж харсан юм.

Хэдийгээр энтрепренер гэдгийг залуучуудтай холбож ойлгох уламжлал байдаг ч амьдралдаа анх удаа ийм үйлдвэр харснаар энэ хүнийг “дэлхийн шилдэг ахмад энтрепренерүүдийн нэг” гэж тодорхойлмоор санагдав. Түүнтэй ярилцаж дууссаны дараа “тэмцэгч” гэсэн үг байн байн санаанд орж байсан юм.

Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжиж байсан бөгөөд тэр энэ хөтөлбөрт том найдлага тавьж байв

Учир нь тэр Монголд дээрх ноу хауг нэвтрүүлэх санаа төрснөөс эхлээд Монголын өвөл, яг түүн шигээ хахир хатуу төрийн нүүр царайтай учирсан юм. Бодсон санаснаа амьдралд хэрэгжүүлж эхэлж байхад яг түүн шиг инновацийн судалгаа хийсэн хүмүүст жинтэй дэмжлэг үзүүлэх заалт бүхий Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжиж байсан бөгөөд тэр энэ хөтөлбөрт том найдлага тавьж байв. Харамсалтай нь энэ баримт бичиг Засгийн газар солигдсоноор хүчингүй болж, гарах үр дагаврыг хариуцах эзэн олдсонгүй.

Бизнесийг ойлгодог улс оронд ирээдүйд үр өгөөжтэй санаа сэдлийг тэр дор нь дэмжээд явдаг. Засгийн газар нь экспорттой холбоотой асуудлыг дээд түвшинд хэлэлцэн тохирдог олон улсын практик бий. Энэ маягаар нэг талаас төрийн бодлого, нөгөө талаас бизнесийн инноваци нийлснээр үнэ цэнэ бүтдэг. Харин Б.Цогбадрахын хувьд бизнест үргэлж хавар болж байдаг Европт олон жил амьдарсны дараа Монголын бизнесийн өвөлд ирснээр өөрөө бүгдийг улаан гараараа хийхээс аргагүй болжээ.

2012 оноос хойш бие даан судалгаа хийж, Германы талтай олон сарын хэлэлцээр хийж, тэдэнд Монголд ийм үйлдвэр барих нь ашигтай гэдгийг итгүүлэхэд асар их тэвчээр, шургуу хөдөлмөр гаргажээ. Түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд гаалийн дугаар хүртэл байхгүй байсан учраас шинэ гаалийн дугаар авахад багагүй хугацаа зарцуулжээ. Үйлдвэрээ барихад ч бас төрийн шийдвэр өвлийн улиралтайгаа зөрж зээл олголтыг хэлэлцэх ажил зуны бүх сарыг барж намар шийдэгдсэнээр үйлдвэр барих хугацаа хойшилсон.

Зөвхөн Монголд хонины ноосоор био бордоо үйлдвэрлэхэд зориулсан тоног, төхөөрөмжийг Германд захиалгаар хийлгэжээ.

Үйлдвэрээ барьж, 4.5 км газарт агаараар цахилгаан шугам татсаны дараа дулаан, бохир гэсэн хоёр том асуудал босч ирэв. Энэ тал дээр тэр бусад компаниудаас тэс өөр шийдэл сонгож, жинхэнэ “органик тэмцэл” өрнүүлж байна. Хотоос зайдуу газарт жижигхэн уурын зуух барьж халаалтаа шийдэх нь байгальд онцын хор нөлөөгүй, хамгийн хямд хувилбар байсан ч тэр ингэхийг хүссэнгүй.

Тэрбээр хэдийгээр өртөг өндөртэй ч эрчим хүч хэмнэдэг, овор багатай ялтсан халаалтыг гадаадаас захиалан үйлдвэртээ суурилахаар болжээ. Үйлдвэр өөрөө бохир ялгаруулдаггүй ч хүн ажиллаж, амьдарч байгаа орчинд бохирын асуудал заавал яригдана. Бусдын адил гүнзгий нүх ухаад орхиж болох байсан ч тэр бас л бууж өгөхийг хүсээгүй бөгөөд Монголд хэдхэн байдаг бохирын септик системийг суурилуулжээ.

Яагаад ингэсний учрыг асуухад “Органик байя гэвэл бүх талаараа, зөвхөн үйлдвэрлэл биш хандлагаараа органик байх хэрэгтэй” гэж хэлэв.

Г. Даваадорж

Бизнес бол систем

Өмнөх нийтлэл

Хүний хамгийн том баялаг бол залуу нас

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur